Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Цар тахал бүх л салбарт дарамт үзүүлж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт илүү нөлөөлж, ачааллаа дийлэхээ байлаа. Энэ салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, төв талбайд суулт хийгээд хэд хонолоо. Гэтэл эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх бус нэг удаа урамшуулал өгнө гэж байгаа нь аргацаасан шийдвэр үү. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Эмч нарын цалин хангамжийн асуудал дээр би байр сууриа анхнаас нь маш тодорхой илэрхийлж ирсэн. Энх цагийн дайны үед өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулаад, тэргүүн фронтод маш хүнд нөхцөлд ажиллаж, ачааны хүндийг үүрч байгаа энэ хүмүүст ядаж илүү цагийн нэмэгдлийг нь цаг тухайд нь бүрэн гүйцэд олгоод явсан бол байдал иймдээ тулахгүй л байсан байх. Өнгөрсөн хугацаад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна төрийн алба хаагчид 21 аймаг, 330 суманд Онцгой комиссын шийдвэрээр дайчлагдан ажилласан. Тэдний зарим нь өнөөдрийг хүртэл урамшууллаа аваагүй, Засаг дарга нар нь өрөнд орчихсон байдалтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-т “нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалингийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж заачихсан. Харин 53.1-т илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгоно” гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд бүр тодорхой заасан байна. Тус хуулийн 30.1-т “Олон улсын хөл хорио, өвчний голомтод ажилласан бол мөн дайчилгаагаар ажиллавал цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Төр хуулиа мөрдөж, эдгээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх л ёстой.

Нөгөөтэйгүүр, хэн ч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгийг илүүд үзнэ шүү дээ. Та бидний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийг маш багаар үнэлдэг нь үнэн, одоо дорвитойхон нэмэх цаг болсон гэдэгтэй санал нийлж байгаа. Яг ийм цар тахлын үед иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүлээн авах эмнэлгүүд нь хүрэлцээ муутай, хүн хүч ч дутмаг байгааг бид харлаа. Тэгэхээр цаашид эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ковидын хуулийг сунгасан. Энэ хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ. Хуулийн ач холбогдол нь яг юу юм бэ?

-Цар тахлын тархалт эрчимжиж, хоногт нас барж буй хүний тоо ч 10-аас буухгүй болсон тул хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжсэн. Иргэд ойр ойрхон хөл хорионд орж, ажил орлого нь тасалдсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч хязгаарлагдаж байгаа энэ цаг үед зээл болон түүний хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулж, тог, дулааны үнийг тэглэж, хөнгөлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь Засгийн газар цар тахалтай тэмцэх арга барилаа илүү оновчтой тодорхойлж, зөв зохион байгуулж, зарцуулж буй хөрөнгөө үр ашигтай хуваарилах шаардлагатай байна. Засгийн газар ковидын эсрэг бэлтгэл ажилд эхлээд 5.1 их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдсэн. Үүний зарцуулалт, үр дүнг тайлагнаагүй байж, 10 их наядын хөтөлбөрийг зарласан. Үнэн хэрэгтээ 800 тэрбум төгрөг л хангалттай байсан. Жишээлбэл, 21 аймагт 300 ортой эмнэлэг, Улаанбаатарт 10 эмнэлэг барихад нийт 500 гаруй тэрбум төгрөг болно. 200 орчим тэрбум төгрөгөөр хамгийн үнэтэй pfizer вакцин худалдан авах боломж байсан. 100 амьсгалын аппарат худалдаж авахад 37 тэрбум төгрөг шаардлагатай. Эдгээр бэлтгэл ажлыг хангаагүйгээс нөхцөл байдал улам хүндэрч байгааг би өмнө нь ч хэлж, шаардаж байсан. Хамгийн түрүүнд түргэвчилсэн болон PCR оношлогоог төр урьдын адил үнэ төлбөргүй хийх шаардлагатай байна. Хэдий шинж тэмдэг илэрсэн ч 30-100 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэх боломжгүй иргэд өчнөөн бий. Тэд шинжилгээгээ өгөхгүй явсаар хүндрүүлж байна. Нөгөө талаар өөрсдөө сайн дураар хувийн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсвэл эмийн сангаас нэг удаагийн оношлуур авч шинжилсэн иргэдийг гэртээ өөрсдийгөө эмчил гээд зөнд нь хаяж байна. Энэ бүхэнд Засгийн газар шуурхай маневрлаж, арга хэмжээ аваад явах хэрэгтэй.

-УИХ-аар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байх үед та автомашины торгуулиа төлөөд, бусдыг мөн төлөхийг уриалж байсан. Тэгэхээр та Өршөөлийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байсан гэж ойлгогдож байна…

-Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөлд авто машины торгуулийг нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан, ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд өөрийн болон гэр бүлийн хүний эзэмшдэг авто машины торгуулийг төлж барагдуулсан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тухайн хэлэлцэж байгаа асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй бол чуулганд оролцохгүй байх үүрэгтэй. Тиймээс би ашиг сонирхлын зөрчилгүй болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн алба хаагчдыг ч бас торгуулиа төлөхийг уриалсан. Хоёрдугаарт, энэ заалтын үзэл санааг дэмжээгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах дүрмээ мөрдсөн хүмүүсээ урамшуулахын оронд эсрэгээр нь дүрэм зөрчсөн хүмүүсийг торгуулиас чөлөөлж байгаа нь маш буруу жишиг л дээ. Тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмыг зөрчсөн хүмүүсийн торгуулийг тэглэхийн оронд тэр мөнгийг иргэддээ үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд мөн өмнө хэлсэнчлэн шинжилгээний зардалд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн зарим этгээдийн ялыг өөрчлөх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. “Ковид-19” вирус нь хорих анги, цагаачдыг саатуулах төв, сэтгэцийн эмнэлэг, асрамжийн газарт тархаж эхэлсэн бөгөөд эмзэг бүлгийн болон эрх нь хязгаарлагдсан иргэдийн дунд хурдацтай тархаж, улмаар нийт тархалтын явцыг хурдасгах өндөр эрсдэлтэй байгааг НҮБ-аас анхааруулсан. Манай улсын ихэнх шорон ачаалал хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг тул хорих ял эдэлж байгаа ахмад настан, эмэгтэй, нялх хүүхэдтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ялтнуудын ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөх замаар хорих ангиудын ачааллыг бууруулж, нягтралыг багасган, эрсдэлт бүлгийн ялтнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан. УИХ-аар хэлэлцэн баталсан Өршөөлийн тухай хуульд бидний санаачилсан энэ хуулийн үзэл санаа тодорхой хэмжээгээр тусгалаа олсонд баяртай байгаа.

-Ядуурлын түвшин, эдийн засгийн уналтын талаар аль ч намын гишүүд ярихаа байжээ. Эрх баригч нам өөрсдөдөө шүүмжлэлтэй хандахгүй юм аа гэхэд үүнд танай нам яагаад дуугарахгүй байна вэ?

-Бид тодорхой асуудлуудаар цаг тухайд нь дуугарч, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, Сүхбаатар

аймгийн Бичигтийн боомтоор газрын тос экспортолдог “Петрочайна Дачин тамсаг” компани өдөрт 450.0 сая төгрөг, “Цайрт минераль” ХХК өдөрт 170.0 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлдэг. Хөл хорионы улмаас эдгээр ААН-ээс орж ирэх татварын орлого тодорхой хэмжээгээр тасалдсан. Хоёр хоногт л 150 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний орлогыг ганцхан боомтоос алдаж байлаа. Тиймээс томоохон боомтуудад ажиллаж байгаа төрийн алба хаагчид, тээвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон нутгийн иргэдийг нэн тэргүүнд дархлаажуулж, ногоон бүс болгох хэрэгтэй гэж би Засгийн газарт удаа дараалан сануулсан. Энэ мэтчилэн шуурхай маневрлаж, эдийн засгаа унагаахгүй байх тал дээр Засгийн газарт хангалтгүй ажилласан. Сүүлийн хоёр Засгийн газар бол урьд өмнө байгаагүй маш их эрх мэдэлтэй, бас олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж авч, их хэмжээний мөнгө захиран зарцуулж байгаа шүү дээ. Ядуурлын түвшинг бууруулах хамгийн зөв арга зам нь халамж биш тогтвортой ажлын байр. Засгийн газар 10 их наядаас 3 их наядыг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл болгож өгнө гэсэн ч энэ асуудал эхний хэдэн компанид зээл олгоод зогсонги байдалд орчихоод байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө зээл авсан компаниудын зээлийн хүүг багасгах асуудлыг орхигдуулсан. Тэд нь дараагийн зээлд хамрагдаж чадна гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр нэгэнт бий болгосон ажлын байруудыг хамгаалах тал дээр дутмаг болчихож байгаа юм. Үр дүнд нь ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж байна.

-Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр зохин байгуулах шийдвэр гаргасан ч наймхан хоногийн дараа шийдвэрээсээ буцлаа. Үүнээс гадна зарим иргэд цахим наадамд үргүй төсөв зарж байхын оронд аж ахуй нэгж байгууллагаа дэмжих, эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Таны хувьд наадмыг зохион байгуулахыг дэмжиж, тэр дундаа “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг”-ийг байгуулах санал хүртэл гаргаад байсан. Наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийн үр дагаврыг та юу гэж дүгнэж байна?

-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өөрөө аймаг, сумдын наадмыг хийхгүй, улсын баяр наадмыг цахимаар хийнэ гэж албан ёсоор зарласан. Түүнээс ч өмнө ковидгүй зуныг үзэхийн төлөө бүх нийтээрээ вакцинд хамрагдахыг уриалсан. Ард иргэд тавьсан бүхий л үүрэг даалгаврыг нь биелүүлсэн. Хөл хорионд орсон, вакцинаа хийлгэсэн.

Малчид, уяачид Ардын хувьсгалын 100 жилийн түүхт, тэгш ойдоо бүтэн жил бэлдэж, хурдан хүлгүүдээ сойсон. Ховдын баруун хязгаараас, Дорнодын Халх голоос уяачид ирчихсэн, Хүй долоон худагт байрласан. Бөхчүүд, харваачид ч ялгаагүй, хэдийнээ бэлтгэлдээ гарчихсан байсан. Гэтэл нэг л өдөр засгийн газар наадам хийхээ болилоо гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр үндэсний баярын гол амин сүнс болсон бөхчүүд, харваачид, уяачдын хөдөлмөр талаар болчихож байгаа юм. Цар тахлын үед хэрхэн зохион байгуулахаа тодорхой болголгүйгээр наадам хийнэ гэж яагаад зарласан юм бэ. Ер нь сүүлийн хоёр жилд манай газар эргэн буцсан, эсрэг тэсрэг шийдвэрүүд гаргаад байгаа. Энэ нь иргэдэд, ялангуяа бизнес эрхлэгчдэд маш тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж, ажил хэргээ төлөвлөж явуулахад нь хүндрэл үүсгээд байна.

Ажлын хэсгийн тухайд, аймаг сумдын наадмыг цуцалсантай холбоотойгоор Улсын наадамд хурдан морьдоо уралдуулахаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирэх уяачид өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон байсан. Үүнтэй холбогдуулан монгол адууг эрлийз адуунаас тусад нь уралдуулах шаардлага улам хүчтэй тавигдсан. иймд миний бие УиХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах санал гаргасан. Хэрэв наадам хийсэн бол энэ зайлшгүй хийх ёстой ажлын нэг байсан. Хурдан морины уралдаан дээр жилийн жил гардаг зөрчил маргааныг бид ямар нэг байдлаар шийдвэрлэх ёстой. Үндэсний баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл шүү дээ.

-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Таны хувьд энэ чуулганаар ямар хуулийн төсөл санаачилж, Ажлын хэсэгт хэрхэн ажиллав?

-Өмнө хэлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн зарим этгээдийн ялыг өөрчлөх тухай хуулийн төслийг санал авахаар газарт хүргүүлсэн. Мөн “Монгол Улсын их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УиХ-ын тогтоолын төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хамт санаачлан боловсруулж, УиХ-д өргөн барьсан. Харамсалтай нь, УиХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй байна. Тогтоолын төсөлд УиХ-ын гишүүний ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэхиийг тодорхойлж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан. Мөн УиХ-ын гишүүн төрийн зардлаар гадаад оронд зорчихдоо мөрийтэй тоглоомын газарт очихыг хориглоно гэдэг заалт оруулсныг АН-ын бүлэг дэмжсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй.

Мөн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үйлдвэрлэл, технологийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, засгийн газраас өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай, жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найуулгын төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт ажиллалаа. Эдгээрээс Хоршооны тухай хууль батлагдсан, бусад хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж буй.

-Та Ерөнхий сайдад Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьж байсан, ямар хариу өгөв?

-Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. жишээлбэл, швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ бий. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байгаа. иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бол хүрээлэн буй орчны аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндийг хамгаалахад маш хэрэгтэй.

Энэ асуудлыг олон жил ярьж, эрхзүйн орчныг нь сайжруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь анзаарагддаг. Тиймээс Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хариу нь энэ сарын эхээр ирсэн ч нэгдсэн чуулганаар оруулж амжсангүй. Ирэх намар чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх байх.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *