Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгтэй байхад богино хугацаанд утааг бууруулж чадна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос /ОББҮХ/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ. Хуралд Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд болох Д.Сарангэрэл, Л.Болд, С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир нар оролцлоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд, ОББҮХ дэд дарга Н.Цэрэнбат 2019 төсвөөс 199.7 тэрбум төгрөг шаардлагатай байгааг мэдээлсэн юм. Түүнээс энэ талаар дараахь тодруулгыг авлаа.


-2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний хэрэгжилтийг хангахад ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Бэлтгэл ажлыг хангаж, бодитой ажлуудыг хийхгүй бол болохгүй. Өмнө нь утаагүй зуух төсөл хэрэгжүүлсэн. Ард иргэдийн дунд энэ төслийг үр дүнгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Мянганы сорилтын сангаас хийсэн судалгаагаар утаагүй зуух үүргээ гүйцэтгэж, утааны хортой чанарыг бууруулсан гэсэн дүгнэлт гарсан. Анх утаагүй зуухыг таван ханатай гэрт туршсан. Гэтэл айл бүр гэр, байшингийн хэмжээ өөр учраас халаалтын хувьд асуудал гарсан. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын нутаг дэвсгэрт байрлах 26.340 айл өрхийг агаарын бохирдлыг бууруулах туршилтын бүс болгосон. Зөвхөн энэ бүс нутагт 80 мян.тонн сайжруулсан түлш тараана. Мөн байшин, гэрээ дулаалах сургалтуудыг зохион байгуулна. Эдгээр ажлуудыг хийх явцад агаарын чанарын хэмжилтийн станцаар дамжуулж утааны хэмжээг ажиглана. Агаарын бохирдлыг хэдий хэмжээгээр бууруулж чадах вэ гэдгийг турших үлгэр жишээ бүс юм. 26.340 айлын 5540 нь зорилтот бүлэгт хамрагдсан. Аравдугаар сарын 1-ээс ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл агаарын бохирдлыг бууруулах туршилтын бүс дээрээ бүх юмаа зарцуулна. 30 мянган өрхийг индукцен шүүлтүүрээр хангана. 78 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбож, 40 мянга гаруй өрхөд цахилгаан халаагуур тавина. Эдгээр ажлуудыг хийж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгыг тавьж байгаа юм. Ингэснээр 2500 тонн тоосонцор, 1450 тонн хүхэрлэг хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж үзсэн. Энэ бол богино хугацаанд хортой утаа ялгарлыг бууруулах ажил юм.

-Өмнө нь сайжруулсан түлшний талаар яригдаж байсан хангалттай хэрэгжиж чадаагүй. Энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Засгийн газраас түүхий болон сайжруулсан нүүрсний үнийг ижил түвшинд барь гэдэг. Дэгдэмхий хий бага гаргадаг нүүрсийг судалж үзсэн. Багануурын нүүрс дэгдэмхий хий ихтэй, чийг ихтэй учраас агаарын бохирдол ихээр нөлөөлдөг. Тиймээс Налайхын нүүрсийг хэрэглүүлэх талаар ажиллая гэж үзсэн. Гэтэл Налайхын нүүрс нь аравдугаар сард нэг тонн нь 186 мянган төгрөг, арван нэг, арван хоёрдугаар сард 200 мянга болж өсөөд, дөрөвдүгээр сард 110 мянга болж буурдаг. Сайжруулсан түлшний татаасанд жилд 58 тэрбум төгрөг өгчихвөл түүхий нүүрсний үнэтэй ижил хэмжээнд барьж болно.“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн “Таван толгой түлш” гэсэн охин компанийн байгуулсан. 200 мян.тонн нүүрсийг энэ бүсэд нийлүүлнэ.

-Цахилгаан халаагуурын асуудал яригдлаа. Үүнд хэдий хэмжээний төсөв шаардлагатай вэ?

-Өнгөрсөн жилээс хойш айл өрхүүдийг цахилгаан халаагуур ашиглах техникийн нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна. Энэ оны эцэс гэхэд 44964 айл цахилгаан халаагуур ашиглах эрчим хүчний эх үүсвэр бэлэн болно. Үүнтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр Туркийн буцалтгүй тусламжаар 3000 орчим цахилгаан халаагуурыг нийлүүлэхээр болсон ч өнгөрсөн долоо хоногт энэ ажил албан ёсоор хойшилсон. Энэ жил Дэлхийн банкнаас 12 сая ам.долларын цахилгаан халаагуураар хангана гэж байсан ч мөн л хойшилсон. Цахилгаан халаагуурын төсөлд 16 тэрбум төгрөг шаардлагатай. Айлуудыг цахилгаанаар холбохын тулд шарилын газрыг чөлөөлөх шаардлага гарсан. Үүнд анх гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан ч Нийслэлээс 10 орчим тэрбум хэрэгтэй гэж мэдээлсэн. Эрчим хүчний яамнаас энэ ажилд холбогдуулан мөнгө гаргаж өгөхгүй юм бол бид энэ ажлыг бүрэн гүйцэтгэж чадахгүй. Түүнчлэн нам даралтын нийт 78 зуухыг зогсоож, төвийн нэгдсэн дулаанд холбохоор болсон. Эрчим хүчний яам энэ жилдээ холбоно гэдгээ мэдэгдсэн. Мөн Бичил дэд төв төслийг туршилтын журмаар эхлүүлээд байна. Нэг бичил төв 200 айл цэвэр, бохир, дулаанд холбогдох асуудлыг нэн түрүүнд шийдэж, ажлууд нь цаашдаа явна гэж төлөвлөсөн. Үүн дээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүрэгт ажиллаж байгаа.

-Нийтийн зорчигч тээврийн 24 автобусанд утаа шүүгч тавьсан. Нийтийн тээврийн 70 гаруй хувь нь насжилт өндөртэй байна гэсэн. Эдгээрт ямар арга хэмжээ авах вэ?

-Буцалтгүй тусламжаар 24 автобусанд шүүлтүүр тавьсан. Улаанбаатарт хотод 1200 орчим автобус нийтийн тээвэрт явдаг. Эдгээр автобусанд шүүлтүүр тавих саналтай байна. Үүнд 25 тэрбум төгрөг шаардлагатай. Шүүлтүүр хийдэг олон улсын компаниудад хоёр хувааж төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр тендер зарлаж болно. Автобус болгонд агаар шүүгч тавьчихаар хар утаа гаргах байдал эрс буурна. Нийслэлийн тамгын газраас 25 тэрбумыг шүүлтүүрт зарцуулснаас шинэ автобус худалдаж авмаар байна гэсэн санал ирүүлсэн. Шинэ автобус аваад ялгаагүй утаагаа хаяна. БНСУ дизель автобусандаа шүүлтүүр тавьдаг хуультай. Харин тухайн автобус хилээр гарахад шүүлтүүрийг нь салгаж авдаг. Манайд шүүлтүүрийг нь авчихсан автобус орж ирээд утаа гаргаад байна. Нийт явж байгаа автобусны 70 гаруй хувь нь насжилт өндөртэй, 50 гаруй нь газаар явдаг. Энэ шүүлтүүрт шаардлагатай 25 тэрбум төгрөгийн 50 хувийг ирэх оны төсөвт суулгаад явахад нийлүүлэгч компанитайгаа санхүүгийн механизмаа тохирч болно. Санхүүгийн асуудлаа 100 хувь шийднэ гэхээр мөнгө нь томдоод, ажил явдаггүй.

-Өөр ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

-Улаанбаатарт том, жижиг 3000 төрлийн уурын зуух ажилладаг. Үүнийг 100 квт-аас дээш, түүнээс доош гэж хоёр ангилаад шүүлтүүр суурилуулахаар болсон. БНХАУ-ын Хайер компани нэгийг нь 3000 ам.доллараар зарах санал ирүүлсэн. Эдгээр 3000 зууханд бүгдэд нь суурилуулбал 22.5 тэрбум шаардлагатай. Үүний 50 хувийг улсын төсвөөс гаргуулж, үлдсэн хэсгийг тухайн уурын зуухны компани хугацаа тохирч төлөх механизм руу оруулж болно. Мөн 250 галт тэрэг хэвийн температур авах гэж галладаг. Эдгээрт мөн индукцен шүүлтүүрийг тавих 7.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнээс ирэх оны төсөв 1.7 тэрбум төгрөгийг суулгаж, үлдсэн хэсгийг Улаанбаатар төмөр замаас хий гэсэн шаардлагыг тавьсан. Гэрийн зууханд тавих индукцен шүүлтүүрийг 30 мянган айлд үе шаттайгаар оны төгсгөл гэхэд суурилуулж дуусна. Нийт 73.5 тэрбум төгрөгийн өртөг гарна гэж тооцсон. Ингээд нийт дүнгээр 199.7 тэрбум төгрөгтэй байхад богино хугацаанд утааг бууруулж чадна, үр дүн гарна гэж бид үзэж байна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *