Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг: Сонгуулийн өөр хувилбар гаргасан

МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдэээлэл өглөө. Мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар хийсэн юм.

“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн
тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр
төлөвлөсөн байсан ч түр хойшлуулжээ. Учир нь Ерөнхийлөгчийн зөвлөх
Ч.Өнөрбаярыг урьсан ч ирж амжаагүй учраас энэ удаад хойшлуулсан байна.
Тус намын бүлгээс дээрх хуулийн төслийг дэмжих байр суурьтай байгаа ч
хууль санаачлагчаас тодруулах зүйл байгаа учир ийнхүү хойшлуулсан гэнэ.

Хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн
байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох
бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Уг хууль нь хуучин Улсын
ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх
газар руу шилжүүлсэн нь бодлогын алдаа байсан гэж үзсэн байна. АТГ дээр
байгаа албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байгаа
энэ бүтцийг буцаагаад Улсын Ерөынхий прокурорын дэргэд сэргээн байгуулах
нь зүйтэй гэж хууль санаачлагч үзсэн юм. Бүлгийн дарга Н.Батцэрэг
“Амьдралаас урган гарсан учир хуулийн төсөл учраас манай намын бүлэг
дэмжинэ. АТГ бол хээл хахуультай холбоотой асуудлаараа, соён гэгээрүүлэх
асуудлаараа, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв
бүрдүүлж байх чиг үүргээ хэрэгжүүлээд байх бүрэн бололцоотой” гэлээ.
Мөн Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа
ажлын явцын талаар мэдээлэл сонсч УИХ-аар баримт бичгийг батлах нь
зүйтэй гэж үзжээ. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Сонгуулийн
нэгдсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байсан байна. Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах одоогийн төслийг “Шударга ёс” эвсэл
дэмжих гэнэ. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхээ ард нийтийн санал
асуулга явуулж байж шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Сонгуулийн нэгдсэн
хуулийн тухайд, УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчийг нэг
саналын хуудсан дээр бичээд улсаа нэг тойрог болгоод сонгогч нэр
дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлах замаар явуулах хэрэгтэй гэж үзсэн
байна. Тус бүлгээс гаргасан дээрх санал Ажлын хэсэг дээр унасан учир
УИХ-ын 76 гишүүнийг 38-ыг нь мажоратор тойргоор 38-ыг нь намын
жагсаалтаар гаргаж ирэх хоёр дахь саналыг гаргасан байна. Гэхдээ намын
жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг бас ард түмэн өөрсдөө дугуйлдаг
байхаар зохион байгуулах нь зүйтэй гэсэн байна. Зөвхөн намын хаалттай
жагсаалтаар намын удирдлагын хүрээнд эвслийн удирдлагын хүрээнд хүмүүсээ
нэр дэвшүүлэд СЕХ-нд хүргүүлснээр өндөрлөдөг одоогийн энэ
зохицуулалтаар биш заавал олон түмэн рүү нэр дэвшигч өөрөө очиж дэмжлэг
авах хувилбарыг санал болгож байгаа аж. Бүх нийтийн санал асуулгыг
авахдаа эхлээд Ажлын хэсэг, УИХ дээр ийм хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлт явж болох юм байна гэж хайрцагласны дараа Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг асуух хэрэгтэй гэж үзжээ.

Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Нэр дэвшүүлсэн нам эвслийн
хооронд сонгуулийн компанит ажлыг зохион байгуулах тал дээр хуулийн
төсөлд сайн зохицуулалт оруулсан байна гэж үзэж байгаа. Жишээ нь хэвлэл
мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг хэтэрхий дөвийлгөн магтах юмуу, гүтгэн
доромжилдог байсан нь үнэн. Ялангуяа эздийн телевиз, сонин олонтой үед
энэ чухал асуудал мөн. Энэ тал дээр төлбөртэй нэвтрүүлэг явуулах цагийг
жигд байхаар оруулсныг дэмжиж байгаа. Ажлын хэсэг дээр дэмжлэг авсан.
Мөн сурталчилгааны материал тараах, гудамжны самбар ашиглах зэрэгт адил
тэгш нөхцлийг хангахаар оруулж ирсэн нь зөв. Өөрөөр хэлбэл мөнгөөр
хэмжсэн хэмжээсүүд байж таарахгүй. Олон түмэнд хүрэх ажлыг төрөөс зохион
байгуулахыг манай бүлэг дэмжиж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *