Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягтай холбогдуулж АН-аас гаргасан мэдэгдэл

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өчигдөр АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэн билээ. Энэ дагуу тэрээр АТГ-т өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлсэн өгсөн билээ. Тэрбээр “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээ шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” хэмээн хэлсэн.

Харин өчигдөр орой Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс үүнтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гарсан байна.

Энэхүү мэдэгдэлд “Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.

Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна.

Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *