Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хувь улстөрчийн шийдвэр

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа-

Тэрээр “Захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бэхжүүлэх ажлыг улам эрчимжүүллээ. Үүний нэг тод жишээ нь сонгогчдын дөч орчим хувийн дэмжлэг авсан Ардчилсан нам УИХ-ын суудлын 10 гаруйхан хувийг эзэлж байхад, 60 гаруй суудлыг буюу 85 хувийг МАН эзэлж байгаа явдал юм. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амласнаасаа буцаж, төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гудаан доромжилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардам зан гаргаж байна. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглийн санаархлыг тас зохиж, Монгол төрөө хуйвалдагчаас тусгаарлах, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаалан гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Учир нь улам бүр үнэгүйдэн алсарч байгаа шударга ёс, хуулийн тогтолцоог сэргээн босгож, Монголын нийгэмд үүрлэсэн худал хуурмагийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрчид өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байна. Хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө хууль бус үйлдлийг гавьяа мэт ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавина. Монголчууд сүүлийн 26 жилийн турш тэмцэж ирсэн ардчилал бүрэн унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний үг хоосон үг мэт болох бодит аюул нүүрлэлээ. Монголын заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийн тод ялгаа одоо харагдаж байна. Цаг иржээ. Монгол орноо газар авсан хуйвалдааны бүлгээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн хүрээнд эхлүүлье. Хуйвалдааны Төрд битгий давар гэж хэлье. Эрх чөлөөт Монгол, тусгаар тогтносон Монгол цаашид ч орших болно. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урсдаггүй гол ширгэдэг. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Миний Монгол үүрд мандан бадраг.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид түүнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тань хувь ултөрчийн шийдвэр үү, намаас гаргасан шийдвэр үү. Мөн таны эхнэрийг хилээр гаргахыг хориглолоо. Энэ талаарх та тайлбар өгөхгүй юу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хувь улстөрчийн шийдвэр. Манай эхнэр, хүүхэд, миний эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодиттой асуудал биш. Намайг Ерөнхий сайдаас огцруулсан үеэс эхэлсэн гүтгэлэг. Харин одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том кампанит ажлуудын өчүүхэн хэсэг нь юм.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *