Categories
мэдээ нийгэм

Н.Батмөнх: Цагийн үнэлгээ бол манайд хямдхан л байгаа

Өдрийн сурвалжлага

“Мөсөн өргөө” спортын ордон өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд үүд хаалгаа дэлгэлээ. Дэлхийн стандартад нийцүүлэн барьсан тус спортын ордон нь нийт 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон ажээ.

Тус ордон цар тахлын энэ үед нээлтээ хийж байгаа тул УОК, НОК-оос гаргасан журмын дагуу 50 хувийн дүүргэлттэй байхаар зохицуулсан байна.

Нээлтийн үеэр олон нийтэд зориулсан үзвэр үйлчилгээ үзүүлж, хүүхэд багачуудын сонирхлыг татах зүйл олон байв. Ингээд “Мөсөн өргөө”-нөөс хийсэн сурвалжлагаа хүргэе.

“Мөсөн өргөө” нээлтээ хийж байгаа сургаар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо ирж гулгах хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Хүүхэд багачууд чаддаг, чаддаггүй хамаагүй тэшүүр углан мөсөн талбайд гарч гулгаж байх юм. Яагаад гэвэл хүүхдүүдийг тэшүүр аваад талбай руугаа гарахын өмнө аюулгүй байдлын заавар өгөх зөвлөгч үүдэнд нь зогсон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангуулж, гарахад нь өвдгөвч малгайгаа бүрэн өмссөн эсэхийг шалгаад, зөвлөгөөгөө өгөөд оруулна. Орсон хойно нь тэдэнд түрээд гулгах жижигхэн загас хэлбэртэй, оцон шувууны дүрстэй тулгуурыг өгч багш нар дагалдан явж зааж байлаа. Гулгаж чадахгүй хүүхдүүд тулгуур дээрээ суугаад түрүүлэх боломжтой. Тиймээс айх айдасгүй гулгаж буй хүүхдийн инээд цалгисан сайхан өргөө болжээ хэмээн ярих хүмүүс олон байв.


Үйлчлүүлэгч иргэн С.Наранцацралтай ярилцлаа.

-Та “Мөсөн өргөө” ордон нээлтээ хийж байгааг яаж мэдэв. Хэдүүлээ ирсэн бэ?

-Цахимаас мэдээлэл аваад дүүгийнхээ хоёр хүүхэдтэй, дүүтэйгээ дөрвүүлээ ирсэн.

-Энэ байгууламж ямар болсон байна. Ирээд үйлчлүүлэхэд хэр тав тухтай байна вэ?

-Сайхан байгууламж болжээ. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Манайх ойрхон байдаг болохоор байн байн үйлчлүүлж баймаар сайхан газар болж. Харин жаахан сэрүүхэн юм. Дулаахан хувцаслаж ирж баймаар юм байна.

-Үнэ ханшийн хувьд хэр санагдаж байна вэ?

-Боломжийн юм аа. Дүн өвлийн хүйтнээр гадаа даарч нэг цаг гулгаж байхаар ая тухтай дулаахан орчинд хүүхдүүдийнхээ тааваар үйлчлүүлж болох энэ үнэ тохирсон гэж бодож байна.

-Урлагийн тоглолтууд үзсэн үү. Хүүхдүүд нь яаж хүлээж авч байна вэ?

-Хөөрхөн тоглолт байна лээ. Хүүхдүүд их дуртай дагаж дуулж бүжиглээд хүүхдүүдийн зугааг гаргасан сайхан зүйл олныг хийж байгаад баяртай байна. Тоглолтын дараа тэдгээр үлгэрийн баатрууд хүүхдүүдтэй зураг даруулж, тоглож наадаад ер нь сэтгэлд их хүрлээ. Гэр бүлээрээ чөлөөт цагаа хамт өнгөрөөх ийм сайхан байгууламжтай болсонд баяртай байна.

“Мөсөн өргөө” спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай, 15 сая ам.долларын өртгөөр баригджээ.


Мөсөн талбай дээр гулгаж буй Э.Одмаралтай ярилцлаа.


-Өмнө нь ийм газар гулгаж байсан уу. Энд гулгах ямар байна вэ?

-Урьд нь Хүннү моллын мөсөн талбайд гулгаж байсан. Түүнийг бодвол том юмаа. Энд бас хувцас солих өрөө, цүнх хадгалах газартай юм байна лээ. Авч яваа эд зүйлээ хадгалуулаад тавтай гулгаж байна.

-Чи хэдэн настай вэ. Яасан хэвлүүлэн ярьдаг юм бэ?

-/инээв/ Би зургаан настай. Өмнө нь хэд хэд гулгаж байсан болохоор жаахан туршлага суусан юм аа.

-Пөөх туршлагатай тамирчин болох нь ээ. Гулгах гоё байна уу?

-Тиймээ. Би том болоод зураач болно гэж боддог. Хэрвээ сайн гулгаад сурчих юм бол зураачаа болиод тэшүүрийн тамирчин ч болсон яах вэ.

-Чи хэнтэй ирсэн бэ. Энд чамд таалагдаж байна уу?

-Маш их таалагдаж байна. Би ээжтэйгээ ирсэн. Дараа ирэхдээ аавтайгаа дүүтэйгээ ирнэ ээ.

Мөсөн талбайд гулгахаас гадна эцэг эхчүүд нь лоунжид суугаад хүүхдээ харах боломжтой. Бас фитнесс ч байлаа. Мөсөн талбай орох замд тамирчдад зориулсан хувцас солих өрөө, дүш, бие засах өрөөнүүд коридорт байршжээ.

Энэ талаар “Степпа арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнхтэй ярилцлаа.

-Иргэдэд зориулсан ямар үйлчилгээ явуулж байна вэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд манай “Мөсөн өргөө” ордон ашиглалтад орсон. Өнөөдөр бид УОК-той хариуцлагын гэрээгээ байгуулаад нийтэд үйлчлэх, тогтоосон дэг журам дэгийн дагуу нээлтээ хийж байна. Нийтийн гулгалтын өдөр маань эхэлж байна. Нийтийн гулгалтын өдрүүдээр гэр бүл найз нөхөд, хамт олноороо ирж мөсөн талбайд гулгахаас гадна үлгэрийн баатруудтай уулзаж, тоглож наадах, хоорондоо ярилцах, цэнгэх боломжийг олгож байна.

-Цаашид ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?

-Бидэнд мөсөн талбайд тэмцээн зохиох, хурал чуулган хийх, ганц мөс ч биш өөр урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах хүсэлтүүд их ирж байгаа. Жишээлбэл, бид ирэх долоо хоногт 2019 оны Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвөн тоглолтыг зохион байгуулахаар болсон. Яагаад 2019 он болчихов гэж хүмүүс гайхах байх. 2019 оны төгсгөлөөр хөл хорио тогдоогдоод бүтэн хоёр жил тус тэмцээн хойшлогдоод аваргаа шалгаруулж чадаагүй байсан. Шөвгийн дөрвөн баг тодорхой болчихсон. Бид түүнийг нь үргэлжлүүлээд Монголын хоккейн холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Үүнээс гадна Монголын оюутны сагсанбөмбөгийн лиг гэж байдаг юм байна. Энэ байгууллага бас 2021-2022 оны улирлын нээлтээ манайд хийе гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнээс гадна байгууллагауудын хурал, чуулган болдог. Удахгүй шинэ жил болох гээд олон хүнтэй байгууллагууд манай ордныг их сонирхож байна. Энэ мэтээр манайд хүсэлтүүд их ирж байгаа.

-Төлбөр мөнгөний хувьд хэд гэж байгаа вэ. Албан байгууллагууд бүтнээр түрээслэхэд цагийн 15 сая төгрөг гэж сонссон үнэн үү?

-Төлбөр мөнгийг бол маш их сонирхож байгаа. Нийтийн гулгалтын үед том хүн 25000 төгрөг, хүүхэд 15000 төгрөг. Тэшүүрээ түрээслээд авчихна. Хувцас солих өрөөтэй. Олон улсын стандартад нийцсэн бүх шаардлагыг хангасан. Дуу хөгжим гэрэлтүүлэг гээд зүгээр гадаа мөсөн талбай дээр гулгаж байгаа биш шүү дээ. Хүмүүст гулгах арга техникийг заах мэргэжлийн багш байна. Анхан шатны зөвлөгөө өгөх зөвлөх ажилтан байна. Энэ бүх зүйлсийг оруулаад гарч ирсэн төлбөр. Байгууллагууд цагаар бүтэн түрээслэх бол мөстэй талбай авах уу, мөсгүй авах уу гээд харилцан адилгүй. Дашрамд хэлэхэд зарим нэгэн буруу ташаа мэдээллээс болоод үнэ өртөг өндөр байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Нэг цагийн 15 сая гэсэн үнэлгээ байхгүй. Бүтэн өдрөөр нь арга хэмжээ зохион байгуулахаар манайд хүсэлтүүд их ирдэг. Жишээлбэл, олон улсын том уул уурхайн үзэсгэлэн экспо зохион байгуулах хүсэлт ирж байгаа юм. Тэгэхээр манайх мөсөн талбайн үйл ажиллагаагаа тэр чигээр нь зогсоогоод гурван өдрөөр түрээслэхэд тэр үнийг хэлсэн.

-Өвлийн спортын төрлүүдийн бэлтгэлийн бааз талбай болгох зориулалт бий шүү дээ. Тэшүүр, хоккейн тамирчид бас үнэ төлж орох уу?

-Бэлтгэлийг бүтэн өдөр хийнэ гэж юм байх уу. Хүн бэлтгэл хийхэд хүч энергиэ зарна. Сайндаа л 2-3 цагаас илүү гарахгүй шүү дээ. Тэр өртөг бол өөр. Шорттрекийн тамирчдын өртөг өөр. Монголын тэшүүрийн холбооны нарийн бичгийн дарга Нарангэрэл гэж эмэгтэйн ярилцлага байна лээ. Тэр хүн өөрөө ярьсан уу, ташаа мэдээлэл сонссон уу түүнийг би сайн мэдэхгүй байна. Тэр хүн “Ийм өндөр үнэтэйгээр бид бэлтгэл хийж чадахгүй” гэсэн байна лээ. Бүтэн өдөр бэлтгэл хийдэг зүйл гэж аль ч спортод байхгүй. Цагаар л байдаг. Цагийн үнэлгээ бол манайд хямдхан л байгаа.

-Тамирчдын хувьд үнэлгээ нь хэд гэж байгаа вэ?

-Нэг цагийн үнэлгээг бол багаараа юу ганцаарчилсан уу, талбайгаа бүтэн авах уу, талаар нь авах уу гээд өөр өөр болно шүү дээ. Шорттрекийн хувь тамирчидтай гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Холбоо нь бидэнтэй одоогоор харьцаагүй байгаа. Харьцах байх. Бүх зүйлийг одоо бид туршиж байна. Туршилтаасаа бид үнэлгээнүүдээ ярьж хөөрч гаргана. Гэхдээ энд нэг зүйлийг бид хаа хаанаа маш сайн ойлгож авах хэрэгтэй. Өртөг гэж нэг юм бий. Үнэ гэж нэг юм бий. Энэ ордны өртөг, үйлчилгээ өөрөө өндөр. Мөсөө хөлдөөнө, гэрэлтүүлгүүд, агаар сэлгэлт хийх асар том тоног төхөөрөмжүүд явж байна. Энэ болгон цахилгаан хэрэглэнэ. Бүх техник тоног төхөөрөмжийг техникийн хүмүүс ажиллуулж байгаа. Түүнээс гадна тамирчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн дараах усанд орох өрөө бусад ямар хэрэгцээ шаардлага байна. Тэр бүгдийг хангасан. Энэ бүхэн цаанаа өртөг зардалтай. Эндээсээ үнэ хөлснийхөө тарифийг гаргана. Ашиг олоод байгаа зүйл одоогоор үнэндээ алга аа. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр ашиг олоод байгаа юм шиг юм бичсэн байна лээ. Хөрөнгө оруулсан компаниуд өөрсдөө зах зээлийн судалгаагаа хийхдээ оруулсан хөрөнгийнхөө эхний ашгийг 18-22 жилийн дараа авна гэж гарсан. Үүнийг барьсан компанийн эзэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгуулсан. Бид бол ашиг гэхээсээ илүү нийгмийн хөгжлийн төлөө, монгол хүний хөгжлийн төлөө ийм үйлчилгээний газар байгууллага бий болгоё гээд л барьсан. Энэ байгууламж 40-өөд хүнийг ажиллуулж байгаа. Эдгээр хүмүүсээ бид цалинжуулна. Нийгмийн даатгалыг нь төлнө. Үүнийг чинь хэн нэгэн төлөхгүй. Байгууллагаа ажиллуулж байж өөрсдөө зардлаа олно.

“Мөсөн өргөө” ордон иргэдэд үүд хаалгаа нээснээр олон нийт гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нэг сайхан газартай боллоо хэмээн сэтгэгдэл өндөр байлаа. Энд болж буй арга хэмжээнүүдээс хамгийн гоё нь “Кисс камер” буюу мөсөн талбайн дээр байрлуулсан дэлгэцээр гарч хайртай хүмүүсээ тэврэн үнсэх хэсэг байлаа хэмээн нэгэн зэрэг ам уралдан хэлж байв. “Мөсөн өргөө”-гөөр зочилсон нэгэн өдөр ийм байна.

Н.Мөнхжаргал: Үйлчилгээ чанартай юм чинь үнэ болж л байна

“Мөсөн өргөө” ордон үйл ажиллагаагаа нээгээд олон нийтэд үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанд спортын тамирчид, багууд бэлтгэл хийхэд тус ордны түрээсийн үнэ өндөр байна гэх яриа их явах боллоо. Энэ талаар хоккейн спортын клубуудээс тодрууллаа.

-“Шарын гол” хоккейн клубын менежэр Н.Мөнхжаргал хэлэхдээ “Хувь хүмүүс өөрсдөөсөө хөрөнгөө гаргаад хийсэн. Тэдгээр хүмүүс хэр хэмжээний зардал гаргаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Бэлтгэл хийж байгаа мэргэжлийн клуб, тамирчдад бол 50 хувийн хөнгөлөлттэйгөөр түрээсэлж байгаа. Нэг цагийн үнэлгээ нь 1.5 сая төгрөг. Түүнийхээ 50 хувиар тооцож манай багаас төлбөр 750 мянган төгрөг авч байгаа. Нэг цагийн хугацаанд заал тэр чигээрээ манай мэдэлд ирж байна гэсэн үг. Аятайхан юм байна лээ. Хувцас солих өрөө, усанд орох өрөө бүгд хангалттай хүрэлцээтэй. Монголд байхгүй цэвэрхэн, аятайхан орчин бүрдсэн газар байна лээ. Бүх фитнесс тоног төхөөрөмжөөр хангагдсан. Манай баг 20-иод гишүүнтэй. Бүгд ороод бэлтгэлээ хийгээд өөрсдөд хэрэгтэй бүх үйлчилгээг авчихна. Манайх удахгүй лигийн аварга шалгаруулах тэмцээнд орох гээд бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Арваннэгдүгээр сарын 12-ноос эхлээд энд бэлтгэл хийж байгаа. Монголчууд гэнэт олон улсын стандарттай ийм сайхан зүйл ороод ирэхээр үнэ тариф нь үнэтэй байна гээд шоконд ороод эхэлж байгаа л юм. Үзүүлж байгаа үйлчилгээ нь үнэндээ догь шүү. Хүмүүсийн зан харилцаа, үйлчилгээ гэж ямар байдгийг энд ирээд нэг үзээрэй гэж шүүмжлээд байгаа хүмүүст хэлмээр байна” гэв.

-“Отгон од” хоккейн клубээс дараах хариултыг өгсөн юм. “Ер нь үнэтэйгийн хувьд үнэтэй байгаа. Хувийн юм болохоор тэгдэг байх. Нэг багт анх цагийн 500-700 мянган төгрөгний ханш хэлсэн. Манайх улирлаар гэрээ байгуулж, ярьсаар байгаад цагийн 250 мянган төгрөгөөр тохирч, хүүхдийн тоо хамаарахгүйгээр өсвөрийн багаа энд бэлтгэл хийлгэж байгаа. Манайх гэрээ байгуулж хүүхдүүдээ бэлтгэл хийлгээд дөрвөн долоо хонож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *