Categories
мэдээ цаг-үе

Н.Буянбаатар: Үндэснийхээ урлагийн дархлааг бий болгох нь чухал

Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар шинэ оны өмнөхөн Монгол улсын соёлын
гавьяат зүтгэлтэн шагналыг хүртсэн билээ. Алдарт хуурч П.Буян, Г.Жамьян,
Ё.Батбаярын шавь тэрээр Хөгжим бүжгийн коллежийг дүүргэснээсээ хойш тус чуулгад
ажиллаж байгаа. Тэрээр өөрийгөө Өмнөговьд олдож,
Улаанбаатарт
төрөөд, Дорноговьд өссөн хүн гэж тодотгосон юм.

-Юуны өмнө танд Соёлын гавьяат
гэдэг хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны анх морин
хуурч болохоор Дорноговиос Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн үеэс эхлэх үү?

-Тийм ээ. Би 1978 онд Дорноговь
аймгийн Даланжаргалан сумаас хотод ирж Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин
хуурчийн ангид элссэн.Тухайн үед бодлогоор жил бүр өөр өөр аймгаас Хөгжим
бүжгийн дунд сургуульд элсүүлдэг байлаа. Тэр үед манайх Дорноговь аймагт
нүүгээд оччихсон байсан. Яаж Хөгжим бүжгийн сургууль байдаг гэдгийг мэддэг
болсон түүх нь сонирхолтой л доо. Манайх уг нь Өмнөговийн угшилтай айл. Аав
маань насаараа удирдах ажил хийсэн. Өмнөговьт аймгийн дарга, Дорноговьт
нэгдлийн даргаар ажиллаж байсан. Аавыг эсэргүү Л.Нямбуу гуайтай холбоотой гэж
үзсэн тул Дорноговийн хамгийн захын сумын даргаар томилсон юм билээ. Гэхдээ
арай ч гахайчин болгоогүй. Ингэхэд нь тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Самбуу гуай
их хамгаалсан гэдэг. Би багаасаа л хөгжим тоглодог байсан. Аав маань ямар ч
ардын дууг мандолинаар маш сайхан тоглоно. Ээж бас шанз, мандолин тоглоно. Тийм
орчинд байгаа болохоор багаасаа хөгжим тоглож сурсан.

Дорноговиос гаралтай
дуурийн дуучин Мэндээ гэдэг эгч байсан. Намайг бага байхад Хайдав гуай, Мэндээ
эгч, Баадайжав гуай гээд дуурийн урлагийн акулууд бригадаар ирлээ. Манайд
зочлоход ээж, аав хоёр “Хүүхдүүд ээ хөгжмөө тогло” гэхэд бид гитар, мандолин,
баяанаа аваад л тоглож гарсан. Тэд нар сонсчихоод “Ямар авьяастай хүүхдүүд вэ.
Хөгжим бүжгийн дунд сургууль гэж байдаг, тэнд оруулаач” гэж хэлсэн. Ингэж л ийм
сургууль байдаг гэдгийг анх мэдэж авсан юм. Ээж дүү бид хоёрыг аваад Хөгжим
бүжгийн дунд сургуульд шалгуулахаар хотод ирж билээ. Манайх Улаанбаатарт Их
дэлгүүрийн хажууд байртай. Ээж хөрш, их найрагч Б.Явуухулан гуайн гэргий Адьяа
эгчээс Хөгжим бүжгийн сургууль хаана байдгийг нь асууж, маргааш нь очиж
шалгуулж билээ. Орсон чинь Жамьян, Цэвэлмаа, Дашдулам багш гээд манай урлагийн
томчуул байна. Тэгж л анх шалгалт өгсөн дөө. Шалгалтанд ороод тэнцсэн хүүхдүүд
нь цаас барьчихсан гарч ирнэ. Гэтэл надад цаас өгсөнгүй. Ээж яасан бэ гээд ихэд
гайхаж билээ. Хөгжим бүжгийн сургуульд багшаар ажиллаж байсан Ч.Лодойдамба
гуайн охин Л.Насанбат хүрч ирээд ”Тэнцсэн, шууд гуравдугаарт шатны
шалгаруулалтад ор” гэсэн.

-Танай удамд хөгжим тоглодог
хүмүүс байсан уу?

-Манай нагац ах Өмнөговь
аймгийн Гурвантэсийн Дондог хуурч гэж байсан. Хуучны тортог болсон жинхэнэ монгол
хууртай хүн байж билээ. Бага байхад аавтайгаа хөдөө явж байхад айл болгон
хууртай байсан. Дуу хөгжмийн багш маань бас их сайн хүн. Одоо ч байдаг. Биднийг
чинь өглөөний 6 цагт гамма уншуулна, нот заана. Энэ бүхний ачаар Хөгжим бүжгийн
сургуульд шууд л тэнцсэн болов уу даа.

-Та морин хуурч болохоор Хөгжим
бүжгийн дунд сургуульд ороод алдарт хуурч П.Буянгийн шавь болсон гэв үү?

-Г.Жамьян, П.Буян гэдэг маш
мундаг хоёр хуурчийн шавь нь болсон. Сүүлийн хэдэн жилд нь хуурч Ё.Батбаяр
надад багшилсан. Тэр үед сурагчдаас хэнийг нь багш болгох уу, хэнийг нь
цаашаагаа сургуульд явуулах уу, судлаач болгох уу гэдэг чинь маш нарийн
бодлоготойгоор явдаг байсан үе.

-Төгсөөд хаана ажилласан бэ?

-Тухайн үед Соёлын яамтай
байлаа. Тус яаманд харьяалагддаг цорын ганц сургууль нь Хөгжим бүжгийн дунд
сургууль байсан. Намайг Соёлын яамнаас гадаадад сургуульд явуулахаар болж суурь
шалгалтандаа ч тэнцлээ. Гэвч бие нь муу байсан тул аав маань явуулаагүй. Би ч
учир байдлаа багшдаа хэлсэн. Тэгээд намайг тухайн үед Улсын ардын дуу бүжгийн
чуулгад одоогийнхоор бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад оруулсан. Би
амьдралынхаа 40-өөд жилийг энэ чуулга, Хөгжим бүжгийн коллеж хоёрт өнгөрөөсөн.
Тус чуулгын ”Залуус” хамтлагт орж олон сайхан тоглолтыг МУГЖ Д.Самбуу,
Д.Банзрагч гээд л нэртэй дуучидтай хамтран хийсэн. 18 аймаг 256 сумыг хэд хэд
тойрсон доо.

-Таны багш нар бол үнэхээр
мундаг хуурчид байсан. Тэднийхээ талаар дурсаач?

-Тийм ээ. Манай Түдэв, Түвдэн,
Г.Жамьян, П.Буян, гээд дээр үеийн мундаг хуурчид тухайн үеийн урлагийн
сургуулийг байгуулсан. 1937 онд шүү дээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирээд тэдэнд
Европын хөгжмийн боловсрол олгосон. Бүгд л үндэснийхээ хөгжмөөр гайхалтай
тоглодог байсан. Зарим нь Зөвлөлтөд очиж сурсан, зарим нь эндээ багшилсан.
Миний багш нар Монголын морин хуурийн мэргэжлийн сургалтын дэг жаяг суурийг
тавилцсан алтан үеийн хүмүүс. Тэдний нэг нь бол яах аргагүй Г.Жамьян багш.
Түүний олон шавь, олон бүтээл нь морин хуурыг хөгжүүлэн авч явж байна. Жишээ нь
манай Ё.Батбаяр багш байна.

-Алдарт хуурч Г.Жамьян өөрийн
гэсэн арга барилтай ховорхон хөгжимчин байсан тухай сонссон.

-Тэгэлгүй яахав. Европын
хөгжмийн зэмсгүүд хэдэн зууны туршид боловсорч ирсэн. Одоо дэлхий даяар нэг
стандартад хүрсэн. Ялгаатай нь гэвэл Европынх, Оросынх гэсэн хоёр дэгтэй. Манай
хөгжим бол байгаль, ёс заншилдаа тохирсон уламжлалт урлаг. Жишээ нь хойд зүгийн
уулынхан гэхэд морин хуурын татлага нь хүртэл шал өөр. Төв халхад гэхэд бас
өөр. Хөвсгөлд бас нэг өөр. Ийм олон ястны өвөрмөц эгшиг, аялгуу, хэмнэлийг нэг
стандартад оруулж мэргэжлийн сургалтын дэг жаягийг дэлхийн хөгжмийн боловсролын
түвшинд хүргэж чадсан нь манай ахмад үеийн алдарт хуурчид, алтан үеийнхний
гавьяа юм.

-Одоогоос нэлээд хэдэн жилийн
өмнө Австрид манай Морин хуурын чуулгынхан очиж тоглолтоо хийсэн. Тэд морин
хуураар Моцартыг тоглосон. Гэтэл Австрийн нэг хөгжим судлаач морин хуур
сонгодог бүтээлийн нарийн нугалааг нь гаргаж чадахгүй байна гэсэн. Мэргэжлийн
хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ. Хоёрхон чавхдастай хосгүй хөгжим
гэдэгсэн.

-Тэр хүний буруу биш л дээ.
Гэхдээ би зөрүүлээд нэг зүйлийг хэлнэ. Тэр Моцарт, Брамс нарын бүтээлүүд европ
хөгжим дээр тулгуурласан байгаа. 400, 500 жилийн туршид тоглож, улам
боловсронгуй болж, Европоос халиад сонгодог тал руугаа болчихсон. Гэхдээ зөвхөн
Моцарт зэрэг хөгжмийн зохиолчдыг сонгодог гэж хэлмээргүй санагддаг.

-Яагаад?

-Сонгодог гэдэг бол Моцарт,
Бетховен мөн. Гэхдээ миний бодлоор сонгодог бүтээл гэдэг цаг хугацаа, яс үндэс,
орон зайг үл хамааран хүмүүний сэтгэлд хүрч чадсан бүтээлийг хэлэх нь зөв байх.
Европ бол жижигхэн, мэдээлэл амархан тархана. Монголын газар нутаг дээр Европын
хэдэн улс багтах билээ. Тэгвэл сонгодог гээд байгаа тэр нөхдүүд хийл хөгжмөөрөө
морины явдлыг тоглоод үзэг л дээ. Буухгүй дээ. Яагаад гэхээр өөрийнх нь онцлог
орчин нөхцөл, үндэсний урлагийн хэв маяг хөгжмийн зэмсгийн онцлог гээд олон
зүйлтэй холбоотой шүү дээ. Италийн дуурийн од манай уртын дууг Норовбанзад гуай
шиг дуулчих л даа. Энэ бол дуурийн том дуучин л даа гэхдээ манай уртын дууны
тэр нарийн нугалааг гаргаж чадахгүй байна даа л гэж бид хэлнэ шүү дээ. Тэдний
буруу биш, бидний ч буруу биш. Бид маш богино хугацаанд 80-аад жил тэдний
сонгодог хөгжмийг эзэмшсэн шүү дээ. Дэлхийн хөгжимтэй эн зэрэгцэх дуурийн
дуучин манайхаас гарсан. Бяцхан төгөлдөр хуурчид Испани, Франц, Чехэд очоод
шагналыг нь аваад ирж байна. Хэдэн зууны юмыг бид 80-хан жил эзэмшсэн. Энэ бол
том бахархал.

-Танайх нэрт яруу найрагч,
зохиолч Б.Явуухулан, Ч.Лодойдамба нартай хөрш байсан гэсэн. Энэ талаар эргээд
дурсвал уншигчдад сонин байх болов уу?

-Явуу ах бол гэрийн халатаа
өмсчихсөн, том трубка зуучихсан хүн байсан. Би тэднийд орж зурагт үздэг. Их
тайван хүн. Ч.Лодойдамба гуайн эхнэр нь манай нэрт жүжигчин Ч.Долгорсүрэн гуай
шүү дээ. Тэр байж байгаа, гараад явж байгаа нь хүртэл өөр. Жинхэнэ элит гэвэл
тэднийг л хэлнэ байх. Үнэтэй костюм өмсч, үнэтэй машин унахаараа элит болохгүй
шүү дээ. Хамгийн гол нь тархин доторхоороо элит байх ёстой. Тэр агуу хүмүүс
цаанаа л нэг өөр, эрхэмсэг нь хүртэл их гоё. Агуу хүмүүс бол цаанаа л нэг агуу
байдаг.

-Та нэр хүндтэй шагнал хүртлээ.
Цаашдаа ямар бүтээл туурвих төлөвлөгөөтэй байна?

– Энэхүү шагналыг авсан нь
миний гэхээсээ илүү төрүүлж өсгөсөн аав, ээж минь, Хөгжим бүжгийн коллеж,
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг 65 жилийн түүхтэй Монголын хамгийн
том үндэсний мэргэжлийн байгууллагын гавьяа. Энд манай агуу хүмүүс болох
Л.Мөрдорж, Д.Чойдог, Л.Цогзолмаа, Д.Түмэндэмбэрэл, Д.Норовбанзад гээд л үе
үеийн хүмүүсийн ач тус, гавьяа гэж бодож байна. Учир нь үе уламжлагдан тэдний
үлдээсэн үндэсний гайхамшигтай соёлын их өв хойч үедээ өгөөжөө өгч байгаа хэрэг
юм.

-Чуулгадаа хийсэн ажлынхаа
талаараа сонирхуулаач?

-Сүүлийн жилүүдэд чуулгын
найрал хөгжмийн урын сан бол нэлээд баяжсан. Түрүүний хэлдгээр дэлхийн сонгодог
хөгжмөөс суралцсаар байна. Гэхдээ хамгийн гол нь уламжлалаа хадгалж, баяжуулах
хэрэгтэй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн бүтээлүүд дотор
ховордсон, мартагдсан хөгжмийн зэмсгээр тоглосон бүтээлүүд их гарч ирж байгаа.
Манай залуучууд морин хуураа тоглохын хажуугаар хөөмийлнө, цоор үлээнэ.
“Хөсөгтөн” хамтлаг бол манайхаас л гарсан залуучууд. Үндэсний уламжлалт хөг
аялгууг шингээсэн мэргэжлийн түвшний олон бүтээл туурвина. Манайх мэргэжлийн ур
чадварын түвшин тогтоох шалгалт гэж явуулдаг. Ингэхэд манай хөгжимчдөөс маш
хөөрхөн юм гараад ирдэг. Морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Нүүдэл”
хэмээх найрал хөгжимд зориулсан аялгуу, Р.Бат-Эрдэнийн “Тайгад дурсагдах
хэнгэргийн дуу” байна. Эд бүгдээрээ манай чуулгын залуу хөгжимчид. Монгол
үндэсний язгуур урлагаа мэргэжлийн түвшний бүтээл болгож байна. Даяарчлалын энэ
үед, импортын урлагийн довтолгоо, мэдээлэл технологийн эрин үед үндэснийхээ
хэл, соёл, урлагийн дархлааг бий болгох нь нэн чухал. Ингэж байж л Монгол улс,
монгол үндэстэн хэл, соёлоо авч үлдэнэ. Би гадаадын олон улс үндэстний урлагийн
баяр наадамд оролцож явлаа. Манай Монголын үндэсний урлагийн гайхалтай
бүтээлүүд хаана ч үгүй. Би үүгээрээ бахархаж омогшиж явдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *