Categories
мэдээ цаг-үе

Н.Оюунцэцэг: 2030 онд насан туршийн боловсролын гүнзгийрэлтийн үе шат болно

Монголын Хими Судлаачдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ноокоогийн Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Хүн бүхэн багштай, багшийгаа хүндэлдэг. Энэ сайхан мэргэжилтэй амьдралаа хэрхэн холбож байсан бэ?

-Би 1975 онд арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн химич, химийн багшийн ангид суралцаж 1981 онд төгссөн. Тэр цагаас хойш МУИС-даа багшилсаар өнөөдөртэй золгож байна. Анх нэгдүгээр ангид орсон цагаас хойш л багш болох чин хүсэлтэй байсныгаа биелүүлсэн дээ.

-Төгсөөд шууд сургуульдаа үлдсэн үү?

-Оюутны ширээнээс шууд МУИС-ийн органик химийн тэнхимд багшаар үлдсэн дээ. Тухайн үед төгсөгчдийг гол төлөв хөдөө орон нутаг руу томилж явуулдаг байсан. Харин алс холын Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирж суралцсан намайг багшаар үлдээж байсан даа. Анх багш болоод хичээл заахад ч амар байгаагүй шүү. Оюутан байхдаа нийслэлийн Гуравдугаар сургуульд гавьяат багш С.Дондог болон Бор багшийнхаа удирдлагад дадлага хийж байлаа. Эндээс л багшлах дөрөө олж байсан даа. Мөн тавдугаар курст байхдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас жилийн чөлөө авч сумандаа очиж хэдэн сар найман жилийн сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байсан.

-Ажлын гараагаа эхэлж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Ахмад багш нарынхаа заавраар Техникийн их сургуулийн нийтийн хоол, инженерийн ангиуд, МУИС-ийн бараа судлал, биологийн ангийн оюутнуудад зэрэг органик химийн хичээл зааж байсан. Химийн мэргэжлийн ангийн оюутнуудад гол лабораторийн хичээл заана. Тэр үед зарим нь ажиллаж байгаад нам эвлэлийн илгээлтээр оюутан болдог байлаа шүү дээ. Өөрөөсөө олон насаар ах оюутнуудад хүртэл хичээл заах шаардлага гарна шүү. Тэр ахмад оюутнууд маш идэвхтэй сурдаг байсан.

-Багшлах эрдмийг хэнээс өвлөж байв?

Наймдугаар ангид байхад химийн хичээлийг Тогтох гэж багш заадаг байсан л даа. Мэргэжилдээ сайн, хичээлээ их ойлгомжтой заана. Багшийгаа хараад “Ийм л багш болчих юм сан” гэж мөрөөддөг байлаа. Тогтох багшийн арга барилаас их зүйл надад үлдсэн шүү.Энэ багш мань одоо өндөр насны тэгэвэрт Төв аймгийн Заамар суманд амьдардаг. Мэдээж, МУИС-ийн ахмад багш нараасаа суралцсан.

-Таны ажлын арга барил онцлог юу бол?

-Би химийн багшаар төгссөн ч одоогоор сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалаад багшлах арга зүй хөтөлбөрийн чиглэлээр мэргэшиж МУИС-д химийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хариуцаж ажиллаж ирсэн. Багшилсан замаа эргээд харахад эхний арван жил өөрийн гэсэн тогтсон арга барилгүй явсан юм билээ. Хүн арван жил ажиллаж байж л өөрийн гэсэн арга барилтай багш болдог л доо. Миний арга барил бол шавь нартаа томьёо харуулж цээжлүүлэхийг урьтал болгодоггүй. Оюутнуудыг аль болох бие даан ажиллуулах, ойлгоогүй зүйлийг нь гүнзгий тайлбарлаж ой ухаанд нь үлдээхийг эрхэмлэдэг. Сурагч төвтэй арга, технологийг судлан хэрэгжүүлж, сураглтын практикт нэвтрүүлсэн. Энэ арга барилаа залуу багш, шавь нартаа өвлүүлээд явж байна даа.

-Шавь нарынхаа талаар ярихгүй юу. Олон алдартай эрдэмтэд таны гараас төрсөн гэсэн?

-Хичээл заасан оюутан, багш нар гэвэл олон мянгаар тоологдоно л доо. Би МУИС-ийн дэргэдэх Байгалийн ухааны төрөлжсөн сургуульд багшилж байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуулийн нэг ангид 21 аймаг, хотын сурагчдаас арван шилдэг хүүхдийг шалгаруулж авна. Тэнд суралцаж байсан хүүхдүүд маань өнөөдөр Монголд толгой цохих эрдэмтэд болсон доо.

-Химийн шинжлэх ухааны талаар?

-Шинжлэх ухаан, тэр дундаа байгалийн шинжлэх ухаан судлахад амаргүй л дээ. Гэхдээ эзэмшсэн байхад гайхалтай шүү. Хэн ч булааж авахгүй. Химич мэргэжил эзэмшсэн хүн нягт, нарийвчлал сайтай, аливаа зүйлд нямбай ханддаг. Энэ нь химийн шинжлэх ухааны онцлог л доо. Ертөнцийг үзэх өргөн хүрээний мэдлэгтэй болдог.

-Багш мэргэжлийн гоё сайхан юу бол?

-Багш болох хүсэл сонирхлоороо зорьж эзэмшдэг мэргэжил юм. Ингэж өөрийн сонирхлоор багш болсон бол сайхан л даа. Гоё сайхан нь үүнд л оршино. Сүүлийн үед дунд сургууль төгссөн хүүхдүүд их, дээд сургуульд орохоор хуваарь сонгоход гол төлөв багшийн хуваарь үлддэг. Хуваарьгүй үлдсэн хүүхэд албан шаардлагаар сонгодог үе бас байлаа. Багшийн анги 15 оюутан суралцаж байхад төгсөөд мэргэжлээрээ ажиллах нь тав зургаа байх жишээтэй.

-Өнөөдрийн залуу багш нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би багш бэлтгэх салбарт амьдралынхаа олон жилийг зориулж байна. Өнөө үед боловсрол их шинэчлэгдэж байна. Химийн боловсрол ч ялгаагүй. Энэ зуунд мэдээлэл технологи хөгжиж байгаа. Энэ нь боловсролыг шинэчлэхийг шаардаж байгаа. Энэ шинэчлэлийн гол санаа нь насан туршийн боловсрол. Насан туршдаа хэрэгтэй арга барилаа эзэмших, насан туршдаа суралцахыг л шаардаж байгаа. Өнөөдөр залуу багш, ахмад багш нарын ялгаа ЕБС-д браг байхгүй болж байна л даа. 20 жил ажилласан туршлагатай, арга барилтай багшийн хувьд ч өнөөдрийн боловсролын зорилт, түүнийг хэрэгжүүлэх багшлах арга ухаан шинэ. Шинэ багшийн хувьд ч ялгаагүй. Өнөөдөр XXI зууны боловсролын өнгө бүгд шинэ. 1980-аад онд шинэ зууны боловсролын судлан хөгжүүлэх судалгаа сургалт дэлхийн нийтээр явагдсан. Манайх ч 2000 оноос хойш хөл нийлүүлэн боловсролоо шинэчилж явж байна. Алдаа бас оноо ч байна. Өнөөдөр 2030 оны боловсрол ямар байх талаар дэлхийн нийт анхаарлаа хандуулж байгаа. Хувьслын чанартай өөрчлөлт гарч байна гэхээр л байна л даа. Өөрөөр хэлбэл бид нарын судалдаг зүйл, боловсрол сургалт гэж юу гэдэг үзэл том хувьсалын чанартай өөрчлөлтөд орж байна гэсэн үг л дээ. Энэ утгаараа дэлхийн бүх улс орон 2030 оны боловсролын төлөө ажиллаж байна. 2030 онд хүүхдэд ямар мэдлэг олгох , хэрхэн төлөвшүүлэхийг шинээр харж байна. Бид ч дутахгүй боловсролоо шинэчлэхээр судалгааны ажлаа эхлээд явж байгаа.

-Судалгааныхаа талаар таниулахгүй юу?

-2030 онд XXI зууны монгол суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар хандлага нь юу байх вэ гэдэг талаар хамтран судалж эхнээсээ үр дүн нь гарч хэлэлцүүлж байна. Энэ бол цаг хугацаа хүн хүч шаардсан амаргүй ажил аа. Цаашдаа судалгааны ажлаа улам гүнзгийрүүлэхээр Боловсролын хүрээлэн дээр сэдвээ нутагшуулахаар ажиллаж байна. Судалгааны ажил маань шинэ зууны боловсролын зорилго руу чиглэж байгаа. 2030 онд насан туршийн боловсролын улам чухлаар тавигдах үе шат болно. Энэ нь шинэ зууны онцлогоос хамаарч байна шүү дээ. Насан туршдаа л сурах арга барилаа сурахгүй бол өнөөдөр сурсан зүйл маргааш ажил дээр очиход хоцрогдоод байна шүү дээ. Энэ төслийн үйл ажиллагааг цаашид хангах, хичээлийн судалгааны аргыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хэрэгцээг хангахын тулд Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг байгуулагдсан л даа. Энэ байгууллагын таван жилийн ой арваннэгдүгээр сарын 16-нд болно. Гишүүд дэмжигчидээ ойдоо өргөнөөр оролцохыг урьж байна.

-Саяхан багш нарын баяр болж өндөрлөсөн. Та яаж баярласан бэ?

-Сургуулийн хамт олонтойгоо баяраа хуваалцсан даа. Баярын үеэр МУИС-ийн хүндэт дэвтэрт бичигдэн алдаршлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *