Өнөөдөр утааны асуудалтай холбоотойгоор албаны хүмүүс захын дүүргийн зарим хороодод ажилласан. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэвлэлд мэдээлэл өгөхдөө сайжруулсан шахмал түлшний чанарыг гадаадын лабораторит өгч шинжлүүлнэ гэж хэлжээ.
Тэрээр “Түлшний чанарын тухай ярихдаа бодолтой хандах ёстой. Хамаагүй ярьж болохгүй. Мөн түлш борлуулах цэгүүдэд түлшний нийлүүлэлт харилцан адилгүй байгаа. Гэсэн ч 1 айл 7 хоногт 6 уут шуудай буюу 150 кг түлш олгоно гэдгийг тооцолсны улмаас гаргасан. Хүрэлцэнэ гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргаж байсан. Харин энэ жил утааны хэмжээ нэмэгдсэн. Хэн ч харсан тодорхой байгаа. Ямар шалтгааны улмаас утааны хэмжээ нэмэгдсэн бэ? гэдгийг тогтоохын тулд бид хамтдаа ажиллаж байна. Ихэнх иргэд сайжруулсан шахмал түлшний чанар муу байна гэж байгаа. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох албан ёсны бичиг баримт алга байна. Гадаад улс орон руу лабораторид өгч шинжлүүлэх талаар бодож л сууна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний чанарт хөндлөнгөөс байнгын хяналт тавьж ажилладаг. Бид өөрсдөө ч гэсэн хүсэлт тавиад нэмэлт шалгалт хийлгүүлдэг. Шалгалтаар илчлэг буураагүй, чийгний хэмжээ стандартад байна гэж гардаг. Гэхдээ бид өөрсдийгөө зөвтгөхгүй, бид нар дахин нягталж шалгана” гэлээ.