Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаяр: Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.


-Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон Стандарт банктай холбоотой асуудлуудыг та анзаарч харж байгаа байх. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Оюу толгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудлыг нэг болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хамгийн чухал хоёр томоохон төсөл хөтөлбөр. Энэ төсөл хөтөлбөрүүдэд тухайн үедээ албан тушаал хашиж байсан улстөрчид албан тушаалаа урвуулан болон хэтрүүлсэн, эрүүгийн шинж чанартай асуудлууд сонсогдож байгаа. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг намын бүлэг дээрээ сонсъё гэдэг зарчмын байр суурийг ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаандаа тавих болно.

Ажлыг хэсгийн гишүүдийг ямар шалгуураар яаж бүрдүүлснийг ойлгохгүй байгаа. Ямартаа ч Д.Дамба-Очир гишүүн ахалж байгаа юм билээ. Ажлын хэсгийг бүрдүүлэхдээ өмнө нь тооцоо судалгаа хийж байсан, олон улсын гэрээ эрх зүйн хувьд мэдлэгтэй, мэргэшсэн байхаас гадна УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийг дэмжиж ажиллах мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ажлын хэсгийг явцын мэдээ цаг тухай бүртээ ард түмэнд ил болж байх ёстой.

-“Монголын зэс” корпорацийнхан их хэмжээний урамшуулал олгосон гэдэг мэдээлэл гараад байна. Үүнийг дагасан төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэл байгаа?

-Төрийн албаны тансаглал үеийн үед байсаар ирсэн шүүмжлэлийн нэг сэдэв. 2012-2016 оны хооронд цөөнхийн бүлгийн дэд даргаар ажиллаж байхдаа уг асуудалд голлон анхаарч байсан. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн Их хурлын түвшинд засагдсан зүйл алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ болон Засгийн газрын гишүүд гадаад улсад айлчилсан. Гагцхүү тэндээс юу сурав, Монголын хөрсөн дээр яаж хөгжил болж ирэв, бодит ажил хэрэг болсон уу гэдэг бодит тайланг сонсоогүй. Үүнийг онцгойлон анхаарч үзэх ёстой. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр л явж байгаа. Айлчлалаар яваад Монголын эдийн засаг, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт гараагүй бол гишүүд амралт зугаалгаар явж иржээ гэж харна. Тиймээс энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг.

Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Япон улсад дадлагажигч оюутан залуусыг гаргах хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан явж байсан. Мөн НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн байнгын хороон дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж 55 дугаар хурал дээр Засгийн газрын хүлээсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл өгсөн. Ийм хоёр айлчлалд л явсан. Тодорхой үр дүнгүүд гарсан. Энэ мэтчилэн хүмүүс өөрсдийн тайланг тавих ёстой.

-АТГ сүүлийн үед эрчимтэй ажиллаж байна гэж харагдахаар байгаа. Өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгаад эхэллээ. Гэхдээ улс төрийн бүлэглэл хоорондоо тохироод энэ хүмүүсээ үлдээчих боломжтой гэх юм. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Шалгагдах ганцхан нөхцөл бий. Хуулийн хэрэгжилтийг тогтвортой хангах, холбогдох этгээдийн гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ нь улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнаас хол байх л эрх.

-Бүлэглэлүүд хоорондоо тохироод ганц нэг хүнийг сор залж магадгүй гэх юм?

-Бүлэглэл гэж яг юу хэлээд байгаа юм. Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн биш. Улс төрийн болон бизнесийн хувьд гадуур шуугиад байгаа энэ асуудлуудад ямар нэгэн холбоо байхгүй. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бол улс төрөөс л ангид байх ёстой.

-Өнгөрөгч намар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд таны зорчиж явсан автомашин осол хийсэн гэж шуугьсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Прокуророос энэ талаар мэдээлэл өгөхгүй байна гээд байна л даа?

-Тийм зүйл болсон. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах нь зөв байх. Миний хувьд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

-Та ар гэрийнхэнтэй нь холбогдож тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-Би холбогдох субъект нь биш л дээ. Ямар нэгэн буруутай зүйл байхгүй. Би зорчиж байсан. Би прокурорын өмнөөс юу ярих вэ дээ.

-Мэдээлэл нь хаалттай байгаа юм биш үү?

-Миний нэр холбогдсон болохоор тэгээд байгаа юм уу. Цаашид миний нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа бол холбогдох хуулийнх нь дагуу явах болно.

-МАК-тай холбоотой Цагаан суваргын ордын концессийн асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ. Концессийн мөнгө нь царцаагдсан гэдэг мэдээлэл байх юм?

-Таван Засгийн газар дамжсан асуудал. Бүх зүйл хууль ёсных. Харин тэр концессийн мөнгийг нь өгөхгүй гэж байгаа бол 110-ынхаа шугамыг өмчлөлийн дагуу шилжүүлээд өгчих ёстой асуудал байхгүй юу. Энэ чинь 2004 оны асуудал.

-Засгийн газрын үйл ажиллагаан дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны 47 дугаар тогтоол батлагдсан. Үүний хэрэгжилтийг тайлагнахгүй байна. Хаврын чуулган нээлтээ хийчихлээ. Энэ чуулганаар тайлагнах ёстой. Яг юу юу нь хэрэгжээд явж байна вэ. Өмнөх Засгийн газрын гишүүд ч гэсэн тайлангаа тавих хэрэгтэй. Сүүлд байгуулагдсан Засгийн газар нь үргэлжлүүлээд ямар ямар ажлыг нь явуулж байгаа вэ гэдгээ ч тайлагнах цаг болсон. Тэгж ажил хэрэгч байдлаар дүгнээд чадаж байна уу, үгүй гэдгийг нь ярих хэрэгтэй.

-Засгийн газрын дөрвөн сайдыг солих асуудал яригдаад эхэлсэн байна. Та энэ талаар дуулсан зүйл байна уу?

-Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ. Чуулган дөнгөж эхэлж байна. Удирдах зөвлөл, бүлэг ирэх даваа гаригаас хуралдаж эхэлнэ. Эрдэнэт, Оюу толгойтой холбоотой асуудлуудаас эхлээд ярина. Улс төрд үүсээд буй олон асуудлууд байна. Хамгийн гол нь УИХ-ын 47 дугаар тогтоолыг хэрхэн хангаж байна вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Их хурал баталсан. УИХ-аас баталдаг цаас л болж хувираад байна. Үүнийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ гэдгийг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ. Дараа нь дүгнэлтээ хийнэ.

-Засгийн газрын гишүүний ажлаа өгөөд юу хийж байна вэ. Хэвлэлд ярилцлага ч өгөөгүй юм байна…

-Тойрогтоо л ажиллана шүү дээ. Би тойрогтоо маш их ажил хийж байгаа. Үндсэндээ сайн гэсэн болгоныг хийж байгаа л даа. Даанч мэдээ болж гардаггүй. Намайг Монголд байхгүй байгаа юм шиг бичих юм. Гүтгэлэг, ховын чанартай зүйл гарахаар тэр нь хэвлэлээр шуугиад бөөн юм болчихдог. Муу юм болохоор л Монголд байгаа юм шиг бичдэг. Үнэндээ ийм л байна. Чуулганы завсарлагааны хугацаанд тойргоороо гурван удаа тойрч, Хэнтий аймагт ч ажилласан.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх албан бичгээ Их хурлын даргад өгсөн гэж байна. Адилхан залуу гишүүний хувьд та ямар бодолтой яваа бол?

-Алдсан, оносон гэхэд хэцүү байна. Хүчингийн хэрэг гээд байгаа асуудал нь шүүхээр тогтоогдоогүй байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойргийнхоо иргэдийг УИХ-д төлөөлж иргэдийн ажил, амьдралд ямар бэрхшээл байна түүнийг шийдэх үндсэн үүрэгтэй. Үүнийгээ хэр сайн биелүүлсэн юм. Тойргийн иргэд нь юу гэж үзэж байгаа юм, бүү мэд. Д.Гантулга нэгэнт өөрөө албан бланк дээрээ хүсэлтээ өгсөн бол хүслийг нь ёсоор биелүүлсэн нь дээр.

-Чуулганы хуралдааны нээлтэн дээр Ерөнхийлөгч хариуцлагын асуудал хөндсөн. Тэгэхдээ шүүгчид хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гээд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн…

-Хариуцлага тооцох ёстой. Хөрөнгийн эх үүсвэрээ тооцож чадахгүй шүүгчид бүү хэл улстөрчид ч их байна. Хаанаасаа яаж баяждаг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ шударгаар бичсэн хүн бий. Тэгсэн хэрнээ хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй олон хүн байгаа.

-Албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээр нам нь хамгаалдаг тийм зүйл байдаг. Олон жил хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаад хариуцлага тооцсон зүйл алга…

-Хэн нь хэнийгээ хамгаалчихаад байгаа юм.

-Бүлэглэл нь бүлэглэлээ хамгаалаад байгаа юм биш үү?

-Түрүүнээс хойш ямар бүлэглэл яриад байна аа. Би ямар нэгэн бүлэглэл, даргын өнгөн доор явдаг хүн биш. Надаас асуугаад яахав дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *