Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Таван толгойг хэрхэн хөдөлгөх тухай хувилбарууд яригдаж байна. Бас 49 хувийг хятадуудад зарах нь ч гэж ярих юм?

-Иймэрхүү мэдээлэл их явж байна, 49 хувийг худалдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн 100 хувийн өмчийн оролцоотой Эрдэнэс-Таван толгойг ашигтай ажиллуулж байвал иргэн бүрт өгөх 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй, амьд болгоно гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Өмнө нь Чалкотой байгуулсан гэрээ энэ онд дуусна, энэ үед дараагийн компанитай гэрээ байгуулах тухай асуудал яригдана. Үүнтэй холбоотойгоор л зарчлаа гэсэн асуудал үүсч байгаа байх. Энэ асуудал хуулийн дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Миний хувьд Засгийн газраас албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа тохиолдолд урьдчилан таамаглал хэлэх боломжгүй.

-Он гараад эдийн засгийн нөхцөл байдал тодорхой болно гэж ярьж байсан. Он гарчихлаа. Одоо эдийн засаг сайжрах уу. ОУВС-гийн мөнгө хэзээ орж ирэх вэ?

-2017 оны төсвийн тухай хуулиа бид арваннэгдүгээр сарын 10-нд баталсан. Тэр үед хэрвээ “Стэнд бай”-н мөнгө ороод ирвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн тайлбар өгч байсан. Одоогоор тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан жилийн эцсээр 2016 оны төсвийн тодотголын хэмжээнд ажиллаж төсвийн жил дууслаа, хичнээн хямралтай ч гэсэн сардаа цалингаа тавиад, хүлээгдэж байсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүллээ. Өнгөрсөн онд дансандаа мөнгөтэй хэрнээ ихэнх төсөвт байгууллагууд өртэй гарч нэн хүндрэлтэй асуудал орон даяар үүссэнийг санаж байна.

-Сүүлийн үед агаарын бохирдлын тухай нэлээн ярьж байна. Гэсэн хэдий ч яг хэрэгжүүлье гэхнээ бэлэн төсөл хөтөлбөр байхгүй гэсэн. Ямар дорвитой ажил хийх ёстой вэ?

-Өргөдлийн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах тухайд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Миний хувьд уг хурал дээр энэ агаарын бохирдол утааны асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцээч ээ гэсэн саналыг өгсөн. Мөн гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахгүй бол утааны асуудлаас мөддөө салахгүй. Бага, дунд орлоготой өрхөд чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм түрээсийн орон сууц барих компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг чөлөөлчихлөө. Нөгөөтэйгүүр өдрийн цагт нарны энергиэр гэр, байшингаа халаах боломжийг бүрдүүлж нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бас дэмжих хэрэгтэй. Орон нутгийг бүсчилсэн хөгжлийн хэлбэрээр том бодлогын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй, ингэж байж шилжилт хөдөлгөөнийг хот руу биш хөдөө рүү чиглүүлэх бодлогын асуудал чухал болно.

-Утаанаас салахын тулд орон сууцжуулъя гэх юм. Гэтэл ипотекийн зээл зогсонги байдалд байна. Үүнийг эрчимтэй үргэлжлүүлж болохгүй юу?

-Гэр хорооллын иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй бага. Өнөөдөр нийслэлд шинээр ашиглалтад орсон барилгын нэг м2 нь дунджаар 1.8 сая төгрөг түүнээс дээш байгаа болов уу. Тэгэхээр зорилтот зах зээлдээ бодитой байдлаар хүрч чадахгүй байна. Гэр хорооллын иргэдийн сарын дундаж орлого хэд байна, тийм орлоготой өрхөд сард төлбөрөө төлөөд суух эсвэл түрээсээ төлөх орон сууцыг илүүд хүсч байна. Урьдчилгаа төлбөргүйгээр, сарын төлөлт багатай, урт хугацаатай ипотекийн зээл байх боломжтой юу гэдгийг судлах ёстой. Тийм хэмжээний барилгын компаниудыг төрөөс бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Талбайн хувьд тийм ч том байх албагүй. 30-40 м2 талбайтай ч байж болно. Гэтэл хөдөө бүр суманд нэг м2 нь нэг сая төгрөг байхад уг орон сууцыг авч чадахгүй байна ш дээ. Тэгэхээр хөдөө ийм үнэтэй баригдаж байгаа юм чинь хотод илүү хямд барих боломж байхыг үгүйсгэхгүй. Ер нь ипотекийн зээлийг эрчимтэй үргэлжлүүлж болно, олгох эх үүсвэр байхгүй байна. Эдийн засгийн хямралтай шууд холбоотой.

-Уг нь түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гэлээ эхний хэдэн айлаа оруулаад одоо бас л зогсчихлоо. Үүнийг энэ онд үргэлжлүүлэх боломж бий юү?

-Ипотекийн зээлийг боломжит хувилбараар үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Хямралыг даван туулах хөтөлбөрт мөн энэ тухай тусгасан байгаа. Мөн сая Ахмад настны тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тэдний нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцанд хамрагдах талаар нийгэмд түгээмэл байгаа асуудлыг гишүүд маань ярьж байсан. Ахмадуудын маань гол баталгаа нь тэтгэвэр. Түрээсийн орон сууцыг оюутан, залуучууд, ахмад гээд бүх насны хүмүүс дэмжиж байгаа.

-Хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Одоо хэрэгжүүлж байгаа ажлууд нь юу байна вэ?

-УИХ оны өмнө хөтөлбөрөө баталсан. Мэдээж хэрэг эдийн засаг хурдан сайжраасай гэх хүлээлт хаа хаанаа байна. УИХ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хууль эрхзүйн орчинг бүрдүүллээ. Монгол Улсыг хөгжүүлэх томоохон дөрөв, таван мега төслүүдээ энэ оноос эхлүүлж ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж байж нөгөө талаар баялаг бүтээгчдээ дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бий болгох нь хямралыг даван туулах том хүчин зүйл.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулиар зөвхөн МАН-аас нэр дэвшсэн хүн ялалт байгуулах магадлалтай болж байгаа гэх юм?

-Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль гээд бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв. Хэрэглэхэд маш хүндрэлтэй, хэцүү. Өнөөдөр хэлэлцэхээр болж чуулганаар шийдвэрлэгдлээ. Дөнгөж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Сөрөг хүчний яриад байгаа шиг МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулна гэж юу байхав дээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон Төрийн тэргүүнээ сонгох хуулийг нийтлэг эрх ашгийг хангаж боловсруулж батална гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэн бүхний болон намуудын эрх ашгийг тусгах бүрэн боломжтой.

-Та Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Х.Болорчулуун бидний хэдэн гишүүдийн санаачилсан хууль өргөн баригдсан байгаа. Хүн эрүүл амьдрах бидний гол баталгаа. Янз бүрийн өөрчлөлттэй, найрлагандаа хувиргасан амьд организм агуулсан генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах цаг нь болсон. Ялангуяа манай улс импортын хүнсний бүтээгдэхүүний нэлээд өргөн хэрэглээтэй. Нөгөө талаар хүн ам цөөн, байгаль газар нутаг өргөн уудам тул хүнсний хэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт тавьж эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг зогсоохын тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *