Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанбаатар: Хоёр албан хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмнэ

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатартай ярилцлаа.


-Та цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би одоо цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан. Миний аав мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад намайг дунд сургуульд байхад өөд болсон. Удам дамжин энэ албанд зүтгэж, ухаан суусан үеэсээ эхлэн энэ албаны жаргал, зовлонг харж, туулж ирсэн гэж хэлж болно. Тиймээс цагдаагийн алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх,алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчилах, таниулах, нийгэм эдийн засаг, эрх зүйн баталгааг нь бүрдүүлэхэд тус нэмэр болох зорилгоор 2013 оны наймдугаар сард цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо төрийн бус байгууллагыг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Танай холбоонд хэр олон цагдаагийн алба хаагчид ханддаг вэ?

-Манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.

-Сошиал сүлжээнд цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ, мэдээллийг авдаг ганц суваг нь танай хаалттай групп. Яг өнөөдөр ажлаа хийж буй 8000 орчим алба хаагч энэ группт байдаг гэсэн үү?

-Төрийн бус байгууллагын тухай хуулиараа гишүүдийн татвар, хандив болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив зэргээс санхүүжилт бүрдэх учиртай. Тиймээс санхүүжилт муу учраас олон нийтийн сүлжээг ашиглан “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” нэртэй пэйж хуудас, хаалттай фэйсбүүк групп нээсэн. Энэ группийн хувьд 19.400 гаруй иргэд, олон нийт, дэмжигчид нэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа 7926 алба хаагчид байна. Тэдгээрийн ар гэр, хүрээллийн хүмүүс мөн тус группт нэгдсэн байдаг онцлогтой. Цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ мэдээллийг авдаг ганц суваг нь гэж хэлж болно. Энэхүү фэйсбүүк группээрээ дамжуулан алба хаагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг нь нэгтгэн хүлээн авч, цааш нь шийдвэр гаргах түвшинд буюу ХЗДХЯ-ны сайд, ЦЕГ-ын дарга, удирдлагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд алба хаагчдынхаа асуудлыг шийдэхэд нь хэр их нөлөөлсөн бэ?

-Холбоо үүсгэн байгуулагдснаас хойш хэдийгээр санхүүжилтгүй ч гэсэн бид энэ хугацаанд давхардсан тоогоор 200 гаруй алба хаагч, тэдгээрийн гэр бүлд хууль, эрх зүйн зөвлөлгөө биечлэн өгсөн. Онлайн хэлбэрээр 800 гаруй хүнд хууль, эрх зүйн зөвлөлгөө өгч ажилласан. Гурван алба хаагчид холбооноос өмгөөлөгчийн зардлыг нь дааж өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Ганцаараа ажил хийдэг олон хүүхэдтэй гурван алба хаагчийг сонгон авч иж бүрэн зуны дүрэмт хувцас гардуулж өгсөн гээд олон ажил бий.

-Алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комисс-д хүртэл хандаж байсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Цагдаагийн албаны дүрэмт хувцасны шинэчлэлтэй холбоотой чанар, эдэлгээний шаардлага хангахгүй талаар асуудлууд хөндөгдсөн. Улмаар алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хүртэл зөрчиж эхэлсэн. Энэ асуудлыг ХЭҮК-т хүрснээр 2014 онд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад тус байгууллагаас хяналт шалгалт хийж, судалгааны ажил зохион байгуулсан. ХЭҮК цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж буй заалтуудыг хяналт шалгалт, судалгаагаар тогтоогоод Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 14 дэх тайландаа тусган УИХ-д санал хүргүүлсэн. Энэхүү саналуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах талаар тус холбооноос ХЗДХ-н сайд Ц. Нямдоржид хүргүүлсэн.Гэвч өнөөдрийг хүртэл дээрх саналууд хангалттай хэрэгжихгүй байгаад харамсаж байна.

-2019 оноос тэтгэмжийн хэмжээ багасна, буурна гэсэн ойлголт явж байна. Та энэ талаар тодорхой судалгаа хийж үзэв үү?

Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2018.02.02- ны өдөр баталсан.

Уг хуулийн нэгдүгээр зүйлд ”Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд зургаан жил, 2020 онд долоон жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.”

Хоёрдугаар зүйлд “Энэ хуулийг 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Эдгээр хуулийн заалтууд нь нэг мөр ойлгомжгүй учраас 2019 оноос нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгох хэмжээ зэрэг нь буурч алба хаагчдад хохиролтой байдал үүсэх нь гэсэн болгоомжлол үүсч байгаа учраас олон алба хаагчид 2018 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа талаар манай холбоонд илэрхийлж гомдол тавьж байна.

Цаашид дадлага туршлагатай алба хаагчид олноор тэтгэвэрт гарах болсон нь энэ албанд мэдлэгтэй, дадлага туршлагатай алба хаагчид бага үлдэж цагдаагийн байгууллага хэвийн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүсэх бий гэсэн эмзэглэл төрж байгаа. Дээр нь эмэгтэй алба хаагчдын эрх ашиг ихээр хөндөгдөж байна. Учир нь дараалсан 6, 7 жил гэдэг эмэгтэй алба хаагчдын эрхийг зөрчиж байна. Бид хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах хугацаандаа ажлаас чөлөөлөгддөг. Энэ дараалсан 6, 7 жилээс улбаалаад бид хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах боломж бүрдэхгүй болж байна гэсэн гомдлууд тавьсан.

2019 оны нэг дүгээр улирлын байдлаар 480 гаруй алба хаагчид тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн судалгаа байдаг.

Холбооны зүгээс нийгмийн даатгалаас эдгээр хуулиудын талаар тодруулга авахад зайлшгүй тэтгэмж, тэтгэвэр буурна гэж хэлсэн. ЦЕГ-аас буурахгүй, УИХ-ын зарим гишүүдээс тодруулахад яг таг ойлголтгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар холбогдох албаныхан нэгдсэн тооцоо судалгаа, хуулийн талаар нэг мөр ойлголтгүй байна гэж харж байгаа. Тийм учраас тус холбооноос УИХ-ын гишүүн С.Бямбацогтод энэ талаар болон хууль хэрэгжүүлэх сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдаас өнөөдөр цагдаагийн алба хаагчдын цалин хөлс хамгийн бага түвшинд байгаа тул цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, ХЭҮК-с УИХ-д хүргүүлсэн саналуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах тухай саналуудыг хүргүүлсэн.

-Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж ямар учиртай юм бэ?

-2011 оны Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж байдаг. Энэ нь цагдаагийн газар, хэлтсийн, бүтэц, орон тоог тогтоосон жишиг норматив. Цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зүй зохистой байлгах, ажлын чанарыг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд уг тогтоолд заасан нормативын дагуу улсын хэмжээнд офицер, цагдаа, энгийн ажилтан буюу нийт 3517 хүний орон тооны хомсдолтой ажиллаж байна гэсэн тооцоо судалгаа гарсан.

Мөн УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан 29 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах хоёр төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилох” гэсэн байдаг.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 480 гаруй албан хаагчид тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсөн байна. Тэгвэл хоёр төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилно гэвэл өмнөх 3517 албан хаагчийн орон тоо дутуу байгаа дээр дахин нэмэгдээд ирэхээр хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдэж, ажлын стресст өртдөг асуудлууд ихэсдэг. Энэ тогтоолын талаар бид УИХ-ын гишүүн С.Бямбацогтод саналаа өгсөн.

Н.ЭНХТЭНГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *