Categories
мэдээ цаг-үе

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн том алхмаасаа ухарчих вий

-ШҮҮГЧИЙН ЦАЛИНТАЙ БАРЬЦАЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН СОЁЛЫН Л АСУУДАЛ ЮМ-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргалаа. Тэгэхээр тойргийн шүүх байгуулснаа буцаана гэсэн үг үү?

-Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийг нутаг дэвсгэрээр бүсчилж эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулна гэж заасан. Дагнасан шүүхийн ач холбогдол хэлж баршгүй. Өглөө загасчин, орой тариачин гэдэг шиг шүүгч нэг иргэний хэрэг, нөгөө талд очиж эрүүгийн хэрэг шийддэг байсныг өөрчилсөн нь шүүгчийг мэргэшүүлдэг. Мэргэшсэн шүүгчид мэргэшсэн шийдвэр л гаргана. Үүний үр ашгийг нь хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс хүртэнэ шүү дээ. Шүүхийн шинэчлэлийн асар том алхмаасаа ухарчих вий гэж болгоомжилж байна. Хууль гарсны дараа шүүгчид очсон газартаа байр авчихсан. Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байсан шүүгчид Дорнод руу томилогдохдоо байраа зараад очсон газраа орон гэртэй болчихсон. “Хууль өөрчлөгдлөө. Эргээд нүү” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Буцааж нүүлгэх бол улс хариуцах байх. Үүн дээр санхүүгийн том хүндрэл гарна. Шүүхийн 2015 оны төсөв дээр энэ тал дээр нэг ч төгрөг ороогүй. УИХ үндэслэлтэй тайлбар гаргана гэж итгэж байна. Үүнийг нь Үндсэн хуулийн цэцийн хуульчид эргээд харах бололцоо байгаа шүү дээ. Үндсэн хуулийг хөгжлөөс ухрааж тайлбарладаггүй. Тиймээс дунд суудлын хуралдааны шийдвэрээр тогоо хөмөрчихлөө гэж харахгүй байгаа. Цэцийн гишүүдийн мэргэн ухаанд найдах ёстой.

-Хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх гэж аймаг дамжиж явах нь иргэдэд хүндрэлтэй гэх юм билээ.

-Иргэдээс ийм гомдол нэг ч ирээгүй. Тиймээс хүндрэлтэй, чирэгдэлтэй байна гэх яриа хийсвэр яриа. Жишээлбэл, давж заалдах шүүх рүү иргэн өөрөө гомдлоо бариад явдаггүй. Гомдлоо орон нутгийнхаа анхан шатны шүүхэд л өгчихдөг. Анхан шатны шүүх гомдлыг хавтаст хэрэгтэй нь хамт дараагийн шатны шүүхэд хүргүүлчихдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцох шаардлага байдаггүй. Улаанбаатар хотод гэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд арван хүний хоёр нь л оролцдог. Хөдөө ч ийм л байдалтай. Хэрвээ тухайн иргэн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа бол амьдарч байгаа газраасаа онлайнаар шүүх хуралдаанд оролцох техникийн бололцоо бүрдчихсэн. Хэдүүлээ цахим эринг ашиглая л даа.

-Анхан шатны шүүхээр шийдсэн хэргийн хэдэн хувь нь дараагийн шатны шүүхэд ханддаг бол?

-Иргэний хэргийн 6-7, эрүүгийн хэргийн 30, захиргааны хэргийн 50 орчим хувь нь давж заалддаг. Дундаж дүнгээрээ улсын хэмжээнд 11 орчим хувь нь давж заалдсан дүн гарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 89 хувь хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэстэй.

-Хууль зүйн сайд өмнө нь Тойргийн шүүх байгуулагдсанаар давж заалдах шатны шүүхэд хандсан иргэд хохирч байна гэж мэдээлж байсан. Ажлаа авсныхаа дараа эрх зүйн шинэчлэлийн хуулийн алдааг засахаа мэдэгдсэн. Тэгэхээр шинэчлэлийн багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж магадгүй.

-Дагнасан шүүхээс ухаръя гэж яриагүй байх аа. Шүүхийн эрх зүйгээ хөгжүүлэх, боловсронгуй болгоход би хамтарч ажиллахад бэлэн байна.

-Шүүхийн шинэтгэлийг иргэдээс илүү хуульчид шүүмжлээд байх юм. Хуульчдад таалагдахгүй байгаа юм болов уу?

-Шинэтгэл хэр зэрэг хэрэгжиж байгааг эсэргүүцлээр хэмждэг юм шүү дээ. Ямар ч шүүмжлэл байхгүй бол эрх баригчидтай эв түнжингээ олоод хонины найр болж байна л гэж ойлгогдоно. Олон хүн шүүмжлээд, зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд уур уцаар болоод байгааг шүүхийн шинэчлэл явж байна гэж хардаг. Шүүгчийнхээ өрөөнд ороод сууж байдаг өмгөөлөгч орж чадахаа больчихоор уурлаад байгаа юм. Шүүгчдийг шүүх хуралдааны танхимд л хэргийн оролцогчтой уулзуулдаг болсон. Энэ мэт олон өөрчлөлт олон түмний эрх ашгийг хангаж байгаа нь үнэн.

-Шүүгч өндөр цалинтай байхад прокурор, мөрдөн байцаагч бага цалинтай байна гэж шүүмжлэх юм. Шүүгч эдийн засгийн хувьд хараат бус байж хараат бусаар шийдвэр гаргана биз дээ?

-Өмнө нь улсын төсвийн 0.3 хувьд хүрэхгүй бага мөнгөөр шүүх амиа зогоож байлаа. Хэдэн тэрбум төгрөгийн хэргийг нэг сая хүрэхгүй цалинтай шүүгч шийдвэрлэж байсан. Шүүх, шүүгчид ийм л хүнд хэцүү амьдралтай байсан. Одоо төрийн албан хаагчдаасаа хамгийн өндөр цалинтай боллоо. Энэ хэрээр хариуцлага, эрмэлзлэл нь өндөр болсон. Шүүгчийн цалинг төд гэж зарлах нь хараат бус байдалд халдсан, нөлөөлж болзошгүй асуудал. Гэхдээ бусад улсын шүүгчтэй харьцуулахад хамаагүй бага. Бусад хуульчид барьцаж байгаа бол соёлын л асуудал даа. Хүний амь нас, эд хөрөнгө, эрх чөлөөтэй холбоотой олон чухал шийдвэр гаргаж байгаа хүнийг багш, эмч, хууль сахиулагчтай харьцуулах нь Монголын л асуудал юм даа. Дэлхий ийм юм ярихаа больчихсон шүү дээ. Шүүгч тасархай өндөр цалинтай, тэр хэрээрээ хариуцлагатай байх ёстой. Шүүгч хараат бус байвал миний өнөөдрийн бүү хэл, ирээдүй үр хүүхдийн минь амьдрал гэгээтэй байх учраас шүүгчээс битгий харамлаарай гэсэн соёлоор дэлхий явж байна. Манайхан энэ соёлд дасаагүй учраас шүүмжлэл гаргаад байх шиг. Монгол 500-хан шүүгчтэй. Тэдэнд хангалттай цалин өгөхөд Монгол л хожно шүү дээ.

-Шүүхийн тухай багц хууль батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаар багагүй хугацаа өнгөрлөө. Шүүх нээлттэй болсон, цахим сангаас шүүхийн шийдвэр авчихдаг болсон гээд давуу тал их гарсан. Иргэд шүүхийн шинэчлэлийн үр дүнг хүртэж байна уу?

-Энэ онд Монголын шүүх бүрэн утгаараа нээлттэй болсон. Германд ажиллаад ирэхдээ шүүхийн нээлттэй байдлаар бид тэр улсаас хол түрүүлснийг анзаарлаа. Шүүх хуралдаанд орж чадахгүй байна, ажиглаж болохгүй байна гэдэг яриа түүх болж үлдсэн. Хот, хөдөөгийн аль ч шүүхийн үүдэнд очиход шүүх хуралдааныг танхимын гаднаас шууд үзэх боломж бүрдсэн. Мөн шүүхийн шийдвэр нээлттэй болсон.www.shuukh.mn сайтад шүүхийн бүх шийдвэр бий. Энэ бол иргэд шүүхэд хяналт тавих, үнэлэлт өгөх том боломж. Шүүхийн шийдвэрийг суурин интернэтээр л үздэг байсан бол одоо гар утсаараа харах боломжтой болсон. Цахим сангийн ухаалаг утасны апликейшнийг авсанаар малын бэлчээр дээрээс шүүхийн шийдвэртэй танилцаж болно. Ингэж цахим шүүх болох үндэс суурийг тавьж чадлаа. Цахим шүүхтэй болсноор хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах боломж бүрдсэн. Саяхан Ховд аймагт хоригдож байгаа хүний хэргийг Улаанбаатарт шийдэхдээ хуралдаанд онлайнаар оролцуулсан. Цаашид 461 дүгээр хорих ангиас шүүгдэгчдийг зөөж авчрахгүй. Тэндээс нь хуралдаанд оролцуулдаг болно. Шүүгчдийн сургалтыг ч онлайнаар явуулах боломж бүрдсэн.

-Энэ онд цөөнгүй шүүгч томилогдсон. Шинээр томилогдсон шүүгчдийн боловсрол, ажлын дадлага туршлага хэр байгаа бол?

-Шүүхийн хүний нөөцийг 63 шинэ шүүгчээр сэлбэсэн нь шинэ үеийн шүүхийн түүхэнд байгаагүй үзэгдэл. Нийт шүүгчдийнхээ 13 хувийг шинэчлэлээ гэж үзэж байгаа. Өмнө нь шүүх цус ойртсон, шүүгчийн туслах л шүүгч болдог гэх шүүмжлэл байлаа. Тэгвэл шинээр томилогдсон 63 шүүгчийн 52 хувь нь гаднаас орж ирсэн. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан, компаниудын хуулийн зөвлөх хийж байсан туршлагатай хүмүүс шүүхэд ирлээ. Боловсролын түвшинг нь харахад 40 хувь нь магистр, 11.1 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын зэрэг хамгаалсан байна.

-Бусад улсад шүүгчийн гаргасан шийдвэр нь сургалтын хувьд ч, хуульчдын хувьд ч том судлагдахуун болдог. Манайд шүүгчийн гаргасан шийдвэрийг судалдаг уу?

– Одоо эхлэх гэж байна. Шүүгчийн шийдвэрийг эрдэмтэд мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж эхэллээ. МУИС-ийн гурван эрдэмтэн шинжилгээ бичиж хэвлүүлсэн нь Монголын шүүхийн түүхэнд бараг анхных биз ээ. Шүүгчийн шийдвэрт дүн шинжилгээ хийгээд эхлэхээр шүүгчид шийдвэрээ гаргахдаа маш хариуцлагатай хандахаас өөр аргагүй болно. Энэ бол мэргэжилтний бултаж, үгүйсгэж үл болох хяналт.Хяналтаас хариуцлага эхэлнэ. Энэ утгаараа шүүгчийг хариуцлагатай болгох чухал механизм ажиллаж эхэллээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *