Маргааш буюу долдугаар сарын 7-нд “МАХН-ын ээлжит бус чуулган “Улаанбаатар палас”-ын их танхимд болно. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга нар өнөөдөр мэдээлэл өглөө. Тус чуулганд 1044 төлөөлөгч оролцох аж.
Ээлжит бус чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын Их хурлаас МАХН-ын мөрийн хөтөлбөр болон намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэнгүй. Дээд шүүх хоёрдугаар Их хурлыг хүлээн зөвшөөрөөгүй тул бид ээлжит бусаар хурлаа хийж байна. Тэндээс гарах баримт бичгээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр төлөвлөөд байна” гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын аливаа сонгуульд оролцох эрхийг хэн ч хасаагүй. Уг дүрэм, мөрийн хөтөлбөрөө баримталж 2017 онд С.Ганбаатар даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Харин намын дүрэмдээ “Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг намаасаа хасагдсанд тооцно” гэсэн санаа оруулахаар хичээж байна. Дүрмээ өөрчилье гэхээр Дээд шүүх бүртгэхгүй байна” гэв.
Э.АНХМАА