Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Чилийн төрийн өмчит компани зэсийн том орд олдож магадгүй гээд судалж эхэлсэн

Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаатай ярилцлаа.


-Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбарын нөхцөл байдал ямар байна гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хөрөнгө оруулах уул уурхайн олигтой төсөл одоогоор Монголд үнэндээ алга. Хайгуул хийх ямар ч хөрөнгө оруулалт байхгүй болсон. Шинээр лиценз олголтын ажил бүр таг зогссон. Тэгчихээд хөрөнгө оруулагчид ирэхгүй байна гээд байгаа юм шүү. Ингэж салаавч үзүүлчихээд хөрөнгө оруулагчдыг дуудаад байгаа юм даа. Одоо байна аа, Цагаан суварга таг. Ураны салбар таг. Хөрөнгө оруулагчдад бүгдэд нь салаавч өгчихсөн. “Арева” хашраад, залхаад юунд ч оролцохоо байсан. Хаана, юу хийж явдаг юм бүү мэд. Төслийнхөө талаар ярихаа байсан. 1997- 2006 он хүртэл уул уурхайн салбар үнэхээр оволзож байсан. Оюу толгойг нээсэн. Бүтээгдэхүүний үнэ өссөн үе байлаа. Маш олон хайгуулын тусгай зөвшөөрөл дээр Оюу толгой шиг том орд нээхээр баахан хүн бужигнаж байтал бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Гэтэл өнөөдөр Монголын газар нутгийн ердөө 30 хувьд л хайгуул хийх бололцоотой. Бусад газар нь хайгуул хийх хориотой байна шүү дээ.

-Хайгуул хийх талбайг нь багасгачихсан…

-Тийм. Лиценз олголтыг зогсоочихож байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулах төсөл манайд алга. Хоосон юм руу хөрөнгө оруулагчид юугаа хийж ирэхэв.

-Нүүрсний экспорт нэмэгдэж, хөрөнгө оруулалт бага ч гэсэн сэргэж байна гэдэг статистикууд гараад байгаа шүү дээ?

-Зогсонги байсан нүүрсний уурхайнууд амь тариагаар сэргэж байна. Ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд ирсэнтэй л холбоотой жаахан сэргэлт харагдаж байгаа. Тэглээ гээд баярлах болоогүй ээ.

-Одоо хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхийн тулд яах ёстой юм бэ. Ер нь сэргэх төлөв байна уу?

-Хайгуул хийх талбайн хэмжээг томсгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт тусгай зөвшөөрөл олгох ажлыг тэгш шударга ил тод болгомоор байна. Тэгж байж хөрөнгө оруулалт татна, уул уурхай сэргэнэ. Хөрөнгө оруулалтын хууль гарлаа, гадна, дотныхон ялгаагүй адил тэгш эрхтэй боллоо гэж байна. Гэтэл практик дээр тусгай зөвшөөрлөө олигтой олгож чадахгүй байна. Засгийн газар анх гарч ирэхдээ Цагаан суварга, Таван толгойг урагшлуулна гэж амлаад байсан хаана байна. Урагшлуулна гэсэн болгоныг нь популистууд онилж аваад нухчин дараад байх юм. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх зүйл нь ердөө практик үзүүлэлт байх ёстой. өөрөөр хэлбэл, ядаж Таван толгойгоо урагшлуулчих хэрэгтэй. Энэ нь байхгүй болохоор гадныхан юунд найдах юм бэ. Алдаагаа засна гэж хэлэх амархан. Алдаагаа ингэж заслаа гэж харуулах нь чухал байна. Нам төвтэй засаглалаас холдох хэрэгтэй. Тогтолцооны гажгийг засах хэрэгтэй байна.

Ардын намыг парламентад үнэмлэхүй олон суудал авахад нь засаг төр тогтвортой болох юм байна гэсэн хүлээлттэй байлаа. Тэгтэл байхгүй шүү. Нам дотор нь бүлэглэл хоорондын задрал явагдлаа. Монголчууд дотроо бие биедээ итгэхгүй бужигнаад эхлэхээр гадныхан яаж итгэх юм. “Дисковер Монголиа” дөнгөж эхлээд хоёр дахь өдрийнх нь өглөө Засгийн газар огцроод, форумд ирэх байсан сайд, дарга нар байхгүй болчихож байгаа юм. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдын итгэл мөддөө сэргэхгүй нь ээ. Энэ одоо инээдэм биш ханиадам болчихоод байна. Одоо бид тогтвортой баймаар байна, гарч болзошгүй эрсдэлд бэлэн байх хэрэгтэй байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш өсч, буурдаг үзэгдлийг ямар ч сайн үзмэрч байгаад тааж болдоггүй юм. Яагаад гэвэл үнэ өсч, буурдаг нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үерийг хэн таах юм. Хойд Солонгост Хятад улс хэзээ хориг тавьж, цуцлахыг хэн урьдаас таах вэ.

-Хармагтай гэх мэт Оюу толгойтой адил олон орд олдчихоод байхад улстөрчид гадныхантай нийлээд хувааж идэхээр хав дарчихлаа гээд л шуугиад байсан…

-Аль хэзээний Хармагтай вэ. Бас нэг онигоо. Хайгуул зогсчихсон энэ хэдэн жил Монголд хоёрхон төсөл явж байсан. Нэг нь “Занаду майнз”-ын Хармагтай. Нөгөө нь “Эрдэнэ ресурс”-ийн Алтан нар. Энэ хоёр арай чүү өрөм тавьж, өнөөдөртэй золголоо шүү дээ. Аль эрт нээсэн Хармагтай ордыг өнөөдөр олсон юм шиг л шуугиад байх юм. Тээр жил Увсад бас нэг том орд нээгдээд шуугиан тарьсан. Одоо тэр орд хаана байна, сураг ч үгүй. Хэдэн нинжа л малтаж байгаа байх. Хармагтай, Оюу толгой шиг гэдэг нь худлаа. Зүгээр л хайгуулын шатанд яваа төсөл. Тийм болгож ярьж байгаа хэрэг.

-Оюу толгой, Таван толгой шиг том орд илрэх магадлал хэр вэ?

-Найдлага горьдлого хоёр дандаа л байдаг. Үүнийг баталгаатай болгохын тулд маш их мөнгө, цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог. Чилийн төрийн өмчит компани Оюу толгой, “Эрдэнэт”-ийг очиж хараад ийшээ ийм ордууд олдох бололцоотой юм байна гэж харсан. Энэ жил хоёр, гурван геологич нь ирээд явлаа. Геологи талаасаа ямар боломж байна гэдгийг тэд судалж байгаа. Эрдэнэтээс хойшоо Оюу толгойг дагасан зэсийн ордууд байдаг бүс нутагт анхаарлаа хандуулж байна. Яг энэ, тэр төсөлд хөрөнгө оруулъя гэсэн зүйл одоогоор байхгүй. Геологийн судалгаа хийж эхэлсэн. Яагаад гэвэл тэр зүгт том зэсийн орд байж магадгүй гэж тэр нөхдүүд хайж байна.

-Занар гэдэг ирээдүйтэй баялаг гараад ирлээ гээд байсан. Юу болсон бэ?

-Бас л үлгэрийн далай болж байна даа. Америкчууд Арабын орнуудаас хамаарахгүйгээр занар ашиглана гэж шуугиулсан. Тэр нь тэндээ зөв, буруу гэж яригдаад хоёр хуваагдаад гацчихсан. Тэр сургаар Монголд баахан пижигнэсэн шүү дээ. Хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргана гээд баахан давхилдлаа. Газрын тосны үнэ уначихаар бас хэрэггүй болчихож байгаа юм.

-Нэг хэсэг нь Монголд мөнгө, хөрөнгө оруулалт татах салбар нь уул уурхай гэдэг. Сүүлийн үед зөвхөн уул уурхайд найдахгүй. Дотоодын үйлдвэрлэлээ сайжруулъя. Эдийн засгаа солонгоруулъя гэж их ярих болж. Та ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөө аж ахуйд тулгуурлаж хөгжинө гээд байгаа юм. Үеийн үед ярьдаг. Гэсэн хэрнээ өөрсдийнхөө хүнсийг бүрэн хангаж чадахгүй сууж байна. Шууд хэлэхэд уул уурхайгаас өөр гаднаас хөрөнгө оруулалт татах салбар одоохондоо Монгол Улсад алга. Энд нэг зүйлийг хэлэхэд газар тариалан ч ялгаагүй хөрс эвдэж төнхдөг. Гэтэл уул уурхайг нүдэнд орсон өргөс шиг үзэх юм. Утаанд улаанбаатарынхан хордож дууслаа. Үүнд зовохгүй байж хөдөө байгаа бэлчээрт санаа тавьсан хүмүүс байх юм.

-Ингэж ухуулга хийдэг тархи угаалт их байна л даа…

-Газар нутгаа хайрлах дүрээр нэр хүндээ өсгөх гэсэн шалтгаанаар тархи угаалт хийгээд байх шиг байна. Жагсаал цуглаан зохион байгуулж, хандив дэмжлэг олж түүнийгээ амьдрах арга болгочихсон хүмүүс ч байна. Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй хүн Монголд олон болсон. Чингис хааныг таньдаг, Галдан хааныг анддаггүй, хажууд нь сууж юм ярьдаг хүмүүс олширсон юм биш үү. Харагддаггүй хар хайрцагны бодлоготой л улс шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *