Парламентад суудалтай гурван намаас гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгоо тааруулж байсан. Сойсон хүлэг уралдаанд орохоо байхыг уяа мултарсан, жолоог эвхүүлсэн гэдэг. Үүн шиг гурван нэр дэвшигчийн нэг Н.Энхбаярын уяаг мулталж, жолоог эвхүүллээ. Н.Энхбаярыг Монголын ард түмэн сайнтай муутай нь хангалттай мэднэ. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, зохиолч орчуулагч, Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг хашиж явсан, оймс гозолзож, шүүхэд очиж, хоригдож, эмнэлэгт хүргэгдэж, нам байгуулж дарга нь болсон гээд сүүлийн үеийн үйл явдлууд дуулиантайхан өрнөснийг андахгүй мэдэж байгаа. Өнгөрсөн ням гаригт Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэхээр хуралдлаа. Н.Энхбаяр намын үнэнч хэдэн нөхөд болон эмээ, өвөө нарыг улаан бүч малгай өмсгөөд дагуулаад очсон ч тусыг эс оллоо. Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороо өөрийг нь бүртгэхгүйг өмнө тооцоолсон болоод л ингэж сүр бараатай очсон биз. Сонгуулийн ерөнхий хорооны хурлын шийдвэр яаж гарахыг ч иргэд аль хэдийнэ гадарлаж байсан даа. Таамаглаж байсанчлан нөгөө хоёрыг нь ногоон гэрлээр бүртгэчихсэн. Харин Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэхгүй болсон албан бичигтээ гурван үндэслэл дурдаж. Эхнийх нь, нэр дэвшигчийг хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй учраас бүрдүүлэх материал дутуу өгсөн гэж үзжээ. Нөгөө нь, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж. Түүний ялтайд тооцох хугацаа нь энэ оны наймдугаар сарын хоёронд дуусна гэжээ. Эндээс түүнийг сонгууль дууссан хойно л ялгүй гэж үзэх юм байна гэдгийг хэн ч ойлгоно. Эцэст нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэв. Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-нийг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж.
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ болилоо гэж үсээ үгтээн, харамсч халаглаад байх ч юу байхав. Энэ хүн өөрөө нэр дэвшихээ болиогүй. Нэр дэвшүүлэхгүй гэж бүхий л шатанд хичээж, санасандаа хүрсэнд хамаг учир байгаа юм. Монголын ардчилал, Монголын төр, Монголын удирдагчид юу хийж чаддаг, ямар болсныг Н.Энхбаярыг УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байгаагаас харж болно. Зөвхөн Н.Энхбаярт зориулж, зөвхөн энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хуульд ямар заалт суулгасныг, энэ хуулийн өөрчлөлт бүхнийг хийж болж байгааг бид харж байна. Ганц хүнд зориулж хэрхэн хуулийг өөрчилж, хуулийг тайлбарлаж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эргэн саная.
2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхдээ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр заасан бол МАН эрх баримагцаа гэнэт энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр хугацааг хойшлуулсан. Уг нь Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг ингэтэл удаан хойшлуулах нь олон үр дагавартай байдаг ч зөвхөн Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хуулийн хэрэгжих хугацааг ингэж хойшлуулчихав. Эрх баригчид үүнийг бэлтгэл ажил хэрэгтэй учраас гэж тайлбарладаг. Ингэж хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар 8000 гаруй хоригдлын суллагдах хугацаа нь мөн хойшлогдсон гэсэн үг.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Парламентад Шударга ёс эвсэл 11 гишүүнтэй байлаа. Тэд Ардчилсан намтай хамтарч засаг барьсан. Гэтэл жижиг намуудыг шахах зорилгоор ялангуяа Н.Энхбаярыг хүчгүй байлгахын тулд улс төрд тоглолт хийх боломжийг хаахын тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан гэж үздэг. Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй заалттай байхад түүнийг авч хэлэлцээгүй. Энэ өөрчлөлтөөр пропорциональ системийг халсан билээ. Уг нь пропорциональ системд шилжих гэж чамгүй юм болж байж баталж, энэ системээр хоёр ч сонгуулийн нүүр үзсэн. Ингээд Үндсэн хуулийн Цэц 2012 онд пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн хэрнээ 2016 онд эсрэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өмнө нь пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгууль бүгд хүчингүй мэт ойлгогдохоор болчихсон. Гэвч үүнийг хүчээр шийдээд баталчихсан. Үүнийг нь дэмжихгүй байсан Цэцийн дарга Ж.Амарсанааг албаны хэрэгцээнд үнэтэй машин авсан гэж шалтаглан чөлөөлж байлаа.
Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заажээ.
Харин Н.Энхбаяр гадаадад эмчлүүлж байх 13 сарын хугацаандаа зургаан сарын дотор Монголд ирж очиж байсан байх юм. Цаашлаад хилийн алба гэдэг нь иргэнийг хилээр гарч байгааг бүртгэдэг газар болохоос гадаад, дотоодод оршин сууж байсан эсэхийг тодорхойлдог газар биш.
Сонгуулийн ерөнхий хорооны татгалзсан хоёр дахь үндэслэл нь шүүхийн шийдвэрт үндэслээгүй шүүхийн захирамжид үндэслэснийг МАХН-ынхан хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэр дэвшигчийг хилийн бичиг дутуу өгсөн гэх хэрнээ хилийн бичгээ үндэслэн шийдвэр гаргасныг ч МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
Энэ бүхнийг харахад ил харагдах байдал нь бүгд хуулийн дагуу юм шиг. Нэг нь хууль санаачлаад парламент нь шууд баталж байна. “Энийг захиалгаар оруулаад ирлээ. Ганц хүнд зориулж ингэж болохгүй. Энэ чинь Н.Энхбаярт зориулж ” гэж хэн ч асууж, хэн ч дуугарахгүй нь хачин юм шүү. Нэгэнт хууль санаачлах ёстой субьект санаачилж оруулж ирээд парламент хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталсан болохоор ёс журам, хуулийн дагуу болоогүй гэж хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ захиалгаар ийм юм болоод байгааг бид харж байна. Нийт ард түмний төлөө хууль үйлчилдэг байхад хэдхэн хүний карьер, өрсөлдөгчөө намнахын тулд гаргадаг шийдвэр биш.
Нийгэмд дэг журам, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж байдаг заавал биелэгдэх шинж бүхий хэм хэмжээний цогцыг хууль гэж тодорхойлдог. Энд дурдсан шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, дэг журам хаана байна. Ганц хүнд зорилуаад хууль санаачлах, сахиулах, биелүүлэх, хянах бүх л байгууллага нь ажиллаж байна. “Барьж хорь” гэхээр нь цагдаа, тагнуул, АТГ нь бөөнөөрөө очоод Холливүүдийн детектив кино ард түмэндээ бодитоор үзүүлчихэж байна. Нууцаар бичлэг хийж байна. Шүүх нь шийдвэр гаргаж байна. Ард түмний төлөөллөө болгоод сонгосон парламент нь үг сүггүй хууль баталж байна. Үйл явдлын цаана нэг хүн рүү хандсан өрнөл болоод байгааг мэдэвч буруу гээд хэлэх гэхээр бүгд процедурын дагуу болчихсон.
Монголын парламент ямар ч дархлаагүй байгаагийн, хууль ёс яаж алдагдсаны гол шинж энэ мөн. Ямар бүлэглэл төрийн толгойд байна, парламент тэрний заавраар л хөдөлж байна. Өнгөрсөн парламент ч тэр, одоогийн парламент ч тэр, хэний, ямар бүлэглэлийн заавраар энэ бүхнийг хийсэн нь хүн бүрийн нүдэнд ил. Дээрээсээ удирдлагатай, багцлагдаад аль ч нам олонх болсон ялгаа алга. Өмнөх парламентад цөөнх нь ядаж дуугарч болох байсан, эсэргүүцэж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Өнөөдөр 65-уулаа олонх нь нэг талд гарчээ гэж бодоход цөөнх нь бас дуугарч болноо доо. Бас л тэгсэнгүй. Ингэж нэг удирдлагатай ярайтал сууж байгаад олонхи цөөнхгүй баталчихаж байна.
Энэ л бидний санааг зовоох гол асуудал болоод байгаа юм. Бүлэглэлүүд төрийн толгойд нь гарчихаад тэр бүлэглэлийн толгойд хоёр, гуравхан хүн бүхнийг найруулж суухад Монголын ардчилал Монголын эмгэнэл болж байна. Монголын парламентын дархлаа ийм сул, хэн нэгний үгнээс гарахгүй, дохио зангаагаар дуулгавартай хууль баталдаг болсон нь Монголын ардчилалд муу ёрлож байна. Эрх мэдэлтэй хүн л бүхэл бүтэн улсыг юутай хээтэй нь ингэж удирдан залж 6-8 жил нэг бүлэглэл нийгмээр нь атгаж хүссэнээ хийж, хийлгэж байхад ардчилал баталгаатай байна гэж хэлж болох уу. Хамгийн их санаа зовох асуудал энэ болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Нэг бүлэглэлийн дараа дахиад л өөр нэг бүлэглэл мөн л ингэж удирдан чиглүүлнэ. Ард түмэн энэ бүхнийг мэдэж байгаа ч хууртаад байдаг. Нийгэмд болж буй улс төр, эдийн засгийн бүх үйл явц найруулагчтай, найруулгатай болчихлоо. Ямар нэг тоглолтын хөтөлбөрт хөтлөгч ингэж зарлаад дараа нь дуучин тийм дуу дуулсны дараа тэр гэдэг бүжигчин тэгж бүжиглэнэ, төгсгөл нь ийм байна гэдэг шиг Монголын төрд болж буй үйл явц яг тэр чигээрээ хэрэгжиж, тэр бүү хэл үзэгч нь хэрхэн алга нижигнүүлэн ташихыг зааж байна.
УИХ-ын сонгууль болж байхад аль нам ялах нь тодорч, аль намаас хэн гарч ирж, ямар албан тушаалд очих, дарга нь хэн байх, Ерөнхийлөгчид хэн дэвших нь тодорхой болчихсон байдаг. Хэн гуайн хүү нэр дэвшинэ гэж УИХ-ын сонгуулиар ярьж байсан. Хэн гуайн хүүг дэвшүүлэхгүй гэж дээр дооргүй яриад эхэлсэн. Яг тэр ёсоор боллоо. Одоо хэн гуайн хүү яаж ялахыг бас яриад эхэлчихлээ. Ирэх зургадугаар сарын 26-нд хэн гуайн хүү Ерөнхийлөгч болохыг ч аль хэдийнэ тодруулчихаад л ярих юм. Бас л ёсоор болох вий. Хаана байна, хайран ардчилал минь, хаана байна бидний ардчилсан сонголт.