Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Н.Шинэбаатар: Утасны цаанаас харилцсан хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй DNN.mn


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай ярилцлаа.


-Бусдад залилууллаа гэх хүмүүс олон байх юм. Миний эргэн тойронд л гэхэд 4-5 ч хүн байна. Хаана, юун дээр алдаад байна вэ?

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн Залилах гэмт хэргийн 80 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Манайхан онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн хаяг, дансыг нь нягтлахгүйгээр урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулж байна. Мөн facebook чатаар хэн нэгэн найз нөхөд, ажлын газрын хүн мөнгө зээлэх хүсэлт тавихад утсаар ярьж тодруулдаггүй шууд гүйлгээ хийгээд л залилуулчих юм.

Тухайн хаяг нь алдагдчихсан, өөр этгээд байгааг анзааралгүй шууд мөнгө шилжүүлж байна. Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа өмнө нь үйлчлүүлж байсан газрын цахим хаяг, данс, данс эзэмшигч нь мөн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Үүнийг өөртөө дадал болговол учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж болно. Түүнчлэн найз нөхөд, хэн нэгэн танил нь чатаар мөнгө зээлэх хүсэлт тавивал өөр рүү нь утсаар залгаж нягтлах ёстой. Үүнд анзааргагүй хандаж, мөнгө шилжүүлэх тохиолдол одоо ч тасрахгүй байна.

Утасны цаадах хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй.Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Чатаар холбогдоод л шууд мөнгө шилжүүлчихдэг, ийм гэнэн сэтгэхүйгээсээ манайхан салах болсон. Одоо цагт халаасандаа бэлэн мөнгө авч явдаг хүн бараг байхгүй болсон. Хүний дансан дахь мөнгийг яаж авах вэ гэдэг дээр л залилагч этгээдүүд тархиа гашилгаж байна. Ийм үед та туйлын сонор сэрэмжтэй байж өөрийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Хажуугаар нь манайхан цахим орчны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэг тааруугаас болж хохирох тохиолдол их байна.

-Орон сууц захиалахдаа залилуулсан хүмүүс их байх юм. Орон сууц худалдаж авах болон түрээсний гэрээ байгуулахдаа юуг анхаарах вэ?

-Орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилах тохиолдол байна. Залилагч этгээд бусдын байрны ордерыг хуурамчаар үйлдэж хэд хэдэн хүнд давхар түрээслээд урьдчилгаа төлбөр авч байна. Ингэхдээ зах зээлийн ханшнаас бага зэрэг доогуур үнэ амлана. Түрээслэгчдэд санал болгохдоо “Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж, захиалгаа баталгаажуулахгүй бол өөр хүн орлоо” гэж шахалтад оруулдаг. Түрээсийн байр яаралтай хайж байгаа хүмүүс ч тэр дор нь урьдчилгаа төлбөрөө шилжүүлчихдэг. Ийм байдлаар хэд хэдэн хүнийг давхар залилах нь бий. Урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн түрээслэгч байрандаа орохоор ирэхэд шал өөр хүн хаалга тайлна. Ингээд урьдчилгаа төлбөр шилжүүлсэн хүн рүүгээ холбогдоход дугаарыг нь блоклоод алга болчихсон байдаг. Ийм төрлийн залилан түрээсийн байрны зарын группүүдээр л явж байдаг. Дахиад хэлэхэд хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж огт болохгүй. Орох байртайгаа очиж танилцаад, нягтлаад тооцоогоо хийж болно шүү дээ. Ер нь хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээсээ өмнө бодож нягталж байх нь зөв.

Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны зураг харуулж итгэл үнэмшил төрүүлээд гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авч байна. Түүнчлэн хямд үнээр түрээсийн байранд хамруулна, орон сууцны төсөлд хамруулна гэх байдлаар иргэдийг залилж байна.

-Орон байртай холбоотой өөр нэг асуудал байгаа нь мөнгө зээлж хүүнд нь байранд сууна гэх зар түгээмэл байх юм. Үүний ард залилан байна уу?

-Тийм тохиолдол бий.

Мөнгө зээлж үнэгүй байранд суулгана гэх зар байршуулж урьдчилгаа төлбөр аваад л иргэдийг залилж байна. Иргэд орон сууц түрээслэх, худалдан авахдаа тухайн байрны гэрчилгээ эзэмшигч нь ямар хүн дээр байгааг шалгах, мөн орон сууцны СӨХ, хороонд хандаж тухайн байранд ямар хүн амьдардаг болохыг тодруулж, төлбөр тооцоогоо хийхэд л залилуулахгүй байх бүрэн боломжтой юм шүү дээ. Нэг талдаа хайнга, хэнэггүй зан нь залилагч этгээдүүдэд боломж олгоод байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь цахимд үйлдэгддэг. Өнөөдөр аль ч хязгаараас интернэт ашиглах боломж бий болсон. Энэ нь нэг талаараа малчдыг эрсдэлд оруулж байх шиг. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?

-Цахим хөгжиж байгаа нь сайн боловч нөгөө талд малчдад эрсдэл учруулж байна л даа. Өнөөдөр малчид малынхаа бэлчээрээс л фэйсбүүк ухаад сууж байдаг болсон. Тэд залилагч этгээдүүдийн овоо хараанд орсон гэж хэлж болно. Цаг хатуу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор өвс, тэжээл зарна гэх мэдээллийг орон нутгийн группүүдэд байршуулж, малчдаас урьдчилгаа төлбөр авах байдлаар залилж байна. “Аймгийн төвөөс өвсийг чинь ачууллаа. Урьдчилгаагаа шилжүүл” гэж хэлээд л мөнгийг нь авчихаж байна. Малчид ноолуураа самнаж байгаа ийм цаг үед энэ төрлийн залилагч этгээдүүд идэвхтэй ажиллаж байгааг энд онцолъё. Цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий сурталчилгааны ажил, арга хэмжээ, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр та бид хоёр ярилцаад сууж байгаа нь ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа л ажил.

Төгсгөлд нь онцлоход иргэд рүү хандаж “Та азтан болж ийм бараа хожлоо. Барааныхаа шимтгэлд тэдэн төгрөг шилжүүлээд бараагаа авна уу” гэх байдлаар иргэдийг залилж байна. Үүнд анхаарах шаардлага байна аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *