Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа.
УИХ-ын дарга, гишүүд ээ,
Ерөнхий сайд аа,
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрөө зарласнаас хойш 42 дахь хоног дээрээ УИХ-д хийсэн гэх ажлаа тайлагналаа. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй Монгол Ардын Нам анх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дэмжиж урмын үг хайрлаж байсан бол одоо бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ хэлье!
Эрх баригчид, Ардын нам ардын засгаас тамгаа гардаж аваад хоёр жил болохын босгон дээр ЭЗЭН-100 төлөвлөгөөг боловсруулснаар тал хугацаа нь өнгөрлөө. Тиймээс “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгагдаж эдийн засгийг эрчимжүүлэх ажлын тал нь ч гэсэн биелж, улс орны минь эдийн засаг дэвжин дээшлээсэй гэх хүлээлт, хүсэл их байлаа.
Харамсалтай нь өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан “уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй. Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, бодлого, шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, эргэлзээ гайхлыг төрүүлж эхэллээ. Та бүхний эдийн засгийг эрчимжүүлэх, хямралыг даван туулах гэсэн халхавчин дор олон булхайтай үйлдэл хийх гэж санаархах болсныг ард түмэн харж байна. Тиймээс “ЭЗЭН-100” хэмээх төлөвлөгөөнд хяналт тавих “АРД-100” аяныг эхлүүлсний дагуу төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож тантай мэтгэлцэж, асуудалд хариулт нэхэж байна. Үүнд:
1. Төлөвлөгөөт ажил №27. “Газрыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нэгэн иргэний 9903…. утаснаас ирсэн мессэжийг уламжилъя. “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний итгэж найдан сонгосон эрх баригчид та нар энэ албанд төрөхдөө л сууж байсан гэж эндүүрэх шиг. Би бол энгийн нэгэн төрийн албан хаагч. Цалингаас цалингийн хооронд амьдарч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, ажилдаа явган алхсан ч үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаа нь миний буруу гэж өөрийгөө л зэмлэж хэн нэгнийг буруутгалгүй явсаар л байна. Гэтэл бидний татвараар та бүхэн дураараа дургиж, хүссэн бүхнээ хийж, зовох зовлонгүй жаргаж байж юу дутлаа гэж үр хүүхдэд минь үлдэх алга дарам газрыг ийнхүү бусдад наймаалах гэнэ вэ? Бидний, ард түмний, хойч үеийн минь үеийн үед үнэлэшгүй хөрөнгө болсон газар нутгаас наад бохир сарвуугаа тат” гэв. Энэ мэтээр ард түмний эсэргүүцлээс эмээж өнөө өглөө энэ хуулиа татаж авлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгийг эрчимжүүлэх ажил иймэрхүү маягаар л өрнөж байна.
2. Төлөвлөгөөт ажил №57. “Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ард түмэн ихээхэн шүүмжилж, залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн улс төрийн бусад хүчин, иргэний нийгэмтэй зөвшилцөхгүй, ард түмнээсээ асуухгүйгээр өр зээлийг огцом нэмэгдүүлж ирээдүй хойч үеэ өрийн колоничлолд оруулахыг хатуу эсэргүүцэх болно. “Өртэй хүн өлмий дор” гэх өвгөдийн сануулга санаа зовоож эхэллээ. Монголын залуучууд бид өрөнд орж харийнхны ул шагайж амьдармааргүй байна. Ард түмэн улс орноо хөгжүүлж, ирээдүй хойч үеийнхэндээ зориулж зам тавьж, дэд бүтцээ өргөжүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуул гэж татвар төлдөг. Түүнээс биш эрх баригчдын дур мэдэж хуулиас гадуур эдийн засгийн ямар ч цогц бодлогогүй зарцуулж байгаа өр зээлийг эргүүлэн төл гэж татвар төлдөггүйг хатуу хэлье! Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмнээсээ асуулгүй өр зээлээ нэмэхийг эсэргүүцэж байна. Цаашдаа ч өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг сөрж тэмцэнэ.
3. Төлөвлөгөөт ажил №22. “Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмний мөнгийг хувьдаа завшиж, хулгай хийсэн “Цэвэр агаар сан”-гийнхан, Дэнзэн мэтийн албан тушаалтнууд, цагаан захтануудыг өршөөх бодлого баримталж байгааг юу гэж ойлгох вэ? Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, оффшор дансаа мэдүүлсэн, бусдын нэр дээрх хөрөнгөө илчилсэн хүмүүст зориулж эдийн засгийг эрчимжүүлэх малгайн дор хууль гаргах гэж байгаа нь шударга ёс мөн үү? Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн албан тушаалтнуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасан нь ард иргэдийнхээ өмнө ил тод байх ардчиллын үнэт зүйл хаана байна вэ? Өршөөгдөж байгаа албан тушаалтнуудын авлига, луйвар, нууц хөрөнгийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж, мэдээлсэн тохиолдолд олон сая төгрөгөөр торгоно гэж заналхийлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хориглож, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал болов. Ард түмнээ яллаж, албан тушаалтнуудыг өршөөж, үнэний дуу хоолойг боомилж, шударга ёс, ил тод байдлыг уландаа гишгэж ард түмэн, ардчилал руу нулимж байгааг юу гэж ойлгох вэ?
4. Төлөвлөгөөт ажил №40. “Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лизенз олгохыг зөвшөөрөх” гэсэн зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмалыг олборлох гэж байгааг буруутгаж байна. Асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэх ёстой.
5. Төлөвлөгөөт ажил №30. “Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Тухайлбал, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Оргил рашаан сувилал” гэх мэт аж ахуйн нэгжийг шууд хувьчлах гэж байгаа бол “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур” гэх мэт компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИХ гэсэндээ хувьчлан авах санаархлыг олон нийт харж, нөгөө ОЛУУЛАА ХӨГЖЬЕ гээд байсан яасан бэ? гэж асууж байна. Энэ үүднээс авч үзвэл “ЭЗЭН-100” хөтөлбөр нь ард түмний өмчийг хувьчлан авч эзэн нь болно гэсэн зорилгоор хийгдсэн гэх хардлагыг төрүүлж эхэллээ. Ард түмнийхээ өмчийг хувьчлан авч ЭЗЭН нь болох гэсэн далд санаархал ил боллоо. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа 1996-2000 оны хоорондох шударга бус хувьчлалын хоёрдугаар ангиар төрийн олон өмч Ардчилсан нам болон нэг хөнжилд толгой хоргодож байгаа эвслийнхэнд очиж ЭЗЭНтэй болно гэсэн мэдээлэл эрчимжлээ.
Энэ мэтээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь дүгнэж үзвэл эдийн засгийг эрчимжүүлэх, ард түмнээ хямралаас гаргах нэрээр газраа харийнханд эзэмшүүлж, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар, хилийн зурвасын ашигт малтмалыг олборлож, ард түмний нэрээр өрийн хэмжээг нэмэгдүүлэн их зээл авч, төрийн гайгүй гэсэн өмчийг хувьчлан авч, авлига, хээл хахуульд холбогдсон албан тушаалтнуудаа өршөөх ажил хийж байгааг МАН-ын бүлэг буруутган шүүмжилж байна. Тиймээс манай намын байр суурийг олон түмэн хүрээлэн дэмжиж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хэрэгжүүлэх гэж байгаа булхайтай бодлогуудыг ил тод болгохыг хүсч эхэллээ. Бид ард түмнийхээ талд зогсож, асуудал болгонд нотлох баримтад тулгуурлан нухацтай хандахаа мэдэгдэж байна.
Шинэчлэлийн Засгийн газар ард түмэн, аж ахуй, бизнес эрхлэгчдийн асуудлуудад ач холбогдол бүхий бодит гарц шийдэл гаргаж чадсангүй. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг цөөнх ч гэлээ Та бүхний хариуцлагагүй үйлдлийн үр дагаврын улмаас хямарч хохироод байгаа ахмадууд, ажилгүйчүүд, аж ахуй эрхлэгчидээ хамгаалах зорилгоор санаачлагатай ажиллаж хэд хэдэн хууль өргөн барьсан. Харин эрх баригч, эздүүд Та бүхэн өөрсдөдөө хэрэгтэй ажлуудаа эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр амжуулж, өргөн түмэнд хэрэгтэйг нь хойшлуулж боомилохгүй байхыг хичээнгүйлэн хүсч байгаагаа дашрамд хүсье.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Эдийн засгийг эрчимжүүлэх хоног бараг талдаа орчихоод байхад хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлууд үр өгөөжөө өгсөнгүй. Эдийн засгийг эрчимжиж сэргэхээс өмнө олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарлав. Бас олон аж ахуйн нэгж ажилчдаа “хоморголон” халах болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. Тухайлбал, “Оюу толгой” 300, “Макс” групп 220, “Вагнер Ази” 220 ажилтнаа халж, “Аэромонголиа” ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч байна.
Хэдхэн хоногийн өмнө талхны үнэ 150-250 төгрөгөөр нэмэгдлээ. Бас усны суурь хураамжийг нэмлээ. “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ам.доллар 40 төгрөгөөр өслөө. Удахгүй “Шатахууны үнэ валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдэнэ” гэж Газрын тосны газрын дарга мэдэгдлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ийм байдалд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө амжилтгүй болох тусам асуудлын мөн чанараас, 42 хоногийн өмнөх гоё сайхан яриа, амлалтаасаа эрх баригчид татгалзаж эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг санаачлагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “100 хоногийн хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй” гэж олон нийтэд зарлав. Эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэж ард түмсэнд өгсөн амлалтаасаа яагаад ингэж бултах болов гэж асуумаар байна. Эдийн засгийг эрчимжүүлэх талаар бизнес эрхлэгч, улстөрч, олон улсын шинжээчид, жирийн ард иргэд байр сууриа илэрхийлсээр ирлээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга “100 хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно” хэмээн халаглалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа яахыг шийдэж хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Энэ байр суурь, хэлсэндээ хүрнэ гэж олон түмэн харж байгааг уламжилъя! Эцэст нь гадаадынхан юу гэж бичиж байгааг иш татъя. “ФОРБЕС” сэтгүүлийн сүүлийн дугаарт санхүүгийн эксперт Chris Macdougall “ЖИВЭХ ҮҮ? ЭСВЭЛ СЭЛЭХ ҮҮ?” хэмээх нийтлэлдээ “Монголын ард түмэн болон гадны хөрөнгө оруулагчдад Засгийн газрын зүгээс бодит гарц шийдэл яаралтай хэрэгтэй байна” гээд, Засгийн газрын эдийн засгаа түлхэх 100 хоног нь зөвхөн өмнөх хоёр жилийн хямралаа ирэх жилүүдэд давтахгүй байх оролдлого бөгөөд горьдлого” гэсэн агуулгатай шүүмжлэл бичжээ. 100 хоногийн төлөвлөгөөг дэлхийн санхүү, эдийн засгийн төв хэвлэл ингэж үнэлж, дүгнэж байгааг эргэцүүлж бодох ёстой
УИХ-ын гишүүд ээ,
Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих “АРД-100” аяныг хэрэгжүүлж ирлээ. Бид асуудлыг шүүмжилж буруутгахаасаа илүү үйл ажиллагааг дүгнэж, үр дүн хүлээж байгаа билээ. Эдийн засгийг эрчимжүүлэх эхний 42 хоногийн хэрэгжилт, бодлогод товч дүгнэлт хийхэд ийм байна. Үлдэж буй 58 хоногт эдийн засгаа хямралаас гаргаж, “ГАЛЗУУ ХӨГЖҮҮЛНЭ” гэсэн өөрсдийн амлалтдаа хүрнэ гэдэгт ард түмэн, Ардын нам итгэсээр л байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.