Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал бүрдүүлсэн

“Өдрийн сонин”-ы 2017.08.01-ний Мягмар гаригийн №163(5730) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Та УИХ-ын гишүүнээр ажилласан жилийн хугацаандаа ямар асуудлуудад анхаарал хандуулсан бэ?

-Тойргийн сонгогчид, өрх бүрт парламент дахь 11 сарын хугацаанд хийсэн ажлын тайлангаа зургадугаар сарын эхээр хүргүүлсэн. энэ хугацаанд судалгаа, шинжилгээнд тулгуурлан шийдвэр гаргах зорилготойгоор өгөгдөл, мэдээлэл, нөхцөл байдлыг авч үзэхэд түлхүү анхаарлаа. нөгөө талаас улс оронд, орон нутагт тулгамдаж буй асуудлыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хэрхэн үзэж байна, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар эрдэмтэн судлаачидтай удаа дараагийн олон уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдөр иргэн бүр мэргэжилтэй, ажилтай, орлоготой, амьдралын стандартыг хангаж амьдрахыг л хүсч байна. Үүнийг хэн, хэрхэн хангах вэ гэхээр төрийн албан хаагч бүрийн үүрэг, зорилго байх ёстой. Иргэддээ төрөл бүрийн зуучлалыг бий болгоно. Мэдээллийг олгох, төрийн хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулна гэх зэргээр. аливаа технологиуд асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг хэрхэн ашиглах вэ, үр ашгийг хэрхэн бий болгох вэ гэж системээр нь авч үзэх л чухал байна.

-Орон нутгийн түвшинд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурдаач?

-орон нутгийнхаа хувьд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ХааИс-тай хамтын ажиллагааны хүрээнд говь нутагт нутагшуулсан шинэ сортын гүзээлзгэнэ бусад жимс жимсгэнийг тариалах, тариаланчдаа сургалт, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгууллаа. Боловсролыг чанаржуулах зорилгоор улсын олимпиадад аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн багш сурагчдаа алдаршууллаа.

-Өөр ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ?

-орон нутаг хөгжих ёстой. Иргэд хөдөө, сум, аймагт хаана ч чинээлэг хангалуун амьдрах ёстой. уул уурхайгаас орж ирж буй ашгийг эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай. Бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаармаар байна. Үүний тулд хийх ажил маш их байна. Баг, сум, аймаг, бүс, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг томоохон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай нягт уялдуулж өгмөөр байгаа юм. гэтэл манай улсад өнөөдөр бүсчилсэн хөгжил гэж ярих, бичих хэрнээ бүс нь өөрөө хэр зэрэг санхүүгийн чадавхитай, нөлөө бүхий байна вэ гэдэг анхаарах л асуудал. Бүс нутгийн хөгжил манайд ямар хэрэгтэй юм бэ гэж асуух байх л даа. Бид цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж багатай орон. эдийн засгийн өргөжилтийг бий болгох, ажиллах хүчний эрэлтийг хангахын тулд бүсээр авч үзэхээс өөр арга байхгүй.

-Хөгжил, хөгжинө гээд л яриад байх юм. Одоо хөгжөөд байгаа юм алга. Үүний учир шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Хөгжил хэмээх энэ асуудлыг өрсөлдөх чадвартай нь уялдуулан системийнх нь хувьд авч үзэх, нөгөө талдаа орон нутгийг, өрх бүрийг, иргэн бүрийг, бизнесийн байгууллага бүрийг өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх асуудлыг зэрэгцүүлэн авч үзэх шаардлагатай. Буурай хөгжилтэй орны нэг зовлон энэ. Бид өнөөдөр бүх юмыг салангид байдлаар нь авч үзэж байна. систем болон салбар хоорондын уялдаа огт алга. энэ л хөгжлийг удаашруулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байна гэж боддог. Манай аймгийн суманд байгаа нэг жижигхэн бизнесийн байгууллага байна гэж бодъё. тэр компанийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аймгийн, бүсийн, үндэсний болгох улмаар глобал зах зээл рүү хандах боломж, дэмжлэг нь тодорхой байх ёстой. тэгвэл л энэ байгууллага, тэнд байгаа иргэдтэй хамт өсөн дэвжиж, хөгжин цэцэглэнэ. Үүний тулд л төр ажиллах ёстой. төр тодорхой салбар байгууллагыг салангид байдлаар дэмжих бус харин тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэх ёстой. Харин ч манай аймгийн хувьд уул уурхайтай сумдад бизнесийн орчинд боломж нээлттэй болж байна. Харин уул уурхайгүй сумдад үйлдвэрлэл байгуулж ложистик, дэд бүтцийг нь бий болгож бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлтэй холбож өгсөнөөр бүх сумд тэгш хөгжих боломж харагдаж байна.

-Таны сонгогдсон тойрог болох Өмнөговь бол уул уурхайн гол олборлолт, үйлдвэрлэлт явагддаг аймгийн нэг. Уул уурхайн салбарын хөгжил өнөөдөр ямар нөхцөлд байна вэ?

-2016 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбар манай улсын ДнБ-ний 18, экспортын 86, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, нэгдсэн төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Өмнөговь аймагт тусгай зөвшөөрлийн тоо 301, тусгай зөвшөөрөл бүхий компаний тоо 202 байгаа ба нийт газар нутгийн 23,2 хувь буюу ашигт малтмалын, газрын тосны тусгай зөвшөөрөлтэй газар нутаг байна. Манай аймагт одоогоор ашиглалтын лицензийг 35 аж ахуй нэгж компани эзэмшиж, үүнээс оюу толгой, таван толгой, эрдэнэс таван толгой, Энержи ресурс зэрэг 12 уул уурхайн компани байнгын үйл ажиллагаа явуулдаг.

энэ салбарын хөгжлийг тодорхойлох хэцүү биш. Нутгийн иргэдийн сэтгэл, санаа бодлоос шууд харагддаг. гэхдээ энэ бас хоёр талтай. нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн, ажлын байраар хангасан, орон нутгаас нь ханган нийлүүлэлтийг бодлогоор дэмжих гээд олон асуудлыг иргэд ярьж байгаа. нөгөө талаар байгаль орчны доройтол, цаг уурын эрс тэс уур амьсгал, бэлчээрийн хомсдол, худаг усны хүрэлцээ муу, гүний ус ховордож байгаа зэргээс уул уурхайтай сумдын иргэдийн бухимдал байна. Мөн уул уурхай эрхэлж буй байгууллагын нийгмийн хариуцлагын асуудал, аймаг, сумын төрийн байгууллага болон ард иргэдтэйгээ нягт хамтарч ажиллаж байгаа эсэхээс л энэ салбарын хөгжил тодорхойлогддог. төрийн өмчит компаниуд бол арай өөр байна. Харин хувийн хэвшлийнхний ажиллах стандарт нь иргэдэд тодорхой, нээлттэй, ил тод байх нь иргэдэд илүү ойр байх болов уу.

Улсын төсөвт орлого төвлөрүүлж байгаа, ДнБ-ний голлох хэсгийг бүрдүүлж байгаа гэсэн хэдий боловч уул уурхайн өнгөрсөн хугацаанд хөгжсөн нөхцөл байдлыг судлан шинжилж, тухайн сумын хөгжилтэй уялдуулан ард иргэдийн санаа бодолд тулгуурлан ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг зөв төлөвлөх нь хамгийн чухал асуудал болсон байна.

-Таван толгойг хэрхэн хөдөлгөх вэ гэж яригдаад л байдаг. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямар ч байсан өрнөөсөө саллаа. одоо эдийн засгийн зөв эргэлтэд орж Монголын ард түмэн нүүрсний ашгаас хувь хүртэхийн төлөө зөв менежмэнт хийнэ гэдэгт итгэж байна. Ер нь бол нүүрсний үнэ гадаад зах зээлд үнэтэй байх энэ цаг үеийг л бид алдаж болохгүй. нөгөө талаар төрийн өмчит компаниудад хөндлөнгөөс нөлөөлөх байдал нэлээд байгаа нь олон нийтэд тодорхой байна л даа. эдийн засгийн эргэлтэд орохын тулд улс төрийн ямар нэгэн булхайгүй, цэвэр бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. эрдэнэт үйлдвэр олон ч жил Монгол улсад үр ашгаа өгсөн. Энэ нь гадаадын хамтарсан хэлбэрээр хувь эзэмшдэг байдал нь нөлөөлж, харилцан хяналт сайтай байсных биз. гэхдээ л сүүлийн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийг шахааны бизнесийн орчин болгож татвар төлөлт нь эрс багассаныг нуух юун. Иймд Таван толгойг “Эрдэнэт”-ээс илүү хяналт бүхий хөрөнгө оруулалттай болгох замаар нүүрс боловсруулах, түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал болов уу гэж боддог.

-Эмэгтэй УИХ-ын гишүүдийн албан бус бүлэг байгуулагдсан гэв үү. Эмэгтэй гишүүд ямар асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?

-Хууль дүрмээрээ албан бус ч бүлэг байх ёсгүй юм билээ. Манай эмэгтэй гишүүд олон салбарт ажиллаж байна. Тухайлбал Боловсролын бүхий л салбар чиглэлд хүрч ажиллаж байгаа. эрүүл мэндийн салбарын уналтыг зогсоож зөв менежментээр удирдаж эхэлсэн. нийгмийн салбар чиглэлд дуу хоолойгоо хүргэж байна. Насны хишиг хөтөлбөр, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хууль, Цалинтай ээж хөтөлбөр, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд олон асуудлыг хуульчилж баталлаа. Ингээд зөв, эерэг талаас нь хараад байвал эмэгтэй гишүүдэд хийж байгаа зүйл их бий. Монголын бүх газар, бүх салбарт эмэгтэйчүүд байна. Бодит үр дүнтэй, гарц шийдэлтэй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрахын төлөө эмэгтэйчүүд цаг наргүй уралдан тэмцэн амьдарч байна, харин тэднээ дэмжих, хамтран ажиллах нь туйлаас чухал.

-Тухайлбал, УИХ-ын Гантулга гишүүний хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээлэлд УИХ дахь эмэгтэй гишүүд яагаад эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж дуугарахгүй байна вэ гэсэн шүүмжлэл явсан. Та энэ асуудлыг юу гэж харсан бэ?

-Хуулийн байгууллагаараа тогтоогдвол ял шийтгэлээ хүлээх нь зөв. Харин энэ цагт үнэн худал нь мэдэгдэхгүй, хүний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон гээд элдэв хар пиар их байдаг болж. Хэрвээ эвлүүлэг гүтгэлэг бол энэ бохир орчныг зогсоох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Ингэж нэг нэгнээ хэмлэсээр байтал бидэн дотор сайн хүн үлдэх болов уу.

-Та улстөрч, УИХ-ын гишүүнийг ямар байх ёстой гэж үздэг вэ?

-улстөрч хүн, уИХ-ын гишүүн аль, аль нь ард иргэд дунд, тэдэндээ ойр байх ёстой гэж үздэг. гаргаж буй шийдвэр, хууль тогтоомж бүхэн хэрхэн хэрэгжиж байна, бодит үр дүн гарч байгаа талаар, ямар түвшинд хэрэгжиж байгаа гээд цогцоор нь харж байж бид амьдралтай, бодитой хууль батлах хэрэгтэй гэж бодож явдаг. Чуулганаар ямар ч хууль орж ирсэн миний хардаг өнцөг нь хөдөөгийн багт, малчдад, сум аймагт амьдарч байгаа иргэдэд ямар үр дүнгээ өгөх нь вэ гэдгийг нь олж харахыг хичээж тухайн хуулийг аймгийнхаа салбар чиглэл бүрт нь хүргүүлэн тэднийхээ санал бодлыг аван хуулийн төсөлд тусгахыг хичээдэг. Ер нь улстөрч хүн үндэсний эрх ашигт нийцсэн бодит шийдвэр гаргаж, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалсан бодлого тодорхойлохын төлөө байх нь чухал.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тойрогтоо хийсэн уулзалт дээр иргэдийн хэлсэн үгэнд бухимдаж “Та нар битгий давраад байгаарай” гэж загнаж байгаа харагдсан. Та энэхүү бичлэгийн талаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй болов уу?

-Тийм ээ, тэр үнэн. Тэр болсон процессыг тэнд байсан нутгийн олон бүгд мэдэж байгаа. ахмадууд энэ байдалд дүгнэлт хийж тэр хүмүүст нэлээд сургамж айлдаж, надаас уучлалт хүсч байна лээ. Хэрээс хэтэрсэн улстөржилт, талцал, хуваагдал зэргээс жирийн ард иргэд бид залхаж байна шүү. Миний баримталдаг зарчим байдаг юм. Үнэн гэж байдаг юм, хүний ёсоор хүнтэй сайхан харьцах нь хамгийн том гавьяа гэж. Хотоос 1000 орчим км, аймгийн төвөөс 320 км, манай хамгийн хол сум, дэд бүтэц муу, зам харгуй амаргүй бараг долоон цаг явдаг. Би гишүүнээр сонгогдсоноосоо хойш таван удаа очсон байна. тэр уулзалтан дээр намайг авлига авсан, хахууль авлаа түүнээсээ чи мөнгө өг гээд нэг бүсгүй загнаад, чиний хийсэн ажил гэж юу байгаа юм гээд аашилж өгсөн. Тэр бичлэг нь надад одоо ч байгаа. Бүр гүтгэсэн доромжилсон бас нэг бичлэг нь хүртэл сумын удирдлагад бий. Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал бүрдүүлсэн, тэр хүнд бас л амаргүй байх болов уу. гэвч миний хувьд хүний мууг үзэхийг урьтал болгомооргүй байна. Хэр баргийн асуудлыг хүлээцтэй сонсоод, дуугүй өнгөрөөх чадвар, зөв үнэний төлөө тууштай тэмцэх зүтгэл, хүний төлөө гэсэн үнэн сэтгэл надад бий.

-УИХ-ын хэсэг гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан. Энэ лобби бүлгийн хувьд өнгөрсөн хугацаанд ямар санаачилга, ажлууд хийгдсэн бэ?

-Хамгийн хариуцлагатай сайн ажиллаж байгаа бүлэг гэж хардаг. н.учрал гишүүн асуудал болгоныг тодорхой болгохын төлөө, өргөн хэмжээний санал санаачилга өрнүүлж ажиллаж байна. Инновацийг дэмжих лобби бүлэг нь “Инновацийн бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, инновацийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, гарааны болон өндөр технологийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, технологи дамжуулалтыг дэмжих, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, инновацийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, инновацийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх” зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж байна. Мөн шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн зураглалыг бий болгоё хэмээн төлөвлөж энэ чиглэлийн судалгааны байгууллагуудтай уулзалт хийгээд байна.

-Таныг МАН-ын анхан шатны байгууллагаас эхлэн ажиллаж ирснийг мэдэх юм байна. Та аймгийнхаа намын хорооны даргын улс төрийн сонгуульт албыг хашиж байсан. Намын гишүүний хувьд намын ямар ажилд оролцоотой байна вэ?

-1999 онд Ман-д элсч ороод залуучууд, эмэгтэйчүүдийн холбоогоор 10-аад жил зүтгэж, намын үүр, хорооны дарга гээд олон сонгуульт ажил хийж байсан. 2009 оноос хойш аймгийн намын хорооны дэд дарга, аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаад улс төрийн дотоод нөхцөл байдлаас болж 2015 онд аймгийн намын хорооны даргаа өгсөн. одоо уИХ-ын гишүүн болон намын Бага хурлын гишүүний хувьд аймаг, сумдын намын хорооны үйл ажиллагааг дэмжих, бүх шатны сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлж оролцох, ард иргэдтэйгээ уулзаж хамтран ажиллах зэргээр нэлээд олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Цаашид төлөвлөсөн олон ажил байна. Тэдгээрийг биелүүлэхийн төлөө зүтгэнэ ээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдалд хүргэсэн дарга нар хариуцлагаа хүлээж огцор хэмээн танай намын зарим нөхдүүд суулт зарлаад эхэлсэн. Та намынхаа шинэчлэлийн асуудлыг юу гэж ойлгодог вэ?

-Намд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Би шинэчлэлийг харахдаа дотоод үйл ажиллагаагаараа, эв нэгдлээрээ, хийж байгаа үйлдлээрээ, бодлого хөгжлөөрөө шинэчлэгдэх хэрэгтэй гэж үздэг. Үнэхээр намынхаа үзэл баримтлалд нийцсэн, хөгжлийн бодлогын төлөө тууштай зүтгэж чадаж байж шинэчлэл өөрчлөлт ярих хэрэгтэй. Ингэж чадаж байна уу гэдгийг намын бага хурлын гишүүд, намын их хурлын гишүүн бүр гүнээ ойлгох хэрэгтэй. Ирээдүй хэтээ харсан бодлогын шинэчлэл өөрчлөлт хийхийг дэмжихгүй хэн байхав.

-МАН-ын дотоод зөрчилдөөн ил боллоо гэлцэж байна. Та намынхаа энэ байдлыг юу гэж харж байна?

-намын дүрмэндээ захирагдана. намын үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв эрүүл талаас нь байнга хардаг. намын гишүүдийнхээ нийтлэг санаа бодлыг сонсохгүйгээр хувийн эрх ашгаа урьтал болгон яваа хэсэг бүлэг хүмүүсийн хүч түрсэн санаа бодлын эсрэг тэмцэнэ. энэ бүх зүйл аяндаа мэдрэгддэг, баримжаалагддаг. улс төрийн дотоод тэмцэл шиг адгийн юм алга. Ер нь дотоод зөрчилөө дарж чадахгүй байж цааш яаж хөгжил ярих вэ дээ. Үргэлж доороос татаастай, хөгжлийн хурдыг сааруулдаг шүү дээ. Иймээс нэгэнт асуудал үүсээд эхлэх бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийг жолоодоод авч явах тийм улс төрийн хүчин болтлоо бэхжих, хөгжих хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *