Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Экспортын зуучлалаас их мөнгө хийдэг учраас төр уул уурхайн салбарт барьцаа ахиулаад байна

-ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ДЭЭР УИХ УХААЛАГ ТОГТООЛ ГАРГАСАН Ч ЗАСГИЙН ГАЗАР ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ-

Монголын уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Төр ба уул уурхай гэсэн сэдвээр ярилцъя гэж бодож байна. Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” гэсэн малгай дор “Эрдэнэс силвер”, “Эрдэнэс метан” гэх мэт охин компаниуд нэмэгдээд яваа. Цаашдаа газрын ховор элемент, занар гэх мэтээр хүрээгээ тэлвэл гайхаад байх юм алга. Энэ ер нь хэр зөв хандлага вэ?

-Төрийн өмчийн компани сайн, муу гэж яривал нэг их айхавтар ялгаа байхгүй. Сайн жишээ жишиг дэлхийд өчнөөнөөрөө. наад захын жишээ гэхэд чилийн “Коделко” байна. Норвеги, Казахстаныг дурдаж болно. гэхдээ сая дурдсан сайн жишээнүүдэд нэг онцлог бий. улс төрийн томилгоо бага, компанийнх нь дүрэм, хууль нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, сайн жишээнд дурдагддаг төрийн гэсэн тодотголд хамаардаг компаниудад ямар ч улс төрийн томилгоо байдаггүй. Тэнд бизнесийн менежмэнт л явагддаг. улс төрөөс хараат бус байж чадвал төр гэсэн малгай дор ажиллахад болохгүй юмгүй.

-Манайд улс төрөөс хараат бус байна гэдэг юу л бол?

-Харин тийм, би ч тэгж бодож байна. уих-ын гишүүн Энхбаяр төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Яагаад хэлэлцэхгүй байгаа нь тодорхой л доо. Төрийн өмчийн компаниудад бизнесийн менежмэнтийн засаглал байхгүй. Эрх баригчид улс төрийн зорилгоор томилгоо хийдэг. Тэр томилгоонуудаар дамжуулж өөртөө ашигтай бодлого явуулдаг.

-Шулуухан хэлбэл тендер шахаж, цавчаа хийдэг гэж үү?

-Нуугаад байх юмгүй ил үнэн шүү дээ. Өнөө их мөнгө нь явж явж намын санхүүжилт болдог. Тэгэхээс өөр арга ч байхгүй. Манай Улс төрийн намын тухай хуульд санхүүжилт нь яаж туссан байгаа билээ дээ. Сонгуулийн тухай хууль ч хэцүү. Сурталчилгаа нь дандаа хар пиар, сонгууль нь мөнгөнийх болчихсоны цаана сонгуулийн тогтолцоо гэж том асуудал бий. Энэ байдал арилтлаа удна. Тэгэхээр тараадаг мөнгийг нь хаанаас олох вэ гэсэн асуудал гарч ирнэ ээ дээ. Тийм их мөнгийг хаанаас олж авах вэ гээд харахаар төрийн өмчит компани юм уу, эсвэл тодорхой албан тушаалаар дамжуулж босгохоос өөр аргагүй. Намын, сонгуулийн санхүүжилтийг ингэж л босгодог.

Хоёр хүчин үлдчихээд засаглаад байна аа даа. Гурав дахь хүчнийг бодлогоор оруулж ирэхгүй гээд байна. Углуургаар нь харвал хамаг учир Намын тухай хуульд байна. Нам нь эрх барих хүчин болохын тулд хамгийн том авлига авч байна. Ийм үзэгдэл байгаа цагт авлигаар гарч ирсэн улс Монголын төлөө ажиллах уу. Тэгэхээр сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Тэр дундаа улс төрийн намын санхүүжилт тунгалаг байх ёстой.

-Намын санхүүжилт, сонгуулийн мөнгө босголт хаанаас цутгаад байна вэ гээд ухаад бодохоор төрийн өмчит уул уурхайн компаниудаас өөр мөнгөтэй газар харагддаггүй. Төрийн өмчит уул уурхайн компаниудад тендерийн шахаа гэж том мөнгөний урсгал бий. Хамгийн сонгодог жишээ гэхэд л Эрдэнэт байна.

-Төрийн өмчит уул уурхайн компани л цорын ганц боломжтой хувилбар гэдэгтэй санал нэг байна. Экспортод зуучилж дундаас нь мөнгө олж авах арга гэж бий. Төрийн өмчит том компани дээр уул уурхайн том экспорт гээд харвал зэс, нүүрс хоёр л байна. Алтны худалдаан дээр Монголбанк худалдаад авчихаж байгаа учраас элдэв зууч шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, экспортоос нь авах юм байхгүй гэсэн үг. Нүүрсэн дээр гэхэд л тээврээс эхлээд өчнөөн зуучлал бий. Зэс дээр гээд яривал чиний сая онцолсон Эрдэнэт үйлдвэр тав, зургаан компаниар дамжиж борлуулалтаа хийдэг. Тэр дундаас л мөнгө хийх бололцоотой. Цаана нь ийм шалтгаан байдаг учраас төрийн өмчтэй компанийг хадгалахыг хүсээд байгаа юм. Хадгалах гэж хэлэхээр арай бүрхэг бүдэг болчих юм байна. “Эрдэнэс алт”, “Эрдэнэс силвер” гэх мэтээр төрөөс хараат охин компаниуд нэмэгдээд яваагийн цаана ийм шалтгаан бий. Төрийн өмчтэй компани ашигт малтмалын төрөл болгоноор нэмэгдэж яваа нь нүдэнд ил байна.

Уул уурхайнтөслүүдийг гацаахсонирхлынцаана гадны улс ч байхыг үгүйсгэхгүй

-Та түрүүн төрийн өмчит уул уурхайн компани нэмэгдэж байгааг шууд буруутгахад хэцүү, засаглал нь сайн бол болно гэсэн утгатай үг хэлсэн. Хуулийг нь өөрчилье шинэчилье гэхээр хөдлөхгүй байгаа юм чинь арай өөр аргаар алхаж байж уул уурхайн салбар хөгжих юм биш үү?

-Бас нэг асуудал бий. Төрийн өмчит компани нь боловсруулах үйлдвэрээ барина гэж байгаа. Боловсруулах үйлдвэр барих мөнгө хаанаас гарах вэ гээд харахаар баялгийн сан гэх мэт уул уурхайгаас төвлөрсөн мөнгөнөөс л гарна. Ийм агуулгатай хуулийн төсөл санаачлаад явж байгаа дуулдсан. Уг нь баялгийн сангийн мөнгийг хэцүү үед хэрэглэх учиртай. Гэтэл баялгийн сангийн мөнгөөр барьсан үйлдвэр хоёр жилийн дараа дампуурвал яах вэ. Хэцүү үед хэрэглэх мөнгөө салхинд хийсгэчихэж байгаа хэрэг шүү дээ. Бодлого буруу байгаагийн наад захын илрэл. Уул уурхайн төрийн өмчтэй компаниуд яг ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар нарийн зохицуулалттай хууль гаргахаас аргагүй. Өнөөдөр гэхэд л уул уурхайн төрийн өмчтэй компаниудын удирдах зөвлөлийн гишүүд нь дандаа яам, тамгын газрын хэлтсийн дарга нар. Удирдах зөвлөлийнхөн том хөрөнгө оруулалтын шийдвэр болон бусад чухал шийдвэрийг гаргадаг.

-Одоогоор төрийн өмчит компаниудын том хөрөнгө оруулалт гэх мэт чухал шийдвэрүүдийг тэр чигийн ямар ч мэргэшил, туршлагагүй хурган дарга нар гаргаж байгаа…?

-Бас л нуугаад байх юмгүй ил үнэн. Ингээд харахаар УЗ-ийнх нь сонгон шалгаруулалт хүртэл өөр зарчмаар явах ёстой. Гадаад экспортыг яаж зохицуулах нь хүртэл нарийн байх учиртай. Түрүүн таны асуусан тендерийн асуудал ч ялгаагүй. Тендерийн санал боловсруулдаг, сонгон шалгаруулдаг хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн мэргэшсэн байх ёстой. Уул уурхайн салбарын хувьд мэргэжлийн олон холбоодтой. Тийм холбоодоос хүмүүс оролцуулах ёстой. Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс зөвхөн хурал даргалдаг юм уу, зохицуулах ажил хийдэг байх учиртай. Тэгж байж тендер шударга бодитой явагдана. Шахааны тендер гэсэн ойлголт алга болно.

-Төр оролцоогоо ингэж хумьтлаа өдий л дөө. Гутранги ч гэсэн бодит үнэн.

-Төрийн оролцоог хумьж болно. Төрийн өмчтэй компаниудын тухай хуулийг хэлэлцээд баталчихвал асуудалгүй.

-Хэлэлцэхгүй хуулиа хэлэлцэхгүй жишиг парламентад тогтчихлоо л доо…?

-Харамсалтай нь тийм байдал тод анзаарагддаг болчихлоо. Тэр хуулийг бичилцсэн хүн нь УИХ-ын гишүүн Энхбаяр учраас мань хүн байнга сануулаад байна. Сануулна гэдэг чинь бас л эерэг дохио. Улс төрийн зориг гаргавал болохгүй ч юм байхгүй.

-Таны түрүүн хэлсэнчлэн сонгуулийн тогтолцоо энэ хэвээрээ, улс төрийн намуудын санхүүжилт яг янзаараа байвал эрх баригчид ганц тэжээдэг суваг уул уурхайг тийм ч амар тавихгүй байх. Мах, самар гэх мэт мөнгө бага олдог хэсгийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад найр тавьж эхэлсэн ч уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын хувьд энэ хандлага хол, төр уул уурхайд барьцаа улам ахиулна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үгүйсгэх аргагүй өнцөг.

-Алт, уран, занар гээд шинэ салбарт хувийн хөрөнгө оруулалттай дажгүй төслүүд хөдлөх гэхээр элдэв иргэний хөдөлгөөн турхираад гацаах гэж дайрдаг явдал манайд үзэгдэл болчихсон. Энэ бүхний цаана мөнгөний гол крантаа алдахгүй гэж зүтгэсэн улстөрчид байх шиг ээ…?

-Зарим газар улстөрчид, зарим газарт гадаад гүрэн байхыг ч үгүйсгэхгүй. Наад захын жишээ гэхэд л урд хойд хөрш хоёулаа ураныг сонирхож байгаа. Уран дээр Франц, Монгол, Японы төрийн өмчтэй компаниудын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжиж яваа. Туршилтан дээр нь гацаачихсан. Хэн гацаагаад байна вэ гээд харахаар Франц, Япон бол хэтээсээ биш. Гаргалгаа хайвал хамгийн их тонгочдог нь Монгол. Монгол хэнтэй нийлж байж гацаах гэж гүйх вэ гэсэн асуулт тавиад харах хэрэгтэй ч юм шиг. Чиний хэлсэнчлэн ганц уран дээр биш алт, зэс, занар гээд шинээр хөдлөх гэсэн төсөл бүр ийм саадтай нүүр тулдаг. Австраличуудын ажиллаж байгаа Хармагтайг дараагийн Оюу толгой гэж хэсэг шуурсан даа. Гэтэл саяхан дөнгөж хайгуулын өрөм тавьж байгаа гэсэн бодитой эх сурвалжийн мэдээлэл цацагдсан харагдсан. Хармагтайг тойроод хэд хэдэн монгол иргэн лиценз авсан гэж дуулддаг. Магадгүй Хармагтайг тойрсон лицензүүдийг атгасан монголчууд өөр зуураа байлдаж элдэв шуугиан дэгдээж явдаг байхыг үгүйсгэхгүй.

ЭрдЭНЭТийН 49 ХУвь дЭЭр УиХ УХаалаг тогтоол гаргасанч Засгийнгазар ХЭрЭгжүүлЭЭгүй

-сая болсон “дисковер Монголиа” дээр амжилттай, нааштай яваа салбар алт байна даа гэж анзаарагдсан. Гэтэл алтны салбарын гялайж гялтайх хоёрхон төсөл нь их бага шүүмжлэлд өртчихсөн явах жишээний. “Степ голд”-ын хувьд элдэв эсэргүүцэлтэй тулаад, амжилттай хэрэгжээд эхэлчихлээ. Одоо “Эрдэнэ ресурс”-ын баянхонгорт хэрэгжүүлэх төсөл бас л элдэв шуугианд өртөж мэдэхээр өнгө анзаарагдаад эхэллээ. Уул уурхайн салбараа хөгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл гадны хөрөнгө оруулалттай дажгүй төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх гарцыг олохоос аргагүй. Тийм гарц байна уу?

-Би нэг зүйлд гайхаад байдаг юм. Баянхонгорт баяжуулах үйлдвэртэй алтны далд уурхай ажилладаг. Сая болсон “Дисковер Монголиа”-гийн үеэр яригдаж байсан, 600 гаруй ажилтантай болсон, гадны оператор компани амжилттай хэрэгжүүлээд яваа гэж. Ийм төсөл хажууханд нь хэрэгжиж байхад хайгуулын шатандаа яваа, ашиглалтын шатандаа ороогүй байгаа төсөл рүү яагаад дайраад байдаг юм бол гэж гайхдаг. Чи сая “Степ голд” эсэргүүцэлтэй тулсан ч тэр бэрхшээлийг даваад олборлолтоо эхэлсэн гэж ярилаа. Баянхонгорт хэрэгжиж байгаа алтны төсөл ч гэсэн эхэндээ эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр эсэргүүцлийг даваад л гарсан. Тэгэхээр амжилттай яваа ямар ч төслийг эхлэх үед иргэний хөдөлгөөн гэх мэт элдэв улс эсэргүүцэж хэл үг гаргадаг нь манайд үзэгдэл болчихож.

-Нэгэнт хэрэгжээд эхлэхээр нь хаяад шинэ төслүүд рүү идэвхийлж дайрдаг үзэгдэл байна гэж үү?

-Тэгж л харагддаг. Яаж ийж байгаад хэрэгжүүлээд эхэлчихвэл өөр байна л даа.

-Энэ үзэгдлийг эерэгээр шийдэх гарц гэвэл танд санаа оноо байна уу?

-Засгийн газар орон нутгийн тухайд баг, сум, аймгийнх нь хэмжээнд хуралдуулаад аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 15, 20 жилээр дунд хугацаанд хийчих ёстой. Баталсан бол буцах аргагүй гэсэн зарчмаар ажиллаад эхэлбэл ийм үзэгдэл гаарахгүй. Тусгай зөвшөөрөл болгон дээр санал авдаг байдал л тушаа болоод байх шиг.

-Уул уурхайн компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр иргэдэд арилжаалаад эхэлбэл уул уурхайгаас орж ирэх мөнгө улстөрчдийн халаасанд биш иргэдийн амьдралд өгөөжөө өгнө, тэгж байж уул уурхайг адалсан нийгмийн хандлага зөөлөрнө гэж хардаг. Жишээ нь Эрдэнэт дээр гэхэд л төр, хувийн компани, иргэд тус тусдаа хувьцаа эзэмшээд явъя гэсэн хувилбар яригдаад эхэлчихсэн дуулдсан?

-Уг нь тийм. Би анх Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани худалдаад авчрах үед төр 51 хувийнхаа хоёр хувийг нь хөрөнгийн зах дээр гаргаад иргэдэд худалдчих, тэгээд төр, хувийн компани гэсэн хоёр тал ижил хувь эзэмшээд явахад асуудалгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлж байсан удаатай. Төр өөрийн өмчийн уул уурхайн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах хэрэгтэй. Хувийн компаниудын хувьд ч ийм алхмыг шат дараатай хийгээд явбал нийгмийн хандлага зөөлөрнө гэдэгтэй санал нэг байна. Эрдэнэт үйлдвэрийн тухайд ийм асуудал ахиж гарахгүй ганцхан тохиолдол. Зарчмын хувьд би нэг л байр суурьтай явдаг. 49 хувь Монголд ирсний дараа би хэвлэлүүдэд “Оросоос авч ирсэн нь гавьяа. Хэрэв тэнд хууль зөрчсөн үйлдэл байгаа бол хуульд заасан арга хэмжээг нь л ав” гэсэн байр суурь илэрхийлсэн. УИХ-ын тогтоол ч маш зөв аргаар хийгдсэн шүү дээ. 49 хувийг эзэмшиж буй талтай хэлэлцээр хий, юугаар худалдаад авсныг нь тогтоо, өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь үлдээгээд төрөөс гаргасан мөнгө байвал тэрийг нь буцаагаад ав гэсэн утгатай тогтоол гаргачихсан. Гэтэл тэр тогтоол нь хэрэгждэггүй. Засгийн газар түрүүлж хөдлөөд ТУЗ-ийг нь өөрчилж, онцгой байдал тогтоох гэх мэтээр хэлэлцээргүйгээр юм хийгээд эхэлсэн. Ингээд байхаар шүүх дээр очоод унах нь тодорхой шүү дээ. Товчхондоо УИХ-ын тогтоол нь анхнаасаа ухаалаг гарсан юм. Буруу схем хэрэглээд Монголын маш олон хууль зөрчжээ гэсэн нэг асуудал бий. Банкны тухай хууль ч юм уу яг ямар хууль зөрчсөнийг нь тогтоох ёстой. Өөрсдийнх нь төвлөрүүлсэн мөнгийг хууль зөрчиж олоогүй, төсвийн мөнгөнөөс хулгайлаагүй бол тэдний л олж ирсэн мөнгө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *