Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мөнхбат: Манай улс ойролцоогоор 300-400 орчим нэр төрлийн уламжлалт тантай DNN.mn

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны дарга, ахлах зэргийн эмч Н.Мөнхбаттай тан болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар ярилцлаа.


-Уламжлалт эмчилгээний салшгүй нэг хэсэг нь ургамлын тан. Монголчууд хичнээн нэр төрлийн тан хэрэглэж байна вэ?

-Уламжлалт анагаах ухаан 5000 гаруй жилийн түүхтэй. Эрт үеэс өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Уламжлалт анагаах ухааны нэг засал болох монгол төөнө ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Монгол төөнө нь монголчуудын уламжлалт аргаар хийгдсэн, гурван төрлийн эмийн түүхий эдийг самбай даавуунд боож шар тосоор хүний биеийн өвчнөөс нь хамаараад тодорхой цэгүүдэд хийдэг нэг төрлийн засал юм. Ингэснээр дархлаа сэргээж, хий даран, тамир тэнхээ сайжруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой засал эмчилгээ юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх гол зарчим бол эмийн эмчилгээ, засал эмчилгээ, идээ ундаа, явдал мөр зэргийг хослуулан хэрэглэх юм. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмч нар оношлогоог хийхдээ судас барьж, таван цэцэг (хэл, нүд, уруул, хамар, чих)-ийг нь үзэж, гурван хирийг (шээс, өтгөн, хөлс) шинжилдэг учраас Европын анагаах ухаанаас ялгаатай. Мөн уламжлалт анагаах ухаанд хүний биеийг хий, шар, бадган гэсэн гурван махбодид хуваан үздэг. Хий махбодьтой хүн туранхай, өндөр, хурдан шаламгай, яриасаг онцлогтой. Хий ихтэй хүмүүс нойргүйдэх хандлагатай байдаг. Тиймдээ ч нойргүйдсэн үед шим сайтай хоол идэхийг зөвлөдөг. Хийцтэй цай, хуйхалсан хонины толгой идэж болно. Хийгээр нойргүйдсэн үед хий дардаг идээ ундааг элбэг хэрэглэх нь чухал. Шар махбодид хурц зан араншинтай, эрүүл чийрэг бие бялдартай хүн хамаардаг.

Бадган махбодид тайван, амгалан, нойрондоо сайн, махлаг, намхан төрлийн хүмүүс багтана. Гэхдээ ганц хий, шар, бадган махбодьтой хүн гэж байдаггүй. Хавсарсан байдлаар ч байж болдог. Эдгээр гурван бие махбодь хэр их арвидаж, хорогдож, хямралдсанаас хамаараад хүн өвчилж байдаг. Тэгэхээр уламжлалт анагаах ухаанд олон шалтгаан нөхцөлөөс үүссэн өвчин эмгэгийг уламжлалт тан, засал, идээ ундаа, явдал мөрөөр засаж өгдөг. Ингэснээр өвчнөөс сэргийлэх, даамжруулахгүй эдгээхэд гол ач холбогдолтой.

-Танг хэрхэн хэрэглэх вэ. Танай хүрээлэнгийн дэргэдэх эмнэлгийн хувьд хичнээн нэр төрлийн тан бэлтгэн гаргаж байна?

-Уламжлалт эм нь тан, талх, үрлэн эмийн хэлбэртэй байдаг. Эм засал буюу танг аль өвчний үед хэрхэн хэрэглэх талаар заасан байдаг. Манай эмнэлгийн хувьд 130 гаруй нэр төрлийн судлагдсан уламжлалт эм бий. Эдгээрээс эмийн үйлдвэрт 108 төрлийг үйлдвэрлэж байна. Улсын болон хувийн чанартай эмнэлэг, сургуулиуд хувьдаа эмнэлэг, эмийн үйлдвэрүүдтэй байдаг. Тухайн эмнэлгүүд нь судлагдсан эмийн хэрэглээтэй. Монгол Улсын хувьд ойролцоогоор 300-400 орчим нэр төрлийн уламжлалт тантай.

-Монголчууд “ковид-19” өвчний үед танг түлхүү хэрэглэж байсан. Тэгэхээр европ эм болон танг хавсарсан байдлаар ууж болох уу?

-“Ковид-19” өвчний үед МАНА-4, НОРОВ-7 танд Монгол даяараа уулаа. Эдгээр нь найрлагын хувьд ялгаатай хоёр төрлийн тан юм. Хоёуланг нь буцалгаж хэрэглэдэг. МАНА-4 танг ууж байгаа тохиолдолд НОРОВ-7-г заавал хавсарч уух шаардлагагүй. Ихэнх тангууд цаасан ууттай байдаг. Түүнийг нь задлаад 150-200мл аяга усанд хийгээд л зөөлөн гал дээр 15 минут буцалгаад бүлээнээр нь уучихна. Түүнчлэн энэ эмнүүдээ хөлөглөж ууж болно. Хөлөглөнө гэдэг нь хүчийг нь нэмнэ гэсэн үг. Жишээлбэл, гурван шимтийн яс буюу борви, тойг, далны шөлөнд буцалгаж ууж болдог. Ингэснээр тангийн хүч нь нэмэгдэж илүү дархлаа сэргээх ач холбогдолтой болдог. Уламжлалт анагаах ухаанд эм уух ёс, цаг байдаг. Хийн эмийг ихэвчлэн өглөө юмуу оройгоор ууна. Шарын эмийг өдөр ууна. Мөн европ эмтэй хоршуулж ч ууж болдог. Хоорондоо харшилдах зүйл бараг л байдаггүй. Харин ургамлын харшилтай болон эм, тангийн найрлагад орсон түүхий эдийн харшилтай бол эмийн гаж нөлөө үзүүлж болно.

-Цус шингэлэх тан байдаг уу. Ер нь цусыг хэрхэн шингэлдэг вэ?

-Европ анагаах ухаан төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч гэсэн цусыг шингэлэх тухай их ярьдаг. Аспирин, Зилт75мг болон бусад нэр төрлийн эмнүүд цус шингэлдэггүй тухай УГТЭ-ийн зүрх судасны тасгийн эмч нар хэлсэн байдаг. Харин цус бүлгэнэх үйл ажиллагаанаас сэргийлдэг. Цус өтгөрч бүлэгнэснээр өөрийн хэмжээ диаметртэй судсыг очиж бөглөснөөр цус харвалт үүсгэх эрсдлийг бүрдүүлдэг. Тиймээс цус шингэлэх гол зүйл нь зүгээр л цэвэр буюу эрүүл хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулах юм. Эрүүл хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулснаар цус шингэрнэ. Дээр дурдсан эмүүдийг ууснаараа цусаа шингэлж байна гэж бодож болохгүй. Цэвэр агаарт гарах эсвэл коктейль уух, шингэн хүчилтөрөгч хэрэглэх зэргээр хүчилтөрөгчөө нөхөхгүй бол Улаанбаатарын утаанд эрүүл хүчилтөрөгч авах ямар ч боломжгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр эрүүл шинэ цус үүсгэх давуу тал нь цусны донор болох. Үүний ач холбогдол нь нэг удаад 400-600 мл цус өгдөг. Ингэснээр биед байгаа цусны эзлэхүүн багасна. Нэг талаараа эрүүл аргаар эрүүл цус төлжүүлэх юм. Мэдээж хүн бүр цусны донор болох боломжтой. Цус сэлбэлт судлалын төвд очиж үзүүлснээр та донор болох боломжтой үгүйг эмч нарын үзлэгийн явцад хэлээд өгнө. Үүнээс гадна маш олон төрлийн өвчний үед хийдэг засал эмчилгээ бол хануур засал. Ханш нээсэн үеэс бид энэ төрлийн заслыг илүү зөвлөдөг. Хануур засал хийх үедээ цус ялгах танг заавал уулгадаг. Энэ нь муу сайн цусыг ялгана. Эмчилгээний хувьд ач холбогдолтой, судалгаатай зүйл. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва энэ чиглэлээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг. Ингэхдээ хануур нь ямар ач холбогдолтой талаар илүү дэлгэрэнгүй судалсан, нотлогдсон арга гэдгийг гаргаж ирсэн юм. Энэ аргыг хэрэглэхдээ холын болон ойрын бэлтгэлийг ханган зориулалтын зүүгээр зөв хийснээр маш олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Хануур заслыг 16-гаас доош насны хүүхдүүд, 75-аас дээш насны иргэдэд хийдэггүй. Харин зайлшгүй тохиолдлоор зарим нэг хүнд хийнэ.

-Тан гаж нөлөө үзүүлдэг үү?

-Бүх өвчин эмгэгт зориулсан тан байдаг. Хавдартай хүнд уулгадаг эрдэнийн үрэл ч гэж бий. Гэхдээ эмч үзэж онош тогтоогоод тан ууж болох болохгүйг хэлж өгдөг. Эмчийн заавраар уух нь хамгийн зөв. Өвчний явцаа мэдэхгүй эм авч ууснаар эмийн зохисгүй хэрэглээ болдгийн адил тогтоосон тунгаар уугаагүй тохиолдолд тан ч гаж нөлөө үзүүлж болно.

-Таны хувьд уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2010 онд төгссөн. Одоогоор Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэгт 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү мэргэжлийг сонгож ажилласандаа туйлын баяртай байдаг. Бид өвөг дээдсийнхээ хэрэглэж ирсэн зүйлийг уламжлан өнөөг хүртэл хэрэглэж дадаад явж байна. Уламжлалт болон Европын анагаах ухаан зөрчилдөх асуудал өмнө нь байсан ч хоорондоо нэгдэж эмчилгээгээ хийвэл илүү хөгжиж, сайжирна. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр орон нутагт олон тасгууд ажиллаж байгаа. Эдгээр нь тухайн эмнэлгийн бусад нэгжтэй нягт хамтарч ажилладаг. Ингэж ажилласнаар хүмүүст илүү их тус хүргэнэ. Мөн үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулж өгөх юм. Уламжлалт болон Европын анагаах ухааны гол агуулга нь иргэний амьдралын чанарыг сайжруулах байдаг.

-Уламжлалт болон Европын анагаах ухааны тасаг нэгжүүд хамтарч ажилласнаар ямар ач холбогдолтой вэ. Жишээ яривал…?

– Бид нэг том зорилготой хоёр том салбарын төлөөлөл юм. Уламжлалт анагаах ухаан төдийгүй Европ анагаах ухаан нь цаг үргэлж нягт хамтарч ажиллах ёстой юм. Жишээ нь, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд уламжлалт анагаах, нөхөн сэргээхийн тасаг гэж бий. Тухайн эмнэлгийн бусад тасгууд нягт хамтарч ажилладаг төдийгүй хэдэн жилийн өмнө мэс заслын тасагтайгаа хамтраад түгжрэлийг эмчилж байсан тухай бидэнд хэлж байсан юм. Мэс заслын тасгаас эхлээд түгжрэлийг уламжлал анагаах ухааны аргаар эмчлэхийг санал тавьсан. Тэгээд уламжлалт анагаах ухааны аргаар тухайн үйлчлүүлэгчийн биеийг эмчилж, хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон. Нэг хүн ч гэсэн нэг илүү зүсэлт хийлгэхээс аврагдаж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм нягт холбоотой байж амжилт дагуулна. Энэ нь бусад орон нутгийн БОЭТ болон нэгдсэн эмнэлгүүдэд шинж жишиг тогтоож өгч байгаа хэрэг л дээ.

-Эмэгтэйчүүдийн өвчний үед улалмжлалт аргаар хэрхэн эмчилдэг вэ?

-Жирэмслэхгүй байгаа эмэгтэйг уламжлалт анагаах ухаанаар зүү, тан эмчилгээ болон бусад засал эмчилгээ хийгээд үр дүн их гардаг. Мөн жирэмсэн эхчүүд тонус өгөөд зулбах эрсдэлтэй байдаг. Зарим үед эрт хожуу үеийн хордлого ч өгнө. Үүнийг ч гэсэн бичил зүү (чихний зүү) эмчилгээний нэгэн аргаар хордлогоос нь сэргийлдэг. Заавал хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

-Танай эмийн үйлдвэрт тан хийхэд хичнээн төрлийн түүхий эд ашигладаг вэ. Түүхий эдээ хаанаас бэлддэг вэ?

-Тангийн найрлагад орох түүхий эд нь маш олон төрөл байдаг. Дотоодын болон гадаадын нийлүүлэлтээс бүрдүүлнэ. Манай эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмээс хамгийн их найрлагатай нь буюу Агар-35 нь эмийн болон амьтны гаралтай 35 түүхий эдээс бүрддэг. Аймгуудаас энэ ургамал хаана ихээр ургадаг талаарх судалгааг хийдэг. Ургамал бүрийн иш, үндэс, үр болгон тэр өвчинд сайн гээд судлагдсан байдаг учраас тан бэлдэх зүйлдээ тохируулж ургамлаа түүдэг. Харин гадаад түүхий эдээ БНХАУ-аас авчирдаг. Манай хүрээлэнгийн эмийн үйлдвэрт одоогоор 17 ажилтан ажиллаж байна.

-Уламжлалт аргаар харшил эмчилж болох уу?

-Харшлын үед тан, зүү эмчилгээ, хануур заслыг ч хийдэг. Харшлаас гадна чихрийн шижин өвчин төдийгүй бүхий л өвчин эмгэгийн үед ч хануур заслыг хийнэ. Харшилд тийм тан сайн гээд хэлж болохгүй. Эхлээд эмчдээ үзүүлж онош тогтоож л ямар тан уухаа шийднэ.

-Хаврын улиралд хүн их ядардаг. Тэгвэл энэ үед ямар хоол унд хэрэглэвэл зохистой вэ. Зөвлөгөө өгнө үү?

-Орчин үед идээ ундаагаар дамжуулан өвчнөөс урьдчилан сэргийлдэг болсон. Хүн бүр л хоолны дэглэм барих ёстой гэдэг талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээмэл ярьдаг. Өвөг дээдэс маань эрт үеэс эхлэн хоол ундаа цаг үетэйгээ хослуулж хэрэглэдэг байсан. Зуны дэлгэр цагт цагаан идээ, хаврын улиралд илүү шим сайтай хоол хэрэглэх, өвөл нь мах, махан бүтээгдэхүүнээ голчлон хэрэглэж дулааны энергиэ нөхдөг. Мөн таван хошуу малын махаа аль улиралд идвэл илүү тохиромжтой вэ гэдгийг эртнээс л судалж ирсэн байдаг. Одоо ч хэрэгжүүлсээр явна. Өнөө цагт хоол ундны хэрэглээ илүү боловсронгуй болж, бэлэн бүтээгдэхүүн, даршилсан, шарсан хуурсан бүтээгдэхүүн их гарч, уламжлалт хэв маягаар хооллохоо больчихож. Ингэж хооллож ирэхээрээ л өвчин эмгэг тусах магадлал ихэсдэг. Хоолоо зохицуулж хэрэглэх уламжлалт аргыг л илүү анхаарч, цааш нь өвлүүлэх учиртай.

Хаврын улиралд шар идээ буюу бяслаг, ээзгий, шар тосыг хэрэглэх хэрэгтэй. Эрдэмтэд шар тосыг дархлаа сэргээдэг учир голчлон хэрэглэхийг зөвлөдөг. Бид цөсний чулуутай хүнд шар тос хэрэглэхийг зөвлөдөггүй. Хурц учраас цөсний чулууг нь хөдөлгөдөг. Тиймээс эхлээд хүнээ оношлох, дараа нь ямар бүтээгдэхүүн, ямар эм тан хэрэглэхийг хэлж өгдөг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *