“Өдрийн сонин”-ы 2017.08.31-ний пүрэв гаригийн №185(5752) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-МАн-ын зарим гишүүн Засгийн газраа унагахаар гарын үсэг зурсан. Таны хувьд ямар үндэслэлээр Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан юм бэ?
-Төр засаг тогтвортой байна гэдэг бодлого тогтвортой байхыг хэлж байгаа юм. Бодлого тогтвортой байна гэхээр нэг хүн, эсхүл нэг субьект тогтвортой ажиллахыг хэлж буй биш. Бодлого хэрэгжүүлэх хүн нь зөв, цаг үедээ нийцсэн, мэргэжлийн байх ёстой гэдэг утгаар асуудалд хандаж байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын гишүүдэд хувь хүнийхээ өнцгөөс хандсан зүйл байхгүй. Бодлого яагаад тогтворгүй болсон бэ гэвэл МАН 2016 оны сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд оролцсон. Мөрийн хөтөлбөрийн 90 орчим хувь Засгийн газрын хөтөлбөрт суусан. Цаг үеийн шат дараалалтай хэрэгжээд явах ёстой байлаа. Гэтэл тэгж явсангүй. Хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байна гэдэг бодлогын тогтворгүй байдалтай холбоотой. Хэрэгжүүлэхгүй болохоор ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намд дүнгээ тавилаа. Бид нарт тавьж буй дүн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлдөггүй. Хууль тогтоох эрх мэдэлтэй шүү дээ. Бидний амласан зүйлийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр Засгийн газар. Нэг ёсондоо гишүүдийг төлөөлдөг төрийн субьект нь Засгийн газар. Энэ асуудлыг нэгдүгээрт харах ёстой. Хоёрдугаарт гэвэл өнөөдрийн Засгийн газар гаргасан шийдвэрээсээ маш олон удаа буцсан. Энэ нь Их хурлын гишүүдийг эвгүй байдалд оруулдаг. Засгийн газар шийдвэрээ гаргасны дараа бүлэг үүнийг эсэргүүцэж байна гээд буцаадаг. Намын бодлого юм чинь гээд чимээгүй дагаад өнөөдрийг хүрлээ. Цаашид яах юм, энэ маягаараа яваад байх уу.
-Огцруулах үндсэн шалтгааны нэг нь концессын гэрээ биз дээ?
-Энийг сөхөхөөс аргагүй. Нэр бүхий компаниудад концессын гэрээгээр ажлыг нь өгчихсөн байна. Уг нь бол концессын гэрээгээ зогсоох тогтоол гаргасан байсан. Гэтэл яахаараа өмнөх шийдвэрээ зөрчиж гэрээ байгуулдаг юм бэ. Энэ асуудлыг нь бүлгийн хурал дээр сөхөж ярихаар “Тэгвэл тэр концессыг чинь больчихъё, зогсоочихъё” гэдэг. Хүмүүсийг ярихаар шийдвэрээ цуцлаад, ярихгүй байхаар хэрэгжүүлээд байх юм уу. Ийм байдлаар цаашаа явна гэж байхгүй. Анх бид татвар нэмнэ гэж байхад нь за яахав, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа юм чинь гээд эсэргүүцээгүй. Засгийн газраа ямар ч тохиолдолд дэмжье, тогтвортой байлгая гээд явж байсан. Гэтэл нөгөө хэд маань гаргасан шийдвэртээ үнэнч байж чадсангүй. Хэрэв шийдвэртээ үнэнч байсан бол асуудал гарахгүй байсан. Гэтэл “УИХ-ын гишүүд ээ, энэ шийдвэрийг өөрчлөөд өгөөч” гээд оруулаад ирдэг.
-Яг ямар шийдвэрийг тэгж буцаагаад байсан юм бэ?
-“Приус” автомашины татварыг нэмье гээд нэмсэн. Гэтэл өөрсдөө дахиж оруулж ирээд болиулж байх жишээтэй. Хууль, шийдвэр гэдэг ард түмний дунд хэрэгжиж нийгмийн харилцааг зохицуулдаг. Хамгийн сайн хууль амьдралтай ойр байх ёстой. Амьдралд нийцсэн шийдвэрүүд тун бага гаргасныг ард түмэн дүгнээд дүнгээ тавьсан. Анхнаасаа шийдэмгий, гаргасан шийдвэртээ үнэнч байсан бол асуудал үүсгэхгүй, дэмжээд явах байсан. Угаасаа тэгж явсан бол бид дөрвөн жилийн дараа хамтдаа үр дүнгээ хүлээнэ. Амласан амлалтаа шат дараатай хэрэгжүүлэхгүй бол 2020 онд бид дахиад ард түмэндээ ярих хэлэх зүйлгүй болно. Өнөөдөр өөрөөсөө тав, гурван цаас гаргаж хичээлийн хэрэгсэл гардуулаад явж байна. Эмнэлэгт тоног төхөөрөмж хэрэгтэй боллоо гэхэд бас л хувийн хөрөнгөөсөө асуудлыг шийддэг. Би л гэхэд Сонгинохайрхан дүүрэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдэд зориулан цэцэрлэг бариулж байна. Ингэж бага багаар болгохоос өөр аргагүй. 72 сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барина гээд л ярьж байсан. Гэтэл хамгийн хэрэгтэй ажлынхаа гэрээг хийж урагш явуулахгүй байж хаа хамаагүй гэрээ байгуулаад явах юм. Манай намын хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр байсан. Гэтэл хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа юм уу. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжтэй болгоё гэхээр улсын төсөв хүрэлцдэггүй. Тиймээс бид ажлаа эрэмбэлэх ёстой. Ядаж хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа ямар нэгэн сугалаагүйгээр явах хэрэгтэй байна. Үүний төлөө шийдвэртээ үнэнч бай гээд байгаа юм. Түүнээс биш Засгийн газрыг огцруулъя гэж 30 хүн гарын үсэг зураад бие биеэсээ урвасан зүйл байхгүй. Бид зарчим л ярьж байна. Яагаад гэвэл бид ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Бодлого зөв байвал хэн ч ажиллаж болно. Бодлогыг зөв болгохын тулд УИХ ажиллаж байна. Бас нэг зүйл бий. Их хурлын гаргасан шийдвэрийг Засгийн газар удаана гэдэг төрийн албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоо байхгүй болсныг харуулж байгаа юм. УИХ Эрдэнэтийн асуудлаар тогтоол гаргаад өгсөн, Хөгжлийн банк, Монголбанкийг шалгасан. Одоо хаана, хэнийг нь шалгаад байгаа юм. Шийдвэрийг хэрэгжүүлж байгаа нь хаа байгаа юм бэ. Засгийн газрыг хэрэгжилтийг хангаад өг гэдэг. Гэтэл тэгж ажиллахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ.
-Та Засгийн газрыг шийдвэрээсээ буцдаг гэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд та нар шийдвэрээ буцаагаач гэж шахаад байдаг биз дээ?
-Засгийн газар өөрсдөө саналаа оруулаад ирж байгаа юм. Бид хууль оруулж ирсэн юм бол түүгээрээ яв гэсэн зарчим баримтална. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж байгаа юм бол багаараа шийдвэрээ гаргаад тэрэндээ үнэнч явах хэрэгтэй. Н.Учрал нэг юм хэлээд байна гээд шийдвэрээсээ буцах ёсгүй юм. Зарчим нь ердөө энэ. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд шүүмжилж болно, ярьж болно. Гэхдээ Засгийн газар шийдвэртээ үнэнч байх ёстой.
-МАН-ын бүлэг хоёр өдөр хуралдлаа. Юу ярив?
-Ямар үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар өргөн барив гэдэгт тайлбараа тавьж байна. Асуулт асууж, хариултаа хэллээ. Тогоон дотроо байгаа учраас хүн бүр үзэл бодлоо хэлсэн. Түүнээс биш зурсан, зураагүй гэж хоёр хуваагдчихаад байгаа юм биш. Бид адилхан УИХ-ын гишүүд. Нэгнийхээ санал, дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа.
-Одоо тэгээд тогоон дотроо учраа олж чадах нь уу?
-Саналаа хураая, гэхдээ гарсан шийдвэрийг бүгд хүлээн зөвшөөрье гэсэн байр суурьтай байгаа.
-Ер нь муу ажиллаж байгаа сайд нараа сугалж аваад тохироо хийж болохгүй нь уу?
-Миний хувьд МАН-д анх удаа ийм үйл явдал болохыг харж байна. Би энэ намын хамгийн том үнэт зүйлийг асуудлаа дотроо шийддэг, эв нэгдэл гэж харж байсан. Ингэж ч бодоод намдаа элссэн. Одоо бүр учрыг нь олохоо байлаа. Нэг ёсондоо үнэхээр урам хугарч байна. Нэг хүний асуудал биш шүү дээ. Кабинетыг удирдаж байгаа багийн зохион байгуулалтаас боллоо гэж харж байгаа. Бас нэг зүйл бий. Ер нь Засгийн газар тэргүүлж байгаа хүн улс төрийн албаа давхар хашихгүй бол шийдвэр гаргах боломжгүй болдог юм байна. Намын дарга Ерөнхий сайдаар томилогдохгүй бол ийм асуудал үүсдэг юм байна. Сонгодог парламентын засаглалтай улс оронд намын дарга нь Ерөнхий сайдаар ажилладаг. Тэгэхээр манай намын алдаа энэ байж. Энэ үнэт зүйлээ алдчихаж. Гэхдээ бид шинээр кабинет бүрдүүллээ гэхэд нам дотроосоо л сонгоно. Манай намын дарга нар асуудалд ухаалаг хандаж эвлэлдэн нэгдээсэй гэж бодоод байгаа юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь нэгийгээ тагнасан, чагнасан гэх хэрүүл хийж байна. Ингэхээр бид яаж Засгийн газраа дэмжих юм бэ. Хоорондоо ойлголцохоо больчихсон. Ийм байдал үүсээд байхаар УИХ-ын гишүүдэд итгэл, үнэмшил байх уу. Дарга нарын хоорондох үл ойлголцол өнөөдөр биднийг ийм байдалд хүргэж байна.
-Үүсээд байгаа асуудлыг хэзээ шийдэх юм бэ. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ?
-Хуулиараа бол хүссэн хүсээгүй Байнгын хороо, чуулганаар орох ёстой. Ирэх долоо хоногийн лхагва гариг ээлжит бус чуулган хуралдаж шийдвэр гаргасан байх ёстой эцсийн хугацаа.
-Засгийн газрыг огцруулах гишүүдийг анзаараад байхад ихэнх нь шинэ, залуу гишүүн. Бас НАМЗХ-ныхон байх шиг. Жишээлбэл, таныг У.Хүрэлсүхийн хүн гэдэг. Ах нарынхаа өмнөөс залуучууд нь гүйгээд байгаа юм биш үү?
-Уг нь гарын үсэг зурсан гишүүдийг харвал тэгж их овоглогдоод байх хүмүүс биш. Би У.Хүрэлсүх даргатай ажиллаж байсан. Энэ хүнийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад намд орж ирсэн. Дэргэд нь ажиллаж байлаа. Мөн НАМЗХ-нд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ би өөрийн итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн. Зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахгүй.
-Гэхдээ нийгэм та нарыг гар хөл боллоо гэж харж байгаа?
-УИХ-ын гишүүдийг хөгшин, залуу гэж ангилдаггүй учраас, бүгд адилхан бүрэн эрхтэй учраас өөрсдийн итгэл үнэмшлээр гарын үсэг зурах, эсэхээ шийддэг. Одоогийн Засгийн газрын гишүүдтэй бүгдтэй нь сайхан харилцаатай. Асуудал дууссаны дараа бие биеэ хүндэтгээд хамтран ажиллана. Нэг хүнийг дэмждэг байлаа гэхэд тухайн хүнийхээ бүх шийдвэрийг дагана гэж байхгүй.
-Тагнасан, чагнасан асуудал юу болж байна. Сүүлдээ У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан болчихов уу?
-Тэр асуудлыг дотроо ярилцах ёстой. Нотлох баримт хангалтгүй зүйлийг АТГ яллагдагчаар тат гэсэн бичгийг прокурор руу шиднэ гэдэг байж боломгүй. Дээрээс нь өөрийгөө тагнаж, чагнасан гэх зүйл хаана байдаг юм бэ. Би энийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Хэрэгтэй нь танилцаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ ийм зүйл гэж хаа ч байхгүй. Өөрийгөө тагнадаг, чагнадаг зүйл гэж ер нь юу яриад байгаа юм бэ. Тэгж яриулж байгаа хүмүүс нь ч гэсэн Засгийн газрын ордонд дээр, доороо сууж байж асуудлаа ярилцаад шийдчихэж болохгүй байна уу. Ер нь тэгээд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа гэх зүйл ангийг яаж гаргаж ирээд байгаа юм бэ. Хэн Ерөнхий сайд болох гээд байна вэ. Хуулийн байгууллага хэвлэлийн мэдээгээр, эсхүл сургаар ажиллаж болохгүй биз дээ. Дээрээс нь би гарын үсэг зурснаар хүн чанар, ёс жудаг гэж юу байдгийг харж байна. Над руу “Чи яах гэж гарын үсэг зурсан юм бэ” гэж залгаж байгаа хүн ч байх юм. Зарим нь бүр хэвлэлээр янз бүрийн зүйл ч явуулж байх шиг. Гэх мэтээр миний нөхөр гэж бодож байсан хүмүүс жижигхэн асуудлаас үл ойлголцол гаргаж байгаад харамсаж байна. Өөр өөрсдийнхөө үзэл бодлыг хүндэтгээд энэ асуудлыг дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь хов живээр ажил хийдэг байж болохгүй. Дээрээс нь улс төрд хуулийн байгууллагыг хамруулах шаардлага алга. Үүнийг зогсоох ёстой.
-Гарын үсэг зурсан 30 гишүүний заримыг дарамталсан гэж дуулдсан. Нэг нь та юм байна?
-Тийм дарамт ирж л байна. Би бүлгийн хурал дээр ч хэлсэн. Би өөрийн үзэл бодлоороо гарын үсгээ зурсан. Одоо намайг шахаад, боль гэсэн зүйл ерөөсөө битгий шаард. Байр сууриндаа хатуу байна гэдгээ хэлсэн. Би яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ. Би өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх ёстой биз дээ. Дээрээс нь би сонгогчдоосоо асууж байна. Тэр хүмүүс санал бодлоо надаар дамжуулж байгаа. Өнөөдөр би 50 мянган иргэнийг төлөөлж УИХ-д сууж байгаа.
-Таныг бас шантаажилсан гээд байгаа?
-Би үзэл бодолдоо итгэж хууль зүйн үндэслэлүүдээ харж байгаад гарын үсгээ зурсан. Би өнгөрсөн сонгуулийн үеэр бүх аймгаар явж иргэдтэй уулзсан. Нөхцөл байдал ямар байгааг би дэндүү сайн мэдэрсэн.
-Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож нийгэмд шуугиан тарьсан. Таны нэр бас араас нь яваад эхэллээ. Тайлбар өгөөч?
-Наад хошин шогийн яриаг чинь дам сонссон. Тодорхой мэдээлэл алга байна. Ховоор сонссон гэх үү дээ.
-Таныг гарын үсэг зурсан болохоор нам дотроос чинь ийм мэдээлэл гаргаад байх шиг ээ?
-Тийм юм шиг байна. Би гарын үсэг зурсныхаа буянаар их зүйл дуулах бололтой. Гэхдээ иймэрхүү хов битгий ярь. Би хорхойд хоргүй хүн. Одоо улс төрийн халуун өдрүүд эхлэхээр эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу. Арай дэндлээ шүү дээ. Магадгүй нэг өдөр Г.Тэмүүлэнг, дараагийн өдөр Н.Цэрэнбатыг гээд насны дарааллаар бүгдийг нь ярих уу. Одоо ийм ховын асуудлаа больчихвол яасан юм бэ. Дээрээс нь ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ийм утгагүй, тэнэг зүйлийг тоогоод байх шаардлага ч алга. Надад тийм асуудал байхгүй.
-Таныг хүчиндсэн охиндоо “Лексус-570” машинаа өгч тохиролцсон гэж ч ярьж байна?
-Инээдтэй юм. Тийм зүйл байхгүй учраас үнэндээ юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна.
-Дотроо учраа ололцохгүй байгаа энэ асуудал 2020 онд МАН-ыг унагах шалтгаан болж байх шиг. Өөрсдийгөө унагах зүйлээ та нар хийгээд байгаа юм биш үү?
-Засгийн газраа унагаж намын даргаа солилоо гэхэд тэр хүний үлдсэн гурван жилд хийх ёстой хамгийн чухал асуудал намын эв нэгдлийг хангах байх. Бид нэг нам гэдгийг ухаарсан хүн байгаасай. Ажлаа мэддэг, салбараа ойлгодог хүмүүсээр кабинетаа бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.
-Одоо тэгээд мэдэхгүй, чадахгүй байгаа сайдаа сугалж аваад Засгийн газраа үлдээж болохгүй нь уу. Ядаж л гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй биз дээ?
-Засаг яахав солигдож болно. Өөр нам засаг барих гээд байгаа зүйл алга. Нэг нам учраас асуудлаа шийдээд явна.
-Багш нар ажил хаяна гэж жагслаа. Та Залуу багш нарын холбоог тэргүүлдэг хүний хувьд тэдэнтэй уулзав уу?
-Багш нарыг цалинг нэмэх ёстой. Бага, дунд, ахлах ангийн багш нарын цалинг шат дараалалтай нэмдэг тогтолцоогоо бид алдсан. Насаараа ажиллаж буй багшийн цалин нэг жил ажилласан хүнийхээс дөрвөн мянган төгрөгөөр илүү байгаа. Ийм байж болохгүй. Тиймээс шийдэх л ёстой. Гэхдээ цалинг үе шаттай нэмэхэд хугацаа хэрэгтэй.