Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ариунболд: Улс төрийн намыг татан буулгах асуудал нь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог хамгаалах нийгмийн дархлааны асуудал

Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн уг мэдэгдлийг та хэрхэн дүгнэж байна?

-Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т зааснаар дараах үндэслэлээр намыг тарааж, үйл ажиллагааг нь зогсоодог. Үүнд, нэгдүгээрт, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, хоёрдугаарт, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, гуравдугаарт, Хүч түрэмгийлэх, дөрөвдүгээрт, Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, тавдугаарт, Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан, зургадугаарт, Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн. Ер нь бол олон улсад улс төрийн намын үйл ажиллагааг хориглох гэсэн нэр томьёо хэрэглэгддэг.

Ерөнхийлөгчийн захирамжийг судалж үзэхэд дээр дурдсанаас 1, 2, 6 дахь үндэслэлээр Монгол ардын намыг тараах асуудлыг захирамжилсан шинжтэй байна. Энэ дундаа Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэдэг үндэслэл нь анхаарал татаж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотой болов уу гэж таамаглаж байна.

Одоогийн түвшинд 100 жилийн түүхтэй МАНыг татан буулгах нь эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Улс төрийн намыг татан буулгах, үйл ажиллагааг нь хориглох тухай асуудал бол хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог хамгаалах нийгмийн дархлааны асуудал юм. Нэгэнт Улс төрийн намын тухай хуульд энэ асуудал тусгагдсан тул одоогийн хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх боломжтой. Ядаж л уг асуудлыг шалгах, шийдвэрлэх механизм байна. Сая шинээр батлагдсан Шүүхийн тухай хуульд улс төрийн намын бүртгэлийн асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэдэг болсон. Харин энэ асуудлаар дээд шүүх өөрөө дотоод журам батлах учиртай. Зарим намуудыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг урьд нь ч гэсэн иргэд, төрийн бус байгууллагууд дээд шүүхэд гаргаж байсан.

Ер нь Ерөнхийлөгчийн захирамж гаргахгүйгээр өөрөөр яажнүүхболомж байсан бэ?

-Магадгүй ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаад, шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж байсан болох байх. Ард нийтийн санал асуулгын дүнг Сонгуулийн ерөнхий хороо зарласнаар шууд хүчин төгөлдөр болдог.

Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхэд халдахыг завдсан үйл боллоо гэж зарим хүмүүс дүгнэж байна. Энэ талаар?

-Аливаа асуудал хоёр талтай байдаг. Үндсэн хуулийн 50.1.5-д хуулиар эрх олгосон бусад асуудлыг дээд шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Улс төрийн намыг татан буулгах эрхийг дээд шүүхэд хуулиар олгосон байдаг нь Үндсэн хуулийн шинжтэй эрх мэдэл болов уу. Зарим улсад дээд шүүх нь биш Үндсэн хуулийн шүүх нь энэ асуудлыг шийдвэрлэдэг. Харин дээд шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ хэний санаачилга (гомдол, өргөдөл, мэдээлэл, шийдвэр)-аар хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа учраас Ерөнхийлөгч энэ асуудлаар шийдвэр (захирамж) гаргасан байж болох юм. Нөгөө талдаа дээд шүүх уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах уу, нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэх үү гэдэг тодорхойгүй байна.

Энэ нь Ерөнхийлөгчийг импичмент хийх хангалттай үйлдэл боллоо гэж зарим гишүүд харж байна. Ерөнхийлөгчийг импичмент хийх болов уу. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

-Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, тангаргаасаа няцсан эсэхийг шууд УИХ-аар хэлэлцдэггүй. Эхлээд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хууль шүүх тогтоодог. Эргээд Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан эсэхийг тогтоохыг тулд Ерөнхийлөгчийн захирамжид дурдсан асуудлыг нэг бүрчлэн шалгах ёстой болох болов уу. Тиймээс энэ асуудал тавигдахгүй байх гэж үзэж байна. Нийгмийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал ч мөн дээр нь нэмэгдэх байх.

Нөгөө талаас МАНыг цэрэгжсэн нам болсон нь үнэн гэх судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд Цэцэд энэ асуудлаар хандсан байсан

-Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр жил гаруйн өмнө Үндсэн хуулийн шүүхэд мэдээлэл гаргаж байсан. Бодит байдал дээр гаргаж байсан үйлдлийг үндэслэн энэ асуудлыг гаргасан. Тухайлбал, Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд байгуулсан, уг байгууллагын гүйцэтгэх удирдлагаар ажилласан, уг холбоонд одоо үүрэг гүйцэтгэж байгаа офицер тусгай албан хаагчдыг элсүүлсэн, аймгийн Засаг дарга нар буюу улс төрийн албан хаагчдыг хамруулсан гэх мэт үндэслэлээр өргөдөл гаргасан. Гэвч Цэц түүгээрээ шалгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тайлбар гаргуулан үүсгэн байгуулаагүй юм байна, холбоонд албан тушаал хашдаггүй юм байна, уг холбоонд зөвхөн бэлтгэл офицерууд хамрагдаж байна гэх мэт үндэслээр хүлээн авахаас татгалзсан байдаг.

Р.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *