Categories
мэдээ нийгэм

​Н.Баярсайхан: Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтууд зөвхөн цаасан дээр үлдэх учиргүй DNN.mn

Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах талаар байнга ярьдаг ч бодит байдал дээр үр дүн гаргахуйц түншлэл болж чадахгүй л байна-


Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон “Говийн бүсийн чуулга уулзалт”-ын талаар “Хил хязгааргүй алхам”ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.


-Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган зохион байгуулагдсан. Та тус чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Чуулганы зорилго бол тодорхой байсан л даа. Говийн бүсэд уул уурхай эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, иргэд, малчид гээд уул уурхайн нөлөөнд өртөж байгаа бүхий л талууд нэг танхимд цугларан харилцан ярилцсан.Тэдний дунд үл ойлголцол бий болгоод байгаа асуудлын талаар уг чуулганы үеэр ний нуугүй ярилцаж, хамгийн гол нь талуудыг ойлголцуулах зорилготой байсан. Уг зорилгоо хангасан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, иргэдэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг харьцуулах боломж олголоо. Тус чуулганы үеэр говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа томооохон ААН, компаниуд танилцуулга хийсэн. Жижиг, дунд, бичил уул уурхай эрхлэгчид оролцсонгүй. Тус чуулганы үйл явцыг шууд дамжуулсан нь говийн бүсийн иргэд мэдээллийг цаг тухайд нь авч хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийг ялгаж салгаж хооронд нь харьцуулсан байх.Уул уурхай эрхэлдэг л бол бүх ААН, компаниуд муу муухай биш. Тэд зохион байгуулалт, менежментээ сайн хийх юм бол хөгжилд хөтлөх боломж байгаа гэдгийг харсан байх. Компаниудад үүрэг хариуцлага хүлээлгэвэл тэд хариуцлагатай байж, хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг оролцогчид харсан байх. Түүнчлэн жирийн иргэд, малчид уул уурхай эрхлэлттэй холбоотой чуулга уулзалтад сайн дураараа ирж оролцоод, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдогийн тод жишээ уг чуулганы үеэр илэрсэн. Зарим нэг малчид нь үгээ, үзэл бодлоо эмх цэгцтэй хуулийн дагуу товч, тодорхой илэрхийлж байгаа нэгнийгээ хараад “Бид ч бас ингэж ярьж сурах хэрэгтэй” юм байна гэж биенээсээ үлгэр дуурайлал авч байна. Малчид байр сууриа нэгтгэж, эрх ашгаа хамгаална гэдэг бол манай улсад ардчилал амьд оршиж байгаагийн бас нэг илэрхийлэл боллоо. Ялангуяа Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний зүйл заалт орохоор яригдаж, шүүмжлэл дагуулаад байгаа энэ үед иргэд, малчид өөрсдийнхөө дуу хоолой, үзэл бодлыг хэнээс ч хараат бусаар илэрхийлж байгаа нь бусаддаа урам зориг өглөө гэж харж байна.

-Талууд ямар ямар асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаар хэлэлцэв?

– Оролцогч талууд ойр ойрхон уулзаж, харилцан мэдээллээ солилцож байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нөлөөллийн бүсийнхээ иргэлдтэй, зөрчил маргаан үүсгээд байгаа талуудтайгаа уулзалт хийж, мэдээллээ солилцох нь маш чухал байна. Нөгөө талаас компани юуг нууцлах, юуг нууцлахгүй байх ёстой юм бэ гэдэг нь тус чуулганы үеэр тод харагдаж байсан. Тухайлбал уул уурхай эрхэлдэг нэг аж ахуйн нэгжийн төлөөлөл “Манай байгууллагын ус ашиглалтын талаарх мэдээлэл нууцын зэрэглэлтэй” гэж хэлж байхад өөр нэг компанийн төлөөлөл ус ашиглалтын мэдээллээ бүгдийг нь ил тод тавьж, усны индексийн үзүүлэлтээ олон нийтэд нээлттэй хүргэж байна.Үүнээс оролцогч талууд хэн хэн нь ямар мэдээлэл нээлттэй, ямар мэдээлэл хаалттай байх ёстой талаар дүгнэлт хийсэн байх. Түүнчлэн ил байгаа мэдээллийг хэрхэн яаж ашиглаж болохуйц, шаардлага хангасан, хүртээмжтэй, бодитой, үнэн, ойлгомжтой байх зэрэг мэдээллийн чанарын асуудлыг давхар хөндсөн. Дараагийн бас нэг чухал үр дүнгийн талаар хэлэхэд ганцхан уул уурхайн лизенцийн асуудлыг хөндсөнгүй. Хил, боомт, гааль, тээвэр, хүний эрх, нийгэм, тээвэр ложистик гэх мэт цогц асуудлын талаар ярьсан нь эрдэс баялагийн салбараа бүтнээр нь харж ярилцлаа. Энэ бол бас нэгэн чухал үр дүн байлаа.

-Тус чуулганд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нэлээд идэвхтэй оролцсон шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал, санаачилга гаргав?

-Иргэний нийгмийн байгууллагууд иргэдээсээ ялгарах голонцлог нь асуудлыг арай тусгайлан авч үзэж,асуудалд мэргэжлийн үүднээс хандаж байлаа. Асуудлыг хууль эрх зүйн хүрээнд авч үзэж, шинэчлэлт өөрчлөлтүүдийг шат дараатай хийхэд иргэд, малчид, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгмийнхэн хамтрач ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн тус чуулганы үеэр орон нутгийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн гарснаар ажлын байранд иргэдийг зуучилж, компанийн нийгмийн үр өгөөжийг зэрэгцүүлж мэдээллэх боломжийг олгосон нь зохион байгуулалтын хувьд үр дүнтэй байлаа.

– Тэгвэл чуулганы үеэр цаашид анхаарах шаардлагатай учир дутагдалта зүйлүүд юу байв?

-Хамгийн гол нь говийн бүсийн уул уурхай эрхлэгчид, талуудын төлөөлөл яуулаад маш чухал асуудлуудыг хэлэлцэж байхад салбар дундын нэгдсэн бодлого, ажлын уялдаа, институт хоорондын бодлого, төр захиргааны бодлого, орон нутгийн засаг захиргааныэрх мэдэл хэрхэн зөрөлдөж, ямар хэмжээнд уялдаа холбоотой ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Салбар дундын байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, тээвэр ложистик, хил гаалийн бодлого нь ямар уялдаа холбоогүй байгааг харууллаа. Бид бүгдээрээ тогтвортой хөгжлийн зорилтын талаар ярьдаг. Байгаль орчинд түшиглэсэн эдийн засаг, засаглалын бодлогын талаар ярьж байгаа. Гол нь олон улсын өмнө амласан энэ зорилгынхоо төлөө явахгүй, зорилгоо хангаж чадахгүй байна. Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтууд зөвхөн цаасан дээр үлдэх учиргүй. Эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж байгаад үр дүнгээс нь аваад тогтвортой хөгжлийн тайландаа шигтгээд оруулчих юм байна л даа. Түүнээс биш бодлого нь уялдаатай явахгүй байна. Мөн чуулганыг зохион байгуулах талаараа иргэд, олон нийтэд мэдээлэл хүргээгүй юм байна. Тиймээс уул уурхайгаас үүдэн эрсдэлд орж байгаа иргэд ирж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа учраас хөгжлийн асуудал яригдахгүй, тулгамдсан асуудлуудаа түлхүү ярьж байна.

-Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн салбарын үзүүлж байгаа нөлөөллийн талаар талууд ямар байр суурь илэрхийлэв?

-Тус чуулганы үеэр ерөөсөө хөндөгдөөгүй сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт байлаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн салбар ямар нөлөө үзүүлж байгаа талаар хариуцсан яамд огт ярьсангүй. Хүмүүс ч мэдэхгүй байна. Биологийн төрөл зүйл маш чухал. Биологийнтөрөл зүйлийн амьдрах орчин байхгүй. Говийн бүсийн тээвэр, ложистикийн газрын зургаас харахад Таван толгойгоос нарны цацараг мэт зам салаалчихсан байна. Гэтэл үүнийг нэгтгэсэн төрийн бодлого алга. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар байнга ярьдаг ч бодит байдал дээр үр дүн гаргахуйц түншлэл болж чадахгүй л байна.

-Уул уурхай ил тод байх нь орон нутагт ямар үр нөлөө үзүүлэх вэ. Уул уурхайн компаниуд үнэхээр ил тод байж чадаж байна уу эсвэл зөвхөн нэр төдий байна уу?

-Бүгд чада чадах хэмжээгээрээ ил тод байна. Гэхдээ хэзээний мэдээлэл, түүнийг нь яаж ашиглах нь тусдаа асуудал. Компани ийм ийм шаардлага хангасан мэдээлэл гаргаж тавьсан бол ил тод, нээлттэй байдлын шаардлагыг хангасанд тооцно гэсэн стандарттай болмоор байна. Өөрөөр хэлбэл нээлттэй ил тод байдлын стандарт гаргах хэрэгтэй. Ил тод байдал нь иргэнд хэрэгтэй байна уу, хүний эрхийг хангуулахад хэрэгтэй байна уу. Бид хүний эрхэд ээлтэй дата мэдээллийн талаар ярьдаг хэлэлцдэг болж хөгжчихөөд байхад өнөөх ил тод байх асуудлаа ярьсаар л байх юм уу. Тиймээс комдани бүрт нээлттэй, ил тод байх асуудлыг хариуцлага болгон үүрэгжүүлж, жил бүр ил тод байдлын талаар тайлан гаргаад иргэдэд хүргэхэд анхаарч ажилламаар байна. Түүнээс биш ил тод байдлын маягтбөглөх төдийхнөөр тайлагнадаг баймааргүй байна. Иргэдэд зориулсан төсөв гэдэг шиг иргэдэд зориулсан ил тод байдлын тайлан гаргадаг байх нь чухал юм. Хэрэв уул уурхайн компаниуд өөрсдийн эрхэлж байгаа бизнесээ хариуцлагатай, тогтвортой авч явахын тулд өөрсдөө санаачилга гаргаж, иргэддээ хүргэхээс өөр аргагүй. Ил тод байх нь компанид ямар ач холбогдолтой гэхээр бизнес нь тогтвортой, хөрөнгө оорууулалтыг татна, бизнесийн сайн түүх бүтээхээс гадна ямар нэгэн байдлаар албан бус хандив,авлигад шахагдахгүй. Учир нь манай компани татвараа төлчихсөн, хуулиа хэрэгжүүлж байгаа гээд нүүр бардам хэлэх боломжтой. Угтаа энэ салбарт ямар нэгэн байдлаар хандив байх ёсгүй шүү дээ. Яагаад байгаль орчинг нөхөн сэргээх, хүний эрхийг хангах, нүүлгэн шилжүүлэлтэд мөнгө зарцуулахгүй хэрнээ яагаад уул уурхайн компаниуд хандив өгөөд байна вэ. Уг хандив нь татварын дараах цэвэр ашгаасааөгч байна уу, эсвэл татварын өмнөх ашгаасаа өгөөд байна уу. Энэ мэт олон эргэлзээтэй асуудал бий. Монголчууд чихэр өгөхөөр хууртдаг жаахан хүзхэд шиг бамааргүй байна.

– Говийн бүс тэр дундаа Өмнөговь аймаг уул уурхайн хөгжлийн жишиг болж байгаа. Гэтэл эдийн засгийн үнэлгээ нь нэгдүгээрт тавиалд бусад асуудлуудыг хойш тавих үзэгдэл ажиглагдажбайна л даа?

-Их чухал асуудал хөндлөө. Өмнөговь аймгийн малчдаас нэг нь ч мөнгө нэхэхгүй байгаа. Магадгүй Дороноговь аймгийн малчид худаг гаргаж өг, манай хүүхдийн сургалтын төлбөрийг төлж өг гэнэ. Гэтэл Өмнөговийн малчид 250 сая төгрөг юу ч биш гэж хэлж чадаж байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр уул уурхайн бүс нутгийн иргэд малчид мөнгө чухал биш бидний амьдрах орчин чухал байна. Тиймээс биднийг зүгээр л тайван байлгаад өг гэж байна.Тэд нүүдэлчин ахуй өв соёлоо уламжлалт байдлаар нь хадгалахыг хүсч байна. Уул уурхайг дагаад эдийн засаг нь өсч байгаа аймгууд мөнгийг яаж үрэх тухай л бодож байна. Их мөнгөнд толгой нь эргэчихсэн байна. Харин бусад аймгууд бид яаж мөнгө олох вэ, байшаа мөнгөө яаж зохисто, үр дүнтэй зарцуулах вэ гэж харж байна. Их мөнгөтэй гэнэт нүүр тулчихлаа. Зарим талаараа улсын төсөвтэй дүйцхүйц хэмжээниймөнгийг зарим нь захиран зарцуулж байна. Тиймээс ийм хэмжээний мөнгийг зөв захиран зарцуулах менежмент,чадавхи, удирдлагуудад нь байна уу. Хууль эрхзүйн орчин байна уу, иргэд нь хяналттавьж чадаж байна уу гээд харахаар их мөнгийг захиранизарцуулах эрх мэдлийн шоконд орчихсон байна. Ийм үед төр засгийн бодлого зөв гарч байж жишиг уул уурхай хөгжсөн, хүний эрх дээдлэгдсэн, сайн засаглалын асуудал яригдна. Тэд барьц алдаж байгаа. Үүнийгээ мэдэхгүй байна.

-Энэ байдлаасаа яаж гарах вэ. Уул уурхай хөгжсөн аймгийн иргэд нь засаглал, иргэний оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх ёстой гэж харж байна?

-Уул уурхай эрхэлдэг аймгууд орлогоосоо 30 хүртлэх хувийг иргэдийг мэдлэгжүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлж уул уурхайн сайн засаглалыг бий болгоход зарцуулах ёстой хэмээн индексжүүлэх учиртай. Тэр ч бүү хэл уул уурхайн мэдээллийн нэгдсэн төв ажиллаж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын мэдээллийгхүргэдэг, иргэдийнгомдол саналыг сонсдог, цааш нь дамжуулдаг, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулдаг баймаар байна.Ийм цогц төв ажиллавал уул уурхайн компаниудын үнэлгээний тайлангууд нь компани компаниараа байж байх учиртай. Ингэж байж засаглал сайжирна. Түнчлэн судалгааны төв ч ажилуулах боломжтой.Ийм тогтолцоо үгүйлэгдэж байна.

П.Батзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *