Categories
мэдээ улс-төр

Н.Наранбаатар: Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 49.7 мянган ажил олгогч, 168 мянган даатгалын шимтгэл төлөгч хөнгөлөлт эдэлнэ

УИХын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


Та бүхний санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХын чуулганаар хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт хэдий хэмжээний ачаалал бий болох вэ?

-Энэхүү хуулийн төслийг Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын гишүүдтэй хамтран санаачилж, Улсын Их Хурлын даргад энэ сарын 4-ний өдөр өргөн барьсан. Улсын Их Хурлын хаврын чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болсон.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төслийн хэмжээнд бууруулахад 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 94,6 тэрбум төгрөг, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бол 140,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр улсын төсөвт шаардлагатай болно. Хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй юм байна гэж хууль санаачлагчид үзсэн. Хэдий улсын төсөвт ачаалал өгөх ч коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал хоёр жил үргэлжилсэн, нийгэм эдийн засгийн амьдрал хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулан Тэтгэврийн даатгал болон даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайн үед буюу 2019 оны арванхоёрдугаар сард коронавируст халдварт цар тахал гарах, энэ цар тахал нь 2020, 2021 онд үргэлжлэн нийгэм, эдийн засгийн амьдралд хүндрэл үүсгэнэ гэж тооцоолох боломжгүй байсан.

Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн энэ нөхцөлд Үйлдвэрчний байгууллагын судалгаагаар 2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 19 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176.0 тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1162 200 төгрөгөөс 34.7 хувийг татвар шимтгэлд зарцуулж байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд энэ байдал улам дордсон учраас Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага бий болсон.

Энэ хуулийн төслөөр хэр хэмжээний даатгалын шимтгэлийг бууруулсан бэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн- Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан.

Хуулийн төсөлд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд хамтад нь өөрчлөлт оруулах юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулахдаа Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тухайн өөрчлөлтийг бас оруулсан. Эдгээр хууль батлагдсанаар нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган даатгалын шимтгэл төлөгч энэхүү хөнгөлөлтөд хамрагдана.

Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт нь ОУВСгийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлөх үү?

-Манай улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэхүү тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар өсгөхөөр хуульчилсан байна. Энэ нь санхүүгийн орчинг эрүүлжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг нь маргаангүй. Өнөөдөр 1995 оны шинэтгэлээс өмнөх 286 мянган /одоо 56 мянга/, цэргийн албан хаагч байсан 19 мянган иргэн зэрэг зарим төрлийн даатгалын шимтгэл болох 499 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Олон улсын валютын сангийн хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой. Наад зах нь нийгмийн даатгалын багц хууль тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүртэл төслөөр дэвшүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Та Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн шаардлага нь юу байсан бэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Т.Энхтүвшин нарын хамтаар тавдугаар сарын 14-ний өдөр өргөн барьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага бий болсон.

Мөнгөн урамшуулалд хамрагдах албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгох болно. Цагдаагийн байгууллагын тухай хуульд энэ хуулийн төслийн хэмжээний урамшууллыг олгох, журмыг Засгийн газар батална гэж зохицуулсан байдаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Гэвч нийгэм, эдийн засгийн байдал болон хорих ангиудын ачаалал нэмэгдэж байгаагаас аймгийн төвөөс алслагдмал хорих байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо багассаар байна.

Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 албан хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 албан хаагч шилжин ажиллах хүсэлт гаргасан.

Хуулийн төсөл батлагдсанаар эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшуулал 6.2 тэрбум төгрөг, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.Төсөл батлагдсанаар алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ гэж үзсэн.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж буйтай холбоотойгоор санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Хуульд орж байгаа гол зохицуулалт нь юу вэ?

-Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд зөрчлийн харилцааг зохицуулах төрөлжүүлэн нэгтгэсэн хууль болох Зөрчлийн тухай хуулийг 2017 онд батлан гаргасан нь энэ салбарт хөгжлийн томоохон дэвшил болсон. Уг хууль нь олон салбарт мөрдөж байсан хэм хэмжээг механикаар нэгтгэсэн нь дотоод бүтэц, шийтгэлийн бодлогын уялдаа зохицол хангалтгүй, эрүүгийн хэрэг ба энэ хуулиар зохицуулах зөрчлийн ялгаа зааг тодорхойгүй, нийгмийн гишүүд гаргасан зөрчлөө өөрөө арилгах бололцоог бага олгож, шийтгэлийн хэмжээ нь төлбөрийн чадварт тохирохгүй байх оноосон шийтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих систем бүрдээгүй зэрэг дутагдлаас зайлсхийж чадаагүй байсан.

Юуны өмнө нэг буруутай үйлдлийн төлөө давхар шийтгэл оногдуулах, шийтгэлийн төрлүүдийг зэрэгцүүлж хэрэглэхийг зогсоосноор хөдөө орон нутгийн иргэдийн төлбөрийн чадварт тохирох, байгалиас хараат мал аж ахуйгаа тасралтгүй эрхлэх, боломж нэмэгдэн нийгмийн нэлээд гишүүдийн сэтгэлд нийцнэ. Эдгээр өөрчлөлтийг оруулсан нь энэ салбарын харилцааг зохицуулсан төрөлжүүлэн нэгтгэсэн хууль бүрдэхэд хувь нэмэр болно.

Мөн нийгэмд тулгамдаж байгаа зохицуулах шаардлагатай шинэ төрлийн харилцааг тусгасан. Шинээр сануулах шийтгэлийг шийтгэлийн төрөлд оруулсан. Энэ шийтгэлийг хэрэглэх, нэгдсэн бүртгэлд оруулж хяналт тавих, техник технологийн нөхцөл бүрдүүлэхэд зохих хэмжээний зардлыг төсөвт нэмж тусгах шаардлага гарна. Тээврийн цагдаагийн албаны хувьд сануулах шийтгэлийг хэрэглэх, бүртгэх үед техникийн хувьд боломж, нөхцөл бүрдсэн байна лээ. Зөрчлийн хуулийн хэрэгжилт хэвшээд тодорхой хугацаа өнгөрсөн учир үүнээс өөр нэмэгдэх зардал гарахгүй гэж хууль санаачлагчид үзсэн.

Р.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *