ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч, улс төр судлаач доктор Нийлс Хегевиштэй баруун Европ болон Монголын улс төрийн намуудад тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.
-Таны бичсэн социал-демократ үзлийн тухай нийтлэлийг уншлаа. Та дижитал капитализм гэсэн нэр томьёог нэлээд хэрэглэсэн байна. Яриагаа үүнээс эхэлье гэж бодлоо.
-Дижитал капитализм гэдэг нэр томьёог Карл Марксын “Капитал” хэмээх алдарт бүтээл хэвлэгдсэний 150 жилийн ойн арга хэмжээн дээр тавьсан илтгэлдээ хэрэглэсэн. Капитализм ялалт байгуулж зорилгоо биелүүлсэн гэж үзсэн учраас 1999 он хүртэл энэ бүтээл баруунд төдийлөн уншигдахаа байж, түүнд ач холбогдол өгөхөө ч больсон байлаа. 2008 оны эдийн засгийн хямралын үед Марксын онолоор дижиталчлал зэрэг техникийн дэвшлийн улмаас капиатализмд орсон гүнзгий өөрчлөлтүүдийг тайлбарлахад илүү хялбар байсан учраас К. Марксын бүтээлийг дахин шинээр нээсэн юм. Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд үйлдвэрлэлийн хэрэгсдүүдийг монопольчилсон юм. Алгоритмууд, тооцоолон бодох машины багтаамж, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл зэрэг нь өнөөгийн үйлдвэрлэлийн хэрэгслүүд юм. Үүнээс гадна ажилчдыг хамт олноор нь бус нэг нэгээр нь ажиллуулж хоол нийлүүлэгчид, таксиний жолооч, илгээмж хүргэгчид хэлбэрээр компаниас хараат байдалд байлгадаг.
2008 оны эдийн засгийн хямралаас хойш хүмүүс капитализмын юу нь буруу байсныг олж харахын тулд энэ бүтээлийг дахин уншиж, дүгнэлт хийж, капитализмыг шүүмжилж эхэлсэн. Ингээд К.Марксын бүтээлийг эргэн харах болсон. Уг бүтээлд хөгжил, капитализмын парадоксын талаар маш сайн тайлбарласан байгаа. Ингээд 2008 онд К.Маркс эргэн ирж, түүний бүтээлийг шинээр нээж дижитал капитализмыг нээсэн гэж болно. Үүнд үйлдвэрлэлийг монопольчлох, ажил олгогчид ажил эрхлэгчдийгээ хэрхэн мөлжиж байгаа зэрэг нь багтана. XIX зууны санхүүгийн хямрал нь дижитал капитализмын эхлэл байсан. Түүнээс бид өнөөгийн тулгараад буй асуудлын хариултыг олно. Тэр нь бүтэц зэрэгт дүн шинжилгээ хийх гараа нь болж өгнө.
-Дижитал капитализм гэсэн нэр томьёог та яг юу гэж тайлбарлах вэ?
-Дижитал капитализм гэдэг ойлголт хоёр зуун солигдох зааг дээр бий болж сүүлийн 5 жилд хэрэглэгдэх болсон. Үйлдвэрлэл, амьдрал арга хэлбэр нь интернэтийн нөлөөгөөр бүрмөсөн өөрчлөгдсөн. Хүний хийдэг байсан ажлуудыг машин техник, компьютерээр орлох болсон. Зарим тмоохон концернууд жишээ Facebook зэрэг нь монополчлолоо тогтоосон. Гэтэл хэрэглэгч бүр түүнд нь хувь нэмэр оруулснаар эдгээр бизнесийг эрхлэгчид нь ашиг олоод зогсохгүй хэнд ч, ямар ч төлбөр төлдөггүй. Apple, Amazon зэрэг нь эдийн засгийн хувьд дэлхийн улс орнуудаас илүү нөлөө бүхий хүчирхэг болсон.
Үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар дахь уламжлалт ажлын байрууд үгүй болсоор байна. Компьютер, машинууд улам олон ажлын байран дээр хүмүүсийг орлох боллоо. Фейсбүүк зэрэг цөөхөн хэдэн олон улсын концернууд дэлхий дахинд монопольчлолоо тогтоож байна. Эдгээр компаниудын ашгийг нэмэгдүүлэхэд хэрэглэгч бүр хувь нэмрээ оруулдагч цалин авдаг хүн бараг үгүй. Аpple, Аmаzon зэрэг концернуудын эдийн засаг, улс төрийн эрх мэдэл дангаараа дэлхийн олон улсуудаас давсан байна. Хөдөлмөрийн ертөнц үндсээрээ өөрчлөгдөж нийгмийн даатгалд заавал хамрагддаг хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувь буурсаар. Харин бие даан хувиараа хөдөлмөр эрхлэгсэд мэт өнгөн дээрээ харагддаг хөдөлмөрчдийн тоо өссөөр байна. Эдгээр нь жишээлбэл: хоол хүргэгчид, таксины жолооч нар юм. Тэд интернетийн App-аар дамжуулан захиалгаа авч олсон ашгийн багаахан хэсгээр цалинждаг. Харин апп эрхлэгсэд ашгийн дийлэнхийг ямар ч нийгмийн хариуцлага хүлээхгүйгээр хүртэж суудаг. Бусад нь интернетээс орчуулга, дизайн, зэрэг компьютераар гүйцэтгэж болох захиалгуудыг олж аван klickworker буюу компьтераар хийх ажлыг гүйцэтгэж огт нийгмийн хамгаалалд хамрагдалгүйгээр ажиллаж мөнгөө олдог. Хэрвээ кликворкерууд өвдөх, насан өндөр болох зэрэг амьдралын эрсдэлд өртсөн нөхцөлд компани тэдний төлөө юу ч хийхгүй, төрд даатгаад орхидог.
-Дижитал капитализм гэсэн томьёог баруунд яг хэдийнээс хэрэглэж болов?
-Дижитал капитализм яг хэдийнээс эхэлсэн гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан сүүлийн таван жилд нэлээд хэрэглэгдэж байгаа. Энэ нь шинэ технологийн салбарт монопольчлол бий болж байгаатай холбоотой. Өнөөдөр Amazon, Apple, Microsoft, Google, Facebook гээд томоохон компаниуд монополио тогтоочиход байна. Дижитал ертөнцөд тогтсон энэ монпольчлол нь маш ихээр нөлөөлсөн. Монголчууд олон нийтийн сүлжээг маш ихээр хэрэглэдэг. Жишээ нь Facebook-т Монгол ямар хуультай нь огтхон ч сонин биш. Түүнээс гадна өөрсдийгөө төрөөс илүү чухал хэмээн үздэг концернууд байна. Тэдгээр нь хэдэн мянган хүнийг ямар ч хөлс өгөхгүйгээр ажиллуулдаг. Бид олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдөө ч мэдэхгүй хөдөлмөрөө мөлжүүлдэг. Жишээ нь Монголд songo гээд веб хуудас бий. Интернэтээр дамжуулан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Иймэрхүү үйлчилгээг хараад тэнд ажилладаг хүмүүс нь бие даан ажиллаж байна гэж боддог. Үнэндээ бол тэд байгуулсан гэрээнийхээ тоогоор цалинждаг, ажлын нөхцөл нь шаардлага хангадаггүй. Үүнийг klickworking гэдэг. Гэрээний дагуух хөдөлмөрийн хөлс нь маш бага, эрүүл мэнд, нийгмийн зэрэг даатгалыг төлдөггүй. Нэг жишээ дурьдя. Баруунд Uber хэмээх машин түрээслэх үйлчилгээ байдаг. Хүмүүст машин хөлслүүлдэг. Осол зэрэг гарахад Uber компани нь ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй,хохирогчийн бүх төлбөрийг улс төлдөг.Энэ нь нөгөө дижитал капитализмын нэг жишээ.
-Тэгэхлээр хоёулаа өөр сэдэв рүү орьё. Та Фридрих- Эбэртийн сангийн Монгол дахь төлөөлөгч. Танай сан Германы Социал-Демократ намд харьяалалттай. Яагаад өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуульд танай нам дахин ялагдал хүлээв?
-Германы Социал-Демократ намын уугуул сонгогчид нь жирийн албан хаагчид, ажилчид юм. Тэдний тоо цөөрч нийгмийн өөрчлөлт, техникийн дэвшил, хөдөлмөрийн ертөнц дөх өөрчлөлтүүдийн улмаас социалд емократ намтай холбогдох холбоос нь суларсаар байна. Дижитал капитализмын нөлөөгөөр сонгогчдын бүтэц мөн өөрчлөгдөж байна. Канцлер Герхард Шройдерийн эхлүүлсэн нийгмийн системийн өөрчлөлтүүд олон түмэнд таалагдаагүй ч германы нийгмийн баримжаат төрийн тогтвортой санхүүжилтийг хангахын тулд зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлүүд байсан. Нийгмийн байдлын хувьд төдийлөн сайн биш хүмүүс уг шинэчлэлд илүүтэй өртөж орлого нь буурсан учраас хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн юм.
-Тэгвэл Германы Социал-Демократ нам өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар дахин ялагдлаа. Үүний шалтгаан нь юу вэ?
-Хоорондоо холбоотой маш олон шалтгаантай. Нэг шалтгаан нь Социал-Демократ намыг дэмждэг үйлдвэрийн ажилчдын тоо багассантай холбоотой. Энэ нь нөгөө л нэг дижитал ертөнцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Германд үйлдвэрийн ажилчид, сонгодог хэмээн нэрлэдэг ажилчдын тоо багассан. Үйлчилгээний салбарт ажиллаж сайн цалин авдаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Сонгодог полетарчуудын тоо багасчихлаа. Сонгогчдын бүтэц ч гэж хэлж болно. Хоёр дахь шалтгаан нь шинэчлэл хийсэнтэй холбоотой. Шинэчлэл нь олон хүний хувьд хүнд туссан хэдий ч түүнийг хийх шаардлагатай байсан. Олон хүн шинэчлэлд сэтгэл дундуур байгаа. Одоогоос арван жилийн өмнө хийгсдэн шинэчлэл хэдий ч өнөөдөр хүртэл хүмүүс мартаагүй. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь бол Германы Социал-Демократ намын хувьд хүзүүнд уясан хүнд чулуу мэт болсон. Гурав дахь шалтгаан нь сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалттай холбоотой. 2005 он хүртэл сонгуулийн сурталчилгааг маш эрчимтэй хийж байсан. 2005 оноос хойш зохион байгуулалт зэрэгт нэлээд өөрчлөлт орсон. Намын бүтэц урьдынх шигээ үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байна. Түүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд шинэ арга барилыг ашигладаг болж, зохион байгуулалтын ажлууд нэлээд доголдсон. Улс төрийн ерөнхий нөхцөл байдал өөрчлөгдөж, сонгогчид намууд тэдний үзэл бодол, ашиг сонирхолыг хамгаалах ёстой хэмээн үздэг. Германы Социал-Демократ нам нь эвсэлд байсан тул зарим нэгэн асуудал дээр буулт хийхээс өөр аргагүй болсон. Сонгогчид үүнийг ялагдал гэж үздэг. Сонгуульд ялагдал хүлээсэн гол шалтгаанууд нь энэ. Түүнээс гадна Германд төдийгүй Европт улс төрийн намууд гүнзгий хямралд орчихоод байгаа. Хүмүүс ард түмний нам хэмээн нэрлэгддэг бүх салбарт бодлогын шийдлүүдийг санал болгодог том намуудаас илүүтэй зөвхөн тэдний онцлог асуудалд анхаарал хандуулдаг явцуу хөтөлбөртэй намуудыг сонгохыг илүүд үздэг болсон. Ардын гэсэн нэртэй намуудын үе нь өнгөрсөн гэж болно. Тиймээс өдгөө манай засгийн эрхийг барьж буй Христосын Ардчилсан намд ч удахгүй мөн ийм бэрхшээл тулгарна. Өөрөөр хэлбэл нэг талаас Социал-Демокарт намын хямрал, нөгөө талаас намын бүтэц томоохон шинэчлэл хийх шаардлагатай болсон гэсэн үг.
-Улс төрийн намын энэ байдал нь намын даргатай холбоотой юу?
-Улс төрийн хүчний мандал эсвэл уналтанд нэг хүнийг буруутгах нь маш амархан л даа. Мэдээжийн хэрэг намын удирдагчтай холбоотой. Германы Социал-Демократ намын хувьд бол зөвхөн одоогийн дарга М.Шульцтэй холбоотой юм биш. Түүнээс өмнө энэ албыг хашиж байсан хүнтэй холбоотой. Намын дарга нь ганцаараа намыг аврах эсвэл унагахад хүргэнэ гэдэг бол асуудлыг маш өнгөц харж байгаа хэрэг. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны ажил тийм ч сайн байгаагүй, түүнээс гадна М.Шульцэд цаг маш бага байсан. Тэр сонгуулийн өмнөхөн дарга болсон тул төдийлөн нөлөөлж чадаагүй.
-Тэгэхлээр Германы Социал-Демокарт намд шинэчлэл хийх шаардлагатай гэсэн үг үү. Миний бодоход олон намд шинэчлэл хийх шаардлагатай болсон гэж бодож байгаа. Энэ нь зөвхөн Германд ч хамаатай юм биш, манайд ч мөн адил. Дижитал капитализмын үед намыг яаж шинэчлэх ёстой вэ?
-Хамгийн гол нь цаг хугацаа хэрэгтэй. Маш тайвнаар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх. Дижиталын эрин үед ажлын байрны зах зээл тэр чигтээ өөрчлөгдөнө. Монголд ч гэсэн удахгүй ийм үе ирнэ. Өөрөөр хэлбэл ажлын байрны тоо багасна. Үүнийг аж ахуй, бизнес эрхлэгчид ч ашиглана. Ийм нөхцөл байдалд яах ёстой гэдгийг ул суурьтайгаар бодох хэрэгтэй. Хүмүүс байсаар байна, ажлын байр нь үгүй болно. Тэгэхлээр яахав. Хэрхэхийг сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, намын тань төлөө саналаа өгсөн хүмүүс дээр очиж тэд хэрхэн амьдарч байгааг харах хэрэгтэй. Тэдэнтэй уулзаж, сэтгэлийг нь зовоож байгаа асуудлаар, юу хүсч байгаа талаар нь ярилцах хэрэгтэй. Ярьсныг нь нухацтайгаар хүлээж авах нь чухал. Германы Социал-Демократ нам үүн дээр маш бага ажилласан. Санал асуулгын дүнд итгэж, ухаантай санал хэлэх биш сонгогчдын саналыг сонсох явдал. Үүнд дээр тулгуурлан үүсээд буй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээд түүн дээрээ тулгуурлан хөтөлбөрөө боловсруулах. Энэ бүхэн нэлээд цаг шаардах ажил. Гэхдээ улстөрчид ингэх цаг зав байхгүй гэдэг.
-Өнөө үед ажлын байр улам бүр бага болно гэж та хэллээ. Баялагыг ард иргэдэд тэгш хуваах хэрэгтэйг та нийтлэлдээ бичсэн. Энэ бүхнийг сонсоход коммунизмыг санагдуулж байна. Ер нь энэ зарчим ирээдүйд хэр зэрэг тохирох вэ?
-Өчигдрийн хоолны жороор маргааш амттай хоол хийнэ гэсэн үг байдаг.Өнөөдрийн байдлаар хүний хөдөлмөрийг машинаар орлуулж байна. Германд ингээд эхэлчихсэн. Машин үйлдвэрлэлийн салбар үүний нэг жишээ. Монголд ч гэсэн мөн ийм болж байна. Жишээ нь танай томоохон банкуудад ихэнх ажлыг комьютерийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Эдгээр хүмүүс 20 жилийн дараа гэхэд ажлын байраа алдах байх. Гэхдээ банк зэрэг байгууллага нь ашиг олсоор байна. Тэгэхлээр эдгээр хүмүүст юу гэхэв, та нар азгүй байна гэж хэлж болохгүй шүү дээ. Байдал ийм байхад нийгэм тогтвортой байх уу. Эсвэл машин хүний хийх ажлыг гүйцэтгэж түүнээс олсон ашгийг нь хүн амд хувааж амьжиргааг нь залгуулах уу. Гэхдээ иймэрхүү арга явахгүй болов уу, социализмын үед хэрэглэж үзсэн боловч үр дүнд хүрээгүй. Германд бол жишээ нь ард иргэдийн үндсэн орлого нь ямар байх талаар яригдах болсон. Жишээ нь машинуудад татвар тогтооч гэсэн санал байгаа. Миний хувьд бол нийгэмд хэрэгтэй ажил хийж байгаа хүмүүс жишээ нь уран бүтээлчид, хүүхэд асрагчид үндсэн цалин авдаг байх ёстой. Зүгээр гэртээ зурагтны өмнө суугаад байгаа хүнд улсаас үндсэн орлого олгохгүй гэх жишээний. 20 жилийн дараа ажлын байрууд үгүй болоход яах вэ гэдэг нь ирээдүйн маш том тулгамдсан асуудал болно.
-Энэ бол эрх барьж буй улс төрийн хүчнүүдийн шийдэх асуудал. Гэтэл намуудапд маш их тулгамдсан асуудалтай байгаа. анайд гэхэд намын санхүүжилтын асуудлууд сонгуулийн өмнө хурцаар тавигддаг. Энэ асуудлыг Германд яаж шийддэг вэ?
-Улс төрийн намууд ихэвчлэн улсаас санхүүждэг. Жишээ нь сонгуулийн сурталчилгааны зардалыг улсаас өгдөг. Ингэхдээ сонгуулиар хэдэн хувийн санал авсанаас шалтгаалан хэдий хэмжээний мөнгө өгөхийг шийднэ. Хувь хүмүүс улс төрийн хүчнүүдэд хандив өргөнө, түүнээс нь улс татвар авна. Үндсэн зарчим нь намууд улсаас хэдий чинээ их санхүүгийн дэмжлэг авна төдий чинээ хараат бус байж чаддаг. Гэхдээ татвар төлөгчид төрөөс улс төрийн хүчнүүдийг санхүүжүүлж байна хэмээн шүүмжилдэг. Гэхдээ ингэснээр намууд хээл хахуулиас ангид байж чаддаг.
-Танайд улс төрийн нам нь сонгуулиар хичнээн хэмжээний хандив авч болдог вэ. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?
Улс төрийн намууд 10 мянган евроноос дээш хэмжээний хандив авсан бол жил тутмын санхүүгийн тайландаа заавал тусгаж санхүүгийн тайлангаа нийтлэх үүрэг хүлээдэг. 50 мянган евроноос дээш хэмжээний хандив авсан бол авсан даруйдаа Бундестагийн цахим хуудас дээр нийтлэх ёстой. Харин хандивын дээд хэмжээг хуулиар тогтоодоггүй. Хэрвээ хандивлагч 5 удаа 10 мянган еврогийн хандив өглөө гэж үзвэл хандив хүлээн авсан нам санхүүгийн тайландаа тусган нийтлэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Улс төрийн намууд уг журмыг мөрдөөгүй, хандивын нуун дарагдуулсан бол хандивын хэмжээг хоёр дахин нугалж Бундест тушаах үүрэг хүлээдэг.
Мэдээжийн хэрэг манайд ч намын санхүүжилттэй холбоотой маргаан гардаг.
-Ер нь байдлыг харахад манайд болон танайд улс төрийн намуудын байдал нэлээд төстэй юм шиг. Энэ нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон. Улс төр судлаачын хувьд намуудын тулгамдсан асуудлыг шийдэх арга зам байна уу гэж асуумаар байна?
-Монголын улс төрийн намуудыг хямралыг ингэж шийднэ гэж хэлэхэд хэцүү байна. Би ч ямар нэгэн зөвлөгөө өгөхдөө болгоомжтой хандана. Миний бодоход Монголд юу ярьж байгаа, юуг хийх ёстой болон юу хийж байгаагийг хооронд нэлээд ялгаатай байна. Ер нь бол аль ч оронд юм амлаад түүнийгээ хийх, эсвэл хийж чадах юмаа амлана гэдэг чухал. Энэ бол Германы улс төрд ч тулгамдсан асуудал болоод байгаа. Хоёрдугаарт, улс төрийн нам үнэт зүйлсээ нандигнах ёстой. Социал-Демократууд бол нийгмийн эмзэг давхаргын анхаардаг байх жишээтэй. Тэдгээрийн амьдралыг хүндэтгэх ёстой. Монголын улс төрийн намууд нийгмийн эмзэг давхаргын иргэдэд санаа тавьж тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Миний бодлоор Монголын улс төрийн хүчнүүд ч үнэт зүйлсээ эрхэмлийг хичнээн ажиллаж байгаа.
-Өнөөдөр баруун Европын намууд хямрал орчихоод байгааг бид бүгд сайн мэднэ. Улс төр судлаачын хувьд үүнээс гарах ямар арга зам байна гэж бодож байна?
-Миний бодоход Германд бол намын зохион байгуулалтын асуудал нэлээд чухал. Бидний ажигласнаар бол иргэд улс төр сонирхож, түүнд идэвхтэй оролцох хүсэлтэй. Яагаад намуудын нэр хүнд ингэж унаад байгаа нь том асуудал. Жишээ нь Германы Социал-Демократ намынхан энэ талаар ярилцсан. Намд элсэх хүсэлтэй хүний тооөсч байгаа ч насан өндөр болсны улмаас намаас гарч буй гишүүдийн тооноос цөөн байна. Намын дэвшүүлж буй асуудлуудыг хэлэлцэх зэрэгт идэвхтэй оролцоход бэлэн байгаа боловч гишүүнээр элсэх гэж яардаггүй. Гишүүдийн татварын хэмжээ буурч байгаа нөхцөлд төрийн санхүүжилтийн ач холбогдол улам бүр өсөж байна. Өөрөөр хэлбэл намууд илүү нээлттэй болох хэрэгтэй гэсэн үг. Эдгээр хүмүүстэй ажиллахад нам санхүүжилт гаргах ёстой. Төр улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа тул түүгээр зөвхөн намын гишүүдээ бус олон түмнийг санаа бодлыг нээх ажилд зориулах ёстой. Хоёрдугаарт, улстөрчид маань ямар хэлээр ярьдаг нь маш чухал. Германд гэхэд намууд жирийн иргэд сонсоод ойлгодоггүй тийм хэлээр ярьдаг . Өөрөөр хэлбэл технократ маягаар ярихгүй байх, жирийн хүмүүсийн хэлээр ярих хэрэгтэй гэсэн үг. Иймэрхүү байдлаар ард иргэд дунд гүн орсноор тэднийг илүү сайн ойлгоно. Намууд нь иргэдэд шүүмжлэлтэй асуудлуудаар санал бодлыг сонсоогүй, хэтэрхий их бие даан шийдвэр гаргасан гэсэн үг. Намууд нээлттэй болох ёстой. Ингэх амаргүй, маш эмзэг тусах хэдий ч үүнийг ч хийх ёстой.
Ю.Дэлгэрмаа