Төрийн ордонд дөнгөж сая Ерөнхий сайд, АН -ын дарга Н.Алтанхуяг болон АН -ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хуралдаа Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан Хамтран ажиллах гэрээнийхээ талаар тодорхой тайлбар өгсөн юм. Тэрбээр энэхүү гэрээг хийх болсон шалтгаан нь АН -ын ҮЗХ, ГЗ -ийн өмнөх хурлуудаар гаргаж байсан МАХН, МҮАН, Иргэний зориг – Ногоон намтай хамтран ажиллах зарчмаа үргэлжлүүлэх шийдвэрийг баримталсан байсан гэв. Тус гэрээг байгуулснаар дараа дараагийн сонгуулиудаар хоёр нам хамтран оролцох байх гэсэн таамаг гадуур гараад байсан. Харин тэрээр энэхүү гэрээг хийснээр 2016 оны УИХ -ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр намтай хамтран оролцоно гэсэн үг биш юм гэж ярьлаа.