УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.
-2020 оны төсвийн хуваарилалт ялгаа заагтай байгаагаас гадна сонгуультай холбоотойгоор тойргоо усалсан төсөв болчихлоо зэрэг шүүмжлэлтэй тулгарч байна. Төсвийн тухайд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Нэг шүүмжлэлтэй санал байна. Иргэд зөвхөн төсвийн хуваарилалтыг харж сонголт хийхгүй шүү дээ. Сонгуулийн жилээс үл хамаарч төсвийн хуулиа батлах учиртай. Бид урт хугацааны бодлого, төлөвлөлтийг барих учиртай. Гэтэл тийм зүйл огт алга даа. Дүгнээд хэлэхэд бодитой, тодорхой, оновчтой хуваарилалт дутмаг, хөгжлийн бодлогод бүрэн суурилсан ил тод чанартай сайн төсөв гэж хэлэх боломжгүй. Эдийн засгийн өсөлт бий болгодог салбараа зохих хэмжээнд дэмжиж, хөгжлийн бодлогоо цогцоор нь харж, түүнд шаардлагатай бүхий л асуудлыг системтэйгээр шийдэж чадсан бол болох байлаа, тэгж чадсангүй. Нөгөө талаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын асуудлуудыг үе шаттайгаар шийдсэн бол хэн ч тойргийн асуудлаа яриад суухгүй байсан байх. Жил бүрийн төсөв ийм байсаар ирлээ. Сангийн яамны одоогийн баримталж буй төлөвлөлтийн зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна. Сайд, эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашиг, сонирхол асар өндөр байна. Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа, иргэнд тэгш үйлчлэх, шударга ажиллах зарчмыг бүх түвшинд зөрчиж байна. Шударга бус хуваарилалт хэрээс хэтэрч байна. Төсвийн хуваарилалтаар шударга бусын хонгилоо жинхэнэ утгаар нь бий болгож байгаа юм уу даа гэж харж байна, харамсалтай байна. Ер нь Төрийн албанаасаа эхлэн ёс зүйтэй байж ирээдүйн Монгол орны төлөө үүрэг хүлээсэн гэдгээ мартах учиргүй.
-Төсөв гэдэг бол микро эдийн засгийн тохируулга гэдэг шүү дээ. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ. Санал нийлдэг үү?
-Санал нийлнэ. Төсвийн хуулийг баталснаар төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэх мехнизмыг хөдөлгөх хүч, хөрөнгө төсөв, бүтэц орон тооны асуудал шийдэгдэж цалин тэтгэвэр, тэтгэмж зэргээр дамжин олгогдоно. Мөн тухайн жилийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд нь УИХ-аар баталсан Төсвийн тухай хуулиар Засгийн газраас иргэд аж ахуйн нэгж байгууллагууддаа олгож буй худалдан авалтаар илэрнэ. Иймээс ажлын байрыг нэмэгдүүлэх, барилга, зам талбай барих, урсгал засварууд, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг худалдан авалтууд хийгдэнэ. Гэхдээ 2020 оны төсвийн төсөлд өргөн барьсанаар нийт зарлагыг 13.9 их наяд байхаар, үүний 72 орчим хувь нь цалин, халаалт, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардал эзэлж байна. Энэ нь төр хэт данхайсан байгааг харуулж байна.
Урсгал зардал сүүлийн жилүүдэд огцом өсч байна. Хот төв суурин газрын төвлөрөл ихэсч, зарим сумдад сурагчдын тоо буурч, ашиглалт багатай сургууль, цэцэрлэг, дотуур байр олширч, анхан шатны эмнэлгийн үйл ажиллагаа зэргээс харахад төсвийн хуваарилалт үр өгөөжөө өгч, оновчтой төрийн бодлого хэрэгжихгүй байгааг илтгэж байна.
-Төсвийн орлогыг 11.8 их наяд, төсвийн алдагдал хоёр их наяд хүрснийг та юу гэж дүгнэх вэ?
-Алдагдал сүүлийн жилүүдэд огцом өсч байна. Төсвийн хүрээний мэдэгдэлээ өнгөрсөн хавар баталсан, баталсан хэмжээнээс орлого зарлагаа 670 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсвийн төсөлд оруулж ирж байгаа нь төсвийн сахилга батыг хангаж, төсвийн бодлогыг улс төрийн амлалт, ашиг сонирхлоос ангид байлгаж чадсангүй гэж дүгнэж байна. Орлогоо нэмэгдүүлж болно, зарлагаа нэмэгдүүлэх шаардлагагүй байсан.
Мөн төсвийн алдагдлыг жил бүр бууруулж, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангах ёстой байсан. Нөгөө талаар эдийн Засгийн өсөлтийг дэмжиж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төсвийн үр өгөөжийг дээшлүүлж, нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Цаашид орлого нэмэгдсэний хэрээр эдийн засгаа тэлэх бодлогыг эрчимтэй хийж, зохих дэд бүтцийг нь төр дэмжиж, иргэдээ орон сууцжуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг нь бага хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжиж, өрх бүрийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч энэ асуудал руу төсвийн бодлогыг чиглүүлэх нь чухал байсан. Ингэвэл бодит зөв төсөв болж эдийн засгийн эрсдэлийг бууруулах боломж бүрдэх байлаа.
-Манай улс саарал жагсаалтад орсон нь олон сөрөг үр дагавартайг ярьж байна. Энэ тухайд?
-Саарал жагсаалтад орсон дөрвөн үндэслэл нь зөв шүү дээ. Бид ардчилсан, шударга ёсыг баримталж ёс зүйтэй, гүйцэтгэлтэй өндөр, хариуцлагатай ажиллах ёстой. Энэ байдал алдагдсаныг л бүрэн утгаар нь илэрхийлсэн сануулга шүү дээ. Нөгөө талаас далд эдийн засаг оршсоор байна, үүнийг нь хууль хяналтын байгууллага нь илрүүлж чадахгүй байгааг бас нотолж байна даа. УИХ-аар татварын болон банкны хууль эрх зүйн орчны шинэчлэлийг бүрэн биш гэхэд багцаар нь өөрчлөлтүүдийг хийсэн. Харин төсөв санхүү бүртгэлийн талаарх эрх зүйн орчинг дорвитой өөрчлөн сайжруулсан зүйлүүд учир дутагдалтай байгааг үгүйсгэхгүй.
-Саарал жагсаалтаас гарах боломж гарцыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалж 2016-2017 онд бүрдээд байсан гэж яригддаг. Одоо манай улсыг нэгэнт орсныг дэлхий нийтээр зарласнаас хойш алдааг бусдаас хайгаад яахав, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, хууль хүчний байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын ажиллагаанаас хамаарна гэдэгтээ би санал нэг байгаа, илүү нэгдэж хүчирхэг болж ажиллаж байж үүнээс гарна.