Дорнодын утга зохиолын нэгдлийн галыг манаж Буйр нуурын хаяа, Хэрлэн мөрний хөвөө, Тамсагийн цэнхэр хязгаарт он он жилээр сууж буй найрагчийн яриа танд сонин байх болов уу. Ингээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэрэндоржийн Жамбалгаравтай хөөрөлдсөнөө толилуулъя.
-Таны хувьд дорнын уудам талдаа он он жилээр сууж шүлэг найргаа туурвиж ирсэн. Утга зохиолд анх хэрхэн хөл тавьснаас хоёулаа яриагаа эхлэх үү?
-Би Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуульд 1971 онд элссэн хүн л дээ. Одоогийн НИК компанийн байранд манай сургууль байлаа. Хотын төвд, хэвлэлийн комбинатын яг хажууд гэсэн үг шүү дээ. Уран зохиолын багш маань Р.Ядмаа гэж хүүхдийн зохиолч хүн байж, тэр үеийн нэртэй зохиолчдыг таньдаг, уран зохиолч эмч нар болох А.П.Чехов, С.Эрдэнэ, Ш.Ванчаарай, А.Вересаев гээд л ярьдаг, заримдаа ч сургууль дээр халамцуу сууж байхаасаа сийхгүй нэг үгээр нэлээд билэг танхайдуу гэхээр хүн байж таарсан юм. Эмнэлгийн сургуулийн хүүхдүүдэд гэхэд уран зохиолын хичээлийг маш гоё заадаг, хүний амьдрал, хувь тавилангийн тухай өөрийн гэсэн “философи”-той, бас ч эсэргүүдүү яриа хөөрөөтэй тэр эрхэм хүн л намайг уран зохиолд эргэлтгүй дурлуулсан болов уу даа. Нэг өдөр саарал даавуун дээлтэй, улаан хамартай, урт буурал үстэй нэгэн халмаг эрхмийг дагуулан ирж уран зохиолын дугуйлангийн оюутан биднээс гурав, гурван төгрөг татан шарыг нь тайлангаа цаг орчим ном тавиулсан нь миний анх удаа сонссон яруу найргийн лекц байж. Төрийн шагналт нэрт яруу найрагч Ц.Гайтав абугайтай танилцах завшааныг тийнхүү шүүрч явсан байнам. Шүлэгт үг дутахын зовлон гэж байх, тэрнээс илүү зовлон бол шүлэгт үг илүүдэхийн зовлон гэж буй гээд л хөврүүлж өгч байсан даа, Ц.Гайтав гуай. Дорноддоо ирж 1975 оноос Утга зохиолын нэгдэлдээ элсэж өнөөдрийг хүртэл явж байна. Дорнодын Утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдэг сэтэртэй нэлээд олон жил болчихлоо. Өрөөл хүн байтугай өөрөө ч энэ сэтрээсээ уйдахаар цаг хугацаа өнгөрч. Гээд яана гэхэв. Яруу найргийн гурван ном гаргасан. Нэлээд сүүлхэнд дээ. Уг нь хар залуугаасаа шүлгээ бичээд л байсан юмдаг. Хааяа ганц нэг сонинд гарна аа. “Улаан Од”, “Эх орны манаа”, “Утга зохиол” гээд л. “Цог” сэтгүүлийн “Оч” буланд 1984 онд хэдэн шүлгээ хэвлүүлээд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа.
-Та бол цэргийн хүн. Эх орны үнэ цэнэ, хил хязгаарын үнэ цэнэ гэдгийг яс махаараа мэдэрсэн уран бүтээлч. Ер нь хуучин цагт Чойжамцын Ойдов, Дашзэвэгийн Сэнгээгээс аваад бүгд л галын шугамд явж байсан юм билээ?
-Эх орны зүүн болоод зүүн өмнөд хязгаарт бараг хорин жил зогссон шүү. Залуу насанд эр хүн цэргийн албаа хааж торгон хилээ маналгүй яахав. Хэн хүнээс санал асуудаггүй юм чинь тэр. Тэр сайхан хийморьтой албанд гэрээ ачиж, гэргий хүүхдээ дагуулаад хэдэн жил нүүдэл хийсний ач, олз гэвэл цөөн хэдэн шүлэг минь нэг их сод, содонгүй гэхэд эрхбиш цэргийн жагсаал шиг жигдэрч чадсан болов уу гэж бодох юм даа. Эх орон, эр цэргийн сэдэв, баатарлаг уянгын яруу найраг гэдэг одоо цагт айхавтар ховордоо ч юм уу. Жилдээ нэг удаа Батлан Хамгаалах яам “Эх орны цэрэг” гэж наадам зохиож байна уу даа. Ноднин нэг оролцож үзсээн.Тэгээд ч мань мэт нь энд тэндхийн найр наадам хэсээд явах зав чөлөө гарахгүй юм. Хөдөөдөө хөхөрсөн над шиг хүнд зохих, зохихгүй наадам цэнгэл, идээ будаа гэж бас байх шиг байна аа. Эх орны үнэ цэнэ, эх орончийн дуу хоолой хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдэгтэй бол санал нэг байна. Харин хий хоосон хийрхэл, хаяа хатавчаа хадарсан, хамаг юмаа харлуулсан нэхэл зүхэл зонхилоод эхэлбэл тусгүй байх. Ерөөс жинхэнэ хүний зовлон жаргал, хайр энэрэл, харуусал, гуниг энэ бүхэн чинь л эх оронч уран бүтээлчийн мөнхийн сэдэв юм биш үү. Дашзэвэгийн Сэнгээ гэдэг тэр нэрт яруу найрагчийг дайнд явж байсан гэж дуулаагүй. Дотоод яаманд хичээнгүй ч бил үү цолтой дарга явсан гэж уншиж байсан санагдах юм. Би мэдээгүй байж болно л доо.
-Алдарт Халхын гол, Буйр нуур гээд түүхт газруудад зохиолчид олонтаа очсон. Тэр бүрийд Дорнодоор дайрахдаа тантай уулзана. Дорнын талд Жамбалгарав байгаа гээд л ярилцдаг. Санжмятавын Дашдэндэв гуай, Далантайн Тарваа гуай гээд бүхий л аваргуудтай та залуугаасаа уулзаж учирч явсан. Тэр сайхан он жилүүдээ эргэж дурсахгүй юу?
-Дорнодынхон азтай хүмүүс шүү. Аугаа Ц.Дамдинсүрэнгийн уугуул нутаг, Данзангийн Нямсүрэнгийн суугуул орон зай гээд бод доо.Зохиолчид очдог юм аа.Бид чинь цагтаа Ц.Дамдинсүрэн гуайгаас захиас шүлгийг нь авч Д.Цэвэгмид ахайгаас гар бичмэл захидлыг нь гардаж явлаа шүү дээ.Саяхан гэхээр дээ.34 дэх “Болорцом”-ыг Чойбалсан хотдоо хүлээж авсан. Манай нутгийн хүүхнүүд “Болорцом”-д гоёх дээлээ Улаанбаатарын оёдол-урлангуудад захиалгаар хийлгэж өмсөцгөөсөн гэж байгаа. Ийм нутагт яруу найрагч байх гэдэг асар их жаргал шүү. Даанч нутгийн шүлэгчид нь бүгд нэгийн даваанд бүдэрцгээсэн нь нэг тиймхэн. Одоо болтол нууц-хууч нь дуусаагүй ухаарал, урам хугарал, урагш тэмүүлэх эрч хүчийг хайрласан тэр жилийн наадам бидэндээ бол шинэхнээрээ л байгаа. Тэгээд ч Янжинлхамын хөргийг хуйлаад явчихсан болохоос яруу найрагчийн минь зүрхийг суйлаад явчихсан биш. Халхын голын ялалтын 75 жилээр юм байна. П.Алтангэрэл маань дэмжиж аймаг маань даагаад “Ялалтын цом” цэрэг эх орны сэдэвт үндэсний яруу найргийн наадмыг Дорноддоо 2014 онд зохион байгуулсан.Хишиг шагнал нь ч жишиг болохоор байсан.Шалгарсан 25 найрагчийн бүтээлийг Ж.Нэргүй, О.Чинбаяр, Ш.Дугар нар орос хэлэнд хөрвүүлж орос монгол яруу найргийн түүвэр болгон хэвлүүлж ойд ирсэн орос нөхдөдөө бэлэг болгосон. Тэр наадамд Монголын өнөөгийн сор гэхээр найрагчид бараг оролцсон, айрагдсан зарим нь Халхгол, Буйрын чиглэлд амарч зугаалцгаасан юм байна шүү. Дорнодынхон бүгд л мэнд сайн байцгааж байна аа. Н.Мөнхсайхан, П.Гэрэлхүү, Б.Мөнгөнтуул, Дамдинжав, Д.Ган-Очир, Л.Хэрээ, Ц.Төртайван, С.Дашдэндэв, Д.Тарва, Б. Дашцэрэн, Г.Амар, Г.Аким, Д.Бямбаа гээд манай нутгийн гарвальтнууд уран бүтээлийн ай савд хэдэн арваараа байсан, байсаар ч буй.
-Тантай уулзаад хамгийн түрүүнд асуух хүн нь яах аргагүй Эрээнцавын Нямсүрэн. Та бол Нямсүрэнгээ мэдэхийн дээдээр мэдэж, хайрлахын дээдээр хайрласан хүн. Нямсүрэн ахын тухай энгийн гоё, нандин дурсамжуудыг та л хуваалцана даа?
-Хандмаа эгч шиг чинь хайрлана ч гэж юу байхав. Хөөрхий Хандмаа минь өнөө ч Эрээнцав нутагтаа өртөөний жижигхэн байшиндаа Нямсүрэнгийнхээ галыг нь гандаачихгүй, урланг нь сандаачихгүй гээд гань ганцаар сууж л байна. Хайрын дээд гэдэг чинь тэр л байх. Бид яахав, эр хүн шиг нөхөрлөж сайдаж муудаж, салхи шиг шилэрч, бороо шиг шивэрч явсаан. Нямсүрэн, Нэргүй, Алтангэрэл бид хэдийн харсан овоо, хажуулсан хонхорт дарсны лонх бөндийж талын салхи өндийж байсан нь нэг бус байх. Хаа нэг зорьж очиход Нямсүрэн минь ч сайхан шүү дээ. Эрээнцав өртөө, Чулуунхороот сумын омогтой, домогтой бүхэн цуглаад л… Хотын “боов” амсах гэж, хойноос орж ирэхэд нь “гаалийн хяналт”-аар илрүүлж гэхдээ л бултуулж амжсан ганц нэг юмны бөглөө мултлах гэж бөөн хөл хөөрцөг. Мань мэтийгээ магтах гэдгийг үзүүлж өгнө. Нутгийн олондоо нэр нүүртэй ч гэж юүхэв. Энүүхэндээ гэхэд өөрийгөө жаахан тоох гэж, амихандаа Нямсүрэнгээсээ хэдэн сайхан үг сонсох гэж л би мэт нь Эрээнцавыг зорьдог байсан байх аа даа. Ж.Нэргүй гавьяат, Их Хуралд байсан П.Алтангэрэл бид хэд Д.Нямсүрэнгээ бараадан Дорнодод гал залгилж шал дэрлэж галзуурах нь халаг сагаж сагсайж байсан он жилүүд зэгсэн хуучирсан нь цагийн эрх биз. Нямсүрэн минь тэнгэрт дэвшээд бараг хорин жил болчихож. Залуухан шүлэгч асан Ж.Нэргүйгээ улсдаа нэртэй дуун хөрвүүлэгч, судлаач эрдэмтний зэрэгт хүрэхийг, зартай шүлэгч болох байсан П.Алтангэрэлээ төр түшилцэн, яам тамга мэдэлцэхийг харж хайрлаж яваа би бас азтай хүн юм. Энэ дашрамд хэлэхэд, ах нь Чулуунхороот сумын эрхэм дарга нарт, УБТЗ-ын эвэртэн, туурайтангуудад Д.Нямсүрэнгийн дан цагаан байшинг нь гэр музей болгоод өгчихөөч, Г.Хандмаа гэргийг нь тэр музейн эрхлэгч гэдэг юм уу, үйлчлэгч гэхнээ ч яахав болгоод сум, төмөр зам хоёр мэдэх мэдэхээ мэдээд аваад явчихаач гэж гуйгаад л байгаа. Бүтэх байлгүй л гэж найдна.
-Мөн танаас Лам Со (Тогоонтөмөрийн Содномнамжил)-гийн тухай, Бат-Оршихын тухай, Тайван, Хүрэлчулуун гээд авьяаст билэгт сайхан залуусын тухай асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Тийм шүү. Яахын аргагүй үе тэнгийн хэдэн сайхан яруу найрагчид бие биенээ дагасан, дарвисан юм шиг л яваад өгцгөөсөн. Б.Бат Орших чинь 90-ээд оныхон дундаа тод л “од” байгаа биз дээ. Т.Содномнамжил бол бүүр өөр ангид их авьяастан, гайхамшигтай бурханлиг-уянгалаг найрагч байв шүү дээ. Манай Б.Тайван, Г.Хүрэлчулуун нарыг яруу найраг, уран бүтээлдээ ямар үнэнч, туйлбартай бичиж туурвиж явсан гэж санана. Энэ хэдийгээ алдчихаад нэг хэсэгтээ л гундсаан. Цэцэг үнэргүй, цэцлэх нь үнэгүй мэт болохыг тэр үед л нэг мэдэрсэн. Инээгээд зөрсөн бүсгүйн нүд хүртэл жаварлаад байх шиг санагдаад угаас тэнүүхэн тал нутаг минь хов хоосон харагдаад хэцүү юм билээ. Дорнод нутгийн минь араншин, тэнгэрийн таалал тийм байсан юм болов уу. Б.Бат-Орших, Т.Содномнамжил хоёр энэ Улаанбаатарын их хөл үймээн, хөөсрөл, хийсрэл дунд эвдэрч шаналсаар нутгаа бараадсан ч болов уу. Тэгээд тэгээд тэссэнгүй дээ л гэхээс.
-Хэдэн жилийн өмнө та бид хоёр манай өрөөнд нэг сайхан ярилцлага хийсэн ч би утсаа хаяад, өнөө яриа маань “будаа” болсон. Тэгэхэд та Ж.Нэргүйгээ дагуулаад ирсэн. Нэргүй ах та хоёрын үерхэл нэг л сайхан сэтгэгдэл төрүүлэх нь бий.Нэргүй ах чинь Дорнодын ус сувагт ажиллаж байсан.Та хоёрын паян дуусахгүй дээ?
-Ж.Нэргүй бид хоёр чинь Дорнодын утга зохиолын нэгдэлд 1977 оны нэг өдөр элссэн чацуутнууд байхгүй юу. Би нуруугаар өндөр, Нэргүй маань уран бүтээлээр өндөр л болохоос үе тэнгийн хоёр. Тэгээд л найзалсан. Ёстой л урт мориндоо сундалдаж уужим дээлэндээ багталцаж явсаар нэг л мэдэхэд 60 гараад 70 дөхөөд явчихаж. Чиний хэлсэн тэр ярилцлагыг үнэнээ хэлэхэд би нэлээн хүлээж харсан байх шүү. Одоо ингээд ярилцаж суухад тэр үед юу юу гэж ярьснаа бараг л мартчихаж. Лав л өнөөгийн энэ ардчилал, эрх чөлөө дахиж бидэнд олдохгүй юм шүү, нэгэнт сонгосон замдаа эргэж буцалгүй явахаас өөр гарцгүй, эх орны минь ирээдүй, үр хүүхдийн минь гэрэл гэгээтэй амьдрал бид бүхний туйлбартай, хичээнгүй, үнэнч шударга байж чадах эсэхээс л хамаарна гэж хэлж байснаа сайн санаж байна. Ах нь энэ бодлоосоо одоо ч ухраагүй ээ. Хоёр ахынхаа паянг жинхэнээсээ яриулья гэвэл чи дуу хураагуураа унтраагаад “Өдрийн сонин”-д нэг мөр ч гаргахгүй гэж ам өчгөө өгвөл болж байна. Танай сонин гэдэг чинь П.Хашчулуунаас эхлээд юм дуулгахын аргагүй “хэцүү” хүмүүсийн орон гэр гээ биз дээ. Чи ч бас нэг нь л байж таараа. Тэгэхлээр ам хэмжээтэй, адал явдал хамжааргатай нь дээр байх аа, Тийм биз хө. Зүгээр л захаас нь хэлэхэд Ж.Нэргүй тамхи шившихгүй, би архи амсахгүй гэж андгай тавилцчихаад арван жил болж байна уу даа. Хэн хэн нь хэлсэндээ хүрч чадаагүй болохоор дүндээ дүн. Нэг дээ нэг гээд хөхрөлдөж явдаг юм.
-Та ер нь Нямсүрэн, Нэргүй энэ хэдээсээ өөр утга зохиолд хэн хэнтэй ойр явж ирсэн бэ. Таны шүлэг найргийг үнэлж дүгнэж хэлсэн найрагчид гэвэл хэн байна?
-Тээр хол, тэнгэрийн хаяанд шахуу суудаг намайг гэх хүн тийм олонгүй ч бас цөөдөхгүй юм шиг ээ.Ахмадуудаас гэвэл алдар цуут Т.Галсан гуайг хүндэлж явдаг. Илүү юмгүй хэлэхийн эрдмийг энэ хүнээс сурч яваа гэж боддог. Адилхан хилчин юм гээд Б.Доржпалам найрагчтай дөрөө их нийлдэг байв даа. Ай Төмөр-Очир, Агваржин Ж.Баяржаргал, “шар” Мийгаа гээд нөхөд бас байх юм аа. Хэнтийн Биндэрт Балдансодномын Энхжаргал гээч нэг сайхан буриад бий. Цаад Баяржаргал чинь “Утга зохиол” сониндоо Жамбалгарав бол Дорнодын тэргүүн найрагч гэж цоллоод. Тэгж болдог ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй. Би лав хэрэндээ их л хөөрсөн дөг. Амьтан хүний дургүй хүргэсэн ч байх. Яадаг юм. Андын үг алт гэдэг юм чинь. М.Амархүү, Доржсэмбээ гээд нүд дүүрэн дүү нар ч олон. Амархүү намайг нэг матарласан юм байна. Одоо гарах “Хайрлахын тал” номынхоо хавтасны зургийг зуруулна даа. Лувсангийн Пүрэвдорж зохиолч ариутган шүүж байгаа юм. Энэ хүний тууж романыг нь түүж уншсаар сүүлдээ нэр зүс мэдэх болж танилцаад энэхүү эх орны эр цэрэг, эрхэм хүмүүнийг ихэд хүндлэн биширч явдаг болсон доо. Зохиолчдын хорооны М.Саруулдалай маань Дорнод нутагт их элэгтэй, бидэндээ их түшигтэй хүн юм шүү дээ. Тэгээд манай Г.Мэнд-Ооёо байна. Зүүн Монголоос тодорч буй нэг том сэхээтэн, өөрөө тодорсон “Гэгээнтэн” гэж боддог шүү.
-Сүүлд танаас уран бүтээлийн тухай асууя. Зохиолчдын эвлэлийн шагнал ямар бүтээлээрээ хүртэж байв. Сүүлд бичсэн шүлгүүдээсээ сонирхуулаач, ах минь?
-Би түрүүн хэлсэн дээ. Яруу найргийн гуравхан номтой гэж. Бичсэн шүлэг, дууль гэвэл нэлээд тоо гарах байх. Хоёр гурван найраглал бичсэн байна лээ. Сэтгүүл зүйн гэх юм уу, хэдэн ном байна. Ганцхан жүжиг бичиж Дорнодынхоо театрт тоглуулсан. Уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү. Сүүлийн үед дууны шүлэг ч бичиж үзэж байна.“Сүүдрийн од” түүвэрт орсон шүлгүүдээрээ 2011 онд Зохиолчдынхоо эвлэлийн шагналыг хүртсэн. Одоо нэг номоо эмхлээд хэвлүүлэх санаатай, жаал жуул засаж янзалсан шиг сууна. “Хайрлахын тал” гэсэн нэр базаачихаад л…Шүлэг унших, бичихээс илүүтэй бодож суухыг эрхэмлэх үе ирдэг гэж үнэн бололтой. Ганц нэг бичсэн шүлгээ гайгүй ноолж ноороглоод, ноцолдоод ч байх шиг. Чи надаар дөрвөн мөрт л хэлүүлэх гээд байна аа даа. Алдхан биендээ, эзэн байх алдаж болохгүй эрх чөлөөгөө эндүү нь үгүй эдлэхсэн гэж тэмүүлсэн, энээхэн хэдэн жилийг хэлэхээ хэлж хийхээ хийсээр яваад дуусна гэж шийдсэн, хол ойрын хүмүүсээс илүү холбирох сэтгэлийнхээ ончроог тайлахсан гэж хичээсэн, зүс зүдүү, яс ядуу өвгөн нэгэн л болж байх шиг байна. Эх орны даалгасан ачаа, эгэл нөхдийн илгээсэн итгэл, хувь, хувьсгалын тов, тохироо алинд ч бүтэн нэртэй, бүлээн төрхтэй явахсан гэж хичээх юм аа, муу ах нь. Ингэсгээд болих уу даа, дүүдээ их баярлалаа.