МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус нам өнөөгийн УИХ-ыг цаашид үйл ажиллагаа явуулах ёсзүйн эрхгүй, хуульзүйн чадамжгүй хэмээн үзлээ. Тиймээс парламентыг хугацаанаасаа өмнөх тарах шаардлагыг гаргаж, УИХ-д хүргүүлж буй аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өдөр хоног өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй нь батлагдаж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь анхнаасаа хууль бусаар эхэлсэн. УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан төслөөс шал өөр зүйл хэлэлцсэн. Дараагийн үйл ажиллагаанууд нь бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн. Тэр хууль бус ажлаасаа бултахын тулд иргэдээс асууна гэж ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.