Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.
Тэмцээний 60 кг-ын жинд 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн байсан ч ашиглаж чадаагүй байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 120 кг-ын жинд Д.Эрдэнэтулга нар барилдана.