Categories
мэдээ цаг-үе

Н.Оюун-Эрдэнэ: Хэдхэн пиджак, плате гаргачихаад л зураг авалт хийж, түүнийгээ брэнд гэж нэрлээд байна

Тэйлор буюу захиалгат хувцасны үйлчилгээг Монголд хөгжүүлэхийг зорьж буй “MODA” хувцас загварын урлангийн ерөнхий дизайнер Н.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хувцас загварт яагаад ингэж их дурлах болсон тухай яриагаа эхэлье?

– Хүнд байгалиас заяасан өгөгдөл байдаг гэдэгт би итгэдэг. Миний эмээ, ээж ч маш мэдрэмжтэй, уран хүмүүс. Тэр ч утгаараа чин зүрхний угаас хүсэж мөрөөдөж байсан мэргэжлээрээ 2009 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг төгссөн. Түүнээс хойш энэ салбар хөгжихөд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулаад одоо арваннэг дэх жилдээ ажиллаад явж байна.

-Бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Би загвар зохион бүтээгчээр төгсөөд тэйлор буюу хүний биеийн хэмжээг авч захиалгаар хувцас хийж эхэлсэн л дээ. Ингэж байж л би мэргэжлийнхээ нарийн нандин, сайхныг мэдрэх юм байна гэж ойлгосон хэрэг. Түүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаад арван жил болж байна. Гэхдээ энэ дунд маш олон уналт байсан. Дөнгөж сургуулиа төгссөн юугаа ч мэдэхгүй хүүхэд подвалиас хоёр оёдлын машинтай л бизнесийн гараагаа эхэлж байлаа. Мэдээж эх хүн учраас үр хүүхдээ төрүүлж өсгөнө. Энэ хооронд хувцас загварын газраа гурван ч удаа байгуулсан. Хоёр нь бүтэлгүйтсэн. Гэхдээ би огт шантраагүй. Охиноо гаргачихаад жил дөрвөн сарын дараа “MODE” гэдэг нэрээр хувцас загварын агентлагаа нээж байлаа.

-“MODE” гэсэн үг германаар загвар гэсэн үг байх аа. Яагаад заавал ийм нэр өгөх болсон бэ?

– “MODE” гэдэг нь манай гэр бүлийн гишүүдийн нэрний эхний үсгүүд. Мишээл, Оюука, Дөлгөөн, Эрдэнээ гэсэн дөрвөн нэрний товчлол. Германаар бол загвар гэсэн үг. Яг энэ нэрээ өгөөд 2015 оны есдүгээр сараас эхлэн захиалгынхаа үйлчилгээг хийж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл монгол хүний биеийн онцлогт тохирсон, зөв эсгүүр, технологитой хувцсыг хүмүүст санал болгож сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Хамгийн гол нь дэлхийн стандартад нийцсэн европ хувцсыг л хүмүүст чанарын өндөр түвшинд хийж өгөхийг л зорьдог. Гар хийцийн биш, үйлдвэрийн юм шиг.

-Анх хувцас захиалга авч эхлэхэд хэр их хүн холбогддог байв. Одоо бол тэр тоо өссөн байх?

– Мэдээж эхлэл бүхэн хэцүү. Анх фэйсбүүк, инстаграмаар хаяг нээгээд хийсэн загваруудаа оруулж эхэлсэн. Гэхдээ би “MODE”-ийг нээснээсээ хойш нэг ч удаа реклам хийгээгүй, хийх ч шаардлага гараагүй.

-Яагаад тэр вэ?

-Гол зорилго маань хувь хүнд зориулсан тэйлорын үйлчилгээ. Тэр нь ямар үнэ цэнэтэй, яаж хийгддэг болохыг нь хүмүүст ойлгуулж, үнэлүүлж хүндлүүлэхийн төлөө явж байгаа. Ерөөсөө миний гол баримталдаг зарчим бол “чанар, чанар бас дахин чанар”. Чин сэтгэлээ зориулаад чанартай хийсэн хувцас тухайн үйлчлүүлэгчид сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хүн цаашаа хэдэн хүнд сэтгэл ханамжтай сайхан мэдрэмжээ хуваалцаж тэр хэмжээгээр үйлчлүүлэгч нэмэгддэг. Өдийг хүртэл миний хийж ирсэн маркетинг энэ л байх.

-Хувцасны амин сүнс бол загвар, ур хийц шүү дээ. Сүүлийн үед манайхан ямархуу ур хийцтэй хувцас захиалж хийлгэж байна?

-Дэлхий дахинд юу мода болж байна гэдгийг бид байнга судалдаг. Харин үйлчлүүлэгчид маань сүүлийн үед дэгжин, биед эвтэйхэн хослол их хийлгэдэг. Хослол гэдэг тэр болгон загвар нь эвдэгдээд байдаг хувцас биш. Тодорхой хэдэн хэлбэлзэлтэй. Хамгийн чухал нь тухайн хүндээ яг сайхан таарсан, суусан,чанартай материалтай, өөрийнх нь сэтгэл ханамжинд нийцсэн тийм л хувцас байх ёстой.


– Материалаа хэрхэн сонгодог вэ?

-Байгалийн орцтой материалууд түлхүү хэрэглэхийн эрхэмлэдэг. Гаднаас захиална, эсвэл Монголоос авна.

-Хувцасныхаа загвар, шинэлэг санааг хэрхэн гаргадаг вэ?

-Судалгааныхаа үндсэн дээр хувцасныхаа загварыг гаргана. Мэдээж хүмүүст хүргэж байгаа үйлчилгээ миний дотоод ертөнц хоёр ондоо. Хүмүүст үйлчилж байхдаа би ийм зүйл хүсээд байгаа учраас ийм хувцас хийнэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Хүмүүст үйлчлэх явцад тэр хамаагүй болчихдог. Харин өөрийн тайлан тоглолтоо хийж байгаа тохиолдолд Оюун-Эрдэнийн дотоод ертөнцөө ил гаргана.

-Өнгөрсөн жилийн шоу тань жинхэнэ дотоод ертөнцийг тань илэрхийлсэн шоу болсон шүү дээ. Эрэгтэй жүжигчдийг ч тайзан дээр алхуулсан нь онцлогтой санагдсан?

-2019 он буюу өнгөрсөн жилийн есдүгээр сард өөрийн бие даасан бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийсэн. Дизайнер болж арван жил энэ салбарт ажилласныхаа хувьд нэг ёсны тайлан тоглолтоо хийсэн гэж хэлж болно. 80 комплект хувцас буюу гурван коллейкшн гаргаж танилцуулсан. 80 хослол гэдэг бол их хэмжээний тоонд орно шүү. Шоу маань хоёр цаг гаруй үргэлжилсэн. Мэдээж таны хэлж байгаагаар монголдоо алдартай эрэгтэй жүжигчдийг урьж тайзан дээр алхуулсан. Үзсэн хүмүүс ч сэтгэл хангалуун байсан шүү.

-Хамгийн сүүлд олны танил ямар эрхмийн хувцсыг урлав?

-Саяхан “37-р точка” киноны нээлтэн дээр Б.Одончимэгийн улаан хивсний ёслолд өмссөн хослолыг хийлээ. Түүнээс өмнө “Mongolian connection” киноны нээлтэн дээр жүжигчин Б.Амарсайханы эхнэрийн хослолыг мөн хийлээ. Одоо “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт үлдээд буй дуучин Б.Оюугийн бүх шатных нь хувцсыг хийж байна.

-Дизайнар болох хүсэлтэй олон залуусд үлгэр дуурайл болсон таны цаашдын хүсэл зорилго юу бол?

– Аливаа зүйл шат дараалалтай болов уу гэж боддог. Би ч тэр дарааллаараа амжилт өөд өгсөөд явж байгаа. Хүмүүс танайх хэзээ брэндтэй болох юм бэ гэж их асуудаг. Очоод захиалахгүй аваад өмсдөг болмоор байна гэсэн санал хүсэл ч их ирдэг. Тэгэхээр миний нэгдүгээрт тавьсан зорилго бол час хийсэн “MODE” гэсэн брендээ байгуулах л хүсэлтэй байна.

-Гэхдээ брэнд гэдэг их өргөн ойлголт болов уу. Одоо Монголд брэндгүй зүйл үгүй боллоо шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Асар том ойлголт. Хэдхэн пиджак,плате гаргачихаад л зураг авалт хийж, түүнийгээ брэнд гэж нэрлээд байна. Юу ч хийсэн түүнийгээ брэнд л гэж нэрлэдэг. Зөв юм уу, буруу юм уу, би сайн мэдэхгүй. Энд өөрийн гэсэн цензур байх ёстой л байх. Брэнд гэж нэрлэнэ гэдэг өөрөө их том ойлголт болохоор тэрийг бүтээнэ гэдэг асар том үүрэг. Тэгэхээр миний урд маш том ажил байна гэж харж байгаа. Түүнийхээ төлөө шантралгүй явна даа.

-Танай захиалгын үнэ хэдээс хэдэн төгрөгний ханштай байдаг юм бэ?

-Манайх харьцангуй гайгүй. Эмэгтэй хослол бол 500-750 мянган төгрөгний үнэтэй. Эрэгтэй нь илүү ажиллагаатай, оёх технологи нь нарийн учраас арай илүү үнэтэй. Ер нь цагаан сар, шинэ жилийн үеэр манайх их ачаалалтай ажилладаг даа. Шинэ жилээр өөрийнхөө биед тохируулж ганцхан ширхэг плате өмсөх гэж байгаа эмэгтэйчүүд манайхаар ирж үйлчлүүлдэг.

– Загвар зохион бүтээгчийн хувьд монголчуудынхаа загварын мэдрэмжийг хэрхэн үнэлдэг вэ. Ер нь Монголын загварын түвшин аль шатандаа явж байгаа бол?

-Таван жилийн өмнөх үетэй харьцуулахад Монголын загварын ертөнц асар хурдацтай хөгжиж байна. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай хоорондоо маш их өрсөлдөөнтэй байна. Энэ нь лав миний бодлоор зөв. Энэ дундаасаа шигшигдээд, урд явж байгаа нь хойно явж байгаадаа зааж үлгэрлээд хөгжих ёстой болов уу.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *