Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяртай ярилцлаа.

УИХ-ын намрын чуул­ганд та ямар дүн тавьж байгаа вэ. Эдийн засаг хүндэрлээ хэмээгээд УИХ тогтоол шийдвэрүүд гаргасан. Хэр оновчтой шийдвэр гаргасан бол?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зөрчин, хариуцлагагүй ажиллаж байсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд цэг тавьж чадсан. Энэ бол гол зүйл. Нөгөө талаасаа ололттой зүйл нь бодит өр ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг тогтоож чадлаа. Манай намыг засагт орохын өмнө өрийн хэмжээ 49.3 хувьтай байна гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Ингээд МАН засагт орж Сангийн яамыг бид удирдаж өрийг уудлаад үзэхэд 58.3 хувьд хүрсэн байх жишээтэй. Ер нь ямар ч болсон бай УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийг яах гэж гаргадаг вэ гэвэл хууль хөгжлийг авч ирэх ёстой. Хууль аливаад хэм хэмжээ тогтоодог. Хууль хариуцлага тооцдог. Ингээд дүгнэхэд хөгжил авч ирэх хэмжээнд нь ажил хийж чадсангүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Гэхдээ хуулийг нь баталлаа гээд хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Гадны хөрөнгө оруулалт найм дахин буурлаа. Энэ мэт тодорхой тоон үзүүлэлтүүд өнгөрсөн намар УИХ, Засгийн газар ямар ажиллав гэдгийг дүгнэчихэж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, гадны хөрөнгө оруулалт, төсвийн захиран зарцуулалтыг хар. Утгаа алдсан. Нэг ёсондоо иргэдийн хүсэн хүлээгээд байгаа хөгжлийг 2012 оноос хойш УИХ, Засгийн газар хийж чадав уу гэвэл үгүй.

Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах тог­тоолын төсөл батлагдсан. Тогтоолыг нь баталчихлаа. Одоо яаж хүндрэлээс гарах юм?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолыг сая баталсан. Хөтөлбөрийг баталдаг л юм. Жишээ нь УИХ-ын 34 дүгээр тогтоол гэж мундаг л хөтөлбөр баталсан. Тансаглалыг таслан зогсооно гээд. Эзэн 100 гээд сүртэй нэртэй тогтоолыг бас л баталж байлаа. Гэхдээ үр дүнг тооцох механизмыг огт суулгаж өгөхгүй байна. Зүгээр л ярьдаг. Сэтгүүлчид шүүмжилдэг. “Чи муу ажиллалаа” гээд хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага тооцож чаддаг байхад төр засгийн хэмжээнд энэ механизм алга. Одоо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолдоо өдөр, цаг тутамд салхи оруулж, сайд нар нь УИХ-ын өмнө ямар хариуцлага хүлээлээ гэдгээ байнга харж байх ёстой. Бас нэг жишээг дурдахад 2003 онд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталсан байна. Төрийн энэ бодлогыг хэрэгжүүлж жил бүр дүгнэж байсан уу гэвэл үгүй. Эндээс дүгнэхэд төр хэмээх байгууллага цаас үйлдвэрлэгч болчихоод байна. Төрийн тогтолцоонд хяналт тавьж үр дүнг тооцох аргачлал, хяналт тавих тогтолцоогоо сайжруулах шаардлагатай болсон байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал аль аль талдаа хяналт, хариуцлагатай байх тэр заалтыг оруулна гэсэн бодолтой байгаа.

Одоо хүндрэлийг даван туулах тогтоолын хөтөлбөрийг гаргана. Үүнд МАН-аас ямар санал хүргүүлж байгаа юм?

-Олон санал гаргасан. Гэтэл нийгмийн хамгааллын хүрээнд өгсөн саналуудыг унагачихлаа. АН-ын гишүүд бусдын мэдэхгүйг далимдуулаад худлаа ярьсаар цалин тэтгэврийн хүүг бууруулах арга хэмжээг унагасан. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэхээр банкны дотоод асуудалд орлоо гэнэ. Дотоод асуудалд нь орох зүйл огт байхгүй. АН-ынхан зөвхөн банкуудын эрх ашгийг л хамгаалж байгаа хэрэг. Монгол банкнаас өгсөн мэдээгээр хамгийн бага хадгаламжийн хүү 15.3 хувь байна. Гэтэл бидний бүрдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөний үлдэгдэл 622 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгө 10 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршчихсан байна. Бидний эрх ашигт тийм хайртай л юм бол хамгийн багадаа 15.3 хувиар нь байршуул л даа. 622 тэрбум төгрөгийн таван хувь гээд бодоод үз. Жилийн 30 тэрбум төгрөг байхгүй юу. Жишээ нь Капитал банкинд 190 тэрбум төгрөг байршуулсан. Дүрмээрээ бол тухайн банкны активын 25 хувиас хэтрүүлэлгүйгээр хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулдаг. Гэтэл тухайн банкны 36.8 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүргэчихсэн. Тэр банк дампуурвал бидний хуримтлуулсан 190 тэрбум төгрөг байхгүй болно. Тэгээд яасан бэ гэвэл нийгмийн даатгалын байцаагч нарт их хямд найман хувьд ч хүрэхгүй моргейжийн зээл олгочихсон байна. Энэ мөнгө бидэнд л зориулагдах ёстой биз дээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг яаж захи­ран зарцуулах ёстой гэж?

-Өнөөдөр төр нь хариуц­лагагүй, түмэн олон нь хүлцэнгүй байна. Иргэд төлөх ёстой гэж ойлгоод л шимтгэл, татвараа төлдөг. Ирэх хаврын чуулганаар татварын шинэчлэлийг ярих юм гэсэн. Тэгэхээр татварын талаарх ойлголтоосоо бүхнийг эхэлмээр байгаа юм. Жишээ нь чи бид бүгдээрээ татвар төлөгч. Татвараа төлчихөөд үр шимийг нь хүртье гэж араас нь хөөцөлддөг байх хэрэгтэй. Төрд мөнгөө төлсөн л бол төрөөс үйлчилгээгээ үзүүлэхийг шаарддаг байх ёстой. Ямар үйлчилгээ вэ гэвэл эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ, дэд бүтэц. Иргэд нь төлсөн татвараа хянадаггүй ийм нөхцөлд төр нь төсвийн мөнгийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж байна. Хувийн аж ахуйн нэгж нь ажиллаад өртөг зардлаа нөхчих боломжтой зүйлд төсвөөс мөнгө өгөөд байна. 50 тэрбум төгрөгөөр зах барьж яах гээд байгаа юм. Ш.Сайхансамбуугийн дүү нар нь барина биз. Эсвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нар л хийчихнэ ш дээ. Гэтэл татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөгөөр төр зах барина гэдэг тэнэглэл. Дээрээс нь барилгын компаниуд байна. Бас л татвар төлөгчдийн асар их мөнгийг инженерийнх нь шугам сүлжээнд өгдөг. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр. Товчхондоо татвар төлөгч бидний мөнгө төр, төсвөөр дамжаад хувийн барилгын компанийн шугам сүлжээ болж байна. Тэгтэл хувийн компани шугам сүлжээний мөнгийг өөрөөсөө гаргачихсан юм шиг нэгж квадрат метрийн үнэдээ оруулаад тооцдог л байхгүй юу. Төр энийг шийдэх учиртай. Гэхдээ үүнийг хоёр хуваамаар байгаа юм. Магистрал шугам, дулаан төв шугам, эрчим хүч гээд. Тэндээс салаалж гарч байгааг нь өртгөөр нь тооцох ёстой. Төрөөс инженерийн шугам сүлжээг нь үнэгүй тавьж өгөх бус мөнгөн дүнтэй нь дүйхүүц хэмжээний орон сууцыг авч байх ёстой. Тэр байраа орлого багатай иргэддээ нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэлгүйгээр цаг хугацааны хувьд уян хатан өгч байх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хаа хамаагүй юм хийдэг социализмын тэнэглэлээсээ бид салах хэрэгтэй. Соц үед хувийн хэвшил гэж байгаагүй учраас бүгдийг төр хийдэг байсан. Одоо бол уучлаарай гээд татвар, дэд бүтцийн, хууль эрх зүйн орчноор нь л дэмжээд өгөх асуудал.

Өмнө нь яагаад энэ асуудал яригддаггүй байсан юм. Танай нам олон жил эрх барьж байсан шүү дээ?

-Өмнө нь яагаад энэ асуудал босдоггүй байсан бэ гэвэл цалингийн, тэтгэврийн зээлийг иргэдийн 30 хувь нь л авдаг байсан. Харин өнөөдөр 100 хувьд хүрчээ. Зээлд 100 хувь хамрагдаж байна гэдэг авч байгаа цалин, тэтгэвэр нь худалдан авах чадварыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн үг. Зээл авах нь эргээд бүр их хохироодог. Нэг дор мөнгөө авч хүү төлнө. Авсан мөнгө нь ойр зуурын гал унтраагаад л дуусна. Тэгээд гурав дахь сараасаа авах цалин, тэтгэвэр нь зээлийнхээ үйлчилгээнд явчихдаг. Тиймээс миний санаа юу байсан бэ гэвэл “Энэ бол бидний бүрдүүлсэн мөнгө. Энэ эрх ашгийг Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл хамгаалах ёстой. Хамгаалъя гэвэл хадгаламжийн хүүний хамгийн бага түвшинд хүргэ. Эсвэл гол бодлогоо бариад нийгмийн баримжаатай хөрөнгө оруулалтыг хий. Тэгэхийн тулд бидний бүрдүүлсэн энэ мөнгийг маш бага эх үүсвэртэй банкинд байршуулчих. Тэгээд банктайгаа гэрээ байгуулахдаа энэ мөнгөний тодорхой хувийг нь цалин, тэтгэврийн зээлд зориулаарай” гэнэ. Банк өөрсдөд нь ашигтай бол гарын үсэг зурж л таарна. Ер нь яаж ч маневрлаж болно. Өнөөдөр хадгаламжийн зориулалтаар 10 хувийн хүүтэй хадгалж байгааг нь болиулаад нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд зургаан хувийн хүүтэй болговол 20 хэдхэн тэрбум төгрөгийн л хүүний зөрүү гарна.

Энэ бол хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөрийнхөө дэргэд том тоо биш. Үүнийг хийлгэхгүй байгаад би юу гэж хардаж байгаа юм бэ гэвэл банкинд хямд эх үүсвэртэй мөнгө байршуулсныхаа шагналыг зарим хүн аваад байгаа юм биш үү. Бас нэг зүйлийг хэлэхэд намайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болоход арилжааны банкны захирлууд надтай уулзах хүсэлтийг байнга тавих болсон. Яагаад би моодонд оров гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг лоббидож хямд эх үүсвэртэй мөнгө авах цаад санаатай л байгаа юм. Тэгэхэд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, яамыг хуралдуулаад “Үгүй. Хөндлөнгийн аудит оруулж эрсдэлийн үнэлгээ хийсний дараа иргэдийн хуримтлуулсан энэ мөнгийг байршуулах уу үгүй юу гэдгээ шийднэ” гэсэн. Тэр үед Анод, Хадгаламж, Зоос банк эрсдэлтэй шалгагдаж байсан үе.

Дотоодод ийм асуудал байна. Тэгвэл гаднаас яаж мөнгө олж ирэх вэ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг асуулт бий?

-Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ. Дотоодын мөнгөний асуудал дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Хүний биеийн хурууны өндөг хүртэл бүх эрхтэн судсаар холбогддог. Судсаар нь цус гүйж байна. Үүнийг мөнгөний урсгал гэж бодъё. Гэтэл нэн чухал хэсгийнх судсаар цус нь гүйхээ больчихоод байна. Эсвэл урсгал нь өөрчлөгдөөд байна. Банк руу сайн, муу маш их юм орж байна. Тэгээд хариуцлагагүй албан тушаалтан руу маш их мөнгө урсч байна. Далд эдийн засаг руу хамаг мөнгө ороод байна. Цус гүйхээ больсон эмзэг хэсэг нь хатаж хорчийгоод эхэллээ, өнөөдөр. Эхлээд үүнийг яаж зөв оношилж ханах вэ гэдэг асуудал бий. Шууд хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг яаж зөв оновчтой зарцуулах вэ. Үр дүнд нь хөгжил л ирэх ёстой. Сүүлийн арван жилд Монголын төсөв гурав дахин нэмэгдсэн. Харин хүн ам нь 200 мянгаар л өссөн ш дээ. Ингээд эцэст нь гадны хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын, татварын таатай орчинг бүрдүүл. Тэглээ гээд гадныхан Монголын төрд итгэхгүй байна. Гадныхан битгий хэл бид өөрсдөө итгэхээ больчихсон биз дээ. Тэгэхээр итгэлийг яаж олж авах вэ. Монголд шинийг санаачилж хийж байгаа хүмүүс үнэндээ гутарч байгаа. Баахан ажил хийгээд дуусахад муусайн олигархиуд гэдэг. Үүнийг улстөрчид л зохион байгуулдаг. Улстөрчдийн шийдэж чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгийг хувийн хэвшил л барьдаг. Харин өөрсдийнхөө халаасанд хийчихсэн хэдэн цаас нь шөнө ч нойрыг нь хүргэдэггүй л байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд улстөрчид өөрсдөө цагаан гартай болохын тулд нийгэмд компанийн захирлууд л хамаг бүхнийг хамж шимээд байна гэдэг ойлголтыг тараагаад байгаа юм. Бид өөрсдөө төрдөө итгэхгүй байгаа цагт гадныхан огт итгэхгүй ээ. Жишээ нь Жастин Каплаг өршөөлөө. Яагаад ингэж байгаа юм. Тэгвэл одоо эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах шаардлагагүй болчихлоо ш дээ. Түүнийг өршөөх л байсан юм бол яах гэж хорьсон юм. Зүгээр л нэг татварын маргаан юм байна билээ. Одоо тэгээд Америктай эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгууллаа л гэж байна. Үүнийг бүлгийн хаалттай хуралдаан дээр хөндөхөд цаг 30 минутын дараа над руу залгаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тэр Эдийн засгийн ил тод байдлын гэрээн дээр аливаа санхүү эдийн засгийн холбогдолтой хууль санаачлах болбол тогтоолынхоо төслийг англи хэл дээр орчуулаад 60 хоногийн өмнө Америкт өгөөд санал авах боломжийг нь гаргаж өгнө гэж байгаа. Ингэх л юм бол УИХ-ын 77 дахь суудлаа Америкийн Засгийн газарт тавиад өгчих. Хоёр хөрш ижилхэн нөхцөл тавиад эхэлбэл яах вэ гэх мэтээр хор уршиг ихтэй. Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ төрд итгэх итгэлийг олж авах хэрэгтэй.

Чуулган завсарласнаас хойш АТГ-ынхан нэлээд эрчтэй ажиллаж эхлэх шиг боллоо. Я.Батсуурь захирлыг хорьж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хүргүүллээ. Н.Алтанхуяг гишүүнийг ч шалгах бололтой?

-Үүний өдөөлт нь улс төр байгаа юм. Энэ нь буруу. Харин хуулийн дагуу хууль хүчний байгууллагууд хэн нэгний захиалгагүйгээр ажиллаж байвал хамаа алга. Манай нам, өрсөлдөгч нам байх нь ч падгүй. Зарчмын асуудал. Үнэхээр эрх мэдлээ урвуулан ашиглаад мөнгө идчихсэн бол ялаа эдлэх ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн байлаа ч толгойг нь илэх шаардлагагүй. Харин улс төрийн захиалгаар хэн нэгнийг торны цаана хийж байгаа бол байж болохгүй үйлдэл.

Засагт орсон учраас МАН-ынхан хууль санаачилж батлуулах боломжтой болсон биз дээ?

-Надад үнэндээ хувийн ашиг сонирхол алга. Баярхаж байгаа юм биш, онгирч байгаа юм биш, аль нэг суудал дээр очоод идэж ууя гэсэн санаа алга. Нийгмийн харилцаа зөв голдрилдоо байх ёстой гэсэн санаа өвөрлөж орсон юм. Сүүлийн үед хамтарсан гэдэг нэрийн дор олон зүйл болохоо байж байна. “Хамтарчихаад чимээгүй бай, улс төрөө бод л доо” гээд. Ийм хандлага их гарах болсон. “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв захиран зарцуулахгүй бол би хоёр дахь Дэнзэнг тодруулна шүү” гэж чуулган тарахын өмнөхөн хэлсэн. Тэгэхэд АН-ын удирдлагууд С.Бямбацогт даргыг дуудаж “Наад Номтойбаяртаа хэлээч. Юу яриад байгаа юм” гэсэн байна билээ.

МАН засагт орсон нь буруу гэсэн үг үү?

-Би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл засагт ороогүй байсан бол хяналт тавих, дотроос нь мэдээлэл авах боломж олдохгүй байсан. Өрийн зохистой хэмжээ 58.3 хувьд хүрснийг мэдэх байсан уу. Бид засагт орсноороо энэ идээ бээр нь хаана байна түүнийг нь шахаж байна. Нөгөө талдаа аливааг санаачлаад хийх боломж нь бүрдэж байгаа юм.

Засгаас гарсан ч яахав гэж дуугарах гишүүн ч байгаа?

-Болж бүтэхгүй бол гарна. Ер нь манай намаас ч сайдын суудалд суусан зарим нэг хүн бусдыг танихаа байгаад байна. Ямар хурдан сэхдэг юм.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *