Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно. ЕБС төгсөж байгаа хүүхдүүд “ямар мэргэжил сонгох вэ” гэсэн асуулттай нүүр тулдаг билээ. Энэ талаар “Opendoor” байгууллагын боловсролын зөвлөх Н.Ариунаатай ярилцлаа.
-ЕБС-ийг төгсөж байгаа хүүхдүүд мэргэжил сонголтондоо хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-ЕБС-ийн төгсөгч болон гэр бүлийн гишүүдийн хамгийн түгээмэл асуулт бол яах аргагүй “ямар мэргэжил сонгох вэ” юм. 10 гаруй жилийн өмнө мэдээллийн технологи өнөөгийнх шиг бидний амьдралд нэвтрээгүй байсан. Аливаа салбарын хөгжил, өөрчлөлт огцом биш байсан тул энэ мэргэжлээр сурвал илүү өндөр цалинтай, мөн эрэлттэй байх болно гээд чиглүүлэх боломжтой байлаа.Гэтэл сүүлийн таван жилийн дотор технологи, дижитал шилжилт нүд ирмэхийн зуур бидний амьдралыг өөрчлөв. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг урьдчилан таамаглах аргагүй болсон. Магадгүй ажил мэргэжлийн тодорхойлолтууд ч өөр болж эхэлж байна. Хиймэл оюун ухаан өмнө нь хүн бүхэл бүтэн мэргэжил эзэмшээд хийдэг байсан ажлуудыг бие даан хийгээд эхэллээ. Тиймээс бид залууст дор хаяж таваас дээш жилийн дараа байсаар байх ажил мэргэжлийн санал болгож байна.
-Илүү л төвөгтэй шийдвэр болоод байна аа даа?
-“Ямар мэргэжил сонгох вэ” гэдэг хэцүү асуултад хариулахын тулд бид илүү өргөн хүрээний эрэл хайгуул хийх шаардлагатай болжээ. Өнөө үед хүүхэд, залуус мэргэжил сонгохоосоо өмнө өөрийгөө танин мэдэх аялалд гарах хэрэгтэй. Юу хийж чадах, юу хийх дуртай байна вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй.
Үүнийг мэдээд авбал аль ч салбарт ажиллаж хөдөлмөрлөхөө сонгоход хялбар. АНУ-ын зарим их дээд сургуульд эхний хоёр жилийн сургалт Liberal Arts суурьтай General Education буюу суурь мэдлэгийг олгож эхэлдэг нь ийм учиртай. Хоёр жилийн дараа залуус аль салбарт ямар мэргэжлээр ажиллах нь өөрт тохирохыг мэдээд авна шүү дээ. Америкийн сургуулиуд энэ тал дээр чиглүүлээд өгөх тусгай мэргэжлийн зөвлөх, академик зөвлөхүүд ажиллуулдаг. Иймээс миний өгөх зөвлөгөө бол гадаадад ямар мэргэжлээр сурахаа мэдэхгүй байвал сургуулийнхаа зөвлөхүүдээс байнгын зөвлөгөө чиглүүлэг ав. Гадаадад сурахгүй залууст хэлэхэд, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтуудад сууж, ажиллаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлээ сонгоход яаралгүй өөрийгөө янз янзын чиглэлд зоригтойгоор сорь, турш. Ингэж байж өөрийн дуртай мэргэжлийн үзүүрийг олж харна.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтод оролцох нь зөв үү?
-Эцэг эхчүүд мэргэжил сонголт тал дээр туршлагаараа түрий барих нь элбэг. Гэтэл өнөөдрийн технологийн эрин үед өсч бойжсон залууст тулгардаг асуудлууд, тэдний ажил мэргэжлийн ирээдүй нь бидний өссөн, хүмүүжсэн орчин нөхцөлийнхөөс тэс өөр. Гэтэл ээж, аавын туршлага ирээдүйд үр дүнтэй байх уу гэвэл бас л эргэлзээтэй. Иймээс хүүхдүүд юу хүсч байгаагаа, юу хийх дуртайгаа ээж, аавтайгаа илэн далангүй ярилцаж суу. Хамтдаа шийдэл хай. Эцэг эхчүүд хүүхдээ сайн сонсох хэрэгтэй. Тэд маань улам л их мэдээлэлтэй хэрсүү болоод байхад л гэнэн цагаан хүүхэд гэж хараад байж болохгүй. Хамтдаа ажил мэргэжлүүдийг судлаад, хөнгөн хийсвэр шийдвэр гаргахаас нь сэргийлээд, болох болохгүйг нь чиглүүлээд явах нь эцэг эхийн үүрэг, хариуцлага.
-Эрэлттэй мэргэжлийг тодорхой нэрлэж хэлэхэд сүүлийн жилүүдэд яагаад хүндрэлтэй болж байна вэ?
-Яг одоо цагт эрэлттэй ажил мэргэжлийг нэрлэх амархан. Харин ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийн тухай хэлэхэд хэцүү. Учир нь хиймэл оюун, мэдээллийн технологийн хурд, шилжилт бүхий л салбаруудад хүний оролцоотой хийх ажлын байруудыг цомхотгосоор байгаа мэдээлэл их гарах боллоо. Үүнээс дүгнэн хэлэхэд, мэдээллийн технологийн мэдлэгтэй хүн аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай болно. Улмаар хүн ба технологийг холбосон ажил мэргэжлүүд эрэлттэй болох байх. Дата шинжээч, аналитикч, блокчейн, кибер аюулгүйн инженер, UX дизайнер эсвэл дижитал маркетерүүд эрэлттэй болох хандлагатай байна. Эсвэл бүр технологийн хамааралтай болсоор буй бидний хүмүүс хоорондын харилцааг зохицуулдаг ажил мэргэжлүүд нэн чухал болж магад. Ингэхээр сэтгэл зүйч, сэтгэл судлаач, социологич, мэргэшсэн сувилагчууд эрэлт ихтэй байх магадлалтай.
-Ажил олгогч талаас сүүлийн жилүүдэд ямар шаардлага тавих болов?
-Миний хувьд ажил мэргэжилтэйгээ холбоотой жил бүр ажил олгогчдоос тавьж буй шаардлагуудыг ажиглаж байдаг. Хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтаас илүүтэй эзэмшсэн байвал зохих 10 ур чадваруудын жагсаалтаа гаргах болоод байна. Иймд боловсролын зөвлөхийн хувьд би гадаадад сурах залууст үзэж судлах хичээлүүдийн жагсаалтыг танилцуулж дараа нь мэргэжлээрээ дадлагажих хөтөлбөрүүдэд хамрагдахыг зөвлөх болсон. Коллеж, их сургуулиудад үзэж судалсан онолын мэдлэгийг практик дээр хэрэглэх замаар хичээлийн танхимд заадаггүй зөөлөн ур чадваруудыг давхар олж авснаар жинхэнэ үнэ цэнтэй боловсролыг олно. Ийм та бүхэн ямар нэг мэргэжилтэй уягдахаасаа илүүтэй ажил олгогч нарын хүсээд буй ур чадваруудыг олж эзэмшихэд анхаарах нь зүйтэй. Ер нь мэргэжил сонголтыг хийхдээ бас ажил олгогч нарт ямар мэргэжилтэн хэрэгтэй байгааг анзаарах нь зүйтэй. Зөвхөн ажлын байрны нэрс анхаарах бус. Харин ажил олгогчдоос ирээдүйн боловсон хүчин нь ямар ур чадвартай байгаасай гэж хүсэн хүлээж байгааг нь анзаарах хэрэгтэй.
-Гадаад улсыг зорих гэж байгаа хүүхэд залуус юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ. Хаана нийтлэг алдаа гаргаж байна?
-Сурах хөтөлбөрийнхөө нарийн ширийнийг сайн судлаарай гэж хэлмээр байна. Гадаадын сургуулиуд хичээлийн жагсаалт гаргаад вэб сайтууд дээрээ байрлуулчихдаг. Гэтэл тэр хэсгийг олж судлахаасаа илүүтэй төлбөр мөнгө, сургуулийн чансаа хараад байдаг. “Opendoor” энэ тал дээр маш их анхаарч хичээлийн төлөвлөгөөг танилцуулж ойлгуулахыг хичээж ажилладаг. Мөн манай залуус гадаадын дипломтой байхад л болно гэдэг бодолтой. Өндөр хөгжилтэй АНУ, Ирланд, Канад, Япон зэрэг улсууд дээд боловсролыг эзэмшсэн гадаад оюутнуудад мэргэжлээрээ ажиллах дадлагажих боломжийг олгодог. Эдгээр улсууд нь залуу боловсон хүчний нөөцийн хомсдолд орчихсон тул ийм нээлттэй бодлого баримтлаад байгаа хэрэг. Тэгвэл энэ боломж нөхцөлийг бүү алдаарай гэж зөвлөж байна. Ажлын гараагаа өндөр хөгжилтэй улсад эхлүүлэх нь чамайг илүү өндөр үнэ цэнтэй болгоно.
-Ямар нийтлэг шинжтэй хүүхэд залуус сурч байгаа салбараасаа шантрах, өөрчлөх нь их байдаг вэ?
-Ажил мэргэжлээсээ шантрах буюу шатаж дуусах (burnout) гэж яригдах болсон. Залуу хүмүүс тогтмол ажлын хэв маягт ажиллаад багагүй хугацааны дараа ийм мэдрэмжүүдийг авдаг. Өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, шинэ ур чадварт суралцах гэх мэт. Тухайлбал, гадаадад хэсэг хугацаанд суралцах нь “burnout” болсон байдлаасаа түр зуур хөндийрч өөрийгөө танин мэдэх бас нэг аялал гэж боддог. Манайхаар үйлчлүүлж Ирландад англи хэл сурахаар явж буй залуус иймэрхүү burnout мэдрэмжээс салах бодолтой байдаг. Энэ бол муугүй санаа шүү. Аялна, сурна, ажиллана.
-Хиймэл оюун ухаан хэдий хөгжсөн ч ямар мэргэжил тогтмол ажлын байраа хадгалж үлдэхээр ажиглагдаж байна вэ?
-Хиймэл оюун ухаан санаанд оромгүйгээр бидний амьдралыг өөрчилж байна. Мэдээллийн технологи, банк санхүү, хууль эрх зүй, эмнэлэг, боловсрол гээд нэвтрээгүй салбар алга. Хиймэл оюун ухааныг хүн бүтээж бас хиймэл оюун ухааны хийсэн бүтээснийг хөрвүүлэх нь хүний хийх ажил. Иймд аль ч салбарт программ хангамжийн мэдлэг, ур чадвар бол заавал эзэмших цагаан толгой гэж болно. Тиймээс, сурах мэргэжлээ сонгож чадахгүй байвал мэдээллийн технологийн үзүүрээс атгаад авсан байхад алзахгүй гэж эцэст нь хэлье.
-Боловсролын зөвлөх ажлыг хэд дэх жилдээ хийж байна вэ?
-“Opendoor” байгууллагаа 2002 оноос хойш 22 дахь жилдээ гадны орны боловсролын зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.Бид одоогоор АНУ, Канад,Ирланд, Япон, Малайз, Тайвань, Хятад зэрэг 10 орчим улсын 60+ их дээд болон гадаад хэлний сургуулиудтай хамтран ажиллаж байна. Бид хамтран ажилладаг гадны сургуулиудын кампусаар зочилж гадаад оюутан хариуцсан ажилтнууд нь хэрхэн ажиллаж байгаатай танилцдаг. Ингэх явцад мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч, ямар хөтөлбөрөөр сурах талаар чиглүүлэг өгдөг тусгай зөвлөхүүд ажилладгийг мэдсэн. Ингээд залуустаа энэ талаар мэдээлэл түлхүү өгч гадаадад сурах хугацаандаа эдгээр мэргэжил хөгжлийн зөвлөхүүдтэй ойр байхыг зөвлөх болсон. Улмаар 10 гаруй жилийн өмнөөс өөрсдийн гадаад боловсролын зөвлөх үйлчилгээндээ мэргэжил сонголтын талаар чиглүүлэг өгч эхэлсэн.