Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад Элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцсэн тайван жагсаал өнөөдөр боллоо.
Жагсагчид өөрсдийн үзэл бодол, өрнөсөн асуудалд тулгуурласан өргөх бичгийг Австралийн холбооны улсыг төлөөлөн Монгол Улсад суугаа Элчин сайдад өргөн барилаа. Энэхүү өргөх бичигт Н.Анхбаяр нь эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт уул уурхай” улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүй олж хувьдаа их хэмжээний ашиг олсон нь тогтоогдсон. Мөн тэрээр Гадаад хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж явуулсан ажилчид нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон. Дипломат эрхээ ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн гэх зэрэг үндэслэл бүхий асуудлыг тулгуурлан Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Жагсагчид “Өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олондоо дулдуйдан сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг элчин сайдаар томилох аваас Ардчилсан намын зүгээс бүх талаар нь эсэргүүцэх арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах болно” хэмээж байв.
Тайван жагсаалд оролцохоор ард иргэдийн төлөөлөл бүхий 30 гаруй хүмүүс цугласан байсан юм. Тэдний эсэргүүцлийг хүлээж авахгүй бол Австралийн холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Австрали улсад байрлах Монгол УлсынЭлчин сайдын яамны гадаа авлигачдыг эсэргүүцсэн тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Т.ӨЛЗИЙМАА