Олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа IBO холбооны Дэлхийн аваргын бүсний төлөө хүч үзэхээр бэлэн болжээ.
Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Маррейро бөгөөд тэд нэгдүгээр сарын 26-нд буюу Улаанбаатарын цагаар 27-ны өглөө Нью-Йорк хотын Бруклинд “Barclays Center”-т халз тулалдана. Хэн ялсан нь одоогоор эзэнгүй байгаа IBO холбооны Дэлхийн аварга цолны эзэн болох юм.
Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг албан ёсоор зарласан юм. Өчигдөр “Barclays Center”-т хэвлэлийн бага хурал болсон бөгөөд “King Tug” Н.Төгсцогтыг дэмжихээр ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Э.Цогтжаргал тэргүүтэй Америк болон Канадад ажиллаж амьдардаг монголчууд Нью-Йорк хотыг зорьж байна.
Мөн Монголоос Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, дэд ерөнхийлөгч Б.Батбаяр болон Д.Амарбаясгалан, үндэсний бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга, улсын арслан Р.Пүрэвдавга нар АНУ-д очоод байгаа юм.