Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зогсчихсон байсан, үндэсний хэмжээний, хэрэгжих бололцоотой төслүүд хөдөлж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн зарим эрхэм “Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна” гэж дүгнэсэн байна лээ. Монголд харин ямар байгаа вэ?

-Ерөнхий сайд муу хэлүүлэн байж, гэрч болоод хажууд нь зогсч Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Монгол гурван компани Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан шүү дээ. Тэрнээс өөр арга байсангүй. Зөв шийдэл болсон. Жилд нэг тэрбум долларын хөрөнгө орж ирнэ шүү дээ. Одоо Оюу толгой сонгон шалгаруулалт хийж эхэлсэн байна. Үндэсний компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэж эхэлсэн. Компанийн засаглалаа сайжруулаад, хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандарт нэвтрүүлж байна. Олон улсын хэмжээнд тавьдаг шаардлагыг хангах талаар монголчууд өмнөх бүтээн байгуулалтын ажлаас мэдэрчээ. Хүлээлт үүссэн байна. Оюу толгойтой холбоотой сайн эхлэл байна. Бороо, Гацууртын алтны ордын асуудлыг УИХ хэлэлцээд, Засгийн газар ажлыг нь явуул гэсэн. Энэ бас хөдлөх нь. Дээр нь Шинэ Шивээ гээд Шивээ Овоогийн нүүрсний орд дээр бараг өнөөдөр Монголд хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнээс хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлээд, Хятадад экспортлох төслийн яриа хэлэлцээр бэлтгэл ажил явж байгаа. Манай Засгийн газрын хүмүүс Хятадад ажиллаад, дараагийн таван жилийн төлөвлөгөөнд нь энэ талаар тусгуулахаар бодож байх шиг. Таван толгойн эрчим хүчний төслийн сонгон шалгаруулалт хийгээд ажил нь явж байна. Үндэсний хэмжээнд зогсчихсон байсан хөдлөх бололцоотой төслүүд хэрэгжих өнгөндөө орлоо. Нөгөө талаас эрчим хүчний болон коксжих нүүрсний манай ганц зах зээл Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээгээ хумьсантай холбоотойгоор манай нүүрсний борлуулалт их буурлаа. Мэдээж манай нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвар муу, замаар тээвэрлэдэг учраас өртөг зардал өндөр, бүгдийг нь угааж баяжуулаагүй учраас чанарын доголдолтой, тогтмол нийлүүлэлт байхгүй учраас найдвартай ажиллагаа нь эргэлзээтэй байна. Энэ нь хувийн компанийн асуудал гэхээсээ манай төр засгийн бодлогын дэмжлэг дутагдаж байна. Дэмждэггүй юм гэхэд ядаж саад болохгүй байх ёстой шүү дээ. Нүүрс гэхэд үнэхээр өрсөлдөх чадвар байхгүй. Гаалийн хураамж гээд тонн тутамд нь далд хэлбэртэй татвар, тэмдэгтийн хураамж авдаг. Хятадад л тэр нүүрс шатна шүү дээ. Гэтэл тэрний төлөө Монголд хорт утааны татвар авдаг. Жишиг үнийн асуудал байна. Сая л нэг Засгийн газар, салбарын яам тогтоол гаргаад, гэрээний асуудал шийдэж байна л даа. Эрт хийх ёстой ажил. Гадаад талдаа гэвэл зэсийн үнэ тун удахгүй сэргэж магадгүй гэсэн хүлээлт байна. Алтны үнэ унахааргүй хандлагатай байна. Тийм учраас тодорхой, бэлэн болсон төслүүдэд хөрөнгө оруулалт бололцоотой байх шиг байна.

-Хайгуулын ажил зогссон гэсэн үү?

-Хайгуул бол дэлхийн хэмжээнд зогсчихсон байгаа. Хайгуулд хөрөнгө оруулалт хийх хүнд байна. Хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүд дээр одоо хөрөнгө оруулахад ямар давуу тал байна гэхээр хөрөнгө оруулалтын өртөг тодорхой хэмжээгээр буурсан. Хөрөнгө оруулсан байхад үнэ сэргэхээр үйлдвэрлэл нь явчих бололцоо бий. Монголын хувьд хайгуул дөрөв таван жил зогсоод өнгөрсөн жил сэргэх нь гэсэн чинь явц нь удаан байна. Хамгийн хэцүү нь хайгуулын ажил зогссонтой холбоотойгоор геологи, хайгуулын компаниуд, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, тосгон, гэр түлш шатахуун нийлүүлэх ажил бүгд зогслоо. Эдний хувьд хүнд байна. Эдийн засгийн бэрхшээл хямралын үед монголчуудад үүнээс илүү сайн явах бололцоо байсан. Үнийн өсөлтийг мөнхийн юм шиг санаад хамаг асуудлаа дордуулчихсан. Алдаагаа заслаа ч хөрөнгө оруулагчид эргэж ирэх итгэл сэргэх хэрэгтэй. Монголын хувьд Оюу толгойн асуудлыг шийдлээ. Гацууртад шийдвэрээ гаргачихлаа. Хаан ресурсын төлөх өрийг шийдсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл эргэж ирэхэд ийм бодит алхмууд хэрэгтэй байсан л даа. Энэ бүхэн монголчууд алдаа гаргавал засч чаддаг юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Дэлхийн уул уурхайн байдал сайжраад ирвэл манайх ч наашлах сайн дохио.

-Хямралд бас давуу тал бий гээд байгаа?

-Эдийн засгийн хүндрэл бидэнд сургамж өглөө. Уул уурхай ярьдаг хүн бараг байхгүй боллоо. Шантаажлах хүн байхгүй боллоо. Ярих сэдэв ч байхгүй боллоо. Нам гүмхэн байж байна. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэдэг чинь үзэгдэл байхгүй юу. Үнэ буурахаар алга болоод, үнийн өсөлтийг дагаад эргээд бий болдог. Үүнд бид дандаа бэлэн байх ёстой. Тэрний тулд бүх оролцогч нар уул уурхайн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх талаар том сургамж авлаа. Бодлогын алдаа, тогтворгүй байдал юунд хүргэдгийг үзсэн. Энэ маань дараагийн мөчлөгт бэлтгэлтэй илүү ухаалаг хандах боломжийг олгож байна. Компаниуд удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж байна. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны чиглэлээр Уул уурхайн ассоциаци 15 дахь удаагаа “Нэн түрүүнд ХАБ” гэж хурлаа дөрөвдүгээр сарын 28-нд хийх гэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг Монголд хүлээж аваад хэрэгжүүлэхэд энэ таван жилийн хугацаанд том ахиц гарчээ. Компаниуд энэ талаар сайн ойлгоод, зөвлөх үйлчилгээ авдаг болсон байна. Компанийн засаглал, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар энэ стандартууд дэм тус болно. Монголын банкны холбоо хамтраад ТоС гээд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бас л хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг мөрдөж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг болсон. Байдал хүндэрсэн үед хүмүүс ингэж нөхцөлөө сайжруулахаар ажиллаж байна.

Маш олон үндэсний компаниудын хувьд байдал хүнд байна. “Алтайн хүдэр”, “Энержи ресурс”, МАК гээд сайхан явж байсан компаниуд ч хүнд байдалд орлоо. Эд сайн ажилтнуудаа алдахгүйн тулд олон сараар хагас дутуу цалин өгч байна. Хүнээ явуулчихаж болдоггүй, хадгалаад байж болдоггүй. Аль аль талдаа хүнд байна. Үйлдвэрчний байгууллагууд жагсч цуглаад эсэргүүцээд, хэцүү асуудлууд их тулгардаг. Гэтэл үндэстэн дамнасан корпорациуд Бороо, Оюу толгой тухай тухайн үед нь эрсдэлээ бууруулаад, хүнээ цомхотгоод, асуудлаа шийдээд яваад байна. Манай үндэсний компаниуд хүнээ хадгалаад байдал сайжирч магадгүй, төр засгаас дэмжиж магадгүй гээд горьдоод байна. Ийм үед эрсдэлийг бууруулах, үнийн мөчлөгийн эсрэг арга хэмжээнүүд авч, аажуу тогтуу бодлоготойгоор аль аль талдаа хохирол багатайгаар явах ёстой. Асуудлыг хуримтуулахаар байдал хүндрээд байгаа. Зургаан сар хүнээ хадгална гээд цалин өгч чадахгүй бол маш том эсэргүүцэл жагсаал болно. Цалин өгөөд байхаар компанид татварын өрнөөс авахуулаад дарамт ирдэг. Энэ асуудлыг зах зээлийн эдийн засгийн зарчмаар шийдэж сурах хэрэгтэй.

-Хямралын үед ажилтан, ажил олгогч аль алинаа хохироохгүйгээр шийддэг бусад орны туршлага бий байх?

-Бусад оронд даатгалын систем нь байна. Манайд даатгал хөгжөөгүй. Хөдөлмөрийн хууль оновчтой зохицуулалтгүй байна. Ажил олгогч, ажилтны эрх ашиг тэнцвэртэй байх учиртай. Манайд бүдүүн тоймоор хэлбэл хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг халж болдоггүй. Заавал шүүхээр явдаг. Тэр тусмаа уул уурхайн компаниуд хүнээ цомхотгох түр зогсоход яах ёстойг Үйлдвэрчний байгууллага, ажил олгогч нар хамтын гэрээ хэлэлцээрээр сайтар тохиролцсон байх учиртай. Хэлэлцээр хийдэг арга технологи, ур чадвар нь манайд сайн хөгжөөгүй байна.

-Нүүрсний хэрэглээг хумих талаар дэлхийн хэмжээнд яригдаад байна. Манай гол хэрэглэгч Хятад нүүрсний хэрэглээгээ танаж байна. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа юм биш үү?

-Киотогийн протокол гэж олон жилийн өмнө гарсан. Өндөр хөгжилтэй, уул уурхайгаас бага хамааралтай, цахилгааны өөр эх үүсвэртэй орнууд нэг өөр. Нүүрсний хэрэглээ их, нүүрсийг эрчим хүчний зорилгоор ашиглаж байгаа орнуудад нэг өөр. Хятадууд хариуцлагагүй жижиг уурхайнуудаа өөрсдөө ч хааж байгаа. Манайхан нэг юм сонсоод түүнийгээ туйлын үнэн мэтээр шууд хүлээгээд авчихдаг. Тэргүүлж байгаанууд нь түрүүлж яваа, тэр хүртэл бусад нь гүйцэж очиход зай бий. Япончууд гэхэд л Таван толгойг сонирхох нь буураагүй. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Автомашин үйлдвэрлэдэг Солонгос, Япон, Хятадад машинд хийдэг төмөр хийц хэвээрээ. Гангийн үйлдвэрүүдэд кокс хэрэглэдгээрээ л хэрэглэнэ. Хятад экспорт, импортоо хумихад Япон, Солонгос өөр зах зээл хайхад хүрч байна. Том Таван толгойн баяжуулсан, сайн чанарын нүүрс бол Өмнөд, Солонгос, Японд эрэлттэй. Хүргэх л асуудал байна.

-Нүүрсний уурхайнууд хаагдах, зарагдах үйл явц хэр их өрнөсөн бэ?

-Маш олон нүүрсний уурхайнууд зогссон. Зах зээл нь хумигдсан учраас нүүрс олборлоод зах зээлээ алдахгүйн тулд алдагдалтай үнээр нийлүүлээд ажилтнуудаа цалинжуулаад амь зогоогоод явж байгаа газрууд байна. Арай нэг их хэмжээгээр нүүрс олборлож байгаа нь том Таван толгой, Чалкогийн өрөнд олборлолт хийгээд явж байна. Хятадын зах зээл хамгийн ойр учраас нүүрсэн дээр сэргэлт гарах нь эргэлзээтэй байна. Найдаад горьдоод байж байна. Хятад таван жилийн төлөвлөгөөтэй хөгждөг , тэр төлөвлөгөөнд нь Монголоос түүхий эд авахаар тусгуулчихвал горьдлого бий. Гол өрсөлдөгчийн нөхцөлийг харахад Австрали татваргүй байхад манайх эрчим хүчний нүүрсэн дээр зургаан хувь, коксжих нүүрсэн дээр гурван хувийн татвар төлчихөөд, нийлүүлж байна. Тарифын хэлэлцээр хийж манай нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэх гэх мэт хийх ажил маш их байна. Мөчлөг гэдгийг одоо л мэдэрч байна. Үүний өмнөх мөчлөгийг манайхан анзаараагүй. Хувийн уурхай бараг байгаагүй. Ганц мэдэрсэн нь Эрдэнэт үйлдвэр. Гэхдээ улсын өмчтэй учраас хүчээр ажиллуулаад даваад л гарсан. Энэ удаагийн мөчлөгийн хэцүү хүндийг маш олон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн уурхайнууд амсч байна. Ашиг малтмалын үнийн өсөлт бууралтын үечлэл хэзээ эхэлж дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй.

-Оюу толгойн алт, зэсийн үйлдвэрлэл нэлээд өсөлттэй гарсан байна лээ?

-Тийм. Энэ онд буурна. Ил уурхай доошлох тусам зэс алтны агууламж буурна. Үүнийг угтаж гурван жилийн өмнө далд уурхайн ажлыг эхлүүлээд өндөр агууламж руу орсон бол энэ өсөлт зогсохгүй л байсан. Оюу толгой 2016 оныхоо олборлох алт, зэсийн хэмжээг зарлачихсан. Тэрийг харвал аль аль нь буурч байгаа. ТЭЗҮ-ээс нь хүмүүс зардлыг нь түлхүү хараад байдаг. Далд уурхай ил уурхайгаа дэмжээд, нэг хоёр жилийн өмнө ажиллаж эхлэх байтал бид хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод гурван жил барьчихсан. Дэлхий дээр 200 жил энэ бизнесийг хийсэн үндэстэн дамнасан компани шүү дээ. Ямар төслийг хэзээ яаж хөрөнгө оруулж, ашиглахаа хэнээр ч хэлүүлэхгүй маш өндөр түвшинд судлаад эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтаа шийдчихсэн байгаа. Тэрнийг бид энд ухаантай царайлаад мэтгэлцээд байх юмгүй. Хэн ч нүүрс ухаж чадна гээд байх юм. Налайхын нүүрсийг ухаж болно. Ухахдаа гол нь биш. Тэрнийг борлуулж ашиг олох гол нь. Байгаль орчинд ээлтэй олборлох тухай бас яригдана.

-Хүмүүс уул уурхай хөдөлбөл, эдийн засагт мөнгө орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Танд ямар өнгөтэй дүр зураг харагдаж байна?

-Оюу толгойн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орно. Түүний нэлээд хэсэг нь ханган нийлүүлэгч дотоодын компаниудад очно. Тодорхой хэсэгт сэргэлт авчирна. Үүнийгээ дагаад бусад төслүүд нь хөдөлнө. Цаг хугацаа л хэрэгтэй. Хямралыг дэвэргээд сүрдээд улам хямрахын оронд сургамж аваад, дараагийн хэцүү үе ирэхэд илүү мэдлэгтэй, зохицох чадвартай байх ёстой. Хөгжлийн жам ийм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *