Сүрьеэтэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбаттай ярилцлаа.
-Манай улсад сүрьеэгийн өвчлөл ямар түвшинд байна вэ. Сүүлийн үед энэхүү өвчлөл нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна?
– Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос өнөөг хүртэл явагдаж байгаа. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Нийт халдварт өвчний 12 орчим хувийг сүрьеэ өвчин дангаар эзэлдэг. Сүрьеэ бол агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин. Ихэнх тохиолдлын 60 гаруй хувь нь нийслэлд байна. Хүн амын төвлөрөл ихтэй, төмөр зам дагасан агаарын бохирдолтой амьжиргааны түвшнээс доогуур эмзэг бүлгийн хүмүүс дийлэнхийг нь эзэлж байна. Мөн дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг. Сүрьеэ нь энгийн болон эмэнд тэсвэртэй гэсэн хоёр төрөл байдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ гол үйлчилгээ үзүүлдэг үндсэн эмэнд тэсвэртэй, нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Энэ тохиолдол жилд 200 гаруй бүртгэгдэж, 80 орчим хувь нь эмчилгээнд хамрагддаг. Манай улс Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Бусад орнуудын хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүү өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг 16-44 насныхан, оюутан залуучуудын дунд тархалт хамгийн их байна. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж байгаа юм.
-Нийт хүн амын хэдэн хувь нь сүрьеэ өвчнөөр өвчилсөн байдаг вэ?
-Улсын хэмжээнд 2014-2016 оны хооронд нийт хүн амын дунд тархалтын судалгааг хийсэн. Нийт 50 гаруй иргэнийг хамруулсан. Энэ судалгаагаар уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэ жилд 12 мянга орчим бүртгэгдэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, одоо бүртгэгдэж байгаа 4000 тохиолдлоос гурав дахин их байна гэсэн тооцоо гарсан юм. Үүнээс гадна эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 2007 онд 1.4 хувь байсан бол 2016 оны судалгаагаар 5.3 болж өссөн байгаа юм.
-Эмэнд тэсвэртэй сүрьеэ эмчилгээ авдаггүй гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ?
-Сүрьеэг эмчилдэг таван төрлийн эм байдаг. Тэдгээрийн дотор сүрьеэгийн нянг устгадаг гол эмэнд тэсвэртэй гэсэн үг. Энгийн сүрьеэг бодвол илүү урт хугацаанд буюу 2-3 жилийн эмчилгээ шаарддаг. Эмч, өвчтөн хоёроос тэсвэр, тэвчээр их шаардсан эмчилгээ хийгддэг л дээ. Хэвтэн эмчлүүлдэг эрчимт шат нь 6-8 сар, үргэлжлэх шат нь 16-18 сар байдаг. Сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас богино хугацааны эмчилгээний горимыг санал болгох болсон. Шинэ горимоор сүрьеэг 9-11 сар эмчлэх боломжтой болсон. Эмчилгээний үед эмчилгээгээ орхиж байгаа хүмүүс сүүлийн үед их байна. Хамгийн түрүүнд энэ өвчинд өртөж байгаа эрхтэн уушги байдаг. Уушгинд өвчин үүсгэснээр цус болон лимпийн замаар аль ч эрхтэнд очиж эмгэг үүсгэж болно. Сүрьеэгээр өвдсөн л бол бүрэн төгс эмчилгээ хийлгэж эдгэрэх нь чухал юм.
-Сүрьеэгийн халдвар авсан бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, хөлрөх, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-Сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь нийслэлд амьдарч байна гэсэн?
-Хамгийн түрүүнд хүмүүсийн амьдралын чанартай холбоотой байна л даа. Амьдралын чанар муу байгаа нөхцөлд халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилж, 90 хувь нь өвчилдөггүй. Халдвар тээгч хэлбэрээр явдаг л гэсэн үг л дээ. Ямар хүмүүс дийлэнх нь өвдөөд байна гэхээр хоол хүнсний дутмагшилтай, сэтгэл санааны хямралтай, архины хамааралтай хүмүүс байгаа юм. Манай орны хувьд нийт хүн амын 70 хувь нь 45 наснаас доош насныхан байна. Тэр залуучууд маш идэвхтэй амьдралтай байдаг. Амьдралын идэвхтэй учраас амьсгалын замаар халдах өвчинд өртөх магадлал өндөр. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүмүүст гэр бүл , найз нөхдийн дэмжлэг чухал байдаг. Ойр дотны хүмүүс нь өвдсөн бол сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эмчилгээг нь бүрэн гүйцэт дуусгахад дэм өгөх хэрэгтэй.
-Ер нь оношлогооны хэдэн төрлийн арга байдаг юм бэ?
-Сүрьеэг оношлох хэд хэдэн арга байдаг. Түрцийн шинжилгээний арга, хатуу болон шингэн тэжээлт орчинд ургуулах арга байна. Түрцийн шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Сүүлийн үед гарсан төхөөрөмжөөр хоёр цагийн дотор хариу нь гардаг болсон.
-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн гол зүйл бол халдвар тарааж байгаа эх уурхайг илрүүлж эмчилгээнд хамруулах шаардлагатай. Халдвартай хүн эмчилгээнд хамрагдаад 14-21 хоноход тухайн өвчтөн халдвар ялгаруулахаа больдог. Эмчилгээг үргэлжлүүлэн бүрэн эмчлүүлэх ёстой. Үүнээс гадна ханиах, найтаахдаа эрүүл ахуйг мөрдөх хэрэгтэй. Олон нийтийн газар ханиаж, найтаах нь ариун цэврийн хувьд ч , эрүүл ахуйн хувьд ч анхаарах зүйл учир амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадал суулгах хэрэгтэй. Ялангуяа сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг тул гэр бүл болоод ойр орчинд байгаа хүмүүст халдвар тараах өндөр эрсдэлтэй. Гэхдээ халдвар авсан хүн бүр сүрьеэ өвчнөөр өвддөг гэж ойлгож болохгүй. Тухайн хүний дархлалын систем сайн бол өвдөхгүй байх бүрэн боломжтой. Дархлаа маш чухал учраас дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Сүрьеэ өвчин вирусээр биш, бактерээр үүсгэгддэг.
-Халдвар авснаас хойш хэр удаж шинж тэмдэг илэрдэг вэ?
-Эрсдэлт бүлгийн хүмүүс халдвар авснаас хойш хоёр хүртэлх жилийн дотор шинж тэмдэг илэрнэ. Энэ хугацаанд янз бүрийн хугацаатайгаар илэрнэ. Тогтсон хугацаа гэж байхгүй. Тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалаад өөр өөр байна. Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилнө гэж ойлгож болохгүй. Шинж тэмдэг илэрч л байвал шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой. Эрсдэлт бүлэг гэдэгт бага насны хүүхэд, ахмад настнууд, удаан хугацаагаар эм ууж байгаа, хортой, хоргүй хавдартай хүмүүс орно. Шинж тэмдэггүй хэрнээ сүрьеэгээр өвдсөн байх тохиолдлууд байдаг. Ингэснээр аль болох эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм.
-Сүрьеэгийн вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй байх бүрэн боломжтой гэж үзэж болох уу?
-Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор сүрьеэгийн БЦЖ вакциныг хийдэг. Энэ вакцин нь тухайн хүүхдийг халдвар авч, сүрьеэгээр өвдөхөөс бүрэн сэргийлж чаддаггүй. Халдвар аваад, хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс 90-ээс дээш хувь хамгаалдаг.
-Эмчилгээгээ бүрэн хийлгээгүй тохиолдолд ямар сөрөг үр дагавартай вэ?
– Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь дахин өвчлөх эрсдэлтэй байдаг. Эмэнд мэдрэг сүрьеэг зургаан сар эмчлэх ёстой байтал хүмүүс эхний гурван сарын эмчилгээнд ороод шинж тэмдэг, зовиургүй болоод ирэхэд эмчилгээгээ хаячихдаг. Хэсэг хугацааны дараа эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогддог. Эмчилгээ дутуу хийлгэснээс илүү хүнд хэлбэрийн, эмчилгээ удаан хийгддэг хэлбэрт шилждэг гэсэн үг. Ингээд тухайн хүн эрүүл хүнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар тараана. Тэгэхээр хамгийн гол нь оношлуулах, эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэх шаардлагатай. Эмнэлгийн байгууллага нийт өвчлөгсдийн 50 хувийг нь эрт илрүүлж байна. 50 хувь нь оношлогдохгүй байна л даа. Хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч эрт илрүүлэгт хамрагдах нь чухал байгаа юм. Хамгийн түрүүнд өвчнөө бүрэн төгс эмчлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Цаг тухайд нь эмчилгээгээ хийлгэдэг байх нь чухал.
-Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн нийгмийн оролцоо нь багасч, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог гэдэг.
-Нийт өвчтний 70 хувьд нь санхүүгийн дарамт ирсэн гэх судалгаа бий. Ямар хэлбэрийн сүрьеэгээсээ хамаараад зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд эмчлэгддэг учраас алдагдсан болон шууд бус зардал тооцохоор санхүүгийн маш том эрсдэлд оруулж байна. Ажил олгогч, засаг захиргааны нэгжийн зүгээс сүрьеэтэй өвчтнийг дэмжих нийгмийн олон талт бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Сүрьеэ өвчнөө илрүүлэхээс гадна санхүүгийн дарамтад орж, ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн халамж дэмжлэг, ажлын байрны тогтвортой байдал бүх зүйлүүд нөлөөлж байгаа учраас энэ чиглэлээр бусад салбарын хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Сүрьеэгээр өвдөөд орлого нь буурахаас гадна эмнэлгийн өндөр зардалтай тулгардаг. Монгол Улсад хийсэн судалгаанаас харахад сүрьеэгээр өвдөхөөс өмнө ажилгүйдэл найман хувь байсан бол, сүрьеэгээр өвдсөний дараа 30 гаруй хувь болж өссөн байгаа. Эрүүл мэндийн салбартаа сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, ойртуулах, цаг алдалгүй илрүүлдэг эмчилгээнд хамруулдаг байх шаардлагатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна бусад зардал өндөр гарч байна. Эдгээрийг хөнгөлөхөд эрүүл мэндийн салбараас арга хэмжээ авах нь зүйтэй. Тусламж үйлчилгээний загвараа өөрчлөх хэрэгтэй. Мөн олон нийтийн туслалцаа маш чухал байдаг. Манайд сүрьеэгээр өвдсөн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан үед тэтгэмж өгдөг. Тэтгэмжээ хүмүүс эмчилгээ хийлгэж байх хугацаандаа авах боломжтой. Тэтгэмжийг цаашдаа нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх сайжруулах талаас Засгийн газар арга хэмжээ авч болно. Сүрьеэгийн өвчтэй хүмүүс гадуурхагддаг, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг. Тэр хүмүүсийн ажлын байрыг хадгалах, ажилдаа орох тодорхой хугацааны акт өгөх хэрэгтэй. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд сүрьеэ өвчтөнүүдийн гуравны нэг нь ноцтой болон маш ноцтой санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг. Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.