Спортын төв ордонд оюутны спортын V их наадмын нээлтийн ёслол боллоо. Энэхүү тэмцээн нь дөрвөн жил нэг удаа зохиогддог болсон бол энэ жилээс эхлэн хоёр жил тутам зохиогдохоор болжээ. Энэ удаагийн их наадамд 27 их, дээд сургуулийн 4000 гаруй тамирчин хурд хүрч авхаалж самбаагаа сорих юм. Спортын наадам 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, бутзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис гэсэн арван төрлөөр зохиогдоно. Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, Эрдэнэс таван толгой ХХК хамтран энэ наадмыг зохион байгуулж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Оюутны спортын их наадам бол миний хувьд маш дурсамжтай үйл явдал. Их сайхан дурсамж үлдээсэн. Би оюутан байхдаа Тайландад Оюутны Универсиадаар очиж байлаа. Оюутнууд та бүхэн оюутны 4 жил жилдээ спортоор сайн хичээллэж байгаарай. Хэрвээ спортоор сайн хичээллэбэл нас нэмэхийн цагт өвчин хуучаас хол байдаг шүү” гэж сэтгэгдлээ ярьсан юм.
Монголын Оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нээлтийн үеэр “Энэхүү тэмцээн цаг үеийн нөхцөл байдлаас улбаалж хоёр удаа хойшлогдсон. Наадмыг оюутнууд маань маш их хүсэн хүлээсэн. Нэлээд удаан бэлтгэсэн болохоор гал гарсан тоглолтууд болох байх гэж найдаж байна. Эндээс шалгарсан оюутнууд ирэх оны наймдугаар сард БНХАУ-ын Чинду хотод болох Оюутны наадамд улсаа төлөөлөн оролцох юм. Их, дээд сургуулийн багш, удирдлагууд маш их ач холбогдол өгч байгаад нь сайшаалтай байна. Багийн дүнгээр шалгарсан эхний зургаан байр өндөр шагналтай. Бид багийн спортыг илүү өндөр түвшинд хүргэх зорилготой байна. Оюутнууд өөрсдийн оноогоор эхний гурван байрт орвол Засгийн газрийн мөнгөн шагналтай. Их наадам олон төрлөөр зохиогдох болсон нь залуусыг олон чиглэлийн спортоор хөгжих боломж олгосон гэж харж байгаа. Сургуулиасаа шалгарсан хүүхдүүд сүүлийн сар бараг тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсэн. Анх 13 төрлөөр зохиогдож байсан. Санхүүгийн асуудлаас болж арав болж цөөрүүлээд байна. Нийт баг тамирчдадаа амжилт хүсье” гэсэн юм.
У.УРАНБИЛЭГ