УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Та Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалсан. Мэдээж Засгийн газрын ирэх онуудад хийж хэрэгжүүлэх ажил ард түмний амьдралтай хамгийн их холбоотой байдаг. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг та амьдралд хэр нийцтэй болсон гэж харж байгаа вэ?
-Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан нам олонхио бүрдүүлсний дараа Засгийн газраа байгуулсан. МАН-аас УИХ-д 65 суудал авсан МАН-ын бүлгийн гишүүдийн хийж хэрэгжүүлье гэж байсан ажлуудыг хийх ёстой гэж үзсэн тул Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нь баталсан. Таны хэлсэнчлэн ард түмэнд хэрэгтэй, амьдрал ахуйд нь нэмэртэй заалтууд багтсан байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд зогссоны улмаас ард түмний амьдралд хүрч чадаагүй зүйлсийг цогцоор нь хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн уналт, үүнтэй холбоотой мал эмнэлгийн үйл ажиллагаа доголдлоо, үүнийг сайжруулъя гэдэг үүднээс хийгдэж байсан “Монгол мал” хөтөлбөрөө эрчимжүүлэхээр болсон. Залуучуудыг ажил орлоготой болгохын тулд 20 мянган залууг мэргэжилтэй боловсон хүчин болгож бэлдэнэ. Сүүлийн үед ард түмний дунд хэрүүлийн алим болоод байгаа шүүх, прокурорын байгууллагын тухай хуулийн алдааг засах хүрээнд бүх нийтийн эрхзүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд сургалтын төлбөрийг төлөөд сургаад байхад чанаргүй оюутан, дипломтой ажилгүйчүүд бий болоод байгаа тул үүнд анхаарахаар болсон. Биднийг багад сурагчдаас гадна эцэг, эхчүүдийг давхар шахдаг байсан.
БСШУСЯ-тай хамтран боловсролын түвшин, түүний чанар, үйлчилгээг үнэлэхдээ эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Ингэснээрээ боловсролын салбарын хариуцлага зөвхөн сургуулийн хаалгаар сурагч, оюутнууд орсноор багш дээр буух биш эцэг, эх, сураг, боловсролын байгууллагын гэсэн гурвалсан харилцааг бэхжүүлснээр чанартай боловсролтой иргэнийг бэлдэнэ гэж байгаа юм. Зарчмын өөр нэг зүйл нь хүмүүжил. Эх оронч, энэрэнгүй, боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд мэдлэг, хүмүүжлийг хичээлийн хөтөлбөрт суулгана гэсэн тусгайлсан заалт орж ирсэн.
Мөн бидний өмнө тулгараад буй асуудал нь Төрийн албаны тогтвортой байдлын тухай хууль. Үнэхээр төрийн албаны бүтэц бүрэлдэхүүн болж байгаа юм уу, үгүй юу гэдэгт Засгийн газар шинэ бодлого гаргаж ажиллана гэх мэтчилэн маш олон зүйлс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд хамгийн чухал нь сахилга, хариуцлагыг дээшлүүлж, албан тушаалаа ашиглан төрийн өмчийг шамшигдуулахыг хориглох, төрийн албан хаагчдын ёс зүйг чандална гэж оруулж өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс цухас дурдахад ийм байна. Мэдээж эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулахын тулд эдийн засгийн онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
-Гэхдээ ардчилсан засгийн үед хийж хэрэгжүүлж байсан бүх зүйл дээр танай намынхан хаалт тавьчихлаа. Ер нь бол ард түмний амьдралд хэрэгтэй олон зүйлийг устгачихсан юм биш үү. Ядаж л сайн хөтөлбөрүүд байсан бол аштай юу даа?
-Үүнд ойлголтын зөрүү байгаа юм. Гоё нэрний ард хэрэгжих боломжгүй зүйлсийг оруулж ирсэн. Нэг үгээр хэлбэл, цонхны цаанаас чихэр долоолгох гэж оролдсон. Гоё нэрийг юунд ч өгч болно. Гоё, муухай нэртэй байх нь хамаагүй хамгийн чухал нь ажил хэрэг болж хэрэгжих хэрэгтэй. Нэгдүгээрт, шударга, хоёрдугаарт, хэрэгжих боломжтой, гуравдугаарт, үнэлэхүйц зүйлсийг оруулж ирэх нь хамгийн зөв алхам. Ардчилсан намын Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрүүд үр дүн муутай, хэрэгжих боломжгүй болохоор нь Эрүү, Зөрчлийн хуулиас эхлээд “сайн” хөтөлбөрүүдийг буцаасан. Шинэ үед бий болсон хуулиуд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэг малгайн доор багтаж байх ёстой юм. Гэтэл бид гоё нэртэй, амьдралд хэрэгжих боломжгүй олон хуулийг баталсан. Үүний нэг нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль байсан. Иргэдтэй уулзаад явж байхад хуулийг мэдэхгүйн улмаас алдаа гаргасан зүйл байна уу гэвэл байна. Үүнийг ард иргэдэд энгийнээр, тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүст хүндрэл дарамтгүй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Гэтэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөв нь батлагдаагүй гэх мэтчилэн дутуу зүйлс их байсан. Хэн нэгнийгээ түрүүлж буруутгахаас илүүтэй олонхи болсон 65-аас гадна 76 гишүүн дотор шинээр сонгогдсон залуу гишүүд олон бий. Бид бүгдээрээ л сайн сайхан Монгол орны төлөө явж байгаа. Түүнээс биш алдаагаа хэн нэгэн рүүгээ чихдэг үе өнгөрсөн. Монголын залуучууд шинэ үеийг өөрсдийнхөөрөө төсөөлж гаргадаг болсон. Та хэдэн настай билээ
-29 настай…
-Би 37 настай. Та бид хоёрын ялгаа ийм байна. Гэтэл таны хүсч байгаа зүйлийг би ч хүсч байгаа. Миний хүсч байгаа зүйлсийг та ч хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хамгийн чухал нь ил тод, хуулиа дээдэлсэн, хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нийгмийг үр хүүхдүүддээ үлдээе. Би ч гэсэн түүний нэг хэсэг нь байя гэж яваа юм. Ялангуяа сүүлийн 20 гаруй жилийн хэт улстөржилтийг цөөхөн хүн хийж байна. Үүнээс салах болсон. Залуучууд банкны лизингэд хамрагдахад нам, үзэл суртал огт хамааралгүй байх ёстой. Ажлын байранд өөрийн чадлаараа ордог байх ёстой. Хамгийн гол нь чаддаг байх нь чухал. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хэцүү нэг зүйл байгаа нь өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг хүн зууны нэг хувьд л байдаг юм байна. “Энэ миний буруу” гээд төрийн албаны ёс зүйгээрээ Япон улс үлгэрлэж байгаа юм билээ. Европт багахан хэмжээнд бий. Харин бусад орнуудын хувьд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, шашин, арьс өнгө, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварладаг байдал яг хэвээрээ. Бид тэр алдааг өөрчилж ирсэн. Одоо аливаа алдааг засах цаг болсон гэж залуу хүний хувьд боддог. Энэ утгаараа олон жил буруу явсан алдааг засах хэрэгтэй. Залуучууд бидэнд хүндрэлтэй зүйлс байгаа юу гэвэл байгаа.
Цалин, бизнесийн зээлээс эхлээд энэ бүхнийг бид яагаад олон жил ярих ёстой юм. Үүнийг хурдхан засъя л гэсэн бодолтой байна даа. Манай намаас сонгогдсон залуу гишүүд залуучуудынхаа амьдралыг дэлхийн дундаж залуучуудын түвшнээс дээгүүр байлгах юмсан гэдэг бодол тээж яваа гэдэгт итгэж байна.
-Та хувийн хэвшлийн салбараас төр түшилцэх УИХ-ын гишүүн болсон. Улс орны эдийн засгийн хамгийн чухал ачааг үүрэлцдэг хувийн хэвшлийн тал дээр ямар бодлого баримтлах вэ?
-Эхний ээлжинд нам болж талцдаг байдлаа болимоор байна. Төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг өмнөх ажлаа л сайн хийгээд явчих. Бид Монголын төлөө байх ёстой. Хувийн хэвшил нь төрөө дарамталж, зарим хувийн хэвшил нь төрийн оролцоотой шударга бус байдлаар зах зээлд үйл ажиллагаа явуулж болохгүй. Бодит үнэн ердөө л энэ.
Бид хувийн хэвшилд ажиллаж байсан гээд хувийн хэвшлийнхний гаргасан алдааг өмөөрөх ёсгүй. Төр нь өөрсдийн бодлогыг мянга зөв гээд хувийн хэвшлээ нухчин дарж болохгүй. Үүний төлөө Монголын шинэ үе, Монголын залуучууд ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшил нь нэг тал, төр нь нэг тал болсон дүр зураг бий болчихоод байгаа. Бид бие биенээ талцуулж ханалаа. Одоо харин нийлж байгаад болохгүй байгаа зүйлсээ шийдэхийн төлөө яваад үзэх цаг болсон. Монголын үе үеийн Ерөнхий сайдууд юу ярьж, хэлж байсныг мэднэ. Энэ цаасыг ингэж урлаа, үүн дээр зөвшөөрөл өгөхгүй байна, ил тод байна гэж бид тавхайгаа эргэтэл явсан. Залуучууд минь сүүлийн 16 жилээ эргээд хар даа. Бидний амьдралд юу өөрчлөгдөв. Бид яаж урагшилчихав. Цалингаа авч, татвараа төлөөд явж л байна. Төр бидний амьдралын хүссэн хэмжүүрийн жишгийг тогтоож өгөх хэрэгтэй. Гэхдээ хариуцлага, сахилга бат гэдэг зүйлийг эртхэн хүлээн зөвшөөрөх тусам бид урагшилна гэдгийг ухамсарлах ёстой.
Бид улс орныхоо алдааг хамтдаа харлаа шүү дээ. Монгол Улс мөнгөтэй байж үзлээ. Тэр мөнгөө цацаж үзлээ. Харамсалтай нь яагаад тийм их мөнгө зарцуулчихаад байхад үр дүн гарахгүй байна гэдэг нь дахиад л хариуцлага дээр очно. Эцсийн дүндээ залуу хүмүүсийн хувьд хайран цаг хугацаа болж үлддэг. Бид нийлж байгаад энэ болохгүйг чинь хийе гэдэг хувийн хэвшилтэй, “Энэ үнэхээр болохгүй болчихсон юмаа ард түмэн минь. Бүгдээрээ нэг талдаа гарч энэ алдааг засъя” гэдэг төр засагтай болчихвол бид урагшилна. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө энэ дөрвөн жил ажиллах бодолтой байгаа.
-Та хуучны хэдэн улстөрчид л улс төр хийгээд байна гэж хэлсэн. Энэ удаагийн парламентад залуучууд олон байгаа тул лобби бүлэг байгуулаад сая ярьсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж байгаа юм биш үү?
-Энэ удаагийн парламентын дийлэнх олонхи нь шинэчлэгдэж, залуу боловсон хүчнээр цус сэлбэсэн. Нөгөө талдаа улс төрийн өнцгөөс харах юм бол манай нам ахмад, дунд, залуу үеийн гурвалсан холбоогоор монгол төрийг аргамжиж явдгийнхаа хувьд Ардын намын гишүүд дунд зөв зүйлд нь чиглүүлж, алдаанаас нь холдуулдаг эрхэм гишүүдтэй. Залуу, дунд үеийнхэн маань энэ дөрвөн жилдээ нэлээд цэгцэрчих байх аа.
-Засгийн газрын 100 хоног дөхөж байна. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнх нь ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд ямар дүгнэлт өгөх вэ. Нэг хэсэг нь Засгийн газрыг шүүмжилж байхад нөгөө талд нь дэмжих хэсэг ч байна л даа?
-Монголын ард түмэн МАН-д 48 сар төрийн эрх барих эрх өгсөн. Гэтэл эхний дөрвөн сар нь ч дуусаагүй байна. Цаана нь бидэнд дахиад 44 сар бий. Бид эдийн засгийн хямралын оношийг тогтоох гээд ажиллаж байгаа. Хуруунд орсон өргөсийг авангуут эдгэчихдэггүй. Хүндрэл байгаа нь үнэн. Бид олон жил буруутныг биш дундаж байр суурийг барьж явснаараа алдсан зүйл бий л байх. Монгол Улс маань ийм хүнд хэцүү байхад бид сахилга хариуцлагаа л сайжруулахгүй бол бидэнд дахиад хичнээн ч Чингис бонд байсан урагшаа явж чадахгүй. Томилогдсон, сонгогдсон нь ч тэр өмнөх ажлаа л сайн хийгээд явах хэрэгтэй. Хэт улстөржилтийг бид л өөрсдөө дэвэргэж байгаа. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд одоо болно л гэмээр байна. Сонгуулиар ялагдсан Ардчилсан намынхан маань сонгуулийн шокноосоо гарах хэрэгтэй. Сөрөг хүчин бидэнтэй хамтраад шинэ зүйл санаачил л даа. Тэгэхгүйгээр энэ 100 хоногт чинь бид ийм юм хийчих байсан гээд байх юм. Магадгүй. Хүний хийсэн юмыг муулах биш өөр юу хийх боломж байсан юм гэдгээ хэл л дээ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж байсан юм бол мөнгө нь хаана байсан юм бэ. Хамтын тэтгэврийн хуулиа хэрэгжүүлнэ гэж байсан юм бол Хамтын тэтгэврийн сан алдагдалгүй, мөнгө нь энэ байна. Үүнийг үргэлжлүүл гээд хэлчих. Мөнгө нь байсан юм бол энэ мөнгөөр Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэрэгжүүл гээд хэлэхгүй яасан юм бэ. Тэд хэлж чадахгүй байна. ОУВС дээр очоод “Бид стэнд бай”-д хамрагдахгүй гэдгээ хамгаал л даа. Одоо бол болоод өнгөрснийг үгүйсгэж биш болох зүйлсээ яриад, хамтраад яваач ээ. Үүний зэрэгцээ улс төрийн хүчнүүд маань аль аль нь төлөвших хэрэгтэй байна. МАН харьцангуй шинэчлэгдэж чадлаа. Улс төрийн намууд бодлогын түвшиндээ залуусаа гаргаж ирмээр байна. Зөвхөн чуулганы танхимд биш нийгэмд ажилладаг олон залуу улс төрийн намд бий. Тэр хүмүүстээ боломж олгох болоогүй юм уу. Дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байна шүү дээ. Яагаад Канад, Грек залуу ерөнхий сайдтай, яагаад Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн олонхи нь 1970-аад оныхон байгаа юм бэ. Энэ чинь цаг хугацаа, ойлголтын зөв гэдгийг нотолж буй хэрэг. Бид 100 хувь ийм болгочихъё гэж байгаа юм биш. Олон улсын жишиг, тренд ийм болчихлоо. Дэлхий нийтээрээ тогтвортой ажлын байр, зохистой харьцаа руу явчихлаа. Алийн болгон бид хасъя, бууруулъя гэх юм бэ. Дэлхий нийт зарим зүйлсийг нэмж байгаа. Сахилга, хариуцлага гэдэг бол улс орны хөдөлгүүр. Тэд хөгжиж чадаж байгааг бүгдээрээ харлаа. Бид үүн рүү л очих хэрэгтэй. Шийдлийн цаг, шийдлийн он жилүүд үргэлжилж байна.
-Та өнгөрөгч сонгуулиар АН-ын лидерүүдийн нэг Н.Алтанхуягтай өрсөлдөж ялалт байгуулсан. Олон хүн магадгүй ялалт нөгөө талд гэж харж байсан байх?
-Нутгийн уул, ус арай илүү харсан юм байлгүй дээ. Мөн аваргыг давж аварга болдог гэдэг байх аа. Би сонгуулиар ард түмэндээ үүнийг ярьж явсан. Увсынхан маань надад итгэл үзүүлсэн. Монголын ард түмэн шинэ цаг, шинэ үе төрж байна гэдэгт итгэж олон залуу хүнийг энэ удаагийн парламентад илгээлээ. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй энэ үеийн шилжилтийн дундаж нас 1996 онд Ардчилсан холбоо эвсэл олон залуугаар эгнээгээ бүрдүүлж байснаас арай ахимаг байж магадгүй. Монголын баруун хязгаар шинэ үе, тэдний дуу хоолой, шинэ итгэл, шинэ хариуцлагыг үүрүүлье гэдэг ард түмний итгэл, сэтгэл намайг монгол төрийн түшээ болгосон.
-Асуулгүй үлдсэн зүйл байгаа бол нээлттэйгээр хариулах боломжийг танд үлдээе?
-Эдийн засагт хүндрэл байгаа нь үнэн. Бид гарц шийдэл олохгүй бол ард түмнээ хэтэрхий хуваачихлаа. Хямрахаа хүрэхээр бүгд хямарчихдаг. Жаахан зүйл олчихоороо миний, чинийдээ тулдаг. Нийт дүнгээрээ харахаар бид бүгдээрээ алдчихсан байна. 26 жилийн өмнө бидэнтэй хамт хуучин системд байж байгаад салсан орнуудын дундаж нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад бид доор нь орчихоод байгаа юм.
Уг нь бид ижил гараанаас хөдөлсөн. Зарим талаараа тэднээс ч давуу байсан. Яагаад ийм байдалд хүрчихэв гэдгээ эргээд нэг бод доо. Та ч, би ч залуу хүн. Хийх зүйл их байна. Бид сахилга, хариуцлага гэдэг зүйлийг хуучин нийгэмтэй нь хуу хамаад хаячихсан чинь ийм байдалд хүргэчихсэн. Буруу, зөв гэдгийг нь түс тас хэлчихдэг хүн алга болсон. Хэтэрхий гоё зүйл хийж, гаднаас хэтэрхий их зүйл худалдаж авлаа. Энэ бүхэн нь бидэнд баялаг болсонгүй. Хувийн хэвшил нь жаахан өндийхөөр төр нь орж ирээд бизнесийг нь булаацалддаг. Төр, уул уурхай дагасан компаниуд нь төрдөө илүү татвар төлөөд яв гэхээр тэгдэггүй. Ийм байхад Монголын төлөө хэн өөрийгөө “золиосолж” итгэл, зүтгэлээ зарцуулах юм бэ. Төрдөө сайн ажиллаж байгаагаа бид тордож чаддаггүй. Хувийн хэвшил нь ч ялгаагүй сайн ажиллаж байгаагаа торддоггүй. Мөнгөтэй болохоороо бүгд баян юм шиг. Мөнгөгүй болохоороо бүгд ядуу болчихдог. Монголын тэрбумтан баячуудынхаа листийг гаргахаар бүгд баян болчих гээд олон улсын дунджаар татвар тогтооё гэхээр бүгд ядуу болчихдог ийм л сонин нийгэмд амьдарч байна.
Энэ бидний хөгжил биш шүү. Хуулиа ягштал мөрдөж бизнес хийгээд өндөр ашиг олсон ч гэсэн төр дэмжих л ёстой. Хууль зөрчин хэт ашиг олж байгаа бол хуулийн хариуцлага хүлээх л ёстой. Энэ шинэ үеийн зарчим гэж харж байгаа.
Э.ЭНХБОЛ