Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхуягаас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдүүлэг авчээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр дуудаж байцаалт авлаа. Түүнийг байцаах ажиллагаа зургаан цаг орчим үргэлжилж, 16:00 цагийн үед дууссан юм. АТГ-аас ямар хэрэгт холбогдуулан АТГ-аас байцаалт авсан талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан байна. Тодруулбал, Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдүүлэг авсан гэнэ. Тэр дундаа шинээр зам барих тендерт шалгарсан компаниудын талаар асууж тодруулжээ. Мөн Н.Алтанхуягаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тендертэй холбоотой асуудлаар ч мэдүүлэг авсан аж.

“НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ХАМАГ ХЭРЭГ НЬ ИЛРЭХ ГЭЭД БАЙГАА АЙДАС, ХҮЙДЭСТЭЙ ЦӨӨХӨН ХҮН БАЙДАГ” ГЭВ

Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Таныг авлигатай тэмцэх газраас удаа дараа дуудаж, байцаалт авч байгааг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдас, хүйдэстэй цөөхөн хүн байдаг.Тэд иймэрхүү ажлыг намайг Ерөнхий сайд байх үеэс хийгээд удаж байна. Би төрд ажиллаж байх хугацаандаа ард түмэн, хөгжлийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Улсын мөнгөнөөс идэж, уух нь битгий хэл надад тийм бодол ч төрж байгаагүй. Намайг болон бүлгийнхнийг ямар нэгэн байдлаар хэдэн төгрөгтэй холбох гэсэн бодлого, төлөвлөгөөт ажиллагаа зургаа долоон жил үргэлжилж байна. Тэгээд ямар нэгэн зүйл гарахгүй болохоор ойр дотнын хүмүүсийг маань шоронд хийж, миний юу хийснийг хэл гэдэг болсон.

-Таныг өөрийн төрөл төрөгсдөдөө тендер хууль бусаар авч өгсөн гэж сэжиглэж байгаа гэсэн үнэн үү?

-Би дахин итгэлтэйгээр хэлэхэд надад улсын мөнгөнөөс идсэн зүйл байхгүй. Хэрвээ идсэн бол өнөөдөр би ингээд зогсч байхгүй. Тав, зургаан жил болж байхад шийддэгээ шийдээд, дуусгачих хугацаа өнгөрсөн. Харин сая гэхэд “Эрдэнэт”-ийг улайм цайм луйвардаад авчихлаа. Нэг зүйлд санаа их зовж байна. 1990 оны Ардчилсан хувьсгалыг бид хийхдээ цөөхөн хүн баяжаад, олонхи нь ядуурах тийм нийгмийн төлөө яваагүй. Би Их сургуулийн багшийн ажлаа орхиод улс төрд орохдоо монголчууд бүгд сайхан амьдрах, эрх чөлөөтэй тэр нийгмийн төлөө явсан. Гэтэл одоо яаж байна. “Эрдэнэт”-ийг хулгай дээрмээр авчихаад бөөн юм болж байна. Таван толгой, Оюу толгой дээр ч бас их зүйл хийгдсэн. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд тайлбар хийгээгүй юм.

Н.АЛТАНХУЯГИЙН ХОЛБОГДСОН ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ХЭРЭГ

АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн XI цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан байдаг. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илрэхээс гадна Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэт хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл илэрч байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан. Н.Алтанхуягийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263.2, 270 дүгээр зүйлийг үндэслэн АТГ-аас хоёр ч удаа дуудаж байцаасан. Түүнийг шалгаж байгаа хуулийн заалтуудыг танилцуулах юм бол Эрүүгийн хуулийн 263.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Харин 270.1 дүгээр зүйл. Хууль бусаар хөрөнгөжих буюу 270 1.1-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Харин 270 1.2-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *