Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Намайг хэлмэгдүүлэх нөхцөл бүрдчихсэн байна гэх болгоомжлол төрсөн учраас л бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя гэж байгаа юм DNN.mn

УИХ-ын нэр бүхий гишүүдийг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагаас шалгаж буй. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү саналыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Тиймээс прокуророос нэр нь орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний хэрэгт холбоотой улстөрчдийн дунд таны ч нэр явж байх юм. Та үнэхээр энэ хэрэгт холбоотой юм уу. Яг яагаад нүүрсний гэх хэрэгтэй нэр холбогдчихсон юм бэ?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрсний хэрэгт холбогдолтой улстөрчдийг зарласан. Ингэж зарлахдаа надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл таныг бид ийм хэрэгт холбогдуулан ингэж шалгаж байгаа шүү гээд нэг удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Байцаалт авъя гэж дуудаагүй. Гэнэт нэг өдөр л шууд нийгэмд миний нэрийг зарласан. Хууль хяналтын байгууллагын энэхүү үйлдлийг миний хувьд тодорхой хүний эрхийн чигтэй хуулиудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Шалгаагүй, дуудаагүй, нэг ч мэдүүлэг, байцаалт аваагүй байж гэнэт нэг өдөр шууд нэрийг нь олон нийтэд зарлана гэдэг бол байж боломгүй том алдаа. Угтаа нэг удаа дуудаад гэрчээр мэдүүлэг авсан эсвэл яллагдагчаар татсан, бүр шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдолтой гэж үзэж байгаа үйл явцын дунд ингэж нэр зарлаж болох л байх. Гэхдээ огт тийм зүйл болоогүй байхад шууд нэрийг нь зарлана гэдэг бол цаана нь том сонирхол байна уу гэж хардаж байгаа.

-Таны нэрийг шууд зарласныг та хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм уу?

-Ингэснийх нь цаад зорилго бол тодорхой харагдаж байгаа юм.

Юу гэхээр эхлээд Н.Наранбаатар гэх нөхрийг нийгэмд нэрийг нь цоллоод олон нийтээр яллуулчихъя. Дараа нь хэрэгт холбогдуулаад шалгачихаж болох байлгүй гэсэн зохион байгуулалттай хууль бус ажиллагаа явагдсан гэж харж байгаа. Тэр дундаа олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, нийгмийн томоохон жагсаал цуглааны үеэр зарлаж байгаа нь миний хардах үндэслэл болж байгаа юм. Тодорхой биз дээ. Тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг намжаахын тулд л бидний нэрийг зарласан шүү дээ. Энэ бол нэг талдаа хүний эрхэнд ноцтой халдаж байгаа үйлдэл.

Ингээд нийгмийн анхаарал энэ хэрэгт тэр дундаа ямар улстөрчид холбогдох бол гэсэн гал дунд намайг шууд шидсэн. Тэр утгаараа буруу ч зөв ч улстөрч гэдэг утгаараа олон нийт шууд л хулгайч гэж үзэх нь тодорхой. Цаг үеийг нь олж, улс төрийн зорилгоо биелүүлж чадсан. Өөрөөр хэлбэл эхлээд нийгмээр биднийг яллуулсан. Энэ зорилго нь амжилттай болсон. Одоо нийгэмд намайг нүүрсний хулгайч л гэж ойлгож байгаа. Энэ зорилгодоо хүрснийхээ дараа намайг шалгаж эхэлсэн байдаг.

-Одоогийн байдлаар танаас хэдэн удаа мэдүүлэг аваад байна вэ. Та дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч байгаа юу?

-Мөрдөн байцаах ажиллагаанд миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэдэг утгаараа огт саад болоогүй. Дуудсан цагт нь очиж, холбогдох мэдээлэл, мэдүүлгийг өгч байгаа. Өнгөрсөн арванхоёрудугаар сард надаас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан. Харин Цагаан сарын дараа таныг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой ирж танилц гэсэн. Улмаар тэрхүү яллагдагчаар татсан тогтоолыг нь харахад ямар ч үндэслэлгүй тодорхойлолтууд байсан.

-Үндэслэлгүй баримтуудаар яллагдагчаар татсан гэлээ. Яг ямар зүйлээр татаад байгааг та тодорхой хэлж өгч болох уу. Энэ нь эсвэл мөрдөн байцаалтын нууц уу?

-Яллагдагчаар татагдсан иргэн мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй гэсэн үүргийг хүлээж гарын үсгээ зурдаг. Тиймээс тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй.

-Таны хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ. Тэр утгаараа таныг энэ хэрэгтэй холбоотой гэж үзээд байна уу?

-Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Өнөөдөр шуугиад буй нүүрсний хулгайн хэрэг яг тэр үетэй давхцаж яригддаг. Энэ нүүрсний хулгай гэдэг зүйл Таван толгойн орд, Гашуунсухайтын хилийн боомтод гарсан асуудал байх. Үүнтэй аймгийн Засаг дарга холбогдох ямар ч боломж байхгүй. Засаг даргын ажил гэдэг бол хуулиараа эрх үүрэг нь заагдчихсан албан тушаал. Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлдэг л хүн. Төрийн ямар нэгэн яам, агентлагийн хүнтэй шууд харилцаад явах боломжгүй. Төрийн өмчит компаниудын болоод хил, боомтууд дээр шууд үйл ажиллагаа, бодлого гаргаад яваад байх боломжгүй. Тэр утгаараа нүүрсний хулгай гарсан гэх Эрдэнэс таван толгой компани бол зуун хувь төрийн мэдлийнх. Дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ТУЗ нь явдаг, гүйцэтгэх удирдлага нь байдаг зүйл. Оффис, ажлын байр гээд бүх зүйл нь Улаанбаатар хотод байдаг. Тиймээс үүнд хаа байсан Өмнөговь аймгийн Засаг дарга оролцоод явах ямар ч боломж байхгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр хил дээр ажиллаж байгаа газрууд байна. Тэр нь Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гааль, Тагнуул, Цагдаа, Авто тээвэр гэсэн босоо удирдлагатай байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын удирдлагуудын нэгийг ч аймгийн Засаг дарга томилдоггүй. Тэр утгаараа хил гаалиар хулгайн нүүрс нэвтэрч байна уу, үгүй юу гэдгийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс Засаг даргын ажил хийж байсан гээд нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй шүү дээ.

-Таны хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа холбогдох байгууллагуудын удирдлагуудыг томилдоггүй байсан учраас энэхүү хэрэгт холбогдолгүй гэж байна. Нөгөөтэйгүүр оффтэйк гэрээгээр дамжуулан нүүрсний хулгай явагдсан гэж үзээд байгаа. Үүнд та ямар нэгэн байдлаар оролцоотой юу?

-Үүнд бас л миний оролцоо гэж юу байх билээ дээ. Оффтэйк гэрээ гэж маш өндөр дүнтэй гэрээнүүд байгуулагдсаныг мэдэж байгаа. Нийтдээ есөн гэрээ байгуулагдсан гэж ойлгож байгаа. Эдгээр гэрээ хэзээ яаж байгуулагдсан, ямар үнэ өртгөөр хийгдсэнийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй. Үүнийг нууцын зэрэгт авчихсан байсан. Нөгөөтэйгүүр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг аймаг, орон нутаг өөрөө удирдаж зохион байгуулсан зүйл байхгүй. Энэхүү том бүтээн байгуулалт хийгдэж байхад орон нутгийн зүгээс иргэд, малчдынхаа амьдрах орчин нөхцөл ямар байна, тэр чигийн ажлуудаа л зохицуулаад явж байсан. Миний хувьд тэр нүүрсний гэрээ яаж хийгддэг, хэн нь зөвшөөрснөөр хийдэг юм гэдгийг огт мэдэхгүй ээ. Мэдэх ч сөхөөгүй, орон нутгийнхаа ажилд л анхаарсан. Нөгөөтэйгүүр манай аймагт олон аж ахуйн нэгж уул, уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болж аймаг, орон нутгийн байгалийн сүйрэл явагдаж байгаа нь үнэн. Хөрш, шороо шимгүй болсон, ус татарсан, цөлжилт гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаль, экологийн асуудлууд үнэхээр санаа зовох асуудал болсон. Тэр утгаараа миний хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудад Засаг даргын хувиар маш их шаардлага тавьж ажилладаг байсан.

-Засаг дарга байхдаа уул, уурхайн компаниудад өндөр шаардлага тавьж ажилладаг байсан гэж байна. Эдгээр компаниудын цаадах эзэд нь одоо тан дээр улс төрийн тоглолт хийгээд байгаа юм биш үү. Та асуудлыг энэ өнцгөөр нь харж байгаа юу?

-Миний хувьд энэ асуудлыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн байдлаар тэдгээр компаниудын эзэд намайг харлуулъя гээд зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байгааг худлаа гэж хэлэхгүй. Бусдаар бол ямар нэгэн намайг харлуулах сонирхолтой бүлэг байхгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нам талаасаа гэдэг юм уу, улс талаасаа тийм зүйл байхгүй. Зарим хүмүүс асуудаг. Тан дээр улс төр хийгдээд байгаа нь тойргийн зодоон хүчтэй явагдаад байгаагийн илрэл биш юм уу гэж. Би бол тэгж бодохгүй байгаа. Учир нь 2020 онд УИХ-д нэр дэвшиж өрсөлдөхөд нам дотроо битгий хэл өрөөлийн намаас ч намайг дайрсан зүйл огт ажиглагдаагүй. Тиймээс улс төр талаасаа ямар нэгэн явуулга байхгүй болов уу гэж хараад байгаа. Манай аймгийн хувьд ч улс төрийн асуудал бусдаасаа харьцангуй тайван явагддаг газар шүү дээ. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим нэг хариуцлагагүй уул уурхайн компаниудын зүгээс намайг харлуулах, улс төрийн захиалгаар татаж унагаах үйлдлүүд хийж байж болзошгүй.

-Жагсаалын үеэр олон нийтэд нэрийг минь зарласан гэж байна. Тухайн үед танай намаас тантай хамт таван гишүүний нэрийг АТГ-аас зарласан байдаг. Гэтэл өнөөдөр прокуророос орж ирж байгаа нь таны нэр л байна. Нөгөө дөрвөн гишүүний нэр яагаад орж ирсэнгүй вэ. Үнэхээр тэд буруугүй та буруутай болж таарч байна уу?

-Би өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгээ маш сайн мэдэж байна. Бусад гишүүдийн асуудлыг би яаж мэдэх билээ. Хуулийн байгууллагууд нь шалгаад зарим гишүүдийг холбогдолгүй гэсэн байна лээ. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед миний нэрийг яагаад зарласныг та асуусан. Магадгүй надад муу санасан, өмнө нь таарамжгүй харьцаатай байсан хүмүүсийн зүгээс мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа дандаа аймгийнхаа төлөө, орон нутаг, иргэдийнхээ төлөө л ажилладаг байсан. Хувь хүн талаасаа тэднээс ямар нэгэн зүйл шаардаж, шахалт үзүүлсэн үйлдэл огт гаргаж байгаагүй.

-Таны хувьд асуудал маргааш, нөгөөдрийн чуулганаар яригдана. Тэр утгаараа гишүүдийн олонх таныг түдгэлзэх шаардлагатай гэж үзвэл яах вэ?

-Мэдээж олонхын шийдвэрээр л явах байх. Гэхдээ миний хувьд үнэхээр түдгэлзэх шаардлагатай байна уу гэдэг нь эргэлзээтэй. Би түдгэлзэхгүйгээр шалгуулчихъя л гэж байгаа. Ямар нэгэн байдлаар гишүүний дархан эрхийн дор нуугдаад бусдын үйл ажиллагаанд саад үзүүлээд байсан зүйл үгүй. Хууль хяналтын байгууллагуудын дуудсан цагт нь очоод мэдүүлэг юмнуудаа өгөөд явж л байна. Угаасаа миний хувьд ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй, буруу зүйл хийгээгүй учраас нууж хаах, шалгуулахгүй байх зүйл огт алга. Бүх зүйл нээлттэй. Бүгдийг нь шалгаж болно. Бусад гишүүдийн хувьд асуудлаа бүрэн эрхтэйгээ шалгуулаад л явж байна. Болохгүй ч юм алга. Тэр утгаараа гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхгүйгээр шалгуулахад миний зүгээс ямар ч саад гарч ирэхгүй гэдгийг хэлмээр байна.

-Яагаад та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчихаж болохгүй гэж…?

-Миний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл намайг сонгосон 72 мянган иргэний төлөөлөл УИХ-д алга болно. Өөрөөр хэлбэл Өмнөговийн 72 мянган иргэний төлөөлөл байхгүй болно гэсэн үг. Эдгээр иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд төлөөллөө явуулсан. Гэтэл ингээд түдгэлзүүлчихээр эдгээр иргэдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах вэ. Нөгөөтэйгүүр шуудхан хэлэхэд эдгээр 72 мянган иргэний сонгох эрхийг ямар нэгэн байдлаар няцаачихаж байна шүү дээ. Тэр дундаа Өмнөговиос сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнийг явуулах гэж байна. Дараагийн сонгууль болоход жил гаруйн хугацаа л үлдлээ. Миний хувьд гишүүн болсон цагаасаа эхлээд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн бодитой ажлууд цөөнгүй бий. Хийж хэрэгжүүлж эхэлчихсэн төслүүд ч их байна. Цаашид говийн бүсийн байгаль, экологийн асуудал, ус, цөлжилтийн асуудлаар чанга дуугарч ажиллахгүй бол болохгүй байна. Нөгөөтэйгүүр гишүүний бүрэн эрхээр дамжаад УИХ, парламентын бүрэн эрх, халдашгүй байдал яригддаг. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол халдашгүй байх ёстой. Тэр утгаараа нэг гишүүнийг хамгаалаад байгаа асуудал огт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдхэн гишүүдээсээ хоёр гурваар нь мултлаад байвал цаашид энэ УИХ чадамжгүй болно. Тиймээс миний асуудлыг заавал гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой л гэж харж байгаа.

-Та хэдийн зүгээс жинхэнэ хулгайчдыг зарлаач гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Тэр утгаараа жинхэнэ хулгайчид зарлагдахгүйгээр өмнөөсөө таныг болоод бусдыг түлхэж байна уу?

-Магадгүй. Жинхэнэ хулгайчдыг зарла гээд байгаа. Миний хувьд Өмнөговийн Засаг даргын ажил хийж байснаараа л зарлагдсан, энэ хэрэгт холбогдсон. Өмнөговьд би төрснөөрөө л зарлагдсан. Бусдаар бол өөр аймгийн Засаг дарга байсан бол намайг хэзээ ч зарлахгүй. Жинхэнэ хулгайчид гэж байна. Жинхэнэ хулгайн гэрээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хийгдэхгүй. Том, том хулгай, луйврын гэрээнүүд Улаанбаатарт л хийгддэг. Түүнээс биш Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс таван толгой компанийн захирлын өрөөнд энэ гэрээнүүд чинь хийгдээгүй шүү дээ. Тэр гэрээг аймгийн Засаг дарга үүрэг өгөөд хийчихдэг ч зүйл биш. Аймгийн Засаг дарга зохицуулаад тэр олон босоо удирдлагатай хил гаалийн байгууллагуудын хяналтаас гадуур нүүрсний хулгай хийж явдаг гэж ер нь юу байсан юм бэ. Нэг ёсондоо нүүрсний хэрэгт миний нэр холбогдсон асуудал бол жинхэнэ хулгайчид нь үлдээд, мань мэтээр туг тахиж, золиосонд гаргаж байгаа л улс төрийн нэг үзэгдэл. Гэхдээ энэ асуудлын үнэн зөв нь ялгарна. Арай ч дээ, намайг ингээд хэлмэгдүүлчихгүй байлгүй дээ. Жинхэнэ хулгайчдыг олж чаддаггүй юм гэхэд надад холбогдсон үндэслэлгүй хэргийн буруу, зөв нь ялгарах байлгүй дээ. Асуудал бол тодорхой байгаа. Гэрээнд гарын үсэг зурсан нь хэн юм. Тэр байгуулсан улсууд нь одоо ч хараад байж л байна. Тэд бидний өмнөөс энэ нэг нөхөр золиос болоод явчихаасай гэж бодоод сууж л байгаа.

-Нам дотроо энэ асуудлаа та ярьсан уу. Намынхаа даргатай уулзсан уу. Таны асуудалд ямар хандлагатай байх шиг байна вэ?

-Нэр дуудуулснаасаа хойш нэг ч уулзаагүй байж байгаад сая чуулган эхлэхэд намынхаа даргатай уулзсан. Уулзаад намайг ийм, ийм байдлаар ингэж татаж байна гэдгээ хэлсэн. Намын удирдлагуудын хувьд асуудал нь хууль хяналтын байгууллагаар тодорхой болно биз дээ л гэдэг зүйлийг хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Нөгөөтэйгүүр миний хувьд намынхаа удирдлагуудтай болоод намын нөхөдтэйгөө муудсан, сайндсан зүйл огт байхгүй. Нам дотор янз бүрийн тэрс үзэл гаргаад бүлэг фракц байгуулаад явсан зүйл байхгүй. Намын бодлого, Засгийн газрын бодлогыг дэмжээд л явдаг.

-Та бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулчих хүсэлтэй байгаа юм байна. Нөгөөтэйгүүр таны хэлснээр үнэхээр таныг ингэж гүтгэж өдгөө бүр яллагдагчаар татсан үйлдэл нь зохион байгуулалтай, хэн нэгний захиалгатай зүйл бол яах вэ. Гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуулчихвал зохиомол хэрэгт хэлмэгдүүлчихнэ гэсэн болгоомжлол танд байна уу?

-Яг энэ чигийн болгоомжлол надад байгаа учраас л би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя л гээд байгаа юм. Нөгөө хүн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг шүү дээ. Өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах сонголт надад байгаа. Гэтэл намайг хэлмэгдүүлбэл яах вэ. Энэ хулгайн хэрэг асар том мөнгөн дүнгээр зохион байгуулагдчихаад байна. Тэр утгаараа өмнөөсөө хүн явуулах, хэлмэгдүүлэх байдал байж болзошгүй гэдэг болгоомжлол төрж эхэлсэн. Анх миний нэрийг зарласнаас хойш л надад тийм бодол төрж эхэлсэн. Юм гэдэг үнэхээр шударгаар явдаг байсан бол намайг ингэж яллагдагчаар татахгүй л байсан шүү дээ. Тэгэхээр эхлээд надаас нэг ч мэдүүлэг, нэг ч тайлбар аваагүй гэнэт миний нэрийг олон нийтэд зарласан. Ингээд нийгмээр намайг яллуулсан. Дараа нь бас л гэнэт яллагдагчаар татсан. Тиймээс явж ирсэн энэ процессыг харахад намайг хэлмэгдүүлэх нөхцөл байдал бүрэлдчихсэн юм биш байгаа гэсэн болгоомжлол төрж эхэлсэн. Бусдаар бол хэрэг хийгээгүй нь үнэн юм чинь өргөдлөө өгөөд шалгуулчихад асуудал алга байна шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *