Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Солонго: Хүүхдүүд хоосон хар нүх хараад “Бидний тарьсан мод хааччихсан юм бэ” гэж нэхэж байна DNN.mn

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” төсөл хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор модны суулгацын үнэ өсч олдоц багассан байна. Харин үүнийг ашиглах гэсэн зарим нэгэн хүмүүс байрны гадаа болон хашаандаа тарьсан суулгацыг хулгайлж зарах явдал ихэсчээ. Энэ талаар сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрны гадаа суулгасан модны суулгац алга болсон тухай нэгэн иргэн хорооныхоо фэйсбүүк пэйж хуудаст нийтэлжээ. Тус хороонд байрлах 119 дүгээр байрны оршин суугч Н.Солонготой ярилцлаа.


-Та хорооныхоо фэйсбүүк хуудаст гурван жил арчилсан модны суулгацаа алдсан тухай нийтэлсэн байсан. Юу болсон юм бэ?

-2022 оны тавдугаар сарын 26-ны өглөө гэрээсээ гараад энэ талаар мэдсэн. Өдөр бүр арчилдаг өөрийн гараар суулгасан мод байсан юм.

-Та мэдээд цагдаад хандсан уу?

-Хорооныхоо цагдаад хандсан боловч камер шүүнэ гэхээс өөр хариу өгөөгүй. Цагдаа тоодоггүй юм билээ. Байрны оршин суугчид нэгдээд ойр хавиа тохижуулж, хүүхэд хөгшид нарлаж тоглох тухтай орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гэтэл мөнгө харсан шунахай хүмүүсийн бай болсонд харамсаж байна.

-Хэчнээн тооны ямар модны суулгацууд байсан юм бэ?

-Арав гаруй тооны дандаа гацуур модны суулгац байсан. Гурван жил арчилж ургуулахдаа өглөө бүр усалж, өдөр бүр бидний өөрсдийн хийж байгаа зүйл гэж бодохоор урамшиж арчлах хүсэл цаанаасаа л ундардаг. Хүүхдүүд ч ээлжилж услаад мод ургуулахын ач тусыг мэдэрч, өөрсдийн байгаа орчноо сайхан болгохын төлөө хичээж байлаа. Гэтэл тэрхүү бүтээл маань нэг л өглөө алга болчихлоо.

-Танай байр гаднаа камертай юу. Камер шүүж үзсэн үү?

-Камертай. Хулгайч олдох байх гэж найдаж байна. Цагдаад хандсан учраас учир нь олдох байх.

-Хулгайч олдох найдвар хэр байна. Хэрэв олдохгүй бол яах вэ?

-Камерын бичлэг шүүгээд ч цагдаа хулгайчийг олно гэсэн найдвар бага юм билээ. Үнэхээр хийж байсан зүйлээ нэг л өглөө алга болохыг харахаар урам үнэхээр

хугарсан. Дахиад суулгац авч суулгах уу, суулгасан ч мөн л хулгайд алдчихвал яана гэсэн айдастай боллоо. Шунахай сэтгэлтэй хүмүүс хүний хийсэн зүйлийг юу ч бодохгүй аваад явчихдаг, ард нь хэдэн хүн хохирч байгааг төсөөлдөггүй байх. Хүүхдүүд ч хоосон нүх хараад гайхацгааж, бидний тарьж байсан мод хааччихсан юм бэ гэж нэхэж байна. Үнэндээ хэлэх үг олддоггүй юм билээ гэв.

Ингээд тус хорооны цагдаатай уулзахаар очсон боловч дуудлагаар явсан тул ажлын байрандаа байгаагүй юм. Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүргийн зургадугаар хороог зорилоо. Тус хороонд мод үржүүлгийн

талбай ажиллуулдаг иргэн Б.Цэгмид ярихдаа “Манайх энд мод үржүүлгийн газар ажиллуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хавиар хотын дахин төлөвлөлт явж манайх ч газарт орчихсон. Тиймээс гэрээгээ байгуулаад энэ намар гэхэд газраа суллаж өгөхөөр болсон. Насаараа хийсэн ажлаа өгнө гэхээр сэтгэлд багтахгүй л байна. Гэхдээ нас өндөр гарч, энэ ажлаа хийж чадахааргүй л боллоо. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ ярилцаж зөвлөлдөөд газарт орохоор шийдсэн. Манайх 20 гаруй төрлийн мод бут сөөг, жимсний мод үржүүлж зардаг. Жимс, хүнсний ногоо ч ургуулдаг. Газарт орохоор болсон болохоор энэ зундаа бүгдийг нь зарахыг нь зарж, нүүлгэн шилжүүлнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод төслийн хүрээнд модны суулгац үнэд орж олдохоо байсан л гэнэ. Манайх гурван сарын дотор бүх суулгацаа зарж дуусгах болохоор хямд зарж, таньдаг хүмүүс, хамаатан садандаа хэрэгтэй гэвэл үнэгүй өгч байгаа. Сүүлийн үед хашаанд маань мэр сэр хулгай орж зарим суулгацууд алга болох болсон. Гэхдээ хэл ам хийж, хэрүүл шуугиан үүсгээд яах вэ. Тэртэй тэргүй намар гэхэд хашаагаа суллаж өгөхөөс хойш буян болог гэж бодоод л орхисон. Модны суулгац үндэсгүй бол яаж ургах вэ дээ. Энд тэндээс хөрөөдөж аваачаад суулгаж байгаа хүмүүс хайран модыг үхүүлж байхаар байсан газарт нь зүгээр орхимоор юм. Тэрбум мод төсөл байгаль экологид асар их үр нөлөөтэй төсөл боловч шунахай хүмүүсийн сэдэлд автаад зарим газраас хулгай хийж зардаг, үндэсгүй мод тайрч аваачиж суулгадаг үзэгдэл сонсогдож байна. Хайран мод гэж халаглах юм даа” гэв.


Модны суулгацын үнэ ханш ямар байгаа талаар судаллаа.


Tree of life:Хайлаас үнэ: 2200-2800 төгрөг. Агч үнэ мод 10000 төгрөг, Голт бор 10000, тэхийн шээг 8000, шинэс 50000, 3-4 настай 20-25 см өндөртэй хуш модны суулгац 35000 төгрөг.

Төгөл мод үржүүлэг: Улиас 5000-20000 төгрөг 1,3-2,5 м, бургас 4000-9500₮ 1,5-3,0 м, хайлаас 2800-4800₮ 0,6-1,2 м, тэхийн шээг 5000-8000 төгрөг 0,5-1,0 м, голт бор сөөгөн 15000-18000 0,6-1,3 м, Ногоон харш: Нарс 80000₮ 1-2м, хус 15000 төгрөг 0,8-1,3 м, алимны мод 25000₮ 1-1,6 м, торгомсог тавилгана 5000 0,5-0,8 м нь төгрөгийн үнэ ханштай байна. Насны ангиллаар: 3-8 настай- Улиас: 3000-4500, агч: 20000, буйлс: 7000-10000, Хар мод: 32000-45000, гацуур: 65000 төгрөг бол 2-3настай модны суулгац: Чацаргана 4500, 3500, үхрийн нүд 4500, улаалзгана 4500, нарс 70000, монос 22000 төгрөг 1,2-1,6 м-ийн өндөртэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *