Categories
мэдээ цаг-үе

Н.Сарнай: Тайз хэзээ намайг голно, тэр хүртэл загвараа өмсөнө гэж боддог

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2019” наадам өнгөрөгч баасан гаригт Соёлын төв өргөөнд боллоо. 31 дэх удаагийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулав. Тус наадмаас жил бүр топ загвар өмсөгчдийг тодруулдаг. Энэ жил “Топ модель”-иор загвар өмсөгч Н.Сарнай тодорч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардууллаа. Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харьяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажилласан туршлагатай загвар өмсөгч юм.


“Гоёл 2019” наадмын топ модель Н.Сарнайтай ярилцлаа.

-“Гоёл” наадам загвар өмсөгч, загвараар яваа хүмүүсийн гарах сан гэж хүсдэг тайз. Энэ наадамд та түрүүллээ. Баяр хүргэе?

-Баярлалаа. Маш их баяртай байна. 14 жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд топ модель болсондоо баяртай байна. Гэнэтийн цочирдмоор сюрприз байлаа. Би хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлж дөрвөн жил завсарлаад өнгөрсөн жилээс ажилдаа орсон. 14 жилийн хугацаанд Дизайнеруудын холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцож ирсэн. Намайг дэмждэг хүн болгонд баярлалаа гэж хэлмээр байна. Миний амьдралдаа гаргасан хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл байсан. Шагналаа аваад тайзан дээр уйлчихсан. Би нулимсаа их тэвчдэг хүн л дээ. Хүмүүсийн дэргэд нулимсаа ил гаргахыг хүсдэггүй. Нэр минь дуудагдахад өөрийн эрхгүй нулимс асгарсан. Амьдралдаа авсан сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа.

-Загвар өмсөгч хүмүүс багаасаа загвар өмсөж эхэлсэн байдаг. Хэдэн наснаасаа загвар өмсөж эхэлсэн бэ?

– “Ганга гоёл” агентлагт 12 настайгаасаа эхэлж загвар өмссөн. Би багадаа бөгтгөрдүү, газар ширтэж явдаг хүүхэд байсан юм. Ээж маань миний нурууг засахын тулд загварын агентлагт оруулсан гэж ярьдаг.

-Ямар сургууль төгссөн бэ?

-Би 52 дугаар дунд сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Наймдугаар ангиасаа Хөх хотын 14-дүгээр сургуулийг төгссөн. Буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний орчуулагчаар төгссөн. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагаар суралцаж дүүргэсэн. Загвар өмсөгчийн мэргэжлээс гадна төрийн албанд ажилладаг. Манай нийгэмд 100 хувь загвараар амьдарна гэдэг хэцүү. Загварын ертөнц ганц загвараар амьдруулах чадвартай салбар биш.

-Аав, ээж, гэр бүлийнхээ хүний талаар танилцуулахгүй юу?

-Манайх энгийн л амьдралтай айл. Миний аав, ээж оёдолчин. Гутал, шуб оёдог байсан. Загварын ертөнцөд ээж минь хөтөлж оруулж байсан гэдгийг дээр дурдсан. Тухайн үед шөнийн хоёр, гурван цаг хүртэл бэлтгэл хийдэг байлаа. Тэр үед ээж намайг үүдэнд хүлээгээд гарч ирэхээр аваад явдаг байсан. Тэр утгаараа энэ шагнал маш үнэ цэнэтэй, олон жилийн хөдөлмөр шингэсэн болохоор ээж маань маш баяртай байгаа. Манай нөхрийг Б.Азжаргал гэдэг. Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч, гоёлын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан. Бид гэрлээд зургаан жил болж байна. Хоёр хүүхдийн аав, ээж болоод амьдарч байна даа.

-Өөрийн тань нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлсэн болохоор зав маш бага. Том маань он гараад дөрвөн нас хүрнэ. Бага маань энэ сард хоёр нас хүрнэ. Ойрхон төрчихсөн учраас хоёр хүүхэдтэйгээ л өдрийг өнгөрөөдөг. Өглөө цэцэрлэгт нь хүргэж өгнө, орой авна. Амралтын өдрүүдээр ээж, эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Нөхрийн маань туслалцаа их байдаг болохоор хажуугаар нь ажлаа хийдэг.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Би хамгийн түрүүнд эмэгтэй хүнийг өөрийнхөөрөө байх ёстой гэж боддог. Хэний ч хажууд өөрөөрөө л байх хэрэгтэй. Би ер нь эршүүд, өөрийнхөөрөө хүн л дээ. Худлаа хуурамч харьцаа онцгүй санагддаг.

-Таны биеийн харьцаа, жин хэд вэ?

-Би одоо 57 кг жинтэй. Шоу давхцаад ажил их байх үед ер нь турчихдаг. “Гоёл” наадмын үеэр хоёр, гурван кг хангалттай хасдаг. Миний хувьд энэ жил “Гоёл” наадамд оролцож байгаа моделуудынхаа бэлтгэлийг хангаж ажилласан. Энэхүү наадамд орохын тулд есдүгээр сараас эхлээд жингээ барьж эхэлдэг.

-Эмэгтэй хүмүүс төрсний дараа таргалах тохиолдол их байдаг. Загвар өмсөгчид олны нүдэнд ил болохоор төрсөн ч жингээ барьсан харагддаг. Ямар аргаар жингээ хаядаг вэ?

-Эмэгтэй хүн бүхэн л адилхан. Би анхны хүүхдээ төрүүлээд 58-98 кг болтлоо 40 кг жин нэмсэн. Охиноо нэг нас хүрэхэд буцаад 61 кг болсон байсан. Би хоолоо сойж турсан л даа. Охиноо нэг нас хүрэхэд жирэмсэн болсноо мэдсэн. Хүүгээ төрүүлэхдээ мөн адил 93 кг болж байлаа. Хүүгээ найман сартай байхад хэвийн жиндээ оччихсон байсан.

Би эрүүл хооллолтыг илүүд үздэг. Анхны хүүхэд дээрээ 40 кг жин хаяад арьс их унжсан байсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа турах их хэцүүг мэдэрсэн. Эрүүл зөв хооллолтоос гадна фитнессээр хичээллэсэн. Хүнсэндээ гурил, будаа, төмс хэрэглэхээс татгалздаг.

-Загвар өмсөгчдийн гэр бүлийн амьдрал олны нүдэнд ил байдаг. Харин таны хувийн амьдрал тийм ч ил биш санагддаг?

-Манай гэр бүл нам гүм амьдралыг илүүд үздэг. Олны хүрээнээс холуур байхыг эрмэлздэг. Тийм байхыг ч хүсдэг. Дөрвөн жил завсарлаад ажилдаа орсон болохоор шинэ загвар өмсөгч шиг л байна. Миний хувьд хэвлэл мэдээллээр янз бүрээр бичигдэж байсан нь ховор л доо. Цаашдаа яахыг мэдэхгүй л байна. Залуу хүмүүсийн адилаар зээл төлдөг бол төлнө. Залуу гэр бүлүүдийн жишгээр амьдардаг.

-Хэдий хүртэл загвар өмсөнө гэж боддог вэ?

-Топ модель гэсэн эрхэм алдрыг хүндэтгэж, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр амьдарна даа гэж бодож байна. Би “Гоёл 2014” наадмын оны шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан. Таван жилийн дараа топ модель гэх шагналыг хүртлээ. Тайз хэзээ намайг голно, тэр хүртэл загвараа өмсөнө.

Номинациуд

Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн,

Шилдэг эмэгтэй моделиор Ц.Алтантуяа,

Дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул,

Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг,

Керасис брэндийн шагнал дизайнер Б.Батзогсоол, модель Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг,

Cesar’s брэндийн шагнал Болор-Эрдэнэ,

Шилдэг make up artist Crystal salon Болор,

Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа,

Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер “Bortua” Б.Балжинням,

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор,

Гоёлын хувцасны шилдэг дизайнер “GEM” Ч.Болормаа,

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга “Black swan” коллекц,

Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна,

Шилдэг загвар зохион бүтээх товчоо “Дархан минж” компани тус тус тодорсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *