Categories
их-уншсан мэдээ нийгэм спорт туслах-ангилал

​”Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг эргүүлж өгөхгүй бол хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа сэргээн явуулах болно” гэв

Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн.

Гэвч Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар МҮОХ-ноос тодруулахад “Дээрх мэдээлэл үнэн” гэж хариулав.

Мөн Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Хэрэв Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны тамгыг өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар тус тамгыг хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулна” гэдгийг хэллээ.

Түүнчлэн “Олон улсын олимпийн хорооноос Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн.

Бид өмнө нь Н.Түвшинбаяр өөрөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрээ амаараа гаргасныг албажихыг хүлээж байгаа тухай Олон улсын олимпийн хороонд хүргэж байв.

Гэвч сүүлдээ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ тал дээр ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол үүнийг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн хорооны хурлаар шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны өдөр Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орохоор болсон бөгөөд тухайн өдөр МҮОХ-ны албан ёсны и-мэйл хаягийн нууц үгийг өөрчилж, өөрөө гарын үсэг, тамгаа дараад Олон улсын олимпийн хороо руу “Ажлаа үргэлжлүүлэн хиймээр байна” гэсэн утгатай бичиг явуулсан байсан.

Харин Олон улсын олимпийн хорооноос хэрэг түвэгт орооцолдсон ерөнхийлөгчдөө ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй байгаа тул ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэхэд хүрэх болсныг эргүүлж мэдэгдсэн. Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, дүрмийн дагуу гишүүдийн саналаар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргээс түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Биднийг хуралдаж байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпийн хороо руу бичиг хүргүүлээд өөрөө тамгаа аваад явчихсан байсан.

Үүний улмаас манай улс түүхэндээ байгаагүй байдалтайгаар олимпод орох нөхцөл байдал үүсэж магадгүй болоод байна. Гэхдээ бидний шийдвэрийг ОУОХ хүлээж аван хамтарч ажиллана гэж бодож байна.

Тамганы хувьд бид одоогоор Н.Түвшинбаярт шаардах хуудас өгсөн байгаа. Хэрвээ тамгыг эргүүлж өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулах болно.

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл ч ойрын үед үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж шийдвэрээ гаргана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *