Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт албан ёсоор гэрээгээ үзэглэлээ

АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэсэн байна.

Өөрийн facebook хуудсандаа Жо Гуссен гэгч эрхэмтэй хамт авахуулсан зургаа нийтэлж, “Хичээх болно оо” хэмээн бичсэн Н.Төгсцогттой өөртэй нь холбогдоход, албан ёсоор гэрээ хийсэн тухайгаа дуулгаад, удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө хэлэв.

Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар BoxingScene.com сайтад мэдээлжээ.

Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаах ажээ. Одоогоор гэрээний талаар нарийн зүйлс тодорхойгүй байгаа ч “Ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьж, Н.Төгсцогт өөрөө 10-аад тулаан хийсний дараа дэлхийн аваргын төлөө тулалдахыг хүсч байгаа” хэмээн дээрх сайтад мэдээлсэн байна.

АНУ-ыг зорьсноосоо хойш тасралтгүй эрчимтэй бэлтгэлд хамрагдаж, авьяаслаг залуу тамирчны хувиар өөрийгөө нээн харуулж чадсан Н.Төгсцогтын Жо Гуссентэй хамт бэлтгэл хийж, 15 секундэд 130 цохилт хийж буй бичлэг цахим ертөнцөөр цацагдаж, боксын хүрээнийхний анхаарлыг татсан.

Өдгөө 22 настай Н.Төгсцогт албан бусаар “King Tug” гэх рингний нэртэй ч болж амжжээ. 2009 оны Миланы дэлхийн аваргаас мөнгө, “Лондон-2012″ олимпийн наадмаас мөн мөнгөн медаль зүүж, сонирхогчдын боксын хүрээнд жингийнхээ ангилалд нэрээ тамгалсан Н.Төгсцогт AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас 2010 анхлан зохион байгуулсан “Дэлхийн лиг”-т Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон юм. Хагас мэргэжлийн гэж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрбээр мэргэжлийн рингэн дэх анхны алхмаа хийсэн гэж болох юм.

Н.Төгсцогттой хамтран ажиллах Жо Гуссений тухайд Дэлхийн боксын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн, Габриэль болон Рафаэль Руелэс, Диего “Чико” Корралес, Майкл Нанн, Терри Норрис, Шейн Мосли зэрэг дэлхийн аваргуудыг төрүүлсэн юм. Холливудэд ч мөн нэр хүндтэй тэрбээр Брэд Питт, Адам Сандлер зэрэг алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж, кинонд “зодоонч” дүр бүтээхэд нь тусалж байжээ. Жо Гуссений гэр бүлийнхэн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд боксын спортын хүрээнд танигдаж, хүндлэл хүртсэн бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн бокст олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *