Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Цагаан суваргын орд төрийн мэдэлд байгаа

Н.Номтойбаярыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дараагийн хөрөнгөө хураалгах феодаль бол Н.Номтойбаяр юм. Нэг гэр бүлийн таван гишүүн Монголын том орд газрыг эзэмших ёсгүй” хэмээн хэлсэн билээ.

Тэгвэл энэ үгэнд УИХ-ын гишүүн “МАК”-ийн захирал Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бичлэгийг үзсэн. Эндээс хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Жишээлбэл, 36 лиценз гэж байна. Үүнийг хүнд ойлгомжтой байдлаар зүйрлэвэл, нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Хуулиараа дахиад тусдаа лиценз олгоно. Тэр нь юу гэхээр, жишээлбэл нэг хүн орон сууц барилаа. Нэг өрөө барилаа, хоёр дахь өрөө гэвэл хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд олон харагдаж байгаа юм. 36 биш 32 зарчмын хувьд ялгаа алга. Аж үйлдвэрийн доор орд газрууд байдаг. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэр шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс зэрэг түүхий эдээс бүрдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого хэрэгждэг. Үүнийг Ерөнхий сайд юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, Хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримтыг нь үзүүлээд тэдэн сарын тэдний өдөр хууль бусаар ийм лицендийг авчихсан юм гээд ярьчихмаар байгаа юм. Шууд хүн гүтгэж болохгүй. Дээрээс нь улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна.

Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль бус зүйл хийж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байгаа. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа. Ерөнхий сайд, ИХ-ын гишүүдийн цалинг олгож байгаа шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж байна. Үүний мөнгийг баялаг бүтээгчид өгдөг. Хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай. Үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд хууль ёсны дагуу бизнес хийдэг хүмүүсээрээ өөрийгөө чимж явах ёстой. Япон, Солонгос улс мундаг бизнесменүүдээ улс үндэсний орныхоо бахархал болгож, дэмжиж явдаг. Миний хийсэн гурав дахь дүгнэлт юу гэхээр, хурааж авна гэж байна. Авч болно гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Одоо хурааж авна гэвэл хууль бус үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагууд, үндэсний компаниуд юу гэж харах, ямар дүгнэлт хийх нь ойлгомжтой. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хямраах үйлдэл болно. Бодит байдлаар үнэн үгүйг үзэх гээд байгаа бол хий. У.Хүрэлсүхийг үүнийг хийхэд сийхгүй болов уу гэж бодож байна. ЖДҮДС-аас дүүдээ зээл авч өгч хулгай хийсэн хүн одоо дээрэм хийхэд гайхаад байх зүйлгүй” гэв.

Мөн цагаан суврагын ордыг төрд өгчихөж болохгүй юмуу гэсэн сэтгүүлчдийн асуултанд: Цагаан суврагын орд төрийн мэдэлд байгаа. Шаардлагатай гэж үзвэл ашиглах эрхийг нь цуцалж болно гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *