Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы Лхагва гараг(2014.11.05)-ийн чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын нэр бүхий 28 гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэхдээ, энэ Засгийн газар бүрдсэнээс хойшхи хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа тавьж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын тухайд бидэнд ярилцаж ойлголцох асуудал байгаа. Харин ардчилсан Үндсэн хуультай орны тухайд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг буруутгаж гүтгэдэг, тэр дундаа бусдын буруутай үйлдлийг хэн нэгэнд халдааж тохох гэдэг хууль бус үйлдэл байж таарахгүй. Иймээс би иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэхээр дүүргийн шүүхэд хандаад байгаа гэв.