Categories
мэдээ цаг-үе

Н.Отгонтогос: Алтжингийн нүцгэлдэг хэсгийг хасах гэж байсан

Мандухай цэцэн хатан” киноны Алтжингийн дүрийг амилуулсан жүжигчин Н.Отгонтогостой ярилцлаа.

Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-“Сүүлчийн шөнө” киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаад хэсэг завсарлалаа. Сүүлийн үед уран бүтээлчид маань намайг хоёрдугаар найруулагчаар ажиллаад өгөөч гэсэн санал тавиад байгаа. Дандаа залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Удахгүй “ST” студи, төрийн соёрхолт найруулагч УГЗ Балжинням найруулагчтай хамтарч ажиллах гэж байгаа.

Та жилдээ хоёр гурван кинон дээр ажилладаг гэсэн. Тэгэхээр бараг амралтгүй ажиллаж байна уу?

-Дандаа л завгүй байдаг. Өнгөрсөн зургадугаар сард хөлөө бэртээгээд анх удаа гэртээ сар байж үзлээ. Миний хувьд зүгээр сууна гэдэг аймшигтай хэцүү байсан. Ер нь би удирдлага бариад суваг сольж байгаад унтаж үзээгүй юм байна лээ. Би ажиллаж байж л улам эрч хүчтэй болдог. Хөлөө бэртээсэн чинь найзууд чи далимаар нь сайхан амраад ав гээд байсан. Нэг сар шохойдсон хөлтэй гэртээ байна гэдэг үнэхээр хэцүү санагдлаа. Сүүлдээ бүр хүүгээрээ машин бариулаад ард нь хөлөө жийж суугаад хөдөө явсан.

Нийтдээ хичнээн кинонд тоглоод байна. Гучин жил нэг салбарт ажиллана гэдэг багагүй хугацаа шүү?

-Би 30 жил урлагт ажиллаж, нийт 46 уран сайхны кинонд гол ба хоёрдугаар дүрд тоглосон байна. Мөн хоёрдугаар найруулагчаар арваад кинонд ажилласан байна. Тиймээс миний бүтээсэн 30 жилийн хөдөлмөр тодорхойхэмжээгээр уран бүтээлээрээ харагдаж байгаа байх. Гэвч зарим үзэгчид намайг кинонд тоглож байна уу гэж их асуудаг. Дэлгэцийн бүтээлд ажиллаад байгаа болохоор олон түмэнд уран сайхны кино болж хүрч байгаа юм. Харин хүмүүстеатрт очиж кино үзэхгүй болохоор бүтээл маань харагддаггүй юм шиг байна.Телевизээр цацагдаж буй бүтээлийг харахаар хүмүүс уран бүтээлээ хийж байна гэж ойлгоод байх шиг санагдсан.

Та голдуу хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа байх аа?

-Би 1993 онд И.Нямгаваа найруулагчтай “Бой” гээд кинонд туслах найруулагчаар ажиллаж байлаа. Үүнээс хойш дандаа хоёрдугаар найруулагчаар ажиллаад байна. Хүн болгон хоёрдугаар найруулагч хийж чадахгүй. Үзэгчид хоёрдугаар найруулагч ямар үүрэгтэй юм бэ гэдгийг тэр бүр мэддэггүй юм шиг. Хоёрдугаар найруулагч нэлээд эрх мэдэл бүхий ерөнхий найруулагчийн дараа ордог албан тушаал. Жүжигчдийн жүжиглэлтдээр нь ажиллана. График, цаг зав гээд бүх чимхлүүр ажлыг нь хийдэг. Тухайн уран бүтээл дээр ажиллаж байгаа тохиолдолд би хамгийн их шүүмжлэлтэй ханддаг хүн.

Таны харж байгаагаар шинэ залуу уран бүтээлчдээс цойлж гарч байгаа жүжигчинг нэрлэ гэвэл хэн хэнийг онцлох вэ?

-Залуу сайн сайн жүжигчид их гарч байгаа шүү. Эмэгтэйчүүдээс бол Дөлгөөн байна. Их дотортой жүжигчин. Зөв салбараа олоод ажиллавал амжилт гаргана. Дээрээс нь өөрийгөө эвдэхгүй бол сайн жүжигчин болно. Үүнийг би зориуд хэлж байгаа юм. Эрэгтэйчүүдээс Болд-Эрдэнэ байна. Гэхдээ яриад байвал зөндөө жүжигчин бий л дээ. Сүүлийн үеийн зарим жүжигчдийг хараад байхад ганц, хоёрхон кинонд тоглочихоод өөрийгөө нэг их од болчихлоо гэж санаад байх шиг байна. Залуу жүжигчид цаг баримтлахгүй байна. Мөн дүр бүтээнэ гэдгээ сайн ухамсарлахгүй байх шиг. Гэтэл хууччуул нь цагаасаа эрт ирээд хувцсаа өмсөөд нүүрээ будчихсан байж байдаг. Залуус дэндүү маяг ихтэй байна. Холливудынхны тэр маягийг дуурайгаад яах гээд байгаа юм. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Ах захаа ер нь мэдэхээ байчихжээ.

Манай кино урлаг одоо хэр зэрэг хөгжиж байна. Хүмүүс дандаа л Солонгосын олон ангит кино үздэг шүү дээ. Олон ангит кино ямар шатандаа байна вэ?

-Кино урлаг нэг хэсэг унаж байсан. Одоо бол буцаад сэргэж байна. Хүмүүс болсон болоогүй кино хийж байна гээд байдаг, миний хувьд тийм биш. Хүн бүхэн тэр киногоор ямар нэгэн зүйл ухаарч ойлгоосой гэж ухаарлын коммент өгч байгааг манайхан хэт муулдаг болж. Олон ангит киноны хувьд хүмүүс муулаад л байдаг. Тэтгэврийн насны болон гэртээ байдаг хүмүүс чинь ихэнх нь гадуур караокедож, хоолонд орж, кино театрт кино үзэж чадахгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь гэртээ телевизээрээ гарч байгаа киног үзэхгүй яадаг юм. Монголын олон ангит кино хоёр, гурван жилийн өмнөхөөс хамаагүй сайжирсан. Одоо гарч байгаа олон ангит кинонууд их өгүүлэмжтэй сайн кинонууд. Удахгүй ингэж хөгжсөөр өөрсдийнхөө хийсэн олон ангит киног үздэг болох байх.

Анхны киноныхоо талаар яриач. Таныг Сувд гуай Алтжинд тоглохыг санал болгосон гэдэг. Яагаад таныг сонгосон юм бол?

-Гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Миний анхны гараа “Ирж яваа цаг”, “Мандухай цэцэн хатан” киногоор эхэлсэн. 1974 онд Драмын театрт цэвэрлэгчээр орж байлаа. Улсын “Хүүхэлдэйн театр”-т 1985 онд дагалдан жүжигчин шалгаруулж авч байсан. Тэр үед кино драмын ангид гурван жилд нэг удаа шалгаруулж авдаг байж. Хүүхдийн театрт хоёр жил дагалдангаар ажиллаад дараа нь шалгалт өгдөг байсан юм. 1985 онд Жигжид найруулагч “Мандухай цэцэн хатан” киног хийх гээд шалгаруулалт явагдаж байна гэж их сонсогдож байсан. Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Сувдаа эгч анх намайг”Хүүхэлдэйн театрт ийм нэг дагалдан жүжигчин охин байна. Тэрийг нэг үзээдэхээч” гэж санал болгосон байдаг. “Мандухай цэцэн хатан” киног Балжиннямнайруулагч найруулахаар болсон. Бунтар найруулагч “Чи Балжинням найруулагчтай очиж уулзаарай” гэж хэлсэн. Би тэгэхэд нь Балжинням гэдэг хүн дээр нь очоод л “Би яасан бэ, тэнцсэн үү” гэж асуухаас ичээд байсан. Тэр үед Мандухайн дүрүүдийг бүгдийг нь сольж байсан даа. Тэгээд л явж байтал Кино үйлдвэрийн хүндэт самбарын хажууд Балжинням гуай зогсож таарсан. Тэр үед намайг ар зооноос нэвт ширтээд байгаа нь мэдэгдээд би нүүр будагч нарын өрөөнд гүйгээд орчихлоо. Тэр үед залуу ч байж. Зоригтой ч байж. Балжинням гуай намайг дуудаад чи “Мандухай цэцэн хатан” кинонд тоглох сонирхолтой юу, чи гэхдээ тэнцээгүй гэсэн. Тэгэхээр нь “Тэнцээгүй юм бол яах гэж намайг дуудсан юм” гэж хэлээд би яваад өгсөн. Яваад өрөөндөө ороод л дуугаа хийх гээд байж байсан чинь Уртаа эгч орж ирээд “Отгонтогос байна уу. Балжинням найруулагч дуудаж байна” гэдэг юм байна. Тэгээд Балжинням гуайн өрөөнд орсон талхан дээр хиам, лооль, өргөст хэмх тавьчихсан, намайг “кофе уух уу, цай уух уу. Наад талхнаасаа ид” гээд дуугүй суугаад л байлаа. Чи энэ зохиолыг аваад яв гэхэд нь би “Хэний дүрийг унших вэ” гэхэд шивэгчин Саймочийн дүрийг гэхээр нь би буцаагаад өгчихсөн. Тэгсэн “Чи хатан болохоор нь тоглоод, шивэгчин болохоор нь тоглодоггүй юм уу” гээд инээж билээ. Уран сайхны зөвлөл хэлэлцээд чамайг Алтжинд авахаар болсон гэхэд нь их баярласан. Намайг энэ кинонд авч тоглуулсан Балжинням найруулагч, хамтарч ажилласан бүх хүмүүстээ, Алтжингийн дүрд анх санал тавьсан Сувдаа эгчдээ баярлаж явдаг. Хамтран ажилласан уран бүтээлчдээсээ би маш их юм сурсан.

Хамгийн анхны эротик дүрийг зоригтойгоор бүтээсэн. Тэр үед үзээд юу бодогдож байв. Одоо бодоход хэр санагдаж байна?

-Хамгийн анх дэлгэцээр нүцгэн гарч байгаа нь би. Тэр үед кинонд тэгж нүцгэн гарч байгаагүй. Ямар сайндаа хөдөө кино маань гарч байхад Сүххуяг бид хоёрын тэр хэсэг гарахад гараараа хаачихдаг байсан гэсэн. Би анх тийм хэсэг гарна гэж мэдээгүй л дээ. “Мандухай цэцэн хатан”-ы хамгийн сүүлийн зураг авалт гээд хэдхэн хүн Амарбаясгалан хийд рүү явсан юм. Замдаа гараад “УАЗ 469”-т суухад надад Алтжин-Отгонтогост гээд биччихсэн зохиол өгсөн. Үүнийг чамд зориулж бичсэн гэж хэлсэн л дээ. Тэрийг замдаа уншаад “Би ингээд нүцгэлээд орох юм уу” гэхэд найруулагч маань “үгүй наадахыг чинь киноны аргаар авна” гээд намайг хуурсан. Сүүлд ньнадад худлаа хэллээ гээд би уйлж байсан. Одоо санахад Балжинням гуай баавгай, туулай ч билүү амьтны онигоо ярьж намайг тайвшруулж билээ. Миний ам руу нархамба хийгээд тайвшруулаад зураг авч байлаа. Зураг авахуулж байхдаа “Сүххуяг ах хөнжил доогуураа хийчихлээ стоп стоп” гээд л зургаа зогсоочихно. Эхэндээ ичээд л бие бие рүүгээ ойртож чадахгүй байсан юм. Сүүлдээ бүр цайсан л даа. Энэ үеийн зургийг авч дуусаад кино зураг авалт дууслаа гээд оргилуун дарс задалж байсныг тод санаж байна. Тэр үед уран сайхны зөвлөл байсан. Киног гаргахаас өмнө шалгалтанд ороод тэр хэсгүүдийг тана гэсэн байдаг. Тэгээд Балжинням найруулагч намайг дуудаад “Уран сайхны зөвлөлөөс хас гээд байна. Алтжингийн эхний хэсгийг хасах уу, сүүлийн хэсгийг хасах уу” гэсэн. Мэдээж би тийм их зориг гаргаж нүцгэлчихээд тэрийгээ хасуулах хайран байсан. Тэгээд сүүлийн хэсгээс хасуулъя даа гэсэн чинь Балжинням гуай “Ухаантай охин” гээд намайг үнсэж билээ.

Жүжигчин хүнд өөрийгөө эвдэж өөрөөр харуулах дүрүүд гаргаж байх хэрэгтэй. Таны гаргаж байгаа дүрүүдийн хувьд?

-Тийм шүү. Н.Наранбаатар найруулагчийн “Сүүлчийн шөнө” уран бүтээлд хоёрдугаар найруулагчаар жүжигчин хариуцан хариуцлагатай ажлыг гүйцэтгэлээ. Тэр кинонд ахимаг насны дүрд тоглох гэж тохой хүрсэн урт үсээ богино болгочихсон. Намайг ерөнхийдөө ихэмсэг бардам, их зантай авгайн дүрээр хүлээж аваад байх шиг санагддаг. Би тийм хүн биш. Надад уур гэж байхгүй тайван хүн гэх үү дээ. Тэгсэн мөртлөө надаас гарахгүй зан харилцааг кинонд гаргахыг найруулагчид шаардаад байдаг. Миний мэргэжил жүжигчин учраас тэр занг гаргахаас өөр аргагүй болдог. Гэхдээ одоо баян, цатгалан, хээнцэр авгайн дүрээс татгалзана. Ээж маань миний охинд “Тунгалаг Тамир”-ын Дулмаа шиг сайхан дүр өгчихгүй юм аа гэж билээ. Би чинь өмнө нь бас нэг янхан хүүхний дүрд тоглож байсан юм. Тэр үедээ найруулагч цаанаасаа дүрээ өгнө шүү дээ ээж минь гэж хэлж байсан. Найруулагч нар намайг тоож кинонд тоглуулсанд маш их баярладаг. Жүжигчин хүн аль ч дүрд хувирч чаддаг байх хэрэгтэй.

Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Хань тань урлагийн хүн учраас таныг их ойлгодог байх?

-Ерөнхийдөө би хувийн амьдралаа бусдад дэлгээд сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Миний нөхөр МУГЖ Батжаргал. Нэг хүүтэй, хүүг минь Равжаа гэдэг. Мөн найман настай нохойтойгоо л амьдардаг хүн. Манай нөхөр урлагийн хүн учраас намайг их ойлгодог.”Мандухай цэцэн хатан” киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “Үнэхээр сайхан кино болжээ, “Цогт тайж”-ийн дараа орох кино болсон байна. Сүххуяг та хоёр эхнэр, нөхөр байж нэг оронд орохдоо хөнжлөө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан. Уран бүтээлч хүн болохоор шал өөр хандлагаар хандаж өөрөөр харж хүлээж авсан шүү. Нээрээ л би сүүлд харахад олон алдаа байсан. Ядаж байхад хөнжил нь нэг метр өргөн хоргой хөнжил байсан юм.

-“Мандухай цэцэн хатан” киноны Алтжинд тоглоод хайрын захиа ихийг л авсан байх даа?

-Захиа зөндөө ирдэг байсан. Тэр болгонд хариулна гэж байхгүй. Киноны уулзалт гэж зөндөө явна. Хүмүүс дандаа л Алтжин дүрээр минь магтах юм. Одоо харахад их дутуу л харагддаг.

Ерөнхий найруулагчийн хувьд кино хийх үү?

-Ерөнхий найруулагч гэж тийм амар зүйл биш. Одоогоор болоогүй байна гэж үзэж байгаа. Ерөнхийдөө кино хийвэл аятайхан даацтай зүйл хийе л гэж бодож байна. Найзуудтайгаа кино хийнэ. Очирбатын Оюун, Аяа, “Хэцүү анги”-ийн Сараа бид дөрөв яриад л байгаа юм. Тохироо нь бүрдэхгүй байна. Тэр үеийг хүлээгээд судалгаа хийж байна. Мэдээж орчин үеийн сэдэвтэй эмэгтэйчүүдийн кино хийвэл сонирхолтой байх болов уу.

Таныг хүмүүс “Honey” дүрээр их ярьдаг болжээ?

-Хөдөө зураг авалтаар явж байтал хөөе “Honey” явж байна гэхээр нь би гайхаад Төмөрөө ахыг бас явахаар тэгж дууддаг гэсэн. “Хайрын эрэлд” кинонд гардаг дүр шүү дээ. Зохиолыг нь Мөнхзул тэр дүрийг надад зориулж бичсэн гэдэг юм билээ. Жүжигчинд зориулж зохиол бичнэ гэдэг ховор зүйл. Ард түмэн миний тэр “Honey”-гоор сайн мэддпэг юм билээ. Миний үеийнхэн Алтжингаар таних ч сүүлийн үед намайг дандаа л “Honey” гэдэг болсон байна лээ. Би өөрөө хөдөө явж байгаад л мэдсэн. Булганы Хангалд кино зураг авалтаар явж байсан чинь нэг малчин эгч “Honey”-доо хонь бэлэглэнэ гээд өгч байсан. Өмнөговьд бас ямаа бэлэглэсэн шүү. Дүрийг минь сайхан гаргаж өгсөн зохиолч найруулагч нартаа баярласнаа хэлье.

Та аль продакшинд харъяалагдаж байна?

-Би чөлөөт уран бүтээлч. Одоогоор чөлөөт уран бүтээлчид л хамгийн их юм хийж байгаа. Шулуухан хэлэхэд уран бүтээлчид бидэнд яамнаас хийсэн зүйл байхгүй. Чөлөөт уран бүтээлчдийн хийсэн юмыг тодорхойлоод өгөх газар байхгүй л байгаа юм. Үүнийг зохицуулах хэрэгтэй байна.

С.АРИУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *