Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: “Та бидний эвсэл” ардчиллыг сэргээж шударга ёсыг тогтоох их үйл хэргийг бүтээнэ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж зарлалаа. Танай нам ямар шалгуураар нэр дэвшигчдээ сонгов?

-Хуулийн хугацаанд багтаж 76 нэр дэвшигчээ тодрууллаа. “Та бидний Эвсэл”-ийн хувьд МАХН, ИЗНН, МУНН гэсэн намууд тус тусдаа тухайн намд ногдсон квотын дагуу нэр дэвшигчдээ тодруулж “Та бидний Эвсэл”-ийн удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригийн шөнийн 24 цагаас өмнө нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа. Нэр дэвших боломжийн олон хүн судаллаа. Улс төрд хүч үзэх шинэ залуу хүмүүс, улс төрд өмнө нь ч зүтгэж байсан, одоо ч зүтгэж, идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсээс бүрдсэн хүчирхэг баг нэр дэвшлээ. Ард түмэн маань МАН, АН-ын аль нь ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Одоо тэдний оронд гарч ирээд хоног хугацаа алдалгүй шууд ажилдаа эзэн болоод аваад явах чадвартай баг нэр дэвшлээ. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамт МАН, АН-ыг ялаад амласнаа хэрэгжүүлж чадах, хэлсэндээ хүрэх багийг бүрдүүллээ. Манай багт итгэж болно.

-Таны хувьд хэдэн сонгууль өнжсөний эцэст Баянгол дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна?

-Намайг 12 жилийн турш нэр дэвшихийг хааж боолоо. Ард түмэн МАНАН-г үнэхээр үзэн ядаж байгаа. МАНАН-гийн нэр хүнд унасан учир МАН, АН-ынхан МАНАН-тай тэмцэж байгаа юм шиг жүжиглэж сонгогчдыг төөрөгдүүлдэг муу аргатай болсон. Үнэн хэрэгтээ МАНАН хэвээрээ байгаа. МАНАН бол Монголын улс төрийн коронавирус мөн. Одоо МАН ба АН-ын нэр дээр хэн ч нэр дэвшсэн сонговол манай улс төрийн коронавирус арилахгүй улам олон хүнд халдварлана. Монголын улс төрийн систем эрүүл саруул болохгүй. МАН ба АН хоёр урьдчилан тохироод энэ сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулна гээд тохирчихсон гэх яриа ч дуулдаж байна лээ.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Илүү хянамгай,зохион байгуулалт сайтай байж сонгуулиа явуулах байх. Сонгуулийг цаг хугацаанд нь явуулах нь зөв гэж бодож байна уу?

-Угтаа шударга сонгууль явуулъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийг бодож байгаа бол сонгууль хойшлуулахаас өөр аргагүй. Одоо бараг 100-гаад хүн өвдчихсөн байна шүү дээ. Жижиг дунд бизнесийнхэн хямралыг харьцангуй бага гарз хохиролтой давж туулахад нь тусалъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Гэхдээ МАН-ынханд ард түмнээ гэсэн сэтгэл байхгүй болоод удаж байгаа. Одоо МАН-ынхан коронавирусээр далимдуулж бүх хөдөлгөөнийг хориглож хяналтандаа авчихлаа. Жишээ нь, саяхан СЕХ-нд “Та бидний эвсэл”-ийн бичиг баримтыг хүлээлгэн өгчихөөд, гадаа нь сонгуульд оролцох болсон тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлж ярилцлага өгч байтал МАН-ынхан цагдаа хүмүүсийг энгийн хувцас өмсүүлж бидэн рүү дайруулсан. Цагдаа өмдтэй, дээгүүрээ энгийн хувцастай хүмүүсийг явуулж тэд нар нь бид нар гээд арав хүрэхтэй үгүйтэй хүмүүс нэг нэгнээсээ зайтай зогсож байхад “Хөл хорьсон байхад нэг газар олуулаа цугларсан байна, баривчилна, саатуулна” ч гэх шиг, ийм байдлаар санаатайгаар өдөөн хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн. Нийгмийг айдаст автуулж, хэнтэй ч уулзаж болохгүй хэмээн хориглож байгаад өөрсдөө болохоор зузаан зузаан тайлан тарааж байна. Луйвардаж идсэн мөнгөөрөө хэвлэсэн ажлын тайлан нэртэй асар үнэтэй зузаан зузаан сэтгүүл тарааж байгаа юм. Тайлангийнх нь нийт үнийг бодвол бараг зуу зуун ажлын байр бий болгох хэмжээний мөнгөөр тогложээ. МАН 2016 оны сонгуулиар амласнаа хэрэгжүүлээгүй гэж ард түмний олонх нь үзэж байгаа учир худлаа тайланг унших хэрэггүй нь. Хогийн сав руу чулуудах хэрэгтэй. Нэр дэвшигчидтэй нь хамт. Харин та бид болохоор ямар ч бичиг цаас тарааж болохгүй юм гэнээ, тэгэх юм бол Сонгуулийн хууль зөрчинө гэнэ. Үнэн хэрэгтээ тэд ажлаа тайлагнаж байгаа нэртэй улайм цайм сурталчилгааны материал тарааж байна шүү дээ. Ийм шударга бус зүйл байж болох уу. Эдийн засаг хүнд байдалд орчихсон байхад төр засгийн байгууллага, албан тушаалтнууд арайчүү хөдлөхчөөн болж, бараг л хувийн халааснаасаа хүмүүст мөнгө гарган өгч гийж байгаа юм шиг аашилж байна. Ийм шударга бус сонгууль хийвэл мэдээж МАН-д ашигтай. МАН шударга сонгууль хийхээс үнхэлцгээ хагартал айж байна. МАН-ынхан энэ бүхнийг мэдэж байгаа, тийм учир өөртөө ашигтай байдал бий болгож сонгууль явуулахаар зүтгүүлж байна. Гэхдээ МАН-ынхан ингэж улайрах тусам ард түмэн маань нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байх. Тэгээд МАН-ын хэн ч байсан МАН бол биш гэсэн ухаалаг сонголт хийх байх. Тухайн хүн нь сайн байж болно. Гэхдээ МАН гэдэг байгууллага өөрөө ялзарчээ. Хуучин торхонд сүү хийвэл гашилна. МАН-д орсон хүн эвдэрнэ. Энэ бол амьдралын олон жилээр батлагдсан үнэн. МАН ба АН-ын хүмүүсийг дахин дахин сонгохгүй байх ухаан, ухамсрыг үзүүлэх биз ээ.

-Өнгөрсөн хугацаанд МАН-ын толгойлсон парламентыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН 60 тэрбум, ЖДҮ, хүчингийн хэрэг, хүн амины хэрэг, мөрийтэй тоглоом, байгалийн баялгийг явцуу ашиг сонирхолтой бүлэг хүмүүс хуйвалдан хувааж авсан зэрэг олныг бухимдуулсан олон хэргийн эзэн боллоо. Бараг өдөр бүр биш гэхэд сар бүр нэг муухай юм болж байна ш дээ. Одоо энэ бүхнийг таслан зогсоох цаг болсон. Ард түмэн МАН-ынханд хандан та нар энэ удаа өнж гэж хэлэх цаг болсон. Зөөлөн хэлбэл шүү дээ. Харин хатуу хэлнэ гэвэл луйварчид шүүхээр орж гэм буруутай эсэхээ тогтоолгох цаг ирсэн гэж хэлэх ёстой. Сонгууль шударга болох эсэх тухай яриагаа үргэлжлүүлбэл хэвлэл мэдээллээр гарч байгаагаас үзэхэд МАН зарим намыг санхүүжүүлж АН-ын эсрэг турхирч, эсхүл МАХН-ын тэргүүлсэн “Та бидний эвсэл”-ийн саналыг хагалах, хуваах зорилготой бохир үйл ажиллагаа явуулж байна.

-Таны хүү энэ сонгуулиар СХД-т нэр дэвшихээр болсон. 2016 оны сонгуулиар тэр тойрогт таны эхнэр нэр дэвшиж байсан байх аа…

-2016 онд МАНАН-гийнхан намайг нэр дэвшүүлээгүй. Тийм учир сонгогчдын са-налаар Цолмон маань Сонгинохайрханд нэр дэвшсэн. МАН-ынхан сонгууль луйвардаж “Капитал” банкны эмэгтэй сонгогдсон. Ийм буруу сонголтоос болж улс орон, ард иргэд, тэтгэврийнхэн маань олон зуун тэрбум төгрөгөөр шууд хохирлоо.

Сонгинохайрханыхан маань тэр үед саналаа луйвардуулснаа сайн ойлгосон. Тэд Ц.Цолмон, эсхүл Э.Батшугар хоёрын аль нэгийг нэрээ дэвшүүлээч гэсэн. Сонгогчдынхоо саналыг хүлээн авсан гэсэн үг. Хамтдаа энэ сонгуулийг шударга сонгууль болгоё гэж зорьж байгаа.

-Нэр дэвшигчдээс мөнгө авахгүй сонгууль зохион байгуулах боломжтой юу. Наанадаж л сурталчилгаандаа ажиллуулж байгаа хүмүүст мөнгө өгнө шүү дээ. Түүнчлэн машин унаа бензин гээд мөнгө төгрөг зарцуулагдана биз дээ. Танай эвсэл санхүүжилтээ хэрхэн босгож байгаа вэ?

-МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж байгаа нь худал. Цаагуураа хулгай хийж байна гэсэн үг. Ухуулагчдаа ядаж санхүүжүүлнэ ш дээ. Аудитын байгууллагаас тойрог бүрт зарцуулах мөнгөн дүн гарсан. Үнэн хэрэгтээ МАН энэ мөнгийг хэд нугалж зарцуулж байгаа нь тодорхой. АН нэр дэвшигчдээсээ тус бүр 100 сая төгрөг татаж байгаа нь зарчмын хувьд буруу. Гэхдээ АН, МАН-аас хэд дахин дутуу мөнгөтэй нь бас ойлгомжтой. Хэл ам татаад байгаа нь АН мөн ч үнэн хэрэгтээ хамгийн их хулгай хийж байгаа нь МАН.

-Сонгуулийн санхүүжилт, зардлыг ил болгох тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ард түмэн төрд сонгосон хүмүүсээ шударгаар ажиллаасай гэж хүсдэг. Гэтэл нөгөө хүмүүс нь хувийн компанийн мөнгөөр сонгуульд орж, эргээд тэр компанидаа өөрт нь өгсөн мөнгийг хэд дахин нугалж өгөхийн тулд зүтгэдэг. Ард түмэнд 20, 30 мянган төгрөг өгч саналыг нь худалдан авдаг. Дараа нь 20, 30 тэрбумаар нь тэр хувийн компанитайгаа хуйвалдан хувааж иддэг. Энэ байдлыг засах шаардлагатай. Ард түмэн өөрийнхөө төлөөлөгчдийг сонгож байгаа юм бол өөрийнхөө татварын мөнгөөр сонгуулийг санхүүжүүлж шударга сонгууль явуулах ёстой. Эс тэгвээс төр засаг хувийн компанийн мөнгөөр байгуулагдаж эргээд тэр хувийн компанидаа үйлчилнэ. Шударга бус сонгууль хулгайчдыг төрүүлж байна. Сонгуулийн тогтолцоо нь өөрөө буруу юм. Ер нь өнөөдрийн тогтолцоо нь хулгай хийхэд зориулагдсан. Ямар сайндаа бизнес хийж байгаа хүмүүс амархан аргаар хагартлаа баяжиж болно гэж харчихаад, зарим нь бүр идэж уухын дон тусчихаад төр засагт шургалах гэж, эсхүл өөрийн хүнээ шургалуулах гэж, эсхүл төр засагт орсон хүнийг мөнгөөр худалдан авч өөртөө үйлчилдэг үнэнч гөлөг болгохын тулд ямар ч хамаагүй аргаар сонгуулийг өөртөө ашигтай болгох гэж улайран зүтгэж байна. Саяхан Т.Бадамжунай, О.Баасанхүү нарын ярианы бичлэг цацагдлаа. Үнэн юм хэзээ нэгэн цагт ил болдог. Наанаа шударга юм яриад цаанаа ийм л өрөвдөлтэй амьтад төр засгаар, намаар тоглоод явж байдгийн бас нэг жишээ. Бадамжунайтнуудын гар хөл болсон туршуул, тагнуул, хүүхэлдэйнүүд МАН, эсхүл АН-аас энэ сонгуульд нэр дэвшсэн байх шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Ийм гаж тогтолцоог МАН, АН хоёулаа хадгалж улам өөгшүүлэн дэвэргэж байна. “Та бидний эвсэл” зөвхөн ард түмэндээ өртэй, ард түмэндээ үйлчилдэг, хээл хахуулиас ангид, шударга ёсонд захирагддаг төр засгийг байгуулъя гэсэн саналтай байгаа. Ийм тогтолцоо руу шилжээгүй цагт ард түмний амьдрал улам доройтоно.

-Энэ жилийн хувьд урьд урьдынхаас бие даагчид их нэр дэвшиж байна. Тэгэхдээ хэн нэгнийг онилж, тойрогт нь дэвшинэ гэх юм. Нэг талаар өс хонзонгийн сонгууль болох нь уу?

-Би тэр тойрогт очиж тэрийг амлаж авна гэх зүйл ярьж байгаа нь нэг талаас нь харвал шүүмжилмээр ч юм шиг. Нөгөө талаас нь харвал цаад хүн нь ямар ихээр хүмүүсийн дургүй хүргэсэн этгээд вэ гэж бодогдоно. Уг нь өс хонзон авахын тулд бус харин эрүүл саруул зүйл хийнэ, бүтээнэ гэдгээрээ уралдаасай гэж бодож байна. АН-аас бие даагч олон гарч байх шиг байна. Энэ нь МАН-д ашигтай. МАН цаанаас нь өөгшүүлж байгаа байх. МАН-аас бас бие даагч нар байна. МАН сурсан бохир аргаараа жижиг намууд, бие даагчдыг санхүүжүүлж АН, эсхүл “Та бидний эвсэл” рүү дайруулах ёс зүйгүй ажиллагаа явуулах вий гэж болгоомжилж байна. Энэ жилийн хувьд сонгогчдын ихэнх нь АН-д ч, МАН-д ч аль алинд нь санал өгөхгүй гэсэн байр суурьтай байх шиг. МАН-ынхан тэр санал МАХН, “Та бидний эвсэл”-д очиж магадгүй хэмээн үнхэлцгээ хагартал айж байгаа учраас бие даагчдыг олноор дэвшүүлж байж болох юм. Сонгогчид МАН, АН хэрэггүй гэж ярьж байгааг энэ хоёр нам бүх намууд хэрэггүй гэсэн яриа болгон хувиргах гэж оролдож байна. Хүнийг нь хараарай гэсэн яриа гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ тэр хүнийх нь цаанаа нөгөө МАН, АН хоёр л нуугдаж байгаа шдээ. Энэ хоёр нам нэг удаа өнжлөө гээд ард түмэн хохирохгүй. Хамгийн муугаар бодоход бүх зүйл хэвэндээ үлдэнэ. Сайнаар бодвол бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөнө. Харин энэ хоёр нам тус тусдаа, эсхүл хамтраад Засгийн газар байгуулбал сайнаар бодоход бүх юм хэвээрээ үлдэнэ. Муугаар бодоход бүр дордоно.

-Танаас улбаалаад Монголын төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс толгой дараалан хууль шүүхийн хаалга татаад эхэллээ. Шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлж байна уу. Та хэрхэн харж байна?

-Би тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт аль алинд нь хэлж, хэлүүлж байсан. Өнөөдөр намайг хэлмэгдүүлнэ, маргааш өөрсдөө шоронгийн хаалга татна гэж. Би өс хонзон санаж байгаа юм биш. Та нар хууль, шүүхийнхэнд нөлөөлж, үүрэг даалгавар өгч байгаа нь буруу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана шүү. Харамсалтай нь тэд нарын хэн нь ч миний үгийг сонсоогүй. Тухайлбал, Ерөнхий прокуророор Дорлигжав ажиллаж байсан. Тэр Сэргэлэн гэдэг залууг ашиглаж миний эсрэг нэхэмжлэл гаргуулсан байдаг. Тэр залуу надад хүнээр дамжуулан хэлүүлсэн байна лээ. “Би өөрөө асуудалтай болсон байхад Дорлигжав прокурор намайг дуудаад “Чамд тусална, харин хариуд нь чи Энхбаярын эсрэг мэдүүлэг бичиж өг, мэдүүлгээсээ ухарч болохгүй шүү” гэсэн. Хууль, шүүхийнхэн хүний сул талыг барьж аваад дарамталдаг юм билээ. Та битгий гомдоорой” гэж хэлүүлсэн байна лээ. Ингэж Дорлигжав худлаа хэрэг үүсгэсэн, Ц.Элбэгдорж 600 цагдаа явуулж баривчилсан. Өнөөдрийн У.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Занданшатар, Ц.Нямдорж гээд хууль, шүүхийн байгууллагыг удирдаад байгаа хүмүүст хэлмээр байгаа юм. “Хууль шүүхийн байгууллагаа ямар нэгэн гадны нөлөөгүй, даалгавар өгдөггүй байгууллага болгоё” гэж. “Шүүх хуулийн байгууллагын томилгоонд оролцохоо больё. Шүүгчдийг ард түмэн сонгох нь зүйтэй” гэж.

-Тэгэхээр шүүгчийг ард түмнээс сонгодог байх нь зөв юм уу?

-Ардчилал бүх зүйлд хамаатай. Ардчилсан ёс бол нэг ёсондоо шударга ёс гэсэн үг шүү дээ. Гэтэл Тэмүүжингийн хэлснээр ардчиллыг шүүхээс салгачих юм бол дарга нараас хараат шударга бус шүүхтэй болно. Шударга бусын хонгил үргэлжилсэн хэвээр байна. Тэмүүжин намайг хэлмэгдүүлэхэд оролцсон хүмүүсийн нэг учир би зориуд анхааруулж хэлж байгаа юм. Би өс хонзон санаагүй, гэхдээ ардчилал ба шүүх хоёрыг эсрэгцүүлсэн буруу ойлголтоосоо сал гэж. Тэгээгүй цагт ийм хүмүүс АН-аас нэр дэвших ч эрхгүй гэж бодож байна. “Албан тушаалтнуудаас хараат, шударга бус шүүхийн төлөө” гэсэн намаа байгуулаад тэрнийхээ өмнөөс нэр дэвшиж болно шүү дээ. Харин шүүх ардчилсан баймааж шударга байна. АНУ-д мужийн шүүгчдийн 85 хувь нь ард түмний сонгосон шүүгч нар байдаг. Хэн нэгний томилсон шүүгч биш, харин нийт ард түмнээс сонгогдсон шүүгч байдаг учир хэнээс ч айхгүй хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Тухайлбал, Вашингтон мужийн шүүгч Трамп ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг.

-Цэцийнхэн таны эсрэг шийдвэрээ хараат байдалд гаргасан гэх гээд байна уу?

-Тийм. Томилогдсон шүүгч аливаа зүйлийг шударга шийдэж чаддаггүй. Заавал томилсон хүнийхээ байр суурийг хардаг. Тэднээсээ захиалга авдаг. Хамгийн энгийн ганцхан жишээ. Сая хүртэл иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал хэлэлцсэн Цэцийн хурал тавдугаар сарын 6-ны өдрийн 14 цаг 24 минутад завсарласан. Цэц ердөө нэг цаг гучин минутын дараа шийдвэрээ танилцуулахдаа бүтэн 16 хуудас материал уншсан. Би бичгийн машин, компьютер дээр текст шивнэ гэдгийг мэднэ. Их хурдан шивлээ гэхэд нэг цаг 30 минутын дотор 16 хуудас материал шивж амжихгүй. Энэ бол зөвхөн шивэхийн тухай ярихад шүү дээ. Гэтэл тэр материалыг шивэхийн өмнө санаа бодлоо солилцож текстээ засах, редакторлах гээд цаг шаардсан их ажил хийнэ шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон Цэцийнхэн нэг цаг гучин минутын дотор 16 хуудас материал боловсруулаад шивээд бэлэн болгосон байна гэж байхгүй. Харин та бидэнд ямар таамаг төрж байна гэхээр саарал ордноос дугтуйтай бичиг, бэлэн шийдвэрийг Цэц рүү ирүүлж, Цэцийн гишүүд тэр бичиг ирэхийг нь хүлээгээд сууж байсан гэсэн таамаг. Ингээд Цэцийнхээр бол хүн алсан, бага насны хүүхэд хүчиндсэн, эх орноосоо урвасан хүн нэр дэвшиж болох юм байна. Харин над шиг хэлмэгдсэн хүн ард түмнээрээ сонгогдох эрхээ бүх насаараа хасуулах нь л дээ.

-Сүүлийн үед ардчилал хэрэгтэй эсэх талаар хүмүүс их ярих боллоо. Ардчиллын тухайд та ямар байр суурьтай байна?

-Тийм шүү. Сүүлийн жилүүдэд Ардчилсан намын нүүр царай болж ирсэн олон хүн ардчиллыг устгах, хараат шүүхийг байгуулах ажлыг хийхэд гар бие оролцлоо. Оролцлоо ч гэж дээ. Бүр манлайллаа. Ард түмэн ч тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таньж хурцаар шүүмжилж байна. Ардчиллыг нэг нам, нэг хэсэг хүн өмчилсөн нь анхнаасаа буруу байсан. Одоо ардчиллыг тэд нараас аврах шаардлага бий болсон байна. Яагаад гэвэл ардчилал Монголд хэрэгтэй. Шударга ёс тогтооё гэвэл ард түмэндээ шүүхээ сонгох эрхийг өгөх хэрэгтэй. Ард түмэндээ шударга сонгуульд саналаа мөнгөөр биш, харин шударгаар өгдөг боломжийг олгох шаардлагатай. Ардчилал маш эмзэг. Дахин хэлэхэд сонгох, сонгогдох эрх бол ардчиллын амин сүнс. Шударга сонгууль ардчиллыг бэхжүүлнэ, луйврын сонгууль ардчиллыг устгана. Сүүлийн олон удаагийн сонгууль шударга бус болсон. Тэр болгоноор ардчилал хумигдсан, алдагдсан, устсан.

Ардчилал устахаар ард түмний дуу хоолой, санаа бодол хэрэггүй болно. Явсаар байгаад ард түмэн өөрөө хэрэггүй болно. Ард түмэн хэрэггүй болвол улс орон оршин тогтнох баталгаагүй болно. Гэхдээ шударга сонгууль болвол ардчилал сэргээд л ирнэ. Хогийн ургамлуудаасаа салбал ардчиллын мод бүр сайн ургана. 2020 оны сонгууль шударга сонгууль болж баймааж сая Монголд ардчилал дахин сэргэнэ, ард түмэн ч сэргэнэ, шударга ёс ч сэргэнэ. Ийм учиртай юм. Энэ их үйл хэргийн төлөө “Та бидний эвсэл”-ийн баг тууштай явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *